Академич Ч.Дугаржав ОХУ-ын Шинжлэх ухааны академийн /ШУА/ гишүүнээр сонгогдлоо. 1964-1970 онд Монголын ШУА-ийн нэр дээр Санкт Петербургийн улсын их сургуульд суралцсан тэрбээр Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярск хотын ойн хүрээлэнд аспирантурт, 1992-1996 докторантурт тус тус суралцаж Биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан хүн юм. 2007 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдож байсан Ч.Дугаржав хойд хөршийн ШУА-ийн гишүүн болсон нь таатай мэдээлэл билээ.
ШУА-ийн гадаад гишүүн ямар үүрэг хүлээж ажилладаг талаар түүнээс тодрууллаа.
Академич Ч.Дугаржав энэ талаар “Аль ч улс орны ШУА гадаад гишүүн сонгох дотоод дүрэм, журамтай байдаг. Монгол Улсын хувьд ШУА-ийн гишүүн буюу академич гэдэг хүнийг тодорхойлохдоо “Дэлхийн шинжлэх ухаанд болон өөрийн орны шинжлэх ухаанд дорвитой хувь нэмэр оруулсан, олон ном бүтээлтэй. Тэр бүтээл нь дэлхийн болон өөрийн орны эрдэмтдэд танигдсан судалгааны үр дүн нь үйлдвэр практикт дорвитой хувь нэмэр оруулсан. Өөрийн шавь сургууль бий болгосон, өөрийн орондоо судалгааны аль нэгэн чиглэлийн эх суурийг тавьсан эрдэмтэн хүнийг гишүүнээр сонгоно” гэсэн дотоод журам байдаг. ОХУ-ын шинжлэх ухааны академийн дүрмийг би сайн мэдэхгүй байна. Бодвол манайхтай адилхан байх. Миний хувьд оюутан цагаасаа эхлээд Монгол-Оросын хамтарсан экспедицид 50 жил ажилласан. Орос, Монголын эрдэмтэдтэй 55 жил хамтран ажиллаж монгол оронд биологийн экспедицийг үр дүнтэй ажиллуулж, биологийн экспедицийн шугамаар хоёр орны шинжлэх ухаанд шинжлэх ухааны дорвитой бүтээл, нээлтүүд гаргахад зохих хувь нэмэр үзүүлсэн гэж үнэлсэн учраас гишүүнээр сонгосон байх гэж бодож байна. Оюутан ахуй цагаас эхлээд өнөөг хүртэл Оросын нэртэй эрдэмтэд судлаачидтай хамтран, тэдний удирдлага дор ажилласнаараа би их бахархдаг.
Монгол орондоо биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх тэр дотроосоо орчин цагийн ой судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Оросын эрдэмтэдтэй экспедицийн хүрээнд хамтран ажилласан олон жилийн хөдөлмөр туршлага бол намайг эрдэмтэн хүн болоход, цаашлаад Монголын ШУА-ийн академич болоход, Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдоход нөлөөлсөн. Энэ бүх түүхт үйл явдал нь хоёр орны эрдэмтдийн ач гавьяа юм. Мөн Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн үр шим гэж бодож явдаг” гэлээ.
Тэрбээр цаашдаа Монгол, Оросын ШУА-ийн хооронд хамтын ажиллагааны нэг сонгодог хэлбэр болсон Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн юм. Ялангуяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн цаашдын таван жилийн төлөвлөгөөг энэ оноос эхэлж боловсруулж ажиллана гэж бодож буй аж.
Нөгөөтэйгүүр Монгол оронд орчин цагийн биологийн шинжлэх ухааны ялангуяа сорилын чиглэлийн судалгааг хөгжүүлэх, мөн монгол орны ой хээр, тал, цөл мэтийн эко системийн экологийн урт хугацааны мониторинг судалгааг явуулах, энэ чиглэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэж бодож, төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )