Өнөөгийн бодит нөхцөлд яах аргагүй хоёр талтай зүйл болчихлоо. Буруутгах ч аргагүй, зөвтгөх ч аргагүй цаг хугацааны зааг дээр хоёр талаасаа буу тулгуулчихсан зогсож байгаатай адилхан нөхцөл үүсэв. Гэтэл бид Монгол Улс чухам яагаад Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болов гэдгийг тунгаан үзэхийн өмнө хараан зүхэх нь өрөөсгөл мэт. Аливаа зүйлийг тунгаах аргагүй болтол нь мэхэлдэг улстөрчидтэй орон учраас бухимдах нь зөв байх. Нийгмийн даатгалын санд гар дүрдэг намын дарга парламентад байж л байна, нас барсан иргэний тэтгэврийг авч байсан төрийн албан хаагч ч байж л байна. Татварын мөнгө гулгуулчихсан улстөрчид байж байгаа цагт хардлага, бухимдал үл тасрана. Гэхдээ “Татвар буй дор төр буй, Төр буй дор татвар буй” гэх үг байдгийг санахад илүүдэх юун. Хэчнээн бухимдлаа ч Монгол Улсын төрөөс баталсан хуулийг эсэргүүцэх нь гэмт хэрэг болж таарна. Тэгэхээр Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн шалтгааныг шүүн тунгаах гээд үзье.
БУРУУТГАХЫН ШАЛТГААН
Хууль тогтоогчид 2017 онд Татварын багц хуулийг хэлэлцэн батлахдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр, нийтдээ таван хувиар нэмэхээр шийдвэрлэсэн нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Цахим давалгаа ч газар авлаа. Сүүлдээ татвар гувчуураа ойлгохгүй арван хэдтэй хүүхдүүд “Миний төлсөн даатгалын шимтгэл багадаагүй” хэмээн элийрэх аж. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл хориг тавих тухай мэдээлж цахим давалгааг “цунами” болгон ташуур өглөө. Нийгэмд эерэг хандлага цухалзаж байгаа ч Монгол Улсын өнөөдрийн байдлыг сайн гэж дүгнэх ямар ч боломжгүй. Тийм учраас дэлхийн дунджаас хамаагүй дор цалин авч байгаа алба хаагчид болон хөдөлмөр эрхлэгчид даатгалын шимтгэл нэмэгдэхэд яагаад ч дуртай байхгүй. Тооцоолж үзсэнээр алба хаагч, хөдөлмөр эрхлэгчид авч байгаа цалингийнхаа 26 орчим хувийг Нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэхээр байж боломгүй асуудал мэт.
Төр болон хувийн хэвшилд алба залгуулж байгаа ажиллагсдын амьжиргааны түвшин ямар байгаа билээ. Дийлэнх иргэд өндөр хүүтэй ипотекийн зээлтэй, орон сууцны зээлгүй нэг нь цалингийн зээлтэй гээд ямар нэгэн хэлбэрээр зээлтэй байгааг судалгааны дүнгээс харж болно. Орон сууцны зээл төлөөд өрхийнхөө амьжиргааг залгуулна гэдэг амаргүй. Энэ үүднээс нь аваад үзэхээр төрийг буруутгаж таарна. Тэгээд ч Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлсэн нь шийдэл биш. Төрөөс авч байгаа арга хэмжээ нь тэтгэвэрт гарагсдынхаа насыг уртасгаж, тэтгэврийн шимтгэлийг нэмэгдүүлэх гэхээр яагаад ч зөв шийдэл биш. Гэхдээ энэ нь төр өөрөө сайн дурын үндсэн дээр нэмсэн хэрэг биш Олон улсын валютын сангаас Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмэгдүүлэх шаардлага тавьсан гэдгийг дуулгах учиртай.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх болсон шалтгаан нь өнөө маргаашийн санхүүгийн хямралдаа ч биш, тогтолцоондоо байгаа нь бас л төрийн буруу. Тухайлбал, 2012 оны сонгуулийн амлалтаас үүдэн 1990-1995 онд ажиллаагүй иргэдээс шимтгэл аваагүй атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд тооцуулан тэтгэвэрт оруулжээ. Мөн 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль баталсан байдаг. Эдгээр иргэд нь шимтгэлээ нөхөн төлсөн боловч тухайн үеийнхээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод үнээр биш бүр шимтгэл төлж чадаагүй байсан үеийнхээ шимтгэлээр тооцон төлсөн нь том алдаа юм. Тухайн үед 40 мянган төгрөгөөр тооцон 4000 төгрөг төлчихөөд 310 мянган төгрөгийн тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн. Эдгээр хуулиас болоод Нийгмийн даатгалын сангийн алдагдал сүүлийн дөрвөн жилд огцом өссөн гэдгийг салбарын сайд хэлсэн. Энэ бол 2012 онд засгийн эрх авсан даруйд ийм хууль санаачилан батлуулсан АН-ын буруу.
Тодотговол, “Ажилласан жил нөхөн тооцох хууль” хэрэгжсэнтэй холбоотойгоор 600 мянган иргэн улсад ажиллаагүй атлаа ажилласанд тооцогдсон. Мөн 607 мянган иргэн нийгмийн даатгалын төлөгч болж, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулсан. Эдгээр иргэдээс 233 мянган иргэн нь 2012 оноос өнөөдрийг хүртэл 700 тэрбум төгрөгийн тэтгэвэр авчээ. Гэтэл эдгээр иргэд 38-хан тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн. Зөрүү нь 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг Нийгмийн даатгалын сан хүлээж байгааг дуулгах хэрэгтэй. Энэ бол төрийн алдаа. Төрийн ч юу байхав, ийм хууль батлуулсан тухайн үеийн эрх баригч АН-ын алдаа.
ЗӨВТГӨХИЙН ШАЛТГААН
Өнгөрөгч 2012 онд засгийн эрх авсан нам 2014 оноос хойш инфляцтай уяалдуулан цалин тэтгэвэр нэг ч удаа нэмээгүй, гаднын хөрөнгө оруулалт урсгалаа татчихсан, олон улсад дефольт зарлахдаа тулчихсан байсныг хүн бүхэн мэднэ. Тиймээс 2017 онд эрх баригчдын зүгээс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг санал нэгтэйгээр оруулж ирсэн. Юуны өмнө энэ айл бидэнд гурван салбар чиглэлд шинэчлэл хийх шаардлага тавьсан. Нэгдүгээрт, Төсвийн орчныг тогтвортой байлгаж, алдагдлыг шат дараалалтайгаар буулгах. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатайгаар нэмэгдүүлэх буюу зөрүүг багасгах. Гуравдугаарт, банкны системийн бүтцийн асуудал гэсэн гурван шаардлага тавьсан байдаг. Монголын төр энэ хямралаас гарахын тулд урьж авчирсан нөхдийнхөө үгийг дагахаас өөр аргагүй гэхээр зөвтгөх шалтгаан гарна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Өөрөөр хэлбэл бид гаднын нөхдөөр санхүүгийн нөхцөл байдлаа удирдуулахгүй гэсэн үг. Энэ үед эдийн засаг сэргэж, мөнгөний урсгал тэлэхээс эхлээд санхүүгийн салбарт эерэг хандлага бий болохоор хуулиа өөрчилж, нэмэгдүүлсэн шимтгэлээ хасна гэж найдаж байгаа учраас бас нэгэн зөвтгөх шалтгаан болно.
Салбарын сайдын хувьд Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг аж. Энэ онд гэхэд АН-ын балгаар улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авчээ. Нийгмийн даатгалын шимтгэлээр ажил олгогч нэг хувь, ажилтан нэг хувь нэмэгдэж байгаа. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 160 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Хэрэв хоёр хувийн нэмэгдлийг хориглох юм бол Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 160 тэрбум төгрөгөөр дутаж, тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа тавих боломж бүрдэхгүй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл хэдэн ахмадуудынхаа тэтгэврийг тавьж чадахгүйд хүрнэ.
Зарим хөндлөнгийн шинжээчид буруутгаж байгаагийн цаана Даатгалын санд гарсан алдагдлыг өөр эх сурвалжаас нөхөж болно гэж байна. Сангийн алдагдлыг нөхнө гэвэл 600 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй болно. Өнөөдөр үүнийг хаанаас ямар аргаар нөхөх вэ гэдэгт хэн ч хариу өгч чадахгүй. Даатгалын сангийн алдагдлыг өрөөр нөхөж болохгүй гээд олон асуудал бий. Хэрвээ Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавина гэснээрээ тавих юм бол Олон улсын валютын сангийн хөтөлбөр шууд зогсоно гэдгийг Сангийн сайд хэлнэ лээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь монголчуудын эрхэм үүрэг учраас зөвтгөх бас нэгэн шалтгаан болно. Ерөнхийлөгчийн хувьд 2017 онд батлагдсан хуульд өнөөдөр хориг тавих эрх зүйн үндэс байхгүй учраас хориг тавьсан ч энэ асуудал Үндсэн хуулийн цэц хүртэл явах юм байна.
Өрнөж буй үйл явц, нөхцөл байдлаас харахад зөвтгөх хэцүү, буруутгах хэцүү байдалд орчихсон байна. Ёстой л хоёр талаасаа буу тулгуулчихаад аль талд нь хариу өгөхөө мэдэхгүй зогсоо хүн шиг л нөхцөл үүссэн гэхэд болно.
Сэтгэгдэл ( 6 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Нийгмийн даатгалын хөрөнгийг банкинд зөв хүүтэй байршуулж чадахгүй төрд гарсан томчууд идээд байгаа шүү
Тэр тэтгэвэрт гараад нас барсан улсуудын улсад төлсөн мөнгө нь хаашаа алга болчихсон юм бэ. АТГазар үүнийг илрүүлээчээ
Би бодохдоо , 25 хувиар шимтгэл төлөөд 45 хувиар хамгийн багадаа цалингаас тэтгэвэр тогтоодог. Наана нь олон хөнгөлөлт эдэлж байгаа биздээ. Албадахгүй бол хуримтлал хийхгүй. Хөгшрөөд ирэхээрээ гуйлгачин болно.
Хамгийн хэцүү нь төлсөн мөнгөө абуцааж авч чадалгүй МААНИЙ болдогт байгаа юм.Өнөөдөр зээлийн хүү дундчаар 13.5 хувь.Нэг сая төгрөгөөс сард 125000 төгрөг НДШ төлөхөөс хадгаламжид хийвэл юу болох вэ.13.5:12 гэвэл сарын хүү 1.125 сард 1406 төгрөг жилд 16875 төгрөг.125000 төгрөг жилээр тооцоход 1500000 төгрөг х?үү нь 16872 төгрөг.арван жилд 15,0 сая хүү нь 168720 гээд явбал НДШ төлөхгүй байх нь илүү ашигтайг хүн бүр ярьдагч бас хэрэгжүүлэхэд хэцүү.ҮҮнийг л бодож нэмэгдлээ тооцох нь зөв баймаар