СЗХ-ны шинэ дарга Д.Баярсайхан 45,000 иргэнийхээ эрх ашгийг хамгаалж дөнгөх үү

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан албан тушаал ахихтай зэрэгцэн тус хорооноос “Улсын их дэлгүүр” хувьцаат компанийг ээлжит удаагаа шүүхэд өгч буйгаа мэдэгджээ. Ээлжит удаагаа гэж тодотгохын учир нь Улсын их дэлгүүр хувьд шилжсэн цагаасаа эхлэн жинхэнэ эзэд болох 45,000 жижиг хувьцаа эзэмшигчдээ үр өгөөжөө хүртээгээгүй. Томоохон хувьцаа эзэмшигчид болох “Номин холдинг” компанийн эздийн бизнес улам бүр тэлж, улсын бэлгэдэг болсон Их дэлгүүр “Номин супермаркет” болтлоо зүсээ хувилгасан. Энэ бүгдийг зөвхөн ашиггүй ажилласан гэх санхүүгийн тайлангаар халхавчлан ирсэн юм. Жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс энэ талаарх гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа гаргаснаар 2015 онд анхны шалгалт орсон. Шалгалтын дүн ч жижиг хувьцаа эзэмшигчдийн талд гарч байлаа. Харин шүүхийн шатанд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг Санхүүгийн зохицуулах хороо тууштай хамгаалж чадаагүй.  

Энэ удаад Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын их дэлгүүрийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сарыг хүртэл учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн  эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулах асуудлыг ч хөндсөн байна. Эдгээр зөрчлийг Санхүүгийн зохицуулах хорооноос “Улсын их дэлгүүр” ХК-нд хийсэн  хоёр дахь удаагийн шалгалтаар тогтоосон. Тус компанийн 2016-2018 оны үйл ажиллагаанд өнгөрсөн оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байдаг. Шалгалтаар “Улсын их дэлгүүр” ХК, “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэж байлаа. Улмаар “Улсын их дэлгүүр” ХК 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах, нэгж хувьцаанд 2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах боломжийг хаасан байдаг. Түүнчлэн “Улсын их дэлгүүр” ХК, “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нь ийнхүү ээлжит удаагаа шүүхийн хаалга татлаа.

Анх 2015 оны хоёр болон дөрөвдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооноос “Улсын их дэлгүүр” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин Холдинг”, “Номин тав”, Номин реалтор” компаниудын хооронд хийгдсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан шалгалт явуулж байсан юм. Тэр үеийн шалгалтын дүн одоогийнхоос нэг их хол зөрүүтэй гарч байгаагүй. Их дэлгүүрийн үйл ажиллагаанд оролцдог “Номин холдинг” группийн гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, тэдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар ашиг сонирхлын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй, дүр үзүүлсэн  байх магадлалтай гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн. Үндсэндээ 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо 2015 онд шүүхэд нэхэмжлэх гаргасан. Гэвч 2016 онд шинээр томилогдсон дарга тус компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан  хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргээсээ ухарсан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн үйлдэл болсон гэж үздэг. Зарим хувьцаа эзэмшигчдийн зүгээс  тухайн даргыг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээр “Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдэд их хэмжээний хохирол учруулсан хэмээн АТГ-т гомдол хүргүүлж байсан. Тухайн үеийн “Улсын их дэлгүүр” ХК-ийн 54,415 жижиг хувьцаа эзэмшигчийн өмнөөс гаргасан нэхэмжлэл ийнхүү замхарсан байдаг. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайлбартаа “УИД ХК эвлэрлийн гэрээний дагуу өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай” гэж байлаа.  

Ерөнхийдөө хоёр удаагийн шалгалтын дүнд Улсын их дэлгүүр нэг гэр бүлийн гарт ормогцоо хоёр ажилтантай түрээсийн үйл ажиллагаа явуулдаг “гар цүнх”-ний компани болж хувирсан болох нь нотлогдсон. Түрээслэгчид нь “Номин холдинг”, “Номин реалтор”, “Номин тав” тэргүүтэй нэг гэр бүлээр овоглодог групп компаниуд. “Улсын их дэлгүүр” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сайнбаяр, нягтлан Б.Ээжиймаа нар нь “Номин”-д дээгүүр албан тушаал давхар хашдаг гэдгийг мэргэжлийн байгууллага хоёр удаагийн шалгалтаараа тогтоочихсон. Гэтэл “Улсын их дэлгүүр” ХК-ийн нийт хувьцааны 70 орчим хувийг “Номин холдинг” компанийг нөгөө л нэг гэр бүлийнхэн эзэмшдэг. Жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироодог холбоо сүлбээ нь энэ. Тус компани өнгөрсөн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчиддээ танилцуулахдаа “2018 онд 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт алдагдал 6.5 тэрбум төгрөг болсон” гэдгээ зарласнаар ээлжит удаагаа жижиг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоос бултсан. “Улсын их дэлгүүр” хувьцаат компани 2001 онд 30 мөнгө, 2007 онд гурван төгрөгийн ногдол ашиг хуваарилж, бусад жилд нь алдагдалтай ажилласан гэдгээ зарлаж байжээ.  Үндсэндээ өнгөрсөн 20 орчим жил хэдхэн хүний халаасанд ашиг, орлого нь орсоор ирсэн нь үүгээр нотлогддог. 

Тэгэхээр үйл явдлын дараалал өнгөрсөн баасан гарагт албан тушаалаа чөлөөлөгдсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үед бүдгэрсэн гэдэг нь харагдана. Харин өнгөрсөн хугацаанд түүний орлогчоор ажилласан Д.Баярсайхан Монгол Улсын 45,000 иргэний эрх ашгийн төлөө юу, эсвэл “Номин холдинг”-ийн эздийн талд үйлчлэх үү гэдэг нь энэ удаагийн шүүхийн маргааны хугацаанд  мэдрэгдэнэ дээ. Гэхдээ  шүүхийн шатанд олон зүйл маргаантай байж болох ч бүхэл бүтэн Улсын их дэлгүүр өнгөрсөн 20 орчим жилд ашиггүй ажилласан гэдэгт хэн ч итгэхгүй.  Түүх сөхвөл, Улсын их дэлгүүрийг анх 1924 онд тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар Төв дэлгүүр нэртэйгээр байгуулсан аж. Түүнээс хойш нийслэлийн төв цэгт, хотын өнгө төрхийг тодорхойлж ирсэн Монгол Улсын түүхийн салшгүй нэг хэсэг болсон барилга байсаар ирсэн билээ. Улмаар 1999 онд төрийн өмчид байсан Улсын их дэлгүүрийг Засгийн Газрын шийдвэрээр “Улсын их дэлгүүр“ хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан бөгөөд  тухайн үед хувьцааных нь дийлэнх “Номин холдинг” компанийн мэдэлд очсон. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд цэнхэр, ягаан тасалбарынхаа дагуу хувь эзэмшсэн Эрдэнэтийн иргэд голдуу байдаг. Учир нь хувьчлахаар яригдаж байсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн асуудал гэнэт гацаанд орсноор олон мянган эрдэнэтчүүдэд Их дэлгүүрээс хувьцаа олгосон байдаг аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.47) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Иргэн(66.181.188.116) 2019 оны 11 сарын 25

Шагдарсүрэн луйвардаж авсан. Энэ мэт луйврын хувьчлал их явагдсан шүү. Шалгаж тогтоож иргэдийн өмчийг эзэнд нь олгох хэрэгтэй.\n

0  |  0
Zochin(66.181.187.178) 2019 оны 11 сарын 25

Би Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа тэр үед гарсан ягаан тасалбараа Эрдэнэт үйлдвэрт өгсөн гэтэл өдий болтол хаашаа орсон нь мэдэгдэхгүй, Номинд л гэж ярьдаг, над шиг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Энэ өмч хувьчлал гэдэг луйвараар тэр үеийн ардчилалынхан баяжсан шүү дээ, одоо ягаан тасалбараар ашиг аваад байдаг хүн бараг байхгүй биз дээ, гэтэл түүгээр л бид улсын өмчөөс хувь хүртэж байгаа биз дээ

0  |  0
Top