Олон улсын үнэлгээний агентлагуудын нэг S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээсэн байна. Ирэх дөрвөн жилд бид 14.4 тэрбум ам.долларын өр төлбөр төлөхийн тулд өрийг өрөөр санхүүжүүлэхээс өөр сонголтгүй байдалтай байгаа. Тэгэхээр манай тухайд зэрэглэл уруудаагүй хэвээр үлдсэн нь таатай мэдээ. Манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө зээлж байна. Банкуудын тухайд 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж буй. Эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөрвүүлэх зардлыг нэмэх юм бол банкууд гадаад зах зээл дээрээс 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байгаа юм.
Энэ нь улсын эдийн засаг, зээлжих зэрэглэлтэй шууд холбоотой. Тэгэхээр бид гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ-дээ анхаарч, ахиулах тал дээр идэвх гаргах нэн шаардлагатай гэдгийг хаа хаанаа гадарлаж буй. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ манайхыг “Саарал жагсаалт”-д багтаасан нь зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын дараа дараагийн дүгнэлтүүдэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг дагуулсан.
Тэгвэл ямар ч байсан “S&P” бидэнд ая таатай хандлаа. Тус агентлаг манай төлөвийг хэвээр үлдээхэд энэ 2019 оны төсвийн үзүүлэлт болоод эдийн засгийн өсөлт голлон нөлөөлжээ. Жишиг ёсоор тэд манай эрсдэлүүдийг нэрлэлээ. Нэн тэргүүнд өрийн асуудлыг онцолж байна. Мөн улс төрийн нөхцөл байдал буюу сонгууль, гадаад зах зээлээс хамаарсан түүхий эдийн ханшийн хэлбэлзэл зэргийг цохон дурджээ.
Сануулахад, Moody's агентлагаас энэ оны зургаадугаар сард манай улстай холбоотой хэвлэлийн мэдэгдэл гаргаж байсан. Мэдэгдэлдээ “Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч Монгол Улсад гараад буй зарим ахиц дэвшил нь тус улсын эдийн засагт тулгарч буй гадаад болон дотоод сорилтуудын улмаас 2019-2020 онд алдагдаж болзошгүй. Монгол Улсын эдийн засаг нь БНХАУ руу гаргах түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай байдаг. БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаагаас шалтгаалан Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2019 болон 2020 онд саарах төлөвтэй байна. Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд нь Монгол Улсад нэмэлт сорилтуудыг бий болгож байна” гэж байсан. Мөн 2020 онд болох УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр Монгол Улсын төсвийн алдагдал 2019 болон 2020 онд нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан.
Харин манай улс Moody's агентлагийн сануулж байсанчлан 2020 оны төсвөө “эрсдэлтэй” баталчихаад байгаа.
Өнгөрсөн долоодугаар сард зээлжих зэрэглэл тогтоогч Fitch агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээснийг мөн сануулъя.
Тус агентлагийн мэдэгдэлд Монголын дотоод улс төрийн байдал өөрчлөлтөд орж, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх эргэлзээ улс төрийн маргааны сэдэв болоод буйг тодотгож байсан. Засгийн газар, Рио Тинто хоёрын хоорондох татвар, хугацааны хоцрогдол, хөрөнгө оруулалтын гэрээний бусад заалтын хүрээн дэх бэрхшээлтэй харилцаа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн шок бий болгох магадлалыг нэмэгдүүлж байна. Эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг өндөр байгаа нөхцөлд энэ нь эргээд Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөтэй гэж тус агентлаг үзсэн. Эдийн засгийн өсөлтийн тогтвортой төлөв, төсвийн болон засаглалын үзүүлэлтүүд сайжирч буй нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эергээр нөлөөлж буй. Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэх, эдийн засагт шок учрах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд хязгаарлалт болсон гэж мэдэгдсэн юм.
Тэгэхээр олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудаас анхааруулдаг эрсдэлүүд бидний дэргэд хэвээрээ байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ эдийн засагт жин дарах нөлөөтэй Оюутолгой төслийг гацаахгүй байх чиглэлд Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд нэг ширээнд сууцгаах тухай мэдээлэл гаднынханд сөрөг байдлаар очихгүй байгаа нь өнгөрсөн өдрүүдэд харагдсаныг хэлэх нь зөв байх. Түүнчлэн “S&P” манай төлөвийг хэвээр үлдээхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй.
Сэтгэгдэл ( 0 )