Жижгээс том руу явж буй Жижиг дундын салбар

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Олон улсын жишиг, туршлагаас харахад ЖДҮ-ийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх нь чухал

Улс орны нэгэн амин судас бол ЖДҮ-ийн салбар учраас  “цус”-аа тасралтгүй шахаж, сайн эргүүлэх ёстой гэсэн үг бий. Ажлын байр нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хүн амын амьжиргаа, экспортыг нэмэгдүүлэх, том утгаараа улс орны эдийн засгийг тэлэх гээд тоолж барахгүй олон асуудал энэ салбартай шууд холбоотой. Тийм ч утгаараа аливаа улс орон энэ салбарт өндөр анхаарал хандуулсаар иржээ. Гэтэл ЖДҮ-ийн салбарт төрөөс явуулсан тодорхой бодлого алга, сангаас олгодог хөнгөлөлттэй зээлийг ихэс дээдэс хуваан авч байна гэх зэрэг шүүмжлэл өчигдөрхөн өрнөж байсан ч өнөөдөр ард хоцорчээ. Учир нь салбарын хууль эрх зүйн тогтолцоог шинээр бүрдүүлж, хариуцлагын тогтолцоо бий болгосноор нөхцөл байдал эрс сайжирсныг юу юунаас харж болно. 

Тухайлбал, УИХ-аас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг өнгөрөгч зургаадугаар сард баталсан. Энэ бол парламентын баталсан сайн хуулиудын нэг гэж мэргэжилтнүүд үздэг. Аливаа зүйлийн хөрс суурь бөх, хууль эрх зүйн орчин уян хатан, хариуцлага чанга байж цааш өсөн дэвжих учиртай. Тиймээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх бүхий хүмүүс зээл авсан нь тогтоогдож, тэдэнд хариуцлага тооцсон төдийгүй салбар яам, тухайн сангийнхан ч сайн ажиллаж байгааг өнөөдрийн үйл ажиллагаанаас  харж болно. Энэ талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэхдээ “...үйл ажиллагаа ил тод, шилэн болсон, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл олонх болсон. Орон нутагт эрх шилжүүлсэн, зээлийн хүү буурсан, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн компани зээл, төсөлд шалгараагүй гэх мэт олон давуу тал бий” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Зөвхөн нэг жишээ дурдая. Өнгөрөгч 2018 онд 97 тэрбум төгрөгийг 212 аж ахуйн нэгжид олгосон бол 2019 онд 47 тэрбум төгрөгийг 467 аж ахуйн нэгжид олгожээ. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл урьд өмнө төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг цөөн аж ахуйн нэгжээр дамжуулан авч байжээ гэсэн ойлголт ч төрнө, мэдээлэл ч бий. Нэгэнт ил болсон зүйлийг нуугаад яахав. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас ямар нэгэн байдлаар ах дүү, амраг садангийнхаа компанийн нэр дээр зээл авсан нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнууд тус бүр 950 сая төгрөг авсан гэхээр нэг хүнд ногдох мөнгөний хэмжээ тэрбумаар хэмжигдэж байв. Бүр 1.8 тэрбум төгрөг авсан эрх мэдэлтэн ч байсан. Харин энэ жил төсөл шалгаруулалтаас эхлээд бүхий л зүйл ном дүрмийн дагуу явсан учраас жинхэнэ эзэд нь болох 467 хүнд зээл очжээ. Гэхдээ энэ сөрөг асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг тэр чигт нь хамруулан хэлсэн хэрэг биш. Энэ тал дээр буруу зөрүү мэдээлэл байгааг ч дуулгах хэрэгтэй. Нөгөө талаар сангаас зээл авсан тушаалтнууд бүгд зээлээ төлчихсөн. Зээлийн тухайд зовлон байдгаа УИХ-ын нэгэн гишүүн ярьсан нь бий. Тухайлбал тойргийнх нь бичил бизнес эрхлэгч гишүүндээ хандан “Та миний энэ зээлийг дэмжээд өгөөч” хэмээн гуйна. Хариуд нь УИХ-ын гишүүн сангийнханд “Үүнийг хууль дүрмийн дагуу явж байвал асуудлыг нь шийдэж өгөөч” гэсэн хүсэлтийг бичгээр ч амаар ч ирүүлдэг. Харин сангийнхан хүсэлтийн дагуу зээл хүсэгчийн бичиг баримтыг шалгаад үнэхээр хуульд нийцэхгүй байвал олгодоггүй гэсэн байр суурийг ч илэрхийлсэн. Урьд өмнө сангаас зээлийн дээд хэмжээг хоёр тэрбумаар хязгаарлаж байсан бол салбарын сайд хүртээмжтэй байлгах үүднээс нэг тэрбумаар хязгаарласан нь ийнхүү зээлдэгчдийн тоог нэмжээ. Нэг жижиг дунд үйлдвэрлэгчийн ар талд тэдний гэр бүл, ажилчид гээд чамгүй олон хүмүүс бий, нөгөө талаар жижиг дунд бизнес эрхлэгч бүр улсад татвар төлж байгаа гэхээр ЖДҮ-ийн салбар бол яах аргагүй улс орны нэгэн амин сүнс юм. Тиймдээ ч гадны улс орнууд энэ салбараа дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн ДНБ-д эзлэх байр суурь ч өндөр байсаар ирсэн биз ээ.

Хуулийн гол зорилго зээл олгох биш, гэхдээ хөрөнгө оруулалт хэрэгтэй

Уг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна гэж заасан байжээ. Гэтэл Төсвийн тухай хуулийг дагалдаж орсон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас энэ заалт хасагдсан байна. Нэг жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувь гэдэг чамгүй том тоо. Ирээдүйд үүнийг ч анхаарах хэрэгтэй. Олон улсын жишиг ч тэр, бидний туршлагаас харж байхад ч ЖДҮ-ийн салбарт мөнгө хийх нь олон талын ашигтай юм байна гэдгийг практикаас ч харуулж байна.

Хуулийг санаачилан батлуулсан хүмүүсийн зүгээс хэлэхдээ “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн зүгээс  дэмжих дэмжлэгийг тодорхой болгоход чиглэж байгаа. Бизнесийг дэмжих төрийн зохицуулалтын хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдлээ” хэмээж байсан. Гэхдээ энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмж байж эргээд дээр дурдсан “Ажлын байр нэмэгдэн, татварын хэмжээ өсч, олон улсын жишигт нийцэж” таарна. 

Сангийн эргэн төлөлт сайн, төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ЖДҮ-ийн салбарт гардаг нэг хүндрэл гэвэл зээлийн эргэн төлөлт. Эргэн төлөлт байж дараа дараагийн зээлдэгчийн эрх нээгдэнэ. Мэдээ мэдээлэлгүй иргэд аж ахуйн нэгж ямар ч судалгаагүйгээр нэгнээ дуурайж үйлдвэр үйлчилгээ бий болгоод өөрийгөө болон өрөөлийг татаж унагаснаар хоёулаа дампуурдаг тал ч бий гэнэ. Мөн төслийнхөө дагуу зээлээ зарцуулахгүй өөр зүйлд хийн дампуурдаг ч гэнэ. Энэ мэт шалтгаалах олон зүйлээс үүдсэн эргэн төлөлтийн асуудал гардаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг  хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 30 хувьтай байгаа мэтээр ярьсан нь ташаа гэдгийг ч тэд дуулгасан. Тэгвэл өгч байгаа албан мэдээллээс харвал эргэн төлөлт 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь чамгүй өндөр үзүүлэлт аж. Айсуй 2020 оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээлийн  эргэн төлөлтөөс 54 тэрбум төгрөг төвлөрүүлж, зээлд олгохоор баталжээ. Энэ дагуу үйл ажиллагаа явахад бас хүндрэл бий. Учир нь төсөвт төвлөрүүлсэн 54 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтэнд зориулна гэхээр энэ айл ирэх жил Сангийн яаманд 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Төсөвт өгөх ёстойгоо өгөөд үлдсэнийг нь зээлд гаргах уу гэдгийг Сангийн яамтай ойлголцох шаардлагатай байгааг ч дуулгажээ.

ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг зээл гаргадаг, түүнд зуучилдаг гэх мэт дундуурхан ойлголттой хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл тус газар нь ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээ гэсэн гурван том салбарыг хариуцаж, бодлогыг боловсруулан ажилладаг байна. Тодотговол, тэд “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг тус тус батлуулсан гэхээр чухам ямар хэмжээний байгууллага юм бэ гэдэг нь харагдана. Өдгөө тэд “Хоршооны тухай хууль” дээр ажиллаж байгаа аж.

“Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр боловсруулж эхэллээ

Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсад бакалаврийн зэрэг олгох их дээд сургууль олноор байгуулагдаж, тэр хэрээр олон боловсон хүчин бэлтгэгдсэн. Нийгмийн салхиа дагасан олныг буруутгах арга алга. Тэр тусмаа хууль, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр олон жилийн турш боловсон хүчин бэлтгэж, хэдэн мянгад хүрчээ. Үүнийг дурдахын шалтгаан нь гэвэл хуульчийн дипломтой Дорж ЖДҮ-ийн салбарт ажиллах боломж хомс. Энэ салбарт гагцхүү мэргэжилтэй, мэргэшсэн ажилтан хэрэгтэй байдаг. Энд ноос ноолуур боловсруулна, мах махан бүтээгдэхүүн хийнэ, дээл хувцас оёно, ширээ сандал урлана, бүр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гээд юу эс мундахав. Тэгэхээр энд олон хуульчийн хэрэг алга. Энэ утгаараа ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Тэд газар дээр нь судалгаа хийсэн бололтой.

Тэднийг ийнхүү явахад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажиллах хүчний хомсдол их байна, нэг сая төгрөгийн цалин өгье гэсэн ч шаардлага хангах хүн ирэхгүй байгааг хэлжээ. Хамгийн гол нь энэ хөтөлбөр ажилгүй байгаа иргэдийг маш богино хугацаанд буюу 1-6 сарын хооронд үйлдвэрүүдтэй холбож, ажилтан болгох аж. Үүнд асар том давуу тал, зохицуулалт байна. Аливаа иргэн модны болон ноос ноолуурын үйлдвэрт ажилд оръё гэсэн хүсэлт гаргалаа гэхэд үйлдвэрүүдтэй холбож өгөөд дадлага хийлгэх аж. Тухайн хүн мэргэшиж, суртлаа 100 хувийн бүтээмж гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл эхэндээ 70-80 хувийн бүтээмж гаргаад туслах ажилтнаар ажиллахад нь түүнд нь нийцсэн цалинг үйлдвэрээс өгөх зохицуулалт юм. Ингэхдээ дадлагжигчдыг тодорхой хэмжээний цалинтай ажиллуулъя. Дадлагжигч цааш ажиллах хүсэлтэй бол үйлдвэртэй нь холбож өгөх зохицуулалт боловсруулж байгаа аж. Ингэхээр ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг ч тэд тооцсон байна.  Тодотговол тэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч 70 мянга төгрөг авдаг. Үүнтэй адилтгасан мөнгийг л дадлагжигчдад өгөх юм байна. Мөн тус газраас барьж буй нэг бодлого бол бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр судлан анхаарч байгаагаа хэлсэн. Учир нь манай бизнес эрхлэгчид зээлээ бага хүүтэйгээр аваад тодорхой бизнесээ эрхлээд чамгүй мөнгө олох боломж байгаа ч бизнесээ өргөжүүлэх тал дээр зогсолт хийдэг байна. Энэ нь мэдээлэлгүй, зөвлөгөөгүй байгаагаас үүдэлтэй аж. Тэгэхээр тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц хайж байгаа юм. Хамгийн гол үүнээс цааш зах зээлээ тэлэх, үйлдвэрлэлээ өргөтгөн чанаржуулах гээд олон асуудал бий. Ямартай ч нэгэнтээ адлагдан, хэл амны бай болж байсан ЖДҮ-ийн салбар зөв замдаа орж, жижгээс том руу нэгэнт хөдөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hudlaa (202.55.188.86) 2019 оны 12 сарын 02

Za Hudlaa shuu

0  |  0
Top