Монгол Улс валютын нөөцөө хоёр дахин өсгөх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

-“Эрдэнэт”, “Эрдэнэс-Тавантолгой”, “Оюутолгой” компаниуд валютын нөөц бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна-

Төрийн болон хувийн хэвшлийн өр их байх нь эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байгааг МУИС-ийн багш Б.Алтанцэцэг “Гадаад валютын нөөц” хурлын үеэр тавьсан илтгэлдээ онцолсон. Тэрбээр улсын болон хувийн секторын өр санхүүгийн хямралын гол шалтгаан болдгийг бүхий л судалгааны дүн харуулдаг. Өр ихтэй эдийн засаг хүмүүсийн итгэлийг бууруулдаг болохыг тодотголоо. Монгол Улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 2010 оноос хойш өсөх хандлагатай болсон. Хөгжиж буй орнуудын өр мөчлөг дагасан байдлаар өсдөг бөгөөд эдийн засгийн өсөлтийн үед эрсдэл өндөртэй зээлдэгчид зээл олдох нь элбэг. Хүндрэлийн үед эрсдэл өндөртэй зах зээлээс мөнгө дайждаг аж. Тиймээс  хөгжиж буй ангиллын Монгол Улсын хувьд өрийн үзүүлэлтээ хянаж, түүнийг тэтгэдэг төсвийн алдагдлыг бууруулахыг зөвлөж байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр өсөх болсон эрсдэл үүсгэж болзошгүй хувийн секторын зээлд Засгийн газрын баталгаа гаргахгүй байх шаардлагатай.

Тус хурлын үеэр Монгол  Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх,  өр зээлийн эрсдэлийг бууруулах арга зам, эргэн төлөлт хийх  менежментийн талаар экспортлогч, хөрөнгө оруулагч, судлаачид болон албаныхан тодорхой дүгнэлтүүд хэлж байлаа. Монгол Улсын валютын нөөцийн дийлэнх хэсгийг ам.доллар, үлдсэн хэсгийг мөнгөжсөн алт эзэлж байна. Нийтдээ 4.02 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нөөцийн 25 орчим хувийг мөнгөжүүлсэн алт бүрдүүлж байгаа. Монгол Улсын гадаад валютын нөөц 2011 онд 4.15 тэрбум ам.доллар болж түүхэн дэд түвшиндээ хүрсэн байдаг. Түүнээс хойш 2016 оныг болтол тасралтгүй буурсан нь экспортын түүхий эдийн ханш буурсантай холбоотой. Нөгөө талаар Монголбанк бодлогын алдаа гаргаж, түүнийгээ их хэмжээний валютын нийлүүлэлт буюу интервенц хийн нөхөж ирсэн нь валютын нөөц шавхагдахад хүргэсэн. Харин 2016 оноос хойш интервенцийн хэмжээ буурсан. Энэ онд 2.5 тэрбум ам.долларыг валютын захад нийлүүлсэн бол экспортлогч компаниудаас 2.2 тэрбум ам.доллар авч нөөцөө бүрдүүлсэн. Цэвэр дүнгээрээ 300 орчим сая ам.долларын интервенц хийсэн гэж үзэж болно. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс-Тавантолгой”, “Оюутолгой” тэргүүтэй компаниуд гол үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа “Оюутолгой” компани Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэж буйг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин тодотгосон юм.

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30 орчим тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 10 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хувийн хэвшлийн өр, 10 тэрбум нь Засгийн газар болон Монголбанкны зээл, үлдсэн хэсгийг арилжааны банкууд болон компаниудын өр эзэлж байна. Үүнээс 2021-2024 онд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай байгаа. Дотоодын хуримтлал багатай манайх шиг улсын хувьд эдгээр гадаад өр төлбөрөө дахин санхүүжүүлэхээс өөр сонголт харагдахгүй байгааг шинжээчдийн зүгээс онцолж байсан юм. Үүний сацуу өрийн хэмжээгээ зохистой түвшинд хүртэл бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, энэ том сорилтыг алдагдал багатайгаар даван туулахад гадаад валютын албан нөөц чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улс одоогоор импортын ес орчим сарын хэрэгцээгээ хангах нөөцтэй байгаа. Энэ талаасаа валютын нөөц хангалттай мэт харагдаж буй боловч гадаад өр төлбөрийн хэмжээтэй харьцуулах хангалтгүй хэмээн үнэлэгдэнэ. Тэгэхээр валютын нөөцөө одоогийнхоос хоёр дахин буюу 6.5-8 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай. ҮАБЗ-өөс ч валютын нөөцийг импортын 12 сарын хэрэгцээгээ хангах буюу 6.5 тэрбумд хүргэхийг зөвлөсөн байдаг.

Монголбанкны хувьд цаашид гадаадын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдэж байна. Хэдийгээр валютын нөөцийг удирдах эрх нь Төв банканд хадгалагддаг ч валют татах бодлогын арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлдэг. Тиймээс валютын нөөцөө өсгөх нь худалдааны нээлттэй бодлого баримталж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эдийн засагч Н.Энхбаяр “Бид валютын нөөц яг л цахилгаан хангамжтай адил. Бид экспортоо нэмэгдүүлж байж, валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Богино хугацааны сайн үр дүн гаргахын тулд импортод анхаарч ажиллах нь үр дүнтэй. Гадаад худалдааны импорт 30 хувь нь нүүрснээс хамааралтай байгаа нь урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэх хандлагатай. Манай импортын ихэнх хэсэг нь машины тоног төхөөрөмж, тодруулбал суудлын автомашин байдаг. Энэ бодлого хэрэгжүүлж импортоо удирдах боломжтой юм.  Хэзээ өр үүсгэх вэ гэдгээ дунд болон урт хугацаандаа бодож байх ёстой. Бусад улс оронд өрийн бүхэл бүтэн төлөвлөгөө явж байдаг. Одоо л бид үүнийг суралцаж эхэлж байна. УИХ-аас өнгөрсөн намар Өрийн дунд хугацааны стратегийг шинэчилж баталлаа. Энэ хуулиар өрийн хугацааг сунгаж, хөрвүүлж болно. Энэ арга хэрэгслүүдээ аль алийг нь хэрэглэх хэрэгтэй. Хэрэв Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв сайн байгаад томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт тодорхой байвал хөрөнгө оруулагчид өрийг хөрвүүлэх сонирхолтой болно. Тэд заавал өрөө эргүүлж авна гэхгүй шүү дээ. Тиймээс ийм хэлцэл хийх нь чухал. Олон улсын судалгааны байгууллагууд өрийг хөрвүүлэх хэлцлээ эртхэн хийгээч ээ гэдэг зөвлөгөөг өгч байгаа. Тиймээс хугацаа алдалгүй ийм төрлийн хэлцлүүдээ хийх нь чухал. Хөрөнгө оруулагчиддаа зөв ойлголт төрүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон “Хөрөнгийн зах зээл дээрх миний ажилласан туршлага бол өр л босгож байсан. Урт хугацааны хөрөнгө оруулалт гаргаж чадаагүй. Гэхдээ өр ч гэсэн валютын нөөцөд тодорхой үүрэг гүйцэтгэнэ.

Засгийн газрын баталгаатайгаар 2015 онд хагас тэрбум доллар эдийн засагт оруулж ирэхэд,  Монгол Улсын валютын нөөцөд  тодорхой хувь нэмэр оруулсан болов уу гэж боддог. Гэхдээ бид ирэх жилийн таван сард энэ мөнгийг төлнө. Тэгэхээр нөгөө 500 сая доллар орж ирсэн шигээ, гараад явах болчихож байгаа юм. Дахин санхүүжүүлэхийн тулд макро эдийн засаг, мөнгөний бодлого, валютын нөөцийн  асуудлууд хөндөгдөнө. Манай улсын хувьд ОУВС хөтөлбөр хэрэгжих үү, үгүй юу. Экспорт цаашдаа нэмэгдэх үү гэдэг олон эргэлзээтэй асуудал байна. Өнөөдөр ярилцаж байгаа  валютын нөөцтэй холбоотой ерөнхий бодлогыг хөрөнгө оруулагчид анхаарч үздэг. Банк санхүүгийн тогтвортой байдал руу чиглэсэн эрсдэл дээр суурилсан хяналт шалгалтыг анхаарч эхэлсэн. Олон улсын стандартуудыг нэвтрүүлж байна. Зээлийн эрсдэлийг бууруулахаар анхаарч ажиллаж байна. Энэ анхаарч байгаа зүйлүүд дотор валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого орхигдуулах хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, одоо ам.доллараар экспортлогч аж ахуй нэгжид олгож байгаа эрсдэлийг 120 хувиар жигнэж байгаа. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих Монголбанкнаас гаргасан журмаар 150 хувь болно. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт талаасаа эдийн засаг руу ам.доллар нийлүүлэх нь бага болж эхэлнэ. Энэ маш эрсдэлтэй. Нөгөө талаасаа валютын ханшийн тогтворгүй байдал бий болж аж ахуй нэгжүүд ам.долларын зээл авах сонирхолгүй болж байна. Тэгэхээр авах өгөх буюу банк ам.доллар нийлүүлэх, иргэд авах сонирхлыг байхгүй болгочихож байгаа юм. Үүнийг Монголбанк анхаарах хэрэгтэй болов уу” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top