-Дотоодын томоохон цементийн үйлдвэрийн уут, шошгыг ашиглан өөр төрлийн цемент савласан тохиолдол бүртгэгдэж байжээ-
Манай улсад цемент үйлдвэрлэдэг томоохон дөрвөн үйлдвэр, хоёр жижиг үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь иж бүрэн тоноглогдсон бөгөөд засвар, шинэчлэл шаардлагатай байсан Налайх болон Дарханы цементийн үйлдвэрт техникийн шинэчлэл хийх бэлтгэл хангагдаж байгаа аж. Үлдсэн дөрвөн том үйлдвэр тус бүртээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр манай улсад багаар бодоход 4.2 сая тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бий гэнэ. Нэмээд цементийг голлон үйлдвэрлэж байгаа зургаан үйлдвэрийн илүүдэл түүхий эдийг ашиглаж тээрмийн аж ахуй эрхлэгч олон байна. Тиймдээ ч Монгол Улсын нэг хүнд ногдох цементийн хэмжээ 400 кг байсан бол одоо 1.4 тонн болж өсөөд байгаа аж. Тэгэхээр нийслэл, орон нутагт барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд барилгын стратегийн түүхий эд гэгдэх цементийн нөөц хангалттай үүсээд байгааг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж онцоллоо. Монгол Улсад өвлийн улиралд цементийн хэрэглээ эрс багасдагтай холбогдуулан хоёр сая тонн цементийг экспортод гаргах бүрэн боломжтой гэнэ. Харин Орос, Хятад руу экспортлох уу, экспортлоход тээвэрлэлтийн зардал, тээвэрлэлтээс үүсэх хүндрэл юу байж болох уу гэдэг “Барилга, бүтээн байгуулалтад цементийн чанар, бүтэц нөлөөлөх нь” семинарын нэгэн сэдэв болж байлаа. Энэ үеэр СХГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Соронзонболд “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Стандартын газар болон барилгын томоохон компаниудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Барилгын гол бүтээгдэхүүний нэг цементийн стандартуудыг Европын холбоо болон Хятад Улсын стандарттай ижилсүүлж дүгнэж байна. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд бусад улсын стандартыг судалж байгаа юм. Эрх зүйн баримт бичгийг илүү боловсронгуй болгож, туршлага солилцох сургалт явагдаж байна. Гадагшаа экспортлоход цементийн чанар чухал. Жишээлбэл, Орос улсад Европын холбооны стандартыг хэрэглэж байна. Тиймээс Европын холбооны холбогдох 15 стандартыг орчуулж, 2019 онд үндэсний стандарт болгон баталсан. Эдгээр стандартын дагуу цементийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдлээ” гэлээ.
Монцемент, МАК цемент 10 мянган төгрөгийн үнэтэй байлаа
Долоон буудал руу өгсөх 32-ийн тойргийн зам дагуу цемент, элс, хайрга худалдаалдаг цэгүүдэд 50 килограммаар савласан Монцемент болон МАК евро цемент аль аль нь 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Өвөл учраас элс, хайрга, цементийн худалдаа эрс татарчээ. Цементийн хувьд долоо хоногт нэгийг ч худалдаалахгүй үе байгаа аж. Цемент худалдаалж буй Б.Булган “Манайх өөр цемент зардаггүй. Хүмүүсийн ихэвчлэн худалдаж авдаг хоёр компанийн цементийг борлуулж байна. Хятад цемент хилээр оруулах, зарахыг хориглосон” гэлээ.
Хоёр сая тонн цемент экспортод гаргах боломжтой гэв
Улсын төв лаборатори болох Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид 2019 оны хувьд өнөөдрийн байдлаар 12.5 мянга гаруй дээжид шинжилгээ хийсэн байна. Цементийн шинжилгээний тухайд тус лабораторийн дарга Ж.Энхтуяа “2018 онд цементийн 119 ширхэг дээжийг шинжилсэн. Харин энэ оны нарийвчилсан мэдээлэл арванхоёрдугаар сарын 15-нд гарна. Найман төрлийн үзүүлэлтээр чанарыг шалгадаг. Шалгахад сайн, муу, дунд янз бүрийн үзүүлэлт гардаг. Монголын томоохон үйлдвэрийн цементийн чанар сайн. Ерөнхийдөө шинжилгээнд сар болгон мониторинг хийж, улирал тутам дотоод хяналт явуулж, өөрсдийн шинжилгээгээ харилцан солилцож дахин шинжилдэг. Барилга барихдаа суурьнаас нь эхлээд тогтмол материал, хийцийн шинжилгээ өгч байх ёстой. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүргийг барилга барьж байгаа болон барилгыг хянаж байгаа талууд харилцан ухамсарлах нь зүйтэй. Сүүлийн үед барилга барьж байгаа хүмүүсийн ухамсар харьцангуй сайжирсан. Шинжилгээнд хамрагдаж, стандартын дагуу барилга барихыг эрмэлзэх болсон” гэв. Мэргэжлийн шинжээчид томоохон үйлдвэрүүдийн цементийн чанар сайн гэдгийг хэлж байна. Гэхдээ эдгээр үйлдвэрийн уут, шошгыг ашиглан өөр төрлийн цемент савласан тохиолдол мэргэжлийн хяналтын байгууллагад мэр сэр бүртгэгдэж байжээ.
Хоёр жилийн өмнө хятад цемент 8000-9000 төгрөгийн үнэтэй байсан
Цементийн чанар, импортын тухайд Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Дотоодын үйлдвэрлэгчид олон улсын түвшинд хүрэхүйц цемент үйлдвэрлэж чаддаг болсон. Бетон зуурмагийн үйлдвэрүүд ч гэсэн бүгд автомат ажиллагаатай болсон учраас буруу технологиор цемент үйлдвэрлэх боломжгүй. Ховд, Дорнод аймгийн нийслэлээс алслагдсан нутгуудад л дотоодын цемент хүрч амжихгүй тохиолдол байна. Тэдгээр аймагт онцгой тусгай зориулалтын цемент бага хэмжээгээр орж ирж байхыг үгүйсгэхгүй. Үүнийг эс тооцвол төмөр замын тээврээр цемент Монгол руу оруулж ирэхийг хориглож, бүрэн зогссон. Манай улс 2014 онд 1.5 сая тонн цемент импортоор авч байсан бол энэ жил нийт 25 мянган тонн цемент л импортоор оруулсан байна. Цементийн чанарын хувьд өнөөдрийг хүртэл ямар ч доголдол гараагүй гэдгийг онцолж хэлье. Мөн баруун аймгуудад шинээр хоёр цементийн үйлдвэр удахгүй баригдана. Эдгээр үйлдвэр баригдчихвал баруун бүсэд ч гэсэн импортын цемент огт очихгүй болно” гэсэн юм. Барилгын үйлдвэрлэл явуулдаг Б.Мөнхсайханаас тодруулахад “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гээд хятад цементийг хилээр оруулахыг хориглосон нь зүйтэй санагддаг. Цементийг чанар муутай элс болон хайргатай зуурч барилгын үйлдвэрлэлд ашиглавал барилгын чанарт нөлөөлнө. Үүнээс биш үйлдвэрлэгчдийн цементийн чанар болон үнэ гайгүй. Хоёр жилийн өмнө хятад цемент 8000-9000 төгрөгийн үнэтэй байсан” гэлээ. Худалдан авагчдын хэлж буйгаар Хятад цемент чанар сайтай байжээ. Гэсэн хэдий ч одоо Монголд үйлдвэрлэж байгаа зарим цементийн чанар хятадынхаас ялгаагүй гэж байлаа. БНХАУ-ын Цементийн чанар, хяналт, шалгалтын үндэсний төвийн Ерөнхий инженер, цементийн хяналтын улсын байцаагч Ванг Руйхай “Хятад улс нь цемент барилгын материал үйлдвэрлэгч том орны нэг болж байгаа. Европын орнуудын стандарт төгс төгөлдөр болж байгаа ч гэсэн Хятад улсад жилд хоёр тэрбум гаруй тонн цемент үйлдвэрлэдэг. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн болон чанарын стандартаар Европыг давсан зүйлс бий. Монгол Улсын хувьд хятадаас барилгын материалыг нэлээд импортолдог учраас стандартыг нь мэдэх хэрэгтэй. Стандарт бол чанарын суурь. Чанарыг батлахын тулд Монгол, Хятадын стандартын ижил болон ялгаатай талуудыг мэдэх хэрэгтэй.
Үүний тулд Монгол Улс өөрийн орны онцлогт тохирсон стандартыг хэрэгжүүлэх нь чухал байгаа. Өнгөрсөн жилээс Хятадын стандартаас найман стандартыг Монгол хэл рүү орчуулж судалсан. Үүний аргачлал, стандартыг туршихад ямар байсныг шинжээчид лабораторийн түвшинд удахгүй судлах юм. Европын стандартаар явахад тоног төхөөрөмж үнэтэй, онолын хувьд боломжтой юм шиг боловч бодит амьдрал дээр боломжгүй зүйлс олон гардаг” хэмээлээ. Монгол Улсын цементийн хэрэгцээ жилд хоёр орчим сая тоннд хүрдэг. Дөрөвхөн жилийн өмнө энэ хэрэгцээнийхээ тал хувийг гаднаас худалдаж авдаг байсан манай улс одоо дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа цемент экспортлоход бэлтгэгдэж байна.
Сэтгэгдэл ( 5 )
TEGEED EXPORTLOOCH
ХЯтадын ХИЛ-г ХААВАЛ ТААРНА,
Байрны үнэ буурах боломжтой л болждээ.
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Zuitei shde