Нийгмийн даатгал НЭРМЭЭСИЙГ нэг удаа ЧӨЛӨӨЛӨӨЧ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нийгмийн даатгалын өртэй компаниуд 2016 оноос 56.4 хувиар, тэдний өрийн хэмжээ 44.9 хувиар нэмэгдсэн гэдгийг зарласан даа. Энэ нь эдийн засгийн өсөлт бодит секторт огт хүртээлгүй байгааг шууд илэрхийлэх бөгөөд 2020 онд өртэй компаниуд илүү ихээр нэмэгдэхийг сануулсан юм. Монголчуудыг ажилтай орлоготой байлгаж, улсынхаа эдийн засгийн хөгжлийг нуруунд үүрч яваа хувийн хэвшлийн өнөөдрийн нөхцөл байдал, маргаашийн дүр зураг товчхондоо, энэ. Гэтэл төрөөс жинхэнэ татвар төлөгч иргэн, төсөв бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдийн ачааг нэмсэн үү гэхээс хөнгөлөх бодлого баримтлах шинж алга. Харин ч бүр иргэдээ ажил мэргэжлээр нь алагчлан,  аймаг хотоор  нь ангилж татвар татаас тавих нөхцөл байдал үүсээд байна.   

МАЛЧИД БОЛОН НАЙМААЧИД Л ТӨРИЙН ХАЙР ХАЛАМЖ ХҮРТЭХ ЁСТОЙ

Нэг хэсэг иргэнийг нийгмийн даатгалын өршөөлд хамруулах хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль малчин болон хувиараа бизнес эрхлэгчдэд л хамаарна. Малчдыг мал тоолуулснаар нь тодорхойлох бол Монголд ганзагын наймаачид голдуу хувиараа бизнес эрхлэгч нэрээр аль нэг татвар хураамжаас зугтаж амь зуудгийг бүгд мэдэх байх. Өнөөгийн Нийгмийн даатгал сангийн завхралыг АН-ынханд нялзаан суугаа УИХ-ын гишүүд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нөхөн төлүүлэх популист хуулийг 2017 оны хоёрдугаар сард нэгэн дуугаар баталсан. Тухайн үед сангийн алдагдлаа хэн ч хөндөөгүй мөртлөө “Сонгуулиар малчдынхаа амьжиргааг дээшлүүлнэ гээд амлачихсан” гэдэг товчхон тайлбар хөвөрсөн. Иймэрхүү амлалтаас төрсөн хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч улсын эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан  хэрэгжих хугацааг нь хойшлуулсан билээ. Олон улсын валютын сангийн шахалт ч хүчтэй байсан. Үүний дагуу ирэх оноос малчин, хувиараа бизнес эрхлэгчид өнгөрсөн хугацаанд төлөлгүй, зайлсхийсэн НДШ-ээ ирэх жилдээ багтан нөхөн төлөх хууль албан ёсоор хэрэгжиж эхлэхээр хүлээгдэж байгаа. Дагалдах журмыг нь ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах мэдээлэл байна.

Уг хуульд 15-60 насны иргэдийг хамруулах бөгөөд НДШ-ээ нөхөн төлөх боломжтой хугацааг 1995 оноос энэ оны сүүлч гэсэн зохицуулалтаар оруулжээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч НДШ нөхөн төлүүлэх тухай нэг удаагийн чанартай хуульд 88 мянган иргэн хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Нэг даатгуулагчийг 10 жил ажилласанд тооцуулна. Ингэхдээ  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр  тооцож нэг удаа таван сая гаруй төгрөг нөхөн төлнө. Ингэж нөхөн төлсөн иргэн сар бүр тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авах тооцоо ч гарчээ.

Албаныхны зүгээс 2020 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөг оруулж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байгаа юм. Дээр нь энэхүү мэргэжлийн нэр заан хамруулах өршөөлийн хуульд зориулан ирэх онд улсын төсвөөс 120 орчим тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж ирсэн иргэдээ байнгын мөнгөн орлоготой болгох төрийн бодлого хэмээн тайлбарлаж байгаа.  Малчид болон хувиараа бизнес эрхлэгчид ирэх онд ийм хөнгөлөлт эдлэх нь ээ. Харин жинхэнэ татварын ачаалал үүрэгчид нь уг зохицуулалтын гадна хоцорно гэдэг л жинхэнэ тэтгэврийн санг бүрдүүлэгчдийн төрдөө гомдох шалтгаан болоод байна. Өөрөөр хэлбэл, малчин эсвэл хувиараа бизнес эрхлэгч л биш бол төрийн хайр хишгийг Та хүртэх эрхгүй гэсэн үг. НДШ-ийн нэмэгдлээ төлөөд, үүрэх ачаа тань улам бүр нэмэгдэхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам алга даа. Мөн улсын хэмжээгээр 1.1 сая гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин,  хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд. Гэтэл  малчдын ердөө есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь л НДШ төлдөг гэсэн тооцоо байна. Үүнээс харахад, хамгийн бага татвар татаас төлөгчид бол малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд аж. Төр татвараа ижил тэнцүү авах ёстой болохоос бага төлдгийнх нь толгойг илж, их төлдгөө дарамтлах учиргүй юмсан.

АН-ААС ҮЗҮҮЛСЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРШӨӨЛӨӨС СУРАЛЦ

МАН-ынхан ийнхүү алагчилж байгаа бол АН-ын Засгийн газар ч бас 2012 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг санаачлан батлуулж байлаа. Нэг ёсны төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг авах чадваргүй иргэддээ өршөөл үзүүлсэн энэ хуулиар 600 орчим мянган иргэн тэтгэвэр тогтоолгох боломжтой болж байв. Гэхдээ хот хөдөөгөөр нь нутаг зааж өршөөлд хамруулаагүй юм шүү. Тухайн үед 1990-1995 онд ажиллаагүй иргэдээс огт шимтгэл аваагүй бөгөөд НДШ төлсөнд тооцон тэтгэвэрт оруулж байжээ. Мөн 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан боловч шимтгэлээ төлөөгүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн байдаг. Тэдгээр иргэн шимтгэлээ нөхөн төлөхдөө тэр үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бус бүр шимтгэл төлж чадаагүй байсан үеийнхээрээ тооцон төлсөн.

Нөхөн төлбөрт хамрагдсан 600 мянган иргэн нийтдээ нийгмийн даатгалд 38 тэрбум төгрөг төлсөн гэдэг дүн гарч байжээ. Ингэхдээ 40 мянган төгрөгөөр тооцон 4000 төгрөг төлж, 310 мянган төгрөгийн тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн юм. Үүнээс гадна 1990-2000 оны нөхөх төлөлтийг хамруулсан байдаг. Энэ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, шилжилтийн үе байсан учир нэг удаа төрөөс иргэдийн хохирч байсан асуудлыг шийдвэрлэсэн. Улмаар нэг иргэн 78100 төгрөг төлөөд, 11 жилийн нийгмийн даатгалаа нөхөн тооцуулсан. Ирэх онд хэрэгжих хуультай адилтгахад, иргэдийн нийгмийн хамгааллыг засаж залруулах нэг удаагийн хууль байжээ. Үүний дараа буюу 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан. Уг хуулиар иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаад хаягдсан даатгал нөхөн төлж, татвараа бүрэн тайлагнаж чадаагүй аж ахуй нэгж байгууллагууд алдаагаа зассан юм. Ингэснээр Нийгмийн даатгалын санг зузаатгаж, Монголын эдийн засагт анх удаа 35 их наяд төгрөг ил болсон түүхтэй.

Хэдийгээр эдгээр  өршөөл Нийгмийн даатгалын сангийн алдагдал мэтээр тайлбарлагддаг ч төрөөс хөдөлмөр эрхлэх нас нь хэтэрсэн, орлогогүй иргэд болон туйлдсан хувийн хэвшлийн хөгжилд түлхэц үзүүлсэн бодит дэмжлэг байсан юм. Адаглаад төрөөс НДШ нөхөн төлүүлэх замаар 200 гаруй мянган иргэнээ бодит орлоготой болгох арга хэмжээ аваагүй өнөөдөр Монгол Улсын ядуурлын түвшин 28 хувиар тогтох бус 40, 50 руу ч дөхсөн байж магадгүй. Энэ өнцгөөс нь харвал, ажилгүй орлогогүй иргэдийнхээ ачааг төр үүрсэн хэрэг. 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн үр дүнд 607 мянган иргэн нийгмийн даатгалын төлөгч болсон гэдэг л баттай зүйл. Тэд лав л Нийгмийн даатгалын санд нэмэлт ачаа болоогүй. Нэг үгээр бол татвар хураамж төлөгч иргэдээ хөхүүлэн дэмжсэн юм аа.

Дахин сануулахад, 2016 онд өгсөн “Ямар нэг шинэ төлбөр хураамж бий болгохгүй, татвар нэмэгдүүлэхгүй” гэсэн МАН-ын амлалтаас хойших гурван жилд нийгмийн даатгалын өртэй компаниуд 2016 оноос 56.4 хувиар, өрийн хэмжээ нь 44.9 хувиар нэмэгдээд байна. Энэ бол ирэх оноос хэрэгжиж эхлэх нийгмийн даатгалын өршөөл үзүүлэх хуулиа бодит эдийн засгийн өсөлтдөө дэмжих чиглэлд нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irsen (202.126.89.41) 2019 оны 12 сарын 06

чөлөөт\n

0  |  1
Top