Хоёр жилийн өмнөхөөс эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан ч хоёр жилийн дараа буцаад сэхээний тасгийн хаалгаар орохгүй гэх баталгаа бидэнд байхгүй. Монгол Улс эргээд ОУВС-г царайчлах нэр, нүүртэйгээ байхыг хичээх хэрэгтэй л дээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар бид тэдний өгсөн “гэрийн даалгавар”-ыг хийж буй ч гүйцэтгэл нь хангалттай сайн биш байгаа нь ОУВС-гийн хөтөлбөр зогсонги байдалд орсноос ойлгогдож байгаа юм. Ер нь бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хөтөлбөрийн санхүүжилтийн урсгал зогссон.
Тиймдээ ч энэ оны долоодугаар сард Дэлхийн банкнаас манайд 100 сая ам.долларын санхүүжилтийг батлахад нь, доноруудаас ирэх ам.долларын түгжигдээд байсан суваг тодорхой хэмжээнд нээгдэв үү гэж харж байв. Гэвч ОУВС биднийг гэрийн даалгавраа гүйцэд сайн хий гэж шахсан хэвээрээ байна. Үндэслэл нь банкны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хангалтгүй түвшинд байна гэж үзээд байгаа юм. 2018 онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас 840 сая ам.доллар орж ирэх ёстой байсан ч 300 гаруй сая ам.доллар орж ирсэн. Дэлхийн банкны 100 сая ам.доллар бол угтаа өмнөх онд л орж ирэх хүлээлттэй байсан мөнгө л дөө. Ээлжит хүлээлт ёсоор “ЖАЙКА”-гаас мөнгө орж ирэх ёстой ч хүлээлгийн өрөөнд байсан хэвээрээ. Шалтгаан нь мөнөөх л банкуудтай холбоотой.
Монголын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дуусах хугацаа 2020 оны тавдугаар сар. Гэтэл банкны салбар дахь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ удааширсаар. Үндсэндээ хөтөлбөр хэрэгжих хугацааны тэн хагаст санхүүжилт гацах төлөвтэй боллоо. Уг нь тэд биднээс юу шаардаад байгаа нь тун тодорхой. Арилжааны банкуудынхаа өөрийн хөрөнгийг нэм гэсэн. Нэмсэн бол тэр эх үүсвэрийнх нь эрүүл ахуйн байдлыг л нягтал гэсэн билээ. Чехийн PWC компани Монголын арилжааны банкуудад дутагдаж буй хөрөнгийн хэмжээ 513 тэрбум төгрөг байна гэсэн тооцооллыг гаргаж, Төв банкны ерөнхийлөгчийн зүгээс 2018 оны тавдугаар сард банкуудад хандан арванхоёрдугаар сарын 31-нд багтааж өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийг үүрэгдсэн. Үүргийг нь “Капитал”-аас бусад нь биелүүлсэн ч хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгаж, нягтлах асуудал багагүй хугацаанд үргэлжилсэн. Гэтэл өшөө олон асуудал ч ундарч эхлэх нь тодорхой боллоо.
Сануулахад, банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн мөнгөний эх үүсвэрийг хянан магадлах шалгалтын ажил зургаадугаар сараас эхэлсэн. Наймдугаар сарын 16-ны өдөр урьдчилсан байдлаар шалгалтын дүн гарна гэж байсан ч шалгалтын цар хүрээ, үзэж харах баримт материалын хэмжээнээс шалтгаалан тайлан гаргах хугацаа нь бага зэрэг хойшлогдох төлөвтэй болсон гэж Төв банкнаас тухайн үед тайлбарлаж байсан. Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сүүлийн байдлаар буюу энэ сарын 3-ны өдөр ОУВС-гийн хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “ОУВС-гийн зүгээс банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь холбогдох хууль, журамд нийцтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор магадлан баталгаажуулах аудитыг олон улсын хөндлөнгийн компаниар хийлгэх шаардлага тавьсан. ОУВС-гаас энэ аудитыг хийлгэж, үр дүнд суурилан банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаа бүрэн нөхөх хүртэл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээг хийхгүй гэдгээ мэдэгдсэн. АНУ-ын Duff & Phelps компаниар хийлгэсэн магадлан баталгаажуулах аудитын үр дүн энэ оны есдүгээр сард гарсан. Үр дүнгээр банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг хасаж, тооцохоор болж, банкуудын баланс дээр холбогдох тохируулгыг аравдугаар сард хийсэн.
Өөрийн хөрөнгийн дутагдлаа бүрэн нөхөөгүй банкуудад энэ оны эцэс хүртэл нэмэгдүүлэх үүрэг өгч, хуульд заасан хяналт шалгалтын арга хэмжээг авч эхэлсэн. Одоо цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг ОУВС-тай хамтран гаргаж байна. Эцэслэсэн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлснээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эргэн хэвийн төлөвт шилжиж, зургаа дахь шатны үнэлгээ хийгдэж, хөтөлбөр амжилттай дуусгавар болно гэж найдаж байна” гэжээ.
Тэгэхээр 2018 оны тавдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх долоон сарын хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг Төв банкнаас авсан арилжааны банкуудад асуудал байгаа нь тодорхой боллоо. Чухам хэд хэчнээн төгрөгийн эх үүсвэрийг эрсдэлтэй гэж үзсэн нь тодорхойгүй ч банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үйл ажиллагаа энэ оныг буюу энэ сарыг дуустал үргэлжлэх нь. Тэгээд нөхлөө гэхэд асуудалгүй эх үүсвэр байх эсэх нь мөн л эргэлзээтэй. Тэгсээр байтал ОУВС-гийн хөтөлбөр дуусах тавдугаар сар хаяанд тулчихгүй гэхийн баталгаа алга байна.
Эхэнд хэлсэнчлэн ОУВС-г царайчлах нэр, нүүртэйгээ байхыг Монгол Улс хичээх ёстой байдаг. 1991 оноос хойш зургаан удаа тэднийг царайчилж буй гэдгээ мартах ёсгүй л дээ. Энэ удаа тэдний даалгаврыг муу хийгээд, хөтөлбөрийг хаачихвал дахиад гуйхад хэцүү л хэрэг болно.
Сэтгэгдэл ( 0 )