Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 насны хүүхдүүдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж байгааг 2016-2017 онд судалсан байдаг. Судалгаагаар “6-11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай. Эрүүл бус хүнсний хэрэглээ хэт элбэг. 10 хүүхэд тутмын найм нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг” гэдгийг тогтоожээ.
Энэ хүрээнд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлж хүүхдүүдийн хоол, хүнснээс авах шим тэжээл, ашиг тусыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.
Манай улсад нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг байна. Сургуулийн орчин гэдэгт сургуулийн эзэмшил газар, эргэн тойронд дахь 150 метр хүртэлх газрыг хамруулж ойлгох зохицуулалттай аж. Тэгвэл Монгол Улсад анх удаагаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар сургуулийн орчинд түргэн хоол, чанаргүй бүтээгдэхүүн худалдаалахыг албан ёсоор хориглоод байна.
Энэ хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Хууль хэрэгжихээс өмнөх бодит нөхцөл байдалтай холбогдох мэргэжилтнүүдийн хамт танилцлаа.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд “Сургуулийн цайны газар, сургуулийн ойр орчим дахь хүнсний мухлаг, дэлгүүрүүдэд шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалдаг” гэсэн гомдол эцэг, эхчүүдээс түгээмэл ирдэг байна. Эдгээр бүх гомдлын дагуу төлөөлөл болгон Сүхбаатар дүүрэгт байрлах “Элит” сургуулийн ойр орчмын ТҮЦ-нд санамсаргүй байхад нь үзлэг хийсэн юм. Тус сургуулийн ойр орчимд жижиг цайны газар болон хэд хэдэн хүнсний мухлаг, дэлгүүр харагдана. Сургуультай хамгийн ойр байрлах ТҮЦ-рүү ороход хийжүүлсэн ундаа төрөл бүрээрээ өрөөстэй. Өндөг, чипс, чихэр, шоколад, мөхөөлдөс гээд есхөн сарын дараагаас зарим дэлгүүрийн лангуунаас арчигдах бүтээгдэхүүн бүгд л зарагдаж байлаа. Одоохондоо хууль хэрэгжээгүй байгаа учраас сургуулийн орчинд эдгээр бүтээгдэхүүнийг борлуулахад хариуцлага тооцохгүй гэдгийг МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Хонгорзул хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиас 150 орчим метрт маш олон ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны тушаалаар ЕБС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Энэхүү түргэн үйлчилгээний цэгт хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон гэх мэт тушаалын хүрээнд хориглосон бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Гэвч яг эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж болохгүй гэсэн зохицуулалт одоогоор байхгүй. 2020 оны есдүгээр сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхээр сургуулиас 150 метрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны цэгүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй болно” гэлээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Монгол Улсын сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг 2013 онд гаргасан байдаг. Хориглосон бүтээгдэхүүнд хийжүүлсэн ундаа, чипс, чихэр, мөхөөлдөс, шоколад, кофе, түргэн хоол зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн багтсан юм. Түүнчлэн бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулах хадгалах тухайд ч зарим заалт орсон байдаг. Жишээлбэл, дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд гурван цагаас илүү хугацаанд хадгалсан болон хоносон бүтээгдэхүүн, хувь хүнээс шууд худалдан авсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон. Эдгээр тушаал шийдвэр хуулийн дагуу 2020 онд хэрэгжинэ. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас 958 худалдааны газрын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Тэдгээрийн 195 нь ТҮЦ байсны 145 нь нийслэлд хамрагддаг гэнэ. Энэ талаар МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Я.Батцагаан “Дээрх шалгалтаар хоёр худалдааны газар тутмын нэг нь архи, согтууруулах ундаа худалдаалсан. Хоёр бүтээгдэхүүн тутмын нэгт чихэр, давсны агууламж их байгааг илрүүлсэн. Мөн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох газруудад үүрэг өгч байгаа. Ерөнхийдөө ТҮЦ-нд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, худалдааг зохицуулах зөвлөлөөс зөвшөөрөл өгч байна. Тиймээс зарим ТҮЦ-нд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлтэй гээд төвөгшөөдөг. ТҮЦ-нд түргэн хоол худалдаалах ёсгүй. Хамгийн гол нь нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулах журам гэж байхгүй. Мөн ТҮЦ ажиллуулах ямар нэг журам байхгүй. Тиймээс сургуулийн ойр орчимд үйлчилгээ явуулж байгаа худалдааны байгууллагууд эрх зүйн зохицуулалтгүй. Дураараа үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг” хэмээсэн юм.
Үүний дараа Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын XV сургуулийг зорьлоо. Сургуулийн цайны газраас I-V ангийн сурагчдад үдийн цайгаар үйлчлэхийн зэрэгцээ боломжийн үнээр үйлчилгээ үзүүлдэг байна. Цайны газрын хоолны технологич болон сургуулийн эмчийн боловсруулсан хоолны цэсээр бага ангийн сурагчдад үйлчилж байгаагаа хэллээ. Гэсэн хэдий ч Үдийн цайнд хамрагддаггүй сурагчдын хувьд хямдаар нь мантуун бууз, пирошки л авч идэж байна. Ганц сайшаах зүйл нь энэ сургуулийн эргэн тойронд түргэн хоолоор үйлчилдэг жижиг цэгүүд байхгүй гэж хоёр сурагч хэлсэн юм. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Л.Мөнхсаруул “Үдийн цай бэлтгэж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулахад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хугацаандаа хамрагдаагүй нэг зөрчил илэрч, арга хэмжээ авч байсан. Бусад зөрчил харьцангуй гайгүй байгаа. Хан-Уул дүүрэгт үдийн цай бэлтгэдэг 27 аж ахуйн нэгж байдаг. 2020 онд Ерөнхий боловсролын сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжихээр эдгээр аж ахуйн нэгжийг сургуулийн харьяанд өгөх учраас сургуулиудад зөвлөгөө, зөвлөмж өгөхөд түлхүү анхаарч байна” гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 803 сургуульд 600 орчим мянган хүүхэд суралцдаг. Тэдний эрүүл байх эрхийг 2020 онд мөрдөгдөх Ерөнхий боловсролын сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар хангах юм. Тус хуульд сургууль бүр цайны газартаа хоол зүйчтэй байх ёстой гэсэн чухал заалт оржээ. 1940 он гарснаас хойш АНУ зэрэг улсад хэрэгжиж эхэлсэн сургуулийн хоолны тухай хууль удахгүй манай улсад хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтэд төрийн хяналтын байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, сургуулиудын аль алиных нь оролцоо, ухамсар нөлөөлөх нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 4 )
ХУДүүргийн 10- хороонд Буянт ухаа худалдааний төвийн зүүн талд байрлах Супер маркет гэх дэлгүүр сургуулийн ойролцоо байдаг Тус дэлгүүр хятад улсад үйлдвэрлсэн нарийн урт гялгар уутай чихрийг их хэмжээгээр байнга зарах юм Сургуулийн хүүхдүүд хямдхан болороор хүүхэд болгон л авч идэж харагдахын Дэлгүүрийн эзэнд зархаа болиочээ гэж шаардлага тавихад мэргэжлийн хяналтийн бичигтэй кампаний зөвшөөрлийн зарж бна гэхийн Гялгар уут чихэр 2-г зулгааж идсээр байхуу Ирээдүйдээ хүүхдүүдэд ямар өвчин тусах нь баталгаагүй л бна
mongold tsalin hed bilee odor hvvhdvvdee hoolnii mongo oorsdoo ajil dree hoolond orno tegeheer orhiin tosow hvrehgvi ym bn yanam be tsalingaa nemeechee neg bol bvh hvvhdiig vdiin hoolond hamruul
Choloot zah zeel n ulm humigdad l bh um.Uuj idh uma avh avhguige hund zaah bolooguide.Teneg tor uhaangui albt taarsn taar shudainud.
Төр засаг нь иргэн ААН үүдрүүгээ дайрахаа л байчихмаар байгаа юм.Тамхийг хориглоход дуугүй л байсан.Энэ удаа бол эцсээ хүртэл лалруудтай үзнээ.Ямар би ганцхан хүүхдүүдэд бараагаа зардаг биш.Эцэг эхчүүд хүүхдүүддээ хүнсний зөв хэрэглээний талаар суртал ухаалга сайн явуулж боловсролжуурах хэрэгтэй шдэ.Энэний ард хэдэн гэр бүл амь зогоож байгаа бол? Өнөөдөр захын түцээр ороод үзээрэ тамхи зардаггүй ганц ч Түц байдаггүйг бүгд мэднэ,нөгөө талдаа хүнсний дэлгүүрүүдийн орлогоос хасаж байгаа юм.