Монголчууд өвлийн идэшээ бэлтгэж эхэлж байгаа энэ үед “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн гурван цэгт эхэллээ. Бид энэ тухай сурвалжлахаар Баянзүрх дүүргийн “Скай” их дэлгүүр, Сүхбаатар дүүргийн “Саруул” худалдааны төв болон Хан-Уул дүүргийн “Сансар” худалдааны төвийг зорилоо. Өглөө эртлэн “Скай” их дэлгүүрийг зорьсон боловч худалдаа явагдаж эхлээгүй байлаа.
Үдийн 13.00 цаг өнгөрч байхад тус дэлгүүрийн гадна талбайд Сүхбаатар аймгийн сумдаас ирсэн гурван портерийн ойролцоо хүмүүс бужигнаж харагдана. Иргэд ихэвчлэн үхрийн махны үнэ асууж байна. Өвлийн цагт адуу, үхрийн махыг хэрэглэхэд тохиромжтой гэцгээнэ. Иргэн Б.Нямдаш килограммыг нь 6600 төгрөгөөр бодуулаад 50 кг үхрийн мах авлаа.
Тэрбээр “Тарган сайхан мах байна. Бүтэн үхэр авахаар 100 гаруй кг болж байна. Хэрэгцээндээ тохируулаад өрөөлдөөд авлаа. Худалдаж авч байгаа надад ч, худалдаалж байгаа нутгийн малчдад ч хэн хэндээ ингэж худалдах нь хэрэгтэй санагдлаа. Малчны хотоос шууд ирсэн мах шүү дээ” гэсэн юм. Тэгвэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас махны худалдаанд оролцож байгаа малчин А.Энхбаатар “Бүтэн үхэр авбал килограммыг нь 6000 төгрөгөөр бодоод сайн яриад өгнө” гэлээ. Гурван портерийн тэвшин дээр шинэхэн дэвсгэрт дэлгээстэй төрөл бүрийн махнуудыг хоёроос гурван залуу худалдаална. Гэсэн ч малчдын хүч мах авахаар ирсэн иргэдийн үнэ асуух, мах жинлүүлэх, машин руу зөөлцөх зэрэг үйлчилгээнд ер хүрэлцэхгүй байгаа бололтой. Тэндээс нэг хүн үнэ асууна. Эндээс ч нэг хүн махаа зарахыг шаардана. Энэ мэт байдлаар манай сурвалжлах баг “Скай” их дэлгүүрийн ойролцоо 30 орчим минут гадаа зогслоо. Худалдааг зорин ирэх цуваа тасарсангүй. Энд өдөрт зарахаар найман үхэр, 20 ямааны гулуузтай ирсэн малчин хүртэл байна. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Уулбаян сум, Мөнххаан сумын малчид “Скай”-ийн гадаах махны худалдааг эхлүүлсэн бол тус цэг дээр энэ сарын 20 хүртэл Сүхбаатар аймгийн бусад сумаас болон Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид худалдаагаа дэлгэх юм байна. Худалдааны үеэрх махны үнийг уншигчиддаа сонирхуулахад, Үхрийн мах 6600-6800, адууны мах 5800, хонины мах 6000, ямааны мах 4500 төгрөгийн үнээр зарагдаж байна.
Сүхбаатар нутгийн махны хувьд малын идэж буй өвс шим тэжээл сайтай учраас бусад нутгаас онцлог амт бий гэдгийг малчид хэлцгээнэ. Мэдээж Монгол орны баруун, зүүн, хойд, өмнөд аймгуудын малын мах нутаг нутгийн онцлогоос хамаараад өөрийн гэсэн онцлогтой. Өөрийн гэсэн амт чанартай. Нийслэлийн гурван цэг дээр болж байгаа махны худалдаанд нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хяналт тавьж оролцож байгаа аж. Дээрх худалдаанд гэхэд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс хоёр цагдаа 24 цагийн турш хяналтын үүрэгтэйгээр ажиллах гэнэ.
Үхрийн мах 6600-7000, адууны мах 5800, хонины мах 5500-6000, ямааны мах 4500 төгрөгийн үнэтэй байна
Үүний дараа бид мах худалдаалж буй дараагийн цэг болох Сүхбаатар дүүргийн Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төвийн хойд талын талбайд ирлээ. Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн махны худалдаа болж байгааг самбарт бичжээ. Гэсэн ч ганцхан машинд мах худалдаалж байлаа. Завхан аймгийн Цагаанчулуут сумаас малчид иржээ. Тэд сумынхаа Мал эмнэлэг хөгжлийн газраас мэдээлсэн үүрэг, чиглэлийн дагуу 1000 гаруй километрийн цаана орших Улаанбаатар хотыг зорсон нь энэ. Энэ сарын 4-нд том оврын бүхээгтэй ачааны машинаар 20 үхрийн мах, гурван адууны мах, хонины 200 гулууз худалдахаар ирсэн юм байна. Ирсэн даруйдаа ачаагаа буулгаж байхад нь гурван адууны махыг нь үнэ тохироод хүмүүс авчээ. Тиймээс одоо хонь, үхрийн мах л зарж байна. Завхан аймгаас ирсэн малчдын хувьд хонины махыг 5500 төгрөг, үхрийн махыг дунджаар 7000 төгрөгөөр зарж байлаа. Тэднээс мах худалдаж авч байгаа 40 орчим насны эмэгтэйгээс махны үнийн талаар тодруулахад “Би фэйсбүүкээс махны худалдаа болох тухай мэдээлэл аваад ирлээ. 22 кг хонины гулуузыг 120 мянган төгрөгөөр авлаа. Тэгэхээр хонины мах нэг кг нь 5500 төгрөг болж байна. Орон нутгийн малчдаас газар дээрээс нь, малчны хотноос ирсэн чанар сайтай махыг шууд авч байгаадаа баяртай байна. Цаашдаа ч гэсэн энэ жишгийг хэрэгжүүлвэл зүгээр юм” гэлээ. “Скай” их дэлгүүрийн гаднах талбайд болж байгаа худалдаанд зөвхөн мах зарж байсан бол “Саруул” худалдааны төвд үхрийн цувдай зарж байжээ. Бүтнээр нь 20 мянган төгрөгөөр зарж байсан сүүлийн цувдайг иргэн Э.Баярмаа авсан юм. Ийнхүү малчид малчны хотноос авчирсан махаа зараад дуусвал энэ сарын 20-ноос ч өмнө нутаг буцаж болно. Мөн шинэ жил өнгөрөөд цагаан сарын баярыг урьтаад мах үнэд ордог жишиг Улаанбаатарт тогтоод удаж байгаа. Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн Цагаанчулуут сумын малчин Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Бид худалдаанд оролцохоор өглөө 09.00 цагаас ирлээ. Махаа нөөцлөөд үнэд орохоор нь зарж болно. Гэхдээ нэгдүгээрт, сум орон нутгаас өгсөн үүрэг хариуцлага, хоёрдугаарт, хамаатан садныхаа малаас төхөөрөөд авчирсан үүрэг хариуцлагаа бодож байна. Манай нутгийн онцлогоос хамаарч мах нь өвчлөлгүй эрүүл малтай” гэлээ. Мах худалдаж авч байгаа хүмүүс дунд махны үнээс гадна чанарыг нь сонирхож яваа хүн олон.
Гурван цэгт худалдаалж байгаа малын мах гарал үүсэл, эрүүл ахуйн гэрчилгээтэй
Мал эмнэлгийн улсын байцаагч Л.Энхцэцэг “Скай их дэлгүүрийн гаднах талбайд махны худалдаанд оролцож байгаа малчдын мах гарал үүслийн гэрчилгээтэй. Эрүүл. Сум дундын мал эмнэлгийн эмч гэрчилгээг бичиж, сум, дүүргийн мал эмнэлгийн байцаагч баталгаажуулж олгодог. “Тэр айлын хотоос тийм дугаартай портер машин мах ачаад гарлаа” гэсэн мэдээлэл цахимаар байцаагчид ирдэг болсон. Удахгүй эрүүл ахуйн шаардлагын хүрээнд малчдыг бүрэн хувцасжуулна. Үнийн хувьд үхрийн махыг 7500, хонины махыг 6000 төгрөгөөс илүү гаргахгүй гэсэн ерөнхий чиглэл барьж байгааг бидэнд хэлсэн. Гэхдээ яг худалдаанд оролцохоор хэдэн малчин ирэх гэх мэт нарийн тоог бидэнд хэлээгүй байна” гэсэн юм.
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох гурван дүүрэгтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Зохион байгуулалтын тухайд холбогдох мэргэжилтнээс тодруулахад Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гээд 11 аймгийн малчид тодорхой хуваарийн дагуу эдгээр гурван цэгт иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэнэ. Малчдаас талбайн түрээс авахгүй. Мөн Улаанбаатар хотын постуудаар орж ирэхэд ямар нэг саад учруулахгүй байхаар зохицуулалтыг хийжээ. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх “Яармагийн “Сансар” худалдааны төвийн гадна талбай дахь махны өргөтгөсөн худалдааны нээлтэд оролцоод ирлээ. Иргэдийн хувьд орон нутгийг зорихгүй ойрхоноос идэшээ бэлтгэх нь хямд төсөр байгааг хэлж байна. Яамнаас өвөлжилтийн бэлтгэл хангахаар орон нутаг руу явах үеэсээ эхлэн махны худалдааны талаар мэдээллийг тараасан. Улмаар арваннэгдүгээр сард худалдааг зохиохоор төлөвлөсөн боловч цаг агаар дулаан байсны улмаас түр хойшлуулсан. Цас орсны дараа уламжлалт аргаар мал төхөөрөхөд тохиромжтой байдаг учраас цаг агаарын байдлаа харж байгаад ойрын өдрүүдэд зохион байгуулж байна” гэсэн юм.
Махны өргөтгөсөн худалдаа болж байгаа сүүлийн цэг бол Хан-Уул дүүргийн Яармагийн I дүгээр буудлын хажууд байрлах “Сансар” худалдааны төв юм. Тус төвийн гадна талбайд Дундговь, Өмнөговь, Төв аймгийн малчид махны худалдаа эрхлэх хуваарьтай байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр “Үхэр, хонь, адууны мах гол төлөв зарагдаж байна. Тухайлбал, үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм. Дээрх гурван цэгт худалдаалж байгаа малын мах бүгд гарал үүсэл болон эрүүл ахуйн гэрчилгээтэй “Эрүүл” гэдгийг мал эмнэлгийн улсын байцаагчид хэлж байна. Ер нь мах авахаар ирсэн хүмүүсийг ажиглаж байхад өөрийн төрж өссөн нутгаасаа ирсэн мах авахаар асууж сураглаж явах аж.
Сэтгэгдэл ( 7 )
DNJIIN `000D HYAMD BNOO\n
Скай дэлгүүрийн гадна худалдааг очиж сонирхлоо. Мах ченжийн хэд хэдэн нугалаа үнээс өндөр үнэтэй байна. Тэгэхээр малын үнийг ченжүүд өсгөдөг гэдэг худлаа байна.
Мах авахдаа нутгархаж байна гэжуу? Угуйдээ, угуй. Ердее нутгархаагуй! Хун чинь еерийн терж ессен нутаг уснаасаа авч ирсэн малын махаар дамжуулан еерийн терж ессен нутаг идэж ессен махны амт шимийг угуйлсэндээ л еерийн нутаг усныхнаа асууж сураглаж байгаа юм! Энийг нутгархлаа гэж нугалж, эв эеийг эвдрэлцуулээд хэрэггуй! Хэн ч еерийн унасан газар угаасан уса а санадаг , тийм ч эрхтэй!!!
Өөрийн төрж өссөн нутгийнхаа малын махыг худалдаж авч идэх нь яахаарха нутагхархсан болдог байна аа. Хүн чинь төрсөн газрынхаа уул ус газар шороотой хүйн холбллтой шдээ. Өөөлөх юмаа олж ядах юмдаа
Bieiin ed es chin nutgiin us urgamaltai hamaatai bdg.. Hool undan deer nutgarhah n zuw.. Unsan gazar undaalsan us gej engiin holboo ug bish shuu
үнэтэй бгаан бна энэ арга хэмжээ чинь бууж бсн махны үнийг өсгөчиж бгаан бишүү?\n
ene yostoi zuv ajil