"Агьфарма", "Медмонгол" компани хууль бусаар тендерт ялсан уу!

2019 оны 12 сарын 10

-2010 оноос дэлхийн зах зээлээс татаж эхэлсэн ASR XL гэх түнхний үе солих системийг манай улсад хэрэглэж байж болзошгүй-

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 25-ны хооронд “Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай имплант, протез, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс захиалсан байна. Дөрвөн багц тендерт “Агьфарма, “Медмонгол” компани шалгарсан нь хууль бус байсан хэмээн “Ази фарма” компаниас мэдээллээ.

Өндөр өртөгт эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээнд үе солих нарийн ажилбарууд багтдаг байна. Олон нийтэд дэлгэн мэдээлсэн уг тендерт гэхэд л улсын төсвийн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зарцуулалтын асуудал яригдаж байгаа юм. Цаашлаад 10 гаруй тэрбумаар үнэлэгдэх өндөр өртөгт тендерүүд ч байдаг байна. Хэрвээ тендер будлиантай гэдэг нь үнэн болбол зөвхөн ганц, хоёр компанийн эрх ашгийн асуудлаас хэтийдсэн цаана нь монгол хүний эрүүл орших эсэх асуудал ч ганхаж мэдэх аюултай. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын зарим эмнэлгийн албан тушаалтнууд хувийн эрх ашгаа эхэнд тавьж, тендерийн үнэлгээнд нөлөөлж, үнэлгээний хороонд байлцах ёстой зарим албан тушаалтныг хасах гэх мэт зөрчлийг үүсгэж байгаа аж. Тодруулбал, хамгийн доод үнийг санал болгосон, бичиг баримтын зөрчилгүй компанийг хууль бусаар тендерээс хасах болон тендерт шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэн тэргүүнд тавихгүй байх явдал тулгамдах болжээ.

Жишээлбэл, Дэпүй буюу DePuy корпорацийн “Johnson & Johnson”-ийн ASR XL гэх металл түнхний үе солих системийг 2010 оны наймдугаар сараас дэлхийн зах зээлээс татаж эхэлсэн гэдэг. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг Монгол Улсад ашиглаж байгаа гэдгийг ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөл хэлж байна. Тус бүтээгдэхүүнийг суулгуулсан найман өвчтөн тутмын нэгд нь амжилтгүй тохиолдол илэрч, АНУ, Энэтхэг улсын иргэдээс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг шүүхэд мэдүүлжээ. Учир нь тус доголдолтой бүтээгдэхүүний хор хөнөөл их. “Зарим тохиолдолд үхэлд ч хүргэж мэднэ. Улмаар цусанд металлын ионы хэмжээ нэмэгдэх, ясны сийрэгжилт, хаван, мэдрэл болон эдийн, булчингийн гэмтэл үүсэх аюултай. Мөн эрт гэмтэл үүсч алхаж явахад төвөгтэй болох, үеийг зүсэх, ясыг гэмтээх, халдварлах, суулгацын суулт өөрчлөгдөх зэрэг сөрөг нөлөөллийг үүсгэж байгаа” гэдгийг “Wikipedia”, “NewYork times” сонинд онцолжээ.

Дэлхий дээр 93 мянган хүн ASR түнхний хиймэл үе суулгуулсан байдаг бол манай улсын I төв эмнэлэгт хиймэл үе суулгах хагалгааг багаар тооцоход жилд 300 хүнд хийдэг байна. Үүнээс дүгнэхэд, хиймэл үений суулгацын чанарын асуудалд нарийн хяналт тавих цаг нэгэнт иржээ.

Дэпүй корпорацийн “Johnson & Johnson”-ийн үений суулгацын бүтээгдэхүүнээс гадна “Zimmer” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлээс татагдаж байгаа аж.

Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа компаниудтай “Ази фарма” компани тендерийн маргаан өрнүүлээд байгаа гэнэ.

Энэ талаар “Ази фарма” компанийн хуулийн зөвлөх С.Наранцэцэг “Тендерт ялсан “Агьфарма” компанийн үүсгэн байгуулагч нь тухайн үедээ ГССҮТ-ийн захирал хийж байсан Т.Мөнхсайхан гэдгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харж болно. Мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэг нь Т.Мөнхсайхан захирлын овогтой адилхан Т.Сайнжаргал гэж байна. Өндөр үнэтэй тендерт чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн компани ялаад байж болохгүй. Чанаргүй гэдэг нь АНУ-ын сайтууд дээр явж байгаа Хүнс эмийн холбооны хяналтын газраас тааруу үнэлгээ авсан бүтээгдэхүүнүүд юм. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Агьфарма”, “Медмонгол” компанийн тендерийн материал, захиалагчтай байгуулсан гэрээ, гэрээ байгуулах мэдэгдэл, цахим материалыг гаргуулах хүсэлт гаргасан. Иймд “Медмонгол” компанийн тендерийн материалыг шүүгч танилцуулсан боловч “Агьфарма” компанийн тендерийн баримтыг бичгийн хэлбэрээр гаргуулахаас татгалзсаар өдийг хүрлээ. Мөн шүүх хуралдааныг хойшлуулах, ажлын бус цагаар явуулах зэрэг байдлаар асуудалд хандаж байсан” гэдгийг онцолж хэллээ.

Тиймээс бид “Агьфарма” компанийн үүсгэн байгуулагч гэгдээд байгаа Т.Мөнхсайханаас мэдээлэл авахаар очсон боловч уулзаж чадсангүй. Харин “Ази фарма” компанийн дэд захирал Ц.Тунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компанийн оролцсон тендерт ямар зөрчлүүд үүссэн юм бэ?

-Энэ оны гуравдугаар сарын 6-нд уг тендерт манай компани шалгараагүй гэсэн мэдэгдлийг захиалагч тал болох ГССҮТ-өөс өгсөн. Тендер шалгаруулалтыг хэд хэдэн үндэслэлээр буруу явагдсан гэж үзэж байна. Холбогдох хуульд заасны дагуу ЭМД-ын байгууллагын төлөөллийг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд оруулах тухай санал аваагүй. Үнэлгээний хорооны гишүүнээр томилсон гэх ЭМДЕГ-ын албан тушаалтныг Үнэлгээний хорооны хуралд оролцох, мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлээгүй. ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаараас хэтэрсэн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл санал болгосон оролцогчийг тендерт шалгаруулсан. Үүнийг холбогдох хуульд заасан ажлын хэсгээр хянуулах боломж олгоогүй. Чанарын доголдол гарч, олон улсын зах зээлээс татагдсан бүтээгдэхүүний чанарын үнэлгээг бодитоор хийгээгүй байгаа юм.

 -Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх үйл ажиллагааны явц ямар байгаа вэ?

 -Шүүх дээр хэлэлцэгдэж байгаа. Мөн тендер шалгаруулалтыг хянуулах гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яам ч уг гомдлыг үндэслэлтэй байна гэж хуульд заасны дагуу захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхийг даалгасан. Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг худалдаж авах нь даатгуулагчийн болон ЭМД-ын сангийн хувьд чухал асуудал. ГССҮТ-ийн захиалсан дээрх тендер, удирдлагуудтай холбогдуулан АТГ-т дөрөвдүгээр сарын 19-нд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулах тухай албан тоот өгсөн. Гэтэл бидний тавьсан гомдолд хэрэг бүртгэл нээхээс татгалзсан гэдгээ өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн.

-Тендерт шалгарсан компани чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гэлээ. Танай компанийн бүтээгдэхүүн хаанаас орж ирсэн юм бэ?

-“Ази фарма” компани ХБНГУ-ын Владемир Линк компаниас протез буюу хиймэл үенүүд, дагалдах багаж хэрэгслийг оруулж ирдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(112.96.134.241) 2019 оны 12 сарын 10

hehe odoo ch yalagdsan company ni iim medee tolbortei gargadgiif medeh seheetei l de humuus

0  |  0
unen(66.181.171.26) 2019 оны 12 сарын 10

ene 2 companiig sain shalgaarai suuliin 2 jil tenderees 6 terbum tugrug avsan emch nart hahuuli ugdug uur olon asuudal bgaa

0  |  0
Top