Дэлхийн хамгийн том цахим нэвтэрхий толь болох Wikipedia асар том зорилго тээдэг. Тэр нь хүн төрөлхтний бүх мэдлэгийг цуглуулж, цахим сүлжээгээр үнэгүй түгээх том амбиц. Зорилгодоо хүрэх стратеги нь чухам юу вэ гэвэл өдөр тутам цахим сүлжээ хэрэглэгчдийг цалингүй редактор болгох явдал юм.
Энэ санаа гайхалтай амжилтыг олж байгаа. Анх 2001 онд нээгдэж байсан Wikipedia сайт ойролцоогоор 50 сая хуудас бүхий дэлхийн хамгийн том цахим контент болж хөгжжээ. Зөвхөн англи хэл дээрх контентийн тоо нь нэг тэрбум. Франц, Испани, Фаро, Суринамын сранантонго зэрэг 300 орчим хэлээр бэлтгэгдсэн материалуудыг үнэгүй ашиглаж болно.
Гэхдээ энэ стратегид нэгэн алдаа бий гэдгийг тус сайтыг ажиллуулдаг “Wikimedia Foundation” ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Кэтрин Маэр хүлээн зөвшөөрдөг. Тэр нь эмэгтэйчүүдийн оролцоо туйлын бага байгаа явдал.
“Wikimedia” сангийн нууцлалын бодлогын дагуу хэрэглэгчдийн энэ мэдээллийг авч болдоггүй ч 350 гишүүнтэй Маэрийн багийн өгсөн мэдээллээс үзвэл цахим нэвтэрхий тольд хувь нэмэр оруулж буй хэрэглэгчдийн дөнгөж 15-20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
Цахим хуудасны контент ч мөн үүнийг гэрчилнэ. Эрэгтэйчүүдийн талаарх мэдээлэл эмэгтэйчүүдийг бодвол дөрөв дахин их байдаг байна. Тиймээс Wikipedia дахь хүйсийн хэт тэнцвэргүй байдлыг засаж, залруулах нь Маэрийн багийн тэргүүн зорилт болжээ. “Бидний алсын хараа хүн төрөлхтний мэдлэгийг түгээсэн дэлхийг бүтээхэд чиглэж байгаа тул хүн бүрийн мэдлэг үүнд багтах ёстой. Өөрөөр хэлбэл, нэвтэрхий толь хүн бүрийн төлөөлөл байх учиртай” гэж Маэр ярьж байна.
Үүний тулд үндсэн гурван арга хэмжээг тодорхойлсон хэмээн 36 настай Маэр тодруулжээ. Үүнд чухал ач холбогдол бүхий байгууллагад мөнгөн тусламж, тэтгэлэг олгох, дэвшилттэй бодлогын төлөө лобби хийх зэрэг орно.
Маэрийн хэлснээр, жил бүр “Wikimedia” сан найман сая гаруй ам.долларын мөнгөн тусламжийг янз бүрийн буяны ажиллагаанд зориулж олгодог бөгөөд зөвхөн энэ оны сүүлийн улиралд л гэхэд 148 байгууллагад тэтгэлэг олгосон байна. Маэрийг 2016 онд тус сангийн гүйцэтгэх захирлын ажлыг авснаас хойших хугацаанд мөнгөн тэтгэлгийн ихэнх хэсгийг эмэгтэйчүүд болон хүйс нь тодорхойгүй буюу хоёрдмол хүйстэй хүмүүстэй холбоотой байгууллагуудад зориулжээ.
Хамгийн сүүлд гэхэд Нью Йорк хотын Орчин үеийн урлагийн музейн дэргэдэх “Art+Feminism” номын санч, оюутан, зураач зэрэг уран бүтээлчдийн дэлхийн сүлжээ тус сангийн мөнгөн тэтгэлгийг хүртжээ. Жил бүрийн дөрөв болон тавдугаар сард “Art+Feminism” буяны байгууллага Wikipedia хуудсыг эмэгтэй зураачдын тухай контентоор баяжуулахад чиглэсэн семинарыг дэлхий даяар зохион байгуулдаг аж.
Энэ жил эл вики марафон буюу төрөл бүрийн цахим нийгэмлэгүүдийн редакторууд хамтран тухайн контентийг хянан тохиолдуулж, баяжуулах арга хэмжээ, сургалтын хүрээнд 25 мянга гаруй шинэ контент оруулах, контентийг баяжуулах ажил хийжээ. Энэ хүрээнд Нигерийн трансжендер зохиолч Аквэкэ Эмези, Канадын уран барималч эмэгтэй Люэнн Мартинье, 1960-аад оны үеэр АНУ-д өрнөсөн “Witch /шулам/” эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний тухай мэдээллийг оруулсан байна.
Нийгэмд гадуурхагдсан хүмүүсийн дуу хоолойг хүргэх зорилго бүхий “Whose Knowledge” дэлхийн санаачилга ”Wikimedia” сангийн тэтгэлгийг мөн авсан гэнэ. Энэ санаачилга Wikipedia сайтад хар, бор арьстай болон нутгийн уугуул омгийн эмэгтэйчүүдийн тухай мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Visible Wiki Women кампанит арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Нийгмийн бодлогын хувьд бодлого тодорхойлох түвшинд эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байна гэж Маэр онцолжээ. Боловсролын байгууллага эсвэл засгийн газар тоон бодлого боловсруулахдаа хүйсийн тэгш эрхийн оролцоог хангах тал дээр үнэхээр боддог болов уу. Энэ тал дээр Маэрийн багаас илүү “Wikimedia” сангийн түншүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн тэрбээр ярьжээ. Жишээ нь Аргентин улсад тус сангийн гишүүд эмэгтэйчүүд, бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр хөдөлгөх хүч болж, онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Гэвч “Wikimedia” сангийн хүрээнд хүйсийн тэгш оролцоог хангах тал дээр ямар дэвшил гарсан бэ? Дэлхий дээрх хамгийн их хандалттай арван сайтын нэг болох Wikipedia цахим хуудсыг эрхэлдгийн хувьд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй талаар Маэр өгүүлжээ. Хамгийн гол нь цахим нэвтэрхий толийн хэрэглэгчидтэй харилцах хэл, бүтцийг эмэгтэйчүүдэд илүү сонирхолтой байдлаар өөрчлөн, шинэчлэх явдал юм гэж тэрбээр үзэж байна.
Хэдийгээр цахим хуудсыг хэрхэн өөрчлөх талаар тэрбээр тодорхой зүйл хэлээгүй ч сайтын контентийг хянан тохиолдуулах нь эмэгтэйчүүдэд илүү хандсан нийгмийн шинж чанартай үйл хэрэг бөгөөд хувь хүний, гол төлөв эрчүүдийн хувь нэмэр үүнд зайлшгүй гэж тэрбээр тодруулжээ. Ингэхдээ “Wikimedia” сангаас ивээн тэтгэдэг вики марафон арга хэмжээнд оролцогч эмэгтэйчүүдэд дэмжлэг, урам зориг өгөх нь онцгой ач холбогдолтой гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Энэхүү оролцоог цаашид ч хангахын тулд хамтын ажиллагаа чухал. Тактикийн хувьд программ хангамжийн тал дээр илүү хялбар хувилбарыг бодож, боловсруулж байгаа аж.
Маэрийн эмэгтэй хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй стратеги шинэ тутам. “Wikipedia” сайтын хэрэглэж буй хэл эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдийг татаж байна уу? Хэдийгээр тэрбээр хариултыг нь мэдэхгүй байгаа ч “Wikimedia” үүнийг олж тогтоох болно гэж тэрбээр амлаж байна.
Үнэгүй мэдлэгийн үнэ цэнийн талаар ярихдаа ямар хэлийг хэрэглэж буй тухай бид үнэхээр бодож үзэх ёстой. Учир нь үнэгүй мэдлэг хүн бүрд үнэ цэнэтэй тул бүх хүний ойлгож, хүлээн авах тэр хэлээр ярих ёстой.
Интернэт дэх хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад мэдээж хэрэг нэг цахим хуудас хүчин мөхөстөнө. “Wikipedia” сайт дахь хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаснаар илүү боловсронгуй, илүү өргөн хүрээтэй нэвтэрхий толь болох нь дамжиггүй. Харин үүнд Маэр эргэлздэггүй. Илүү олон эмэгтэйчүүдийн мэдээлэл орох учир төдийгүй хүйсийн асуудал эмэгтэйчүүдийн эрх ашгийн хамгийн гол шүүгч тул.
“Wikipedia” хэр олон эмэгтэй редактор, хэрэглэгчидтэй болно төдий чинээ эмэгтэй эрдэмтэд, зохиолчдын тухай мэдээлэл нэмэгдэж, тоон ертөнц дэх хүйсийн тэнцвэрт байдал хангагдана.
Сэтгэгдэл ( 0 )