УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.12.16/ Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.
Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, 10 үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлжээ. Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч арваннэгдүгээр сард анхны төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулсан. Цахимаар бүртгэл явуулж, нийт 8894 хүн бүртгүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтад 1588 хүн, хоёр дахь шатны шалгаруулалтад 1443 хүн тэнцсэн. Үүнээс эцсийн шатны шалгаруулалтаар 1116 хүн тэнцэж төрийн албаны нөөцөд багтсан байна. Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж төрийн албаны чадахуйн зарчмыг баримталж байгаагийн зэрэгцээ ёс зүйн ур чадварыг чухалчилж үзснээ Төрийн албаны зөвлөлөөс танилцуулж байлаа. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Дээрх байгууллагуудад нийтлэгээр төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албан тушаалд гэрээгээр ажиллуулах, Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарыг хэтрүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэх, сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль журмыг зөрчиж ногдуулах, төрийн албан хаагчдад хуульд заагаагүй нэмэгдэл олгох зэрэг зөрчил илэрчээ.
Мөн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа аж. Төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгааг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун танилцуулгадаа онцолсон юм. Тухайлбал, зөвхөн 2018 онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ. Иймд цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хуульчлах, зарим хуульд байгаа зөрчлүүдийг арилгах, төрийн албаны холбоотой маргааны хугацааг наашлуулах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн хэлж байсан юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов. Тэрбээр үгийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгааг онцоллоо. Мөн төрийн албанд танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг ажиллуулж, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг чиглэл болгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 оноос хойш Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг сүүлийн гурван жилийн турш Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулсан байна. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )