Нийслэлд нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлууд дунд автомашины зогсоол тэргүүн эгнээнд бичигдэнэ. Нэг сая хол давсан оршин суугчтай, 540 мянга давсан автомашинтай хотын автомашины тоо жил бүр 16 орчим хувиар нэмэгдэж байгаа гэх судалгаа бий. Гурван хүн тутамд нэг автомашин ноогдож байгаа энэ цагт зогсоол олно хүнд асуудал болоод байна. Зогсоол олдохгүйн улмаас иргэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй авто зогсоолуудад мөнгө төлж, автомашинаа байрлуулах нь элбэг. Зарим албан байгууллагууд ажилчдынхаа машиныг зогсоолдоо үнэгүй байршуулдаг тохиолдол бий. Спортын төв ордонд бэлтгэл хийдэг тамирчид болон тэндхийн ажилчид Спортын ордны гадаах зогсоолын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж, өдөрт 10 мянга орчим төгрөг төлөх болж байгаа талаар асуудал болгон тавьжээ. Үүнтэй холбоотойгоор автомашины зогсоолын хүрэлцээ, үнийн талаар сурвалжилга бэлтгэлээ.
Бид хамгийн анх энэ талаар олон нийтийн сүлжээнд гомдол илэрхийлсэн хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгтэй уулзлаа.
-Спортын ордны гадаах автомашины зогсоолтой холбоотой гомдол илэрхийлсэн байсан. Зогсоолын төлбөр хэзээнээс нэмэгдсэн юм бэ?
-Бид өдөр бүр Спортын төв ордон ирж бэлтгэл хийдэг тамирчид учир 1000 төгрөгөөр машинаа зогсоолд байршуулдаг байсан. Харин одоо цаанаас нь нэг хүн ирж суучихаад цагаар нь тооцож, мөнгө ав гэж шаардаад байгаа. Хэрэв цагаар нь тооцохгүй бол зогсоолын ажилчдын цалинтай ярина гэх зэргээр дарамталдаг гэсэн.
-Хаанахын ажилчид юм бол?
-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. 30 минут нь 500 төгрөг гээд бусад зогсоолуудтай ижил хэмжээний төлбөр тамирчдаас, Спортын төв ордны ажилчдаас нэхэж эхэлсэн. Бид нар өдөрт хоёр бэлтгэлтэй байдаг. Одоогоор бол би нэг бэлтгэлтэй байгаа. Он гараад хоёр бэлтгэлд орно. Нэг бэлтгэлтэй өдрөө 3000-3500 төгрөг өгөөд гарч байгаа. Хоёр бэлтгэлтэй өдрөө бараг 6000-7000 мянган төгрөг төлнө. Гэртээ очиж амрах боломж бага байдаг учир эндээ амардаг. Энэ үед ч зогсоолын мөнгө бодогдож л байна гэсэн үг. Энэ үед бараг 10.000 төгрөг зогсоолд төлөх болчихоод байна. Ойр хавьд өөр зогсоол байхгүй. Бид нар сард Үндэсний шигшээ багаас 400.000 төгрөгийн цалин авдаг. Түүнийхээ бараг талыг нь зогсоолын төлбөрт төлөх болж байна. Багахан цалингийнхаа юугаар нь амьдраад, юугаар нь бид уураг, витаминаа авч уух билээ. Энэ талын асуудал тамирчдад хүндрэлтэй л байна.
-Танай холбоонд улсаас хэр дэмжлэг ирдэг вэ?
-Улсаас тэмцээний зардал, уураг, витамин өгдөг. Гэхдээ зарим тэмцээндээ өөрсдөө зардлаа гаргах хэрэг гарна. Зарим нь улсаас гарна. Уураг, витаминжилт гээд улиралдаа нэг удаа хангалт өгнө. Гэхдээ бид хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүнүүдээ авна. Бид нарын хэрэглэж байгаа нэг уураг гэхэд 150 ам.доллар байлаа гэхэд сарын цалин бүхэлдээ явчихдаг. Хүндрэлтэй асуудлууд их гардаг. Тэр болгоныгоо хэлээд байдаггүй ч тайван бэлтгэл хийх орчныг нь хангаад өгчихвөл сайн байна. Тэмцээний дараа амжилт гаргасангүй, төсөв мөнгө идээд гээд бөөн л юм болдог. Наад захын энэ асуудлыг нь шийдээд өгчихвөл тамирчид бэлтгэлээ тайван хийх нэг боломж бүрдэж байгаа юм.
СПОРТ ХОЛБООД ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч ХАРИУ ИРЭЭГҮЙ БАЙНА
Харин үүний дараа бид Монголын чөлөөт бөхийн холбооны ажилчдаас энэ тухай асуулаа. Тэд “Хариуцсан ажилтан нь одоогоор эзгүй байна. Ерөнхийдөө бид тамирчид, ажилчдынхаа автомашины зогсоолын төлбөртэй холбоотой асуудлаар хүсэлт, албан бичиг өгдөг. Одоогоор хариу арга хэмжээ авч байгаа зүйл алга байна” хэмээсэн бол Монголын жүдо бөхийн холбооны ажилтан “Бүх хүн, дарга, захирал, тамирчин гэлтгүй бүгд өдөрт дунджаар 8000 төгрөгийг зогсоолын төлбөрт өгдөг болсон. Зарим нь сүүлдээ машинтай ирэхээ больж байна. Бид нар Биеийн тамир, спортын газарт хандахаар манай харьяаллын газар биш гэдэг. Нийслэлийн зогсоол хариуцсан газартай л холбоотой байх. Манайхан нэг хэсэг хүсэлт гаргаж, холбогдох газарт нь албан бичиг өгөх гэж их явсан. Одоогоор хариу ирсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна” гэлээ.
Энэ тухай Спортын төв ордны гадаах төлбөртэй зогсоолын ажилтнаас тодруулахад “Түрүү долоо хоногоос манай байгууллагад санхүүгийн шалгалт орж, тамирчдыг мөнгө өгөх ёстой юм байна гэж үзээд, төлбөрийг бүтэн авч байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас авч болох байх. Нийслэлийн автозамын санд манай орлого хуримтлагддаг” хэмээсэн юм.
Нийслэл хотын хувьд зөвшөөрөлтэй автомашины зогсоолын нийт орлогын 60 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлдэг бол үлдсэн 40 хувийг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Арванхоёрдугаар сарын байдлаар хотын хэмжээнд зөвшөөрөлтэй автомашины зогсоолын гэрээтэй 69 иргэн болон аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 2018 онд 45 нэгж байсан эдгээр төлбөртэй зогсоолууд нийтдээ 250 сая төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 375 сая орчим төгрөгийн давуулан биелэлттэй ажиллажээ. Харин 2019 онд тэд 411 сая төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
"ХАНГАРДИ" ОРДНЫ ЗОГСООЛ АЛБАНЫ МАШИН ОРУУЛАХАА БОЛЬЖЭЭ
Ийнхүү бид Нийслэлийн авто замын хөгжлийн газрыг зорилоо. Үүдний зогсоол дээр ажилчдын машиныг оруулахгүй хэмээн зогсоолын ажилтнууд анхааруулсан бөгөөд зөвхөн иргэд, үйлчлүүлэгчдэд зогсоолын үйлчилгээ үзүүлж байв.
Тэгэхээр дан ганц Спортын төв ордон ажилчдаасаа зогсоолын мөнгө авч эхэлсэн гэдэг нь ташаа ойлголт болж хувирав. Дотогш орсон ч холбогдох ажилтантай уулзаж чадсангүй. Харин утсаар Дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбаттай холбогдон энэ тухай тодруулахад “Төлбөртэй зогсоолын тухай журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Манай гадаах зогсоолын хувьд НИТХ-ийн 70-р тогтоолтой холбоотой журам хэрэгжиж байгаа. Спортын төв ордны зогсоолыг Улаанбаатар зам засвар арчлалтын компани хариуцдаг хэмээх тайлбарыг өглөө.
НИТХ-ЫН 70-Р ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН
Харин Улаанбаатар зам засвар арчлалтын компанийн үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунболдоос тодруулахад “Манайх энэ тухай сайн мэдэхгүй. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй байх. Спортын төв ордны хувьд нийтийн өмчид хамаарах учир бид тогтоолоо хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн. Зөвхөн галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолын талбай төлбөрөөс чөлөөлөгдөх эрхтэй" гэлээ.
АВТО ЗОГСООЛУУД 2011 ОНЫ ЖУРАМ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Тэд мөн л Замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах тухай НИТХ-аас гаргасан 70-р тогтоолын тухай дурдав. Тус тогтоол 2018 оны тавдугаар сард гарсан. Энэ үеэр авто зогсоолыг иргэдэд нээлттэй болгох чиглэл өгсөн байдаг бөгөөд тус тогтоол хэрэгжиж эхэлж буй нь энэ аж. Харин авто зогсоолуудын мөнгө хураах хэсэгт НИТХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдрийн 7/66 тоот тогтоол ийн хэрэгжиж байлаа.
1.3 “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн авто хөгжлийн газар хариуцан зохион байгуулж, авто тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн орлогын гүйцэтгэлд Нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавина.
5.1.2. Хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлнэ.
10.1. Төлбөртэй зогсоолын төлбөрийн хэмжээг доорх байдлаар тогтооно.
10.3 Галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолын талбай төлбөрөөс чөлөөлөгдөнө.
11.2 Зөвшөөрөгдсөн цагаас илүү хэтрүүлж тээврийн хэрэгслээ зогсоолд тавьсан бол цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ноогдуулна.
Үүнээс үзэхэд иргэдэд зогсоол олдох боломж нэмэгдсэн ч удаан хугацаагаар машинаа байрлуулж ажилладаг ажилчид машинаа ойролцоох байрны зогсоолд байршуулах үзэгдэл ихсэх нэг шалтгаан болж байна. Нийтийн өмчийн зогсоолд төлбөр төлөн машинаа байрлуулж ажлаа амжуулаад ирсэн иргэдэд байрных нь гадаах зогсоол олдохоо больсон дүр зураг харагдана. Нөгөө талаараа дээр дурдсанчлан санхүүгийн шалгалтын үр дүнд Нийслэлийн автозамын санд мөнгө хуримтлуулах шаардлагатай болсон учир иргэдийн халаас руу ийнхүү өнгийж эхэлсэн юм биш биз хэмээх хардлага төрж эхэлснийг нуух юун.
Саяхан шуугиан дэгдээгээд амжсан Зам ашиглалтын жилийн татвар 100 мянгад хүрэх тухай асуудал долоохон хоногийн өмнө цуцлагдсантай зэрэгцэн энэхүү асуудал хөндөгдөж эхэлсэн нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх гэсэн арга ч байж мэдэх юм. Ямартаа ч НИТХ-ын 70-р тогтоолтой холбоотой ажлууд ээлж дараалан хэрэгжиж буйн нэг илрэл энэ аж. Гэсэн ч тус тогтоол дээр заагдсан ажлуудаас таг зогссон нь ч бий. Тэгэхээр түгжрэл бууруулах ажлынхаа уялдаа холбоог сайжруулж эргэн нэг харах ажил ирэх жилээс ундарч эхлэх бололтой.
Сэтгэгдэл ( 8 )
Нисэхд Шинэ барьсан ордон чинь яг ямар зориулалттай юм бэ, Хотын төвдөө хэдий болтол шавааралдаж сууцгаахын... олон нийтийг хамарсан газруудаа хотын зах руу зоригтой нүүлгэх хэрэгтэй
Шинэ ордон руугаа нүүлгэхэд яадаг бнаа. хотын төвд нурах шахсан актлагдсан өмхий байрандаа байсаар л байх уу
Зогсоолийн асуудал улсад ямарч том үйлдвэр алга ард иргэдээ шулаж мөнгө олхоос өөр сонголт байхгүй болсон
ЗОгсоолын төлбөрийг тултал нэмж байж замын ачааллыг багасгана. ЗӨв байна. ДЭлхийн том хотууд ингэдэг.
Niitiin teevrintai tursun bish albatai yu.\neer uilchluul tegvel beltgelee taivan hiine.Ymar mash
UG N BOL TULBUR NEMEH N ZOVSHUU...UGUIDEE L NIITIIN TEEVREER YVAH HEREGTEI...TUGJREL BAGASNA...UTAA BAGASNA....
За одоо хямдхан үнэтэй зогсоол хайж эргэлдсэн машины түгжрэл нэмэгдэх нь дээ. Зогсоол төлбөртэй болвол түгжрэл багасана гэж худлаа шүү. Харин ч зогсоол чөлөөтэй бол хүмүүс эргэлдээд зогсоол хайж байхын оронд шууд машинаа тавиад л явна. Зогсоол төлбөртэй болдог нь хэн нэгний бизнес орлогын эх үүсвэр л олж байгаа.\n
Давхар зогсоолууд бариад л шийдчих асуудал шүү дээ