Эрүүгийн болон зөрчлийн хуулийн өөрчлөлтийг нягтлахыг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслүүдтэй холбоотой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тооцдог байхаар оруулж ирсэн. Энэ нь бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгааг нягтлах үүрэг өгч байна. Мөн малын хулгайн гэмт хэргийн талаарх хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнтэй холбогдуулан хоёр хуулийн төслийн уялдаа холбоог нягталж, давхардал үүсгэхгүй байхыг анхаарах шаардлагатай. Эрүүгийн хуульд заасан төрийн нууцыг задруулах, үрэгдүүлэх гэмт хэргийн хоёр дахь хэсэгт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой бусад хэсгүүдэд өөрчлөлт орох шаардлагатай эсэхийг нягтлах шаардлагатай байна. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотой зөрчил хянан шалгахтай холбоотой өөрчлөлт хэрхэн тусгагдсан тухай болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн зүйл заалтууд нь холбогдох хуулиудтай нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэг өгч байна” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top