Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад шинжлэх ухааны үүрэг, оролцоо чухал

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

-Экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад шинжлэх ухааны шууд бөгөөд бодит оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай байна-

Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго нь 2030 он хүртэл ядуурал, өлсгөлөнг эцэслэх, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг дээдэлж ялгаварлал, тэгш бус байдлыг арилгах зэрэгт чиглэсэн 17 зорилго, 169 зорилтыг дэвшүүлсэн билээ. Дэлхий даяар өрнөсөн энэхүү их үйлстэй хөл нийлүүлэн Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030” стратегийн баримт бичгийг 2016 онд баталж, 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээл, цаашдын шийдлийн талаарх Үндэсний сайн дурын илтгэлээ бэлтгэж НҮБ-д албан ёсоор танилцуулаад байна. Үүнтэй холбогдуулж Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчид өчигдөр Их чуулганаа хийж “Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: шинэ хандлага, шинэ боломж” сэдвээр хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлаар Шинжлэх ухааны академич Г.Чулуунбаатараас тодруулав.

 

-Тогтвортой хөгжлийн агуулгыг харахад улс орнуудын эдүгээ хүртэл бий болгосон хөгжлийн загварыг өөрчлөх бодит шаардлага хүн төрөлхтөнд тулгарчээ гэсэн бодлогын үзэл баримтлал хэмээн ойлгож болох уу? 

-Дэлхий дахинаа 1750-иад оноос эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалуудын эрэн үеийг дамжин бий болсон хүн төрөлхтний хөгжлийн загварууд нь техникийн гарвалтай соёл иргэншлийн шинэ хэв маягийг бүтээж өнөө хүртэл үргэлжлэхдээ ерөнхийдөө байгалиас хэрэгтэй бүхнээ булааж ашиглах философид үндэслэж ирсэн. Хөгжлийн энэ загвар хүн төрөлхтөнд асар их дэвшил авч ирсэн ч шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэж болзошгүй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг хуримтлуулсаар ирээдүй хойч үеийн өмнө тулж иржээ. Эдгээрийг нэгтгээд харвал Дэлхийн дулаарал, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт зэргээс үүдсэн экологийн тэнцвэрт байдлын алдагдал, ухаалаг биш хэрэглээнээс үүдсэн биологийн олон янз байдлын ноцтой доройтол, баян хоосны туйлширсан ялгарал, ядуурал, тэгш биш байдал, эдийн засгийн эрчимтэй өсөлт, түүний хүртээмжгүй байдал, дэлхийн баялгийн тэгш биш хуваарилалт, нөөцийн хомсдол гэсэн томоохон багц асуудал болоод байна. Өнөө ба ирээдүй үеийнхэндээ энэ тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжийг бүрдүүлж, гарцыг нээж өгөхөд чиглэсэн дэлхий дахины нийтлэг үзэл санаа, бодлогыг НҮБ тогтвортой хөгжлийн зорилтууд хэмээн тодорхойлсон гэж  үзэж байна л даа.

-Эдгээр асуудал манайд улсад ч тулгамдаж буй. Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцооны талаар эрдэмтэд юу гэж харж байна вэ?

-Хүн төрөлхтний оршихуйн суурь үндсийг хөндсөн энэ мэт хурц асуудлуудыг шийдэх  арга замыг тодорхойлж тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шинжлэх ухааны үүрэг, шууд ба шууд бус оролцоо нэн чухал. Эхний шатанд тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг ойлгож, үндэснийхээ онцлогт нийцүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлох арга зүй, аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нь эрдэм шинжилгээний  байгууллага, эрдэмтдийн түүхэн шинэ үүрэг болоод байна.

-Эдийн засаг - шинжлэх ухаан - хүний хөгжил гэсэн гурван багцын хүйн холбоонд үндэслэсэн “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” шинэ үзэл баримтлал тогтвортой хөгжлийн ирээдүйн хандлага болж байна гэж их чуулганаар ярьж байна л даа. Энэ жишгээр хөгжиж буй улс орны жишээг дурдвал?

-Дэлхийн улс орнуудад “Социал чиг баримжаатай эдийн засаг”, “Мэдлэгийн эдийн засаг”, “Мэдлэгийн менежмент, “Мэдлэгт суурилсан хөгжил”, “Хүний төлөө инноваци” зэрэг шинэ ойлголт, категориуд маш эрчимтэй орж ирлээ. Жишээлбэл, Хятад улс эдийн засгийн эрчимтэй өсөлтийг тогтвортой, иргэдэд хүртээмжтэй болгоход  шинжлэх ухаан, технологийн дэвшлийг  ашиглах талаар онцгой анхаарч, үр дүнд хүрсэн. Байгаль, техник, мэдээллийн технологи зэрэг шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг маш эрчимтэй хөгжүүлж чадсаны дотор сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчийг ашиглах тал дээр ихээхэн үр дүнд хүрч нарны батерейн үнийг 2008-2015 онуудад 80 хувиар бууруулж чадсан бөгөөд 2016 онд дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Япон улсын эрчимтэй хөгжлийн явцад нийгмийн эрүүл мэнд асар их доройтсон ба шинжлэх ухаан технологийн чадавх, инновацийг хөгжүүлснээр байгаль орчны бохирдлыг бууруулах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах асуудлыг амжилттай шийдсэн байна. Мөн эрүүл мэндийн салбараа дэлхийд тэргүүлэх түвшний эмнэлгийн технологиор хангах, урт настай, эрүүл хүмүүс бүхий нийгмийг цогцлоох, тогтвортой хот ба бүсэд тохирсон дэд бүтэц бий болгох, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг үндсэн чиглэлээр хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах зорилт тавин амжилттай биелүүлж байна. Мөн Өмнөд Солонгост мэдээлэл, биотехнологи болон байгаль орчны чиглэлийн шинэ мэдлэг бүтээх, технологи хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийжээ. Ганц жишээ дурдахад ногоон хөгжлийн 30 гаруй технологид 1.8-2.8 тэрбум ам долларын санхүүжилт жилд хийж маш тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Түүнчлэн эрүүл, чанартай амьдрал бий болгох зорилго бүхий эрүүл мэндийн үндэсний тогтолцоо, шинжлэх ухаан технологид суурилсан гамшгаас хамгаалах ухаалаг, аюулгүй систем, амьдрах цэвэр орчин, ухаалаг хот хөгжүүлэх, хүний амьдралд шинжлэх ухааны үүргийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн соёлын ялгааг багасгах зэрэг олон асуудлыг тусган хэрэгжүүлж байна.  Ийм жишээг хэдэн арваар нь дурдаж  болно.

-Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоог дээшлүүлэхийн тулд салбарын бодлого, үйл ажиллагааг ямар байдлаар уялдуулах нь зүйтэй вэ?

-Нэгдүгээрт, шинжлэх ухааны салбаруудаар өгөгдөхүүний сан бүрдүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэн судалгааны хэрэгцээ, тэргүүлэх чиглэлээ тогтоох, экосистем болон хүний эрүүл мэндийн хоорондын хамаарлын талаарх өгөгдөхүүнийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр бий болгосон үр дүнг янз бүрийн соёлын хүрээнд хуримтлагдсан уламжлалт мэдлэг, технологийн үр дүнтэй харьцуулан судлах, хослуулан хэрэглэх зэрэг асуудлуудаар судалгаа боловсруулалтын ажлын баазыг бэхжүүлэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, дэлхийн экосистемийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэх, шинэ мэдлэг бүтээх, ялангуяа дэлхийн биогеохими, гидрологийн циклийн мониторинг, далайн болон газрын систем, экосистемийн төлөв байдлыг тандах судалгаа зэргийг өргөжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангах боломж, арга замыг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлоход онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай.

Гуравдугаарт, хүрээлэн буй орчинтой холбоотой мэдээ, мэдээллийг боловсронгуй болгох, зохицуулалт хийх замаар богино, дунд,  урт хугацааны  ирээдүйн талаарх  шинжлэх ухааны үнэлгээ, таамаглалыг улам бүр боловсронгуй болгох нь зүйтэй. Дөрөвдүгээрт, судалгаа шинжилгээний ажлын чадавхыг дээшлүүлэх, ялангуяа хөгжиж буй орнуудын шинжлэх ухаанд зарцуулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хүрээлэн буй орчны асуудлыг шийдэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад улс орон бүрийн оролцоог бий болгох замаар үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх. Тавдугаарт, хамгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн үе шат, дэс дарааг нарийвчлан тодорхойлох чиглэлийн мэдлэгийг өргөтгөж шинэ мэдлэгээр арвижуулахын тулд салбар дундын шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, энэ зорилгоор мэдлэг солилцох ба олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинжлэх ухааны байгууллага, бизнес, иргэний нийгэм ба засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан ба бодлогын процессыг бэхжүүлэх хэрэгтэй юм.

-Манай улсад эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх бэлтгэл, боломж, нөхцөл хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Боломж, нөхцөл бүрдээгүй байна. Энэ бол хөгжлийн бодлогоо боловсруулахад ч, олон улсын стандарт, ерөнхий аргачлалыг үндэснийхээ хөрсөнд буулгаж ашиглахдаа ч, бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийхдээ ч  шинжлэх ухааны оролцоог олон жилийн турш орхигдуулж ирсний үр дүн юм. Үүний уршгаар бодлогын үзэл баримтлал, зорилтууд нь шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлаагүй, тунхаглалын шинжтэй болдог, улмаар бодлогын нэгдмэл цогц байдал, тогтвортой, залгамж шинж нь алдагдаж ирсэн. Үүний нэг жишээ бол НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтийг хянах нийт 244 үзүүлэлтийн 11 нь Монгол Улсад хамааралгүй, 233 нь хамааралтай байгаагийн 48.5 хувь нь буюу зөвхөн 113 нь тус улсын өнөөгийн албан ёсны статистикийн тогтолцооны хүрээнд гарах боломжтой байгаа  баримт мөн.

-“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д дэвшүүлсэн зорилтуудыг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нарийвчлах бодит хэрэгцээг хангахын тулд нэн түрүүнд ямар ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Нэн тэрүүнд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын бодит оролцоог хангаж ажиллахгүй бол дээр дурдсан  алдаа дутагдал  давтагдах болно. Олон улсын туршлага, дээр дурдсан зөвлөмжийг үндэс болгож бодит оролцоог хангана гэдгийг манай эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн хувьд бол илүү өргөн хүрээнд ойлгож дараах байдлаар төсөөлж  болно. Үүнд урт болон дунд хугацааны төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын тодорхой чиглэлүүдээр болон салбар хоорондын цогц асуудлаар шинжлэх ухааны суурь судалгаа хийлгэх, төрийн захиалгыг маш ойлгомжтой ажлын даалгавар хийж гүйцэтгэх үе шат, санхүүжилт, хүлээж авах эцсийн бодит үр дүнг тусгасан байдлаар төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагад захиалдаг болох, улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй судлан улсын хэмжээнд бий болсон шинжлэх ухааны чадавх, ахиц дэвшлийг хөгжлийн бодлогод тусгах асуудлыг нэгтгэн зохицуулж байх чиг үүрэг бүхий “Монголын хөгжлийн үндэсний хүрээлэн”-г байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын ажиллах нөхцөл, техник, технологийн хангамж,  цалин санхүүжилтийн хэмжээг дэлхийн дундаж төвшин, төр засгийн захиалга даалгаврыг биелүүлэх боломжийн бодит нөхцөлд хүргэж чадавхжуулах, гадаадын болон олон улсын байгууллагын мэргэжилтэн зөвлөхүүдийг авч ажиллуулахдаа үндэсний шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдтэй холбож, хамтарч ажиллах арга хэлбэрийг  журамлан зохицуулах шаардлагатай.

-Монгол улсын тогтвортой хөгжлийн хэрэгжилтээр дэлхийн 162 орноос 100-р байранд оржээ. Үүнээс эрдэмтдийн оролцоотойгоор хамгийн их анхаарах асуудал нь юу вэ ?

-Албан ёсны мэдээллээр нийт хүн амын 10 гаруй хувь нь давхацсан олон хүчин зүйлээс шалтгаалсан ядууралд өртсөн байна. Монгол Улсын Олон хэмжүүрт ядуурлын индекс 2016 онд 0.043 байгаа нь хөдөлмөр эрхлэлт, орлого, эрүүл мэнд, боловсролын зэрэг давхацсан олон хүчин зүйлээс шалтгаалан ядууралд хүмүүс өртөж байгааг илэрхийлдэг. Энэхүү ядуурлын талаарх ойлголт, түүнийг тооцох аргачлал үзүүлэлтийг боловсруулах нь  олон шинжлэх ухааны уулзвар дээр салбар дундын цогц судалгаа шаардана. Энэ ажлыг мөн л эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагынхан хийх ёстой. Мөн өлсгөлөнг зогсоох, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтууд хамгийн хангалтгүй хэрэгжиж байна. Үүнийг хэмжих үзүүлэлт, тооцох аргачлал нь бас шинжлэх ухааны шийдэл шаардсан асуудал. Энэ мэтчилэн анализ хийж үзвэл Монгол улсын тогтвортой хөгжлийн өнөөгийн шатны суурь зорилгыг бид бүхэн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах гэсэн гурван асуудлыг  шинжлэх ухааны шууд бөгөөд бодит оролцоотойгоор шийдвэрлэх явдал  юм.

-Эрдэмтдийн оролцоотойгоор ахиц дэвшил гарч буй ямар ажлууд байна вэ?

-Улсын хөгжлийн нэн тулгамдсан асуудалд хүч, анхаарлаа төвлөрүүлж шинжлэх ухааны байгууллага, бусад талуудын оролцоотойгоор системийн хэмжээнд нь шинжилгээ хийж бодлогоор дэмжин хэрэгжүүлбэл үр дүнд хүрдгийг нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх талаар хийж буй алхам тодорхой харууллаа. Цаашдаа тогтвортой хөгжлийн бусад тэргүүлэх чиглэл, тулгамдсан асуудлыг системээр нь судалж, цогц шийдлийг олоход шинжлэх ухааны байгууллагын анхаарлыг төвлөрүүлэх нь чухал байна.

-Тогтвортой хөгжлийн бүх зорилт өнөөдөр Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын амин сүнс болсон мэдээллийн технологи, интернет, хиймэл оюун ухаан зэргийн хөгжлөөс шууд хамааралтай болж, технологийн энэ шинэ хувьсгал 2025 гэхэд оргил цэгтээ хүрнэ гэж үзэж байна. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Эдийн засгийн өсөлт зөвхөн материаллаг хэрэглээ гэх утгаа алдаж, хүний хөгжлийн хүмүүн хүчин зүйл, сэтгэл зүй, ёс суртахууны асуудал чухалчлагдах болно. Үүний зэрэгцээ дэлхий нийтээр хэрэглэж буй түүхий эдийн хэмжээ ойрын 40 жилд хоёр дахин нэмэгдэж, тэр хэмжээгээр байгаль орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдэж, экологийн олон янз  байдалд ноцтой хүндрэл учирна гэж эрдэмтэд үзэж байна. Энэ бүхэн бол хүн төрөлхтний өнөөгийн хөгжлийн загвар боломжоо шавхаж байгааг харуулж буй хэрэг. Тэгэхлээр технологийн шинэ хувьсгал, түүний даяаршмал үр дагавар нь ойрын ирээдүйд хөгжлийн шинэ загвар бий болгохыг зүй ёсоор шаардах нь тодорхой байна. Үүнд улс орон бүхэн бэлтгэлтэй байж, одооноос хөгжлийн загварынхаа үндэс суурийг тавьж байх нь чухал юм. Тэргүүний хөгжилтэй орнууд энэ талаарх бодлого, хөтөлбөрөө аль эрт боловсруулан хэрэгжүүлж  байгаа юм байна лээ. Энэ тухай бид Их чуулганы өмнөх хуралдааны үед тодорхой ярилцсан, санал зөвлөмжөө ч төр засагтаа хүргүүлсэн байгаа. Өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан чухал үүрэгтэй гэдгийг тодруулах үүднээс дахин сануулж буй хэрэг юм.

-Шинжлэх ухаанчдын хандлагын өөрчлөлт болон шинжлэх ухаанд бий болсон шинэ боломж харагдаж байна уу?

-Сүүлийн хоёр жилд манай төр засгаас шинжлэх ухаан, технологийн салбарт хангах хандлагаа өөрчилж, үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, санхүүжилтийн хэмжээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, бүхэлдээ үндэснийхээ шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэхэд онцлон анхаарах болсонд шинжлэх ухааны салбарынхан талархаж байна. Ямартай ч хандлагын өөрчлөлт бидэнд итгэл найдварын оч асаасан хүлээлтийг бий болгоод байна. УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд манай салбарын гол хуулиуд шинэчлэгдэн батлагдаж бидний үйл ажиллагаанд эрх зүйн орчинтой холбогдсон саад бэрхшээл багасаж, илүү үр дүнтэй ажиллах боломж бий болно гэж найдаж байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын суурь санхүүжилт, төрөөс улсын төсвийн хөрөнгөөр судалгаа захиалах асуудал, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн санхүүгийн эрх чөлөө, шинжлэх ухааны академийн төрийн статус, инновацийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал нэг мөр шийдэгдэх байх. 

-Өнөөдөр хэлэлцэж буй асуудлын хүрээнд тогтвортой хөгжилд шинжлэх ухааны шууд бөгөөд бодитой оролцоог хангах  үүднээс  Монгол Улсад суурь шинжлэх ухааны салбар хийгээд  мэдлэг, инноваци шингэсэн  судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тэргүүлэх чиглэлийн гол баримжааг ямар байдлаар тодорхойлох санал гаргаж байна вэ ?

-Хүнс хөдөө аж ахуйн салбарыг үржил селекцид суурилсан уламжлалт загвараас генийн инженерчлэл, био болон нано технологид суурилсан  орчин үеийн хөгжлийн загварт шилжүүлэх шинжлэх ухааны суурь үндэслэл болгож генийн инженерчлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийн суурь нөхцөлийг шинэчлэн тодорхойлж, мэдлэг инноваци шингэсэн хөгжлийн загварт ашиглах шинэ мэдлэг, технологи, инноваци бий болох чадавхыг бүрдүүлэх зорилгоор хими, физик, биологи, математик зэрэг суурь шинжлэх ухааны зааг дээр хийгдэх судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг шинэ материал, эм бэлдмэлийн бүтээгдэхүүн гарган авах судалгаанд  төвлөрүүлэх, эдийн засгийн хөгжлийн загварыг байгалийн баялаг, түүхий эдийн экспортод суурилсан одоогийн хандлагаас ангижруулж, тоон эдийн засгийг хөгжүүлэх замаар мэдлэг инноваци  шингэсэн орчин үеийн хүртээмжтэй өсөлтийн загварт шилжүүлэх, тоон технологийн салбаруудыг шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэх, тооцоолох төвүүдийг бий болгож үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүдийг өргөнөөр нэвтрүүлэх саналууд гаргаж байна. Эдгээр чиглэлүүдийг тойруулан бүтцийн академи, салбарын бага чуулганууд, эрдэм шинжилгээний байгууллагууд  судалгаа, хөгжүүлэлтийн ажлынхаа тэргүүлэх чиглэлийг тодотгон баяжуулах боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top