СУРВАЛЖИЛГА: Гэрт нь хуурамч архи хийж байсныг мэдээгүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

-Гурван байршилд хуурамч бүтээгдэхүүн хийж байгаа гэх мэдээлэл байсан ч зарим мэдээллийг авах боломжгүй байв. Хуурамч бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол ч учруулж мэднэ-

Сүхбаатар дүүргийн IX хороо “Дэнжийн 1000”-ын цагаан байрны буудлын ойролцоох нэгэн айлд хуурамч архи үйлдвэрлэж байгааг бид сурвалжлахаар зорилоо. Хашааны хаалга дэлгээтэй, хуучивтар шавар байшингийн гадна архины шилнүүд, таван литрийн багтаамжтай усны савнууд овоолоостой харагдана. Анзаарвал, “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг шошготой үйлдвэрийн архины шилийг ашиглан хуурамч бүтээгдэхүүн хийсэн нь илт. Зарим шилтэй бүтээгдэхүүнээс эхүүн үнэр хамар сэртийлгэх ч хайрцаг хайрцгаар дүүрэн шилнүүдийн зарим нь лацгүй, бөглөөгүй, заримыг нь угааж, цэвэрлэсэн, тэр бүү хэл хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнүүд ч байлаа. Овоолоостой зүйлс дунд юүлүүр, скоч, цаасны хутга, алчуур, төрөл бүрийн албан татварын тэмдэгт, лац, бөглөө, усны савнууд нүдэнд тусах нь гар аргаар үйлдвэрлэгчийн гол багаж зэвсгүүд. Гаднах байдлыг ажигласны дараа байшин дотор ороход хижээл насны эр болсон хэрэг явдлыг мэдээгүй гэдгээ учирлан зогсоно. Тэрбээр жижиг барилгын компанид мужааны ажил хийдэг бөгөөд барагтай л бол гэрийн бараа хардаггүй. Дүүгийн хамт амьдардаг гэнэ.
 

Тэдний байшингийн үүдний амбаараас дээрх бүтээгдэхүүнүүдийг олж илрүүлсэн тул өөр гэрч болчихмоор хүн ойр хавьд олдсонгүй. Хашаан доторх хоёр айл гаднаасаа цоожтой байлаа. Байшингийн эзэн хижээл насны эр хэрэг явдлыг тодруулахад “Ажилдаа өглөө гараад л орой ирдэг. Дүү маань амбаарт юм авчраад тавьсан байхаар нь “Юу юм бэ” гэж асуухад “Шил байгаа. Хүнд өгнө” гэж хариулсан. Айлын хашаанд хаягдал шил, лааз байж л байдаг учраас анзаарч тоогоогүй. Юу хийж байсныг нь огт мэдээгүй. Намайг ажлаас орой ирэхэд гэр цоожтой л байдаг. Өглөө ажилдаа гарахад шилнүүд л байснаас архи дотор нь байгаагүй. Орой бол үүдний амбаар гэрэлгүй учраас юм харагддаггүй. Өнөө өглөө цайгаа уугаад ажилдаа гарах гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн. Дүү рүүгээ залгахад утсаа авахгүй байна. Хаана байгааг нь мэдэхгүй. Миний хувьд цалин хүрэлцээтэй, илүү дутуу зүйл хийх шаардлагагүй” гэсэн юм. Гэрийн эзэн хэрэг явдлыг мэдэхгүй гэж байгаа боловч гэр доторх нөхцөл байдлуудаас харахад эргэлзээ төрөхөөр зүйлс ажиглагдана. Наанадаж ширээн дээр нь дээрх үйлдвэрийн нэг архины шил хэрэглэсэн болов уу гэлтэй харагдана. Бид учир явдлыг бүрэн мэдэхгүй ч гэсэн байгаа нөхцөл байдлын нэгээхэн хэсгийг зураглахад ийм байлаа. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдыг нөхцөл байдал дээр ирэхэд хуурамч бүтээгдэхүүнүүд хижээл насны иргэний байшингийн үүдний амбаарт бүтээлгээстэй байжээ. Хуулиар ингэж хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хориотой. Гэмт хэргийн шинж чанартай учраас хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх гэнэ. Иймээс Эрүүгийн цагдаагийн алба хаагчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Дээрх нөхцөл байдал нь дахиад хоёр байршилд илэрсэн гэх мэдээлэл ч тэдэнд ирсэн юм. Гэвч тэдгээр хэргийн талаар мөн л мэдээлэл авах боломж байсангүй.

Н.ОДОНЧИМЭГ: НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАРАХАД ЭНЭ БҮХЭН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ БАЙНА
 

Сүхбаатар дүүргийн IX хорооны нэгэн айлаас олдсон хуурамч бүтээгдэхүүнүүдийг цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримт болгон хураан авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээрх үзлэг шалгалтыг хийсэн юм. Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Н.Одончимэг “Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээллээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр архи хуурамчаар үйлдвэрлэсэн байх магадлалтайг мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд шинжээчээр оролцож, эдгээр согтууруулах ундаа ямар төрлийн спиртээр хийсэн, сав баглаа боодол, хаяг шошго болон бусад нөхцөл байдалд хяналт, шалгалт хийж байна. Нөхцөл байдлаас харахад энэ бүхэн гэмт хэргийн шинж чанартай байна. Цааш худалдан борлуулдаг сүлжээ байгаа учраас л үйлдвэрлэж, хуурамч бүтээгдэхүүн хийж байгаа гэж би хувьдаа таамаглаж байна. Энэ асуудлыг тодорхой болгох нь хамгийн чухал. Хэрвээ эдгээр бүтээгдэхүүн худалдааны зах, дэлгүүрүүдэд байгаа бол буцаан татаж, холбогдох журмын дагуу арга хэмжээ аваад явна” гэлээ.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох стандартын дагуу аливаа бүтээгдэхүүн чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаж байх ёстой. Шошгын мэдээлэл бүрэн, бөглөлт бат бөх, татварын тэмдэг албан ёсных байх журамтай. Хамгийн чухал нь гарал үүсэл тодорхой байх ёстой гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байгаа юм. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газрууд “ул мөрийн бүртгэлийн хуудас” бөглөдөг. Энэ хуудсанд дотоодын болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, чанарын гэрчилгээнүүдийн мэдээллийг тэмдэглэдэг. Энэ мэт наад захын бичиг баримтыг шаардахгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулж, хуурамч бүтээгдэхүүн худалдан авсан бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ч бас хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг аж. Тиймээс иргэдийн гар дээрээс болон цахим сүлжээгээр баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна. Мөн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээж авах ёстой. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулах нь тэмдэглэлт баяр дөхсөн өдрүүдэд илт нэмэгдэж байгаа аж. Саяхан л гэхэд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж байсан стандартын шаардлага хангаагүй  “Мөнхжин Од” компанийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 100 гаруй архийг хураан авч, устгасан билээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд 6400 гаруй газар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийг хориглодог боловч ийм олон цэгүүдээр зарагддаг бүтээгдэхүүн учраас чанар, аюулгүй байдалд нь анхаарч худалдан авахыг иргэдэд сэрэмжлүүлж энэхүү сурвалжилгыг бэлдлээ. Хуурамч бүтээгдэхүүн нь үндсэн үйлдвэрийн шилэнд савлагдсан ч гэсэн ялгаатай зүйлс ажиглагдаж байгаа юм. Бөглөөний бат бөх байдлаас эхлээд лац, шошго бүрэн бүтэн, шинэ байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй юм. Ихэвчлэн хуурамч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн шат дамжлагаар хийдэггүй учраас бүтээгдэхүүнд механик бохирдлууд орохоос эхлээд юугаар хийж байгаа нь тодорхойгүй тул таны эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй.
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sss(66.181.166.154) 2019 оны 12 сарын 23

Ingej davraaj bolohgyi shuud hatuu shiitgel onooh heregtei Aziin Chono arhi uugaad hohirson, harvalttai hyn shig bolson bdgiig medejh yum daa.

1  |  0
Gerel(66.181.181.208) 2019 оны 12 сарын 23

Yah be de zailuul mungu oloh gesen l bna shd ene arhii n hun uugad uhcheegui l bol yahavde ,yun dirtein be deeguur ideed uugad bgaa nuhduudee ingej ilruulj chadadgui bjiij muuna muudaaun n gadsandaa gegcheer yrshig l bn

0  |  5
Top