Лондоны металын бирж дээр санал болгож буй тонн зэсийн ханш 6155.50 ам.доллар байна. Энэ сарын 11-ний өдөр 6055 ам.доллар байсантай харьцуулахад зэсийн ханш 100 ам.доллароор өсжээ.
Монгол Улсын тухайд энэ оны эхний 11 сарын байдлаар 1292.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мянган тонноор бага байна.
2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1824.2 сая ам.доллар байсан бол энэ оны 11 сарын байдлаар 1671.0 сая ам.доллар байна.
Тэгэхээр дэлхийн зах зээл дээр зэсийн ханш өсөж байгаа ч Монгол Улсын төсвийн дансанд зэсээс орох мөнгөний хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Сануулахад, ирэх 2020 онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй. Тонн зэсийн зах зээлийн ханшийг ирэх онд 5991 ам.доллар байна гэсэн таамагт суурилж, Тогтворжуулалтын санд зэсээс мөнгө төвлөрүүлэхгүй гэж тооцсон.
Шинжээчдийн прогнозуудыг харахад зэсийн зах зээлд 2023 оноос хомсдол үүснэ гэж байгаа юм. Энэ нь Энэтхэг, Хятад, Америк улсуудын зэсийн эрэлт өсөхтэй холбогдон тайлбарлагдаж буй. Мөн худалдааны маргааны цаашдын нөхцөл байдал бас чухал нөлөөтэй. Хоёр гүрний харилцаа цаашид дахин эвгүйрхвэл Хятадын зэсийн эрэлт үргэлжлэн буурах магадлалтай. Гол хэрэглэгчийн эрэлт хумигдахаар зэсийн ханш өсөх боломжгүй болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Зэсийн баяжмалын ханшаа оруулж тооцоогоо гаргаж баймаар бишүү? Зэсийн ханш зэсийн баяжмалын ханш гэж 2 ѳѳр юм байгаа биз дээ?