"Гадаад валютын нөөц оны төгсгөлд 4.2 тэрбум ам.долларт хүрнэ"

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлын шийдвэрээ танилцуулав. Өнгөрсөн долоо хоногийн хуралд бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах санал  оруулсан ч хорооны гишүүдийн олонхын саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн байна. Мөн  арилжааны банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувь, гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг гурван хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан.

Тэрбээр "Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулахаар хэлэлцсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор арилжааны банкууд дахь гадаад валютын заавал байлгах нөөцийг гурван хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан" гэв.

Мөнгөний бодлогын хороо албан ёсны мэдэгдэлдээ “Улсын инфляц өнгөрсөн сард   5.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд таван хувь гарсан. Нийлүүлэлтээс шалтгаалсан цөөн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляцын хэлбэлзлийг тайлбарласан хэвээр байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляц тогтвортой байлаа. Цаашид инфляц Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжих төлөвтэй байна. Экспортын үнэ харьцангуй таатай түвшинд хадгалагдаж, төсвийн зардал тэлж, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа ч гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарахаар байгаа. Ирэх онд төсвийн зардал тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих боловч уул уурхайн салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулалтын өсөлт саарч эдийн засгийн идэвхжил тогтворжих төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв” хэмээжээ.

Энэ мэдээллийн дараа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.


-Алт тушаалтын хэмжээ нэмэгдэж байгаа юу, гадаад валютын нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын валютын валютын нөөц оны эцэс гэхэд 4.2 тэрбум ам.доллартай байх болов уу гэж төсөөлж байна. Харьцуулж хэлбэл,импортын 8-9 сарын дүнтэй тэнцэж байгаа учраас боломжийн хэмжээ. Бидний хувьд нэг жилийн импортын хэмжээтэй тэнцэх валютын нөөц хуримтлуулах зорилттой ажиллаж байгаа. Хоёрдугаарт, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байна. Энэ бол валютын нөөц нэмэгдэх боломж. Алтны хувьд  15 тонн алт авчихаад байгаа бөгөөд он дуусахад 16 тонн болох болов уу гэсэн найдлага тавьж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авч байснаас бараг 25 хувиар дутуу  гэсэн үг. Ирэх жилийн хувьд мөн энэ жилийн орчим байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Алт тушаалт өндөр байвал валютын нөөцийг нэмэгдүүлэхэд сайн талтай. Хэдийгээр валютын нөөц нэмэгдэж байгаа ч валютын эрэлт хэрэгцээ өндөр байна. Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа хий, зах зээл дэх валютын эрэлт хэрэгцээг хангаж явдаг. Сүүлийн үед валютын дуудлага худалдаа өндөр дүнтэй явж байгаа. Энэ нь гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эрэлт өссөнтэй холбоотой. Нөгөө талаар арилжааны банкууд дахь долларжилт сүүлийн гурван жилийн дунджаас өндөр хувьтай гараад байна. Тиймээс Мөнгөний бодлогын хороо валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг  өндөрсгөх арга хэмжээ авлаа. Ингэснээр төгрөгийн өгөөж нэмэгдэж, валютын өгөөжийг бууруулна гэж харж байна.

-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Инфляцын түвшин тогтвортой байгаа одоогийн нөхцөлд төгрөг худалдан авах чадвараа алдаагүй гэж хэлж болно. Гадаад валюттай солилцох ханш өсөж байгаа нь гадаад валют эрэлттэй байгааг илтгэж байна. Импорт талаа харвал энэ оны импорт өнгөрсөн оноос өсөөгүй. Тэгэхээр гадаад валютын өндөр хэмжээний хэрэгцээ байхгүй гэж хэлж болно. Зарим нэг судлаач хүмүүсийн хайхрамжгүй маягаар хэлсэн үгнээс болоод ханш сулрах юм шиг төсөөлөөд байна. Ингээд хүмүүс төгрөгийн хадгаламжаа валютынх болгох, валютын зээлээ төгрөгийн болгох үйл явц яваад байгаа. Иргэд маань төгрөг илүү өгөөжтэй байгааг харах хэрэгтэй байх. Төгрөгийн хадгаламж 13-15 хувийн хүүтэй байхад, гадаад валют таван хувийн хүүтэй. Тэгэхээр хадгаламжаа гадаад валют руу шилжүүлснээр 10 хувийн өгөөжөө алдаж байна гэсэн үг. Худалдааны дайнтай холбоотойгоор ам.долларын ханш чангарч байна. Рубль, юанийн хувьд нэлээд суларсантай харьцуулбал төгрөг маш бага суларсан.

-Монгол Улс ирэх онд багтан ФАТФ-ын “Саарал жагтаалт”-аас гарах боломжтой юу?

-ФАТФ жилдээ гурван удаа хуралддаг. Эхний хурал ирэх оны хоёрдугаар сард Парист болно. Хоёр дах нь тав, зургаадугаар сарын үед Бээжинд хуралдана. Гурав дахь хурал аравдугаар сарын орчимд болно.  Монгол Улс ирэх онд багтаан тайлангаа танилцуулж, асуудлаа хэлэлцүүлэх гурван удаагийн боломж байна гэсэн үг.  Бидний хувьд 2017 оноос хойш чамлахааргүй ажил хийж гүйцэтгээд, одоо зургаан ажил үлдсэн. Үүнийхээ тайланг хүргүүлсэн. Хариу нь ирж байгаа. Ирэх хоёрдугаар сард болох хурлаас урьтан харилцан үнэлгээний багийн өмнө тайлангаа хамгаалах ёстой. Хэрэв хамгаалж чадвал, газар дээрх шалгалт явуулах ёстой байдаг. Тэгэхээр хоёрдугаар сарын хурлаар хэлэлцүүлэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй. Гэхдээ бидний хийх ажил маш ойлгомжтой байгаа. Ирэх хоёрдугаар сарын хурлын дараа газар дээрх шалгалт явуулах багаа ирүүлбэл маш эерэг дохио болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top