ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2019: Сорилт ба шийдэл

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Сүүлийн 12 сар дэлхийн эдийн засаг сүүлийн хэдэн жилд гарсан шиг ноцтой донсолгоо савалгаагүй болж өнгөрлөө. Гэсэн хэдий ч 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, худалдааны дайн хурцдаж, АНУ болон Европт эдийн засаг буурч буй дохио олон улсын хөрөнгө оруулагчдын санааг түгшээв. Үүнтэй зэрэгцэн ОПЕК-ийн газрын тос экспортлогчид хамтын хүчин чармайлтаар эрчим хүчний зах зээлийг уналтаас аварч, дэлхийн улс орнуудын төв банкнууд бодлогын хүүгээ бууруулсан. Өнгөрч буй онд дэлхийн эдийн засгийн салбарт гарсан гол гол үйл явдлыг хүргэж байна.

Хоёр биедээ зориулсан тариф

Дэлхийн эдийн засгийн амьдралд гарсан гол үйл явдлуудын нэг нь яахын аргагүй АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны дайн хурцадсан явдал юм. Ээлж дараалсан яриа хэлэлцээний дараагаар өнгөрсөн тавдугаар сард Вашингтон худалдааны маргааныг хурцатгах алхам хийлээ. Гаалийн шинэ татвар ногдуулахын сацуу Америкийн технологийн компаниуд Хятадын харилцаа холбооны “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоож эхэлсэн.

Наймдугаар сард тус хоёр улс худалдааны хэлэлцээрийн нөхцөлийг мөн л тохиролцож чадаагүй бөгөөд есдүгээр сараас эхлэн харилцан хязгаарлалтуудыг хийж эхлэв. Хожим нь Бээжин “Huawei” компанийн эсрэг тавьсан зарим хориг арга хэмжээг цуцалбал АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар болж, талууд хэлэлцээгээ сэргээсэн юм.

Вашингтон Бээжингийн нөлөөллийг хязгаарлахыг санаархаж, худалдааны хэлэлцээний үйл явцыг өөрт дээд зэргийн ашигтайгаар эргүүлэхийг хүсэж байгаа. Хятад улсын зүгээс илүү уян хатан байр суурийг баримталж, илүү буулт хийж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг ойрын хугацаанд байгуулж эс чадвал Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна хэмээн сүрдүүлж байв. Энэ сарын 17-нд Доналд Трамп худалдааны гэрээний эхний шатны талаар эерэг мэдээлэл хийсэн хэдий ч шинжээчид удаан хугацаанд хүлээсэн энэхүү эвлэрлийг хэврэг хэмээн тодорхойлж  байна. Энэхүү эвлэрлийг бат бөх гэж хэлж болохгүй учир нь Трамп Хятад улсад үргэлжлүүлэн шахалт үзүүлэх шаардлагатай хэмээн илэрхийлж байсан гэж ажиглагчид дүгнээд худалдааны дайн ялангуяа өндөр технологийн салбарт үргэлжлэх төлөвтэй байна гэж үзжээ. 

Шинжээчдийн ярьж буйгаар, Хятад улс Вашингтоны зүгээс ирж болох хязгаарлалтын хариу арга хэмжээг бэлтгэж байгаа бөгөөд АНУ-г илүү ирээдүйтэй зах зээлээс аажмаар шахаж байна. Энэ нь юуны өмнө Африк болон Латин Америкийн зах зээл юм.

Аюултай дохио

2019 онд санхүүгийн зах зээлийн тоглогчдын анхаарлыг АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд саарч буй явдал татжээ. Тэр байтугай АНУ-д эдийн засгийн уналтын шинж тэмдэг илэрч байна гэж шинжээчид анхааруулж эхлэв. Энэ оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын ДНБ 0.2-0.3 хувь болж буураад байна.

2020 оны эхээр ДНБ нь хасах үзүүлэлттэй гарч болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж буй. Үнэт цаасны хүү өөрчлөгдсөн нь эдийн засгийн уналт ирснийг илтгэж байна хэмээн Данийн хөрөнгө оруулалтын Saxo банкны ерөнхий эдийн засагч Стин Якобс тайлбарлажээ. Энэ оны хавар АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын үнэт цаасны үр ашиг гурван сарын хугацаатай засгийн газрын үнэт цаасыг бодвол бага дүнтэй гарчээ. Ийм нөхцөл байдал эдийн засаг унахаас өмнөхөн ажиглагддаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2007 онд тохиож байжээ.

АНУ-ын томоохон компаниудын санхүү хариуцсан захирлууд 2020 оны хоёрдугаар хагаст эдийн засаг буурч эхэлнэ хэмээн таамаглаж байна. Хөрөнгө оруулагчид банкны салбарт мөн сэтгэл түгшээсэн дохио гарсныг сэрэмжлүүлж эхлэв. АНУ-ын банкууд өнгөрсөн есдүгээр сард эргэлтийн мөнгөний хомстолтой нүүр тулсан тул Холбооны нөөцийн сан доллар яаралтай хэвлэж, эргэлтэд оруулах замаар байдлыг зохицуулав. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр яг ийм арга хэмжээ авч байсан юм.

Баррельд тавьсан хяналт

Улиран одож буй он газрын тосны салбарын хувьд хамгийн амжилттай жилүүдийн нэгт тооцогдож байна. Огцом үнийн хэлбэлзлийн үед ч нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ 55-70 ам.долларт хэлбэлзэж байв. Үнийн энэ түвшин нийлүүлэгчийн ч тэр, хэрэглэгчийн ч тэр санаанд нийцэж буй юм. ОПЕК+ гэрээ газрын тосны үнийг барихад гол үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээчид үзэж байна. Он гарснаас хойш эрчим хүчний түүхий эд нийлүүлэгчид нүүрс устөрөгчийн үйлдвэрлэлийн хэмжээг хоногт 1.2 сая баррелиэр тогтоон барьсан бол энэ сард ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тос олборлолтыг нэмж 500 мянган баррелиэр бууруулахаар тохирсон юм. Энэхүү гэрээнд оролцогчид эрчим хүчний зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлснээр газрын тосны үнийн огцом хэлбэлзлээс зайлсхийж чаджээ. Түүнчлэн, газрын тосны томоохон олборлогчид болох Иран, Венесуэлийн эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээ газрын тосны үнэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэв. Нэгдсэн Улсын хязгаарлалт дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийг буурахад хүргэж, өнгөрсөн хавар нэг баррель газрын тосны үнэ 70 ам.доллароос давж байсан юм. Есдүгээр сард дэлхийн хамгийн том эрчим хүчний компани Саудын Арабын “Saudi Aramco”-д халдлагад өртсөн нь хөрөнгө оруулагчдыг цочролд оруулсан. Халдлагаас үүдэн тус улсад газрын тосны үйлдвэрлэл хоёр дахин буурсан хэдий ч Саудын Араб олборлолтоо хурдан хугацаанд сэргээж, зах зээлийн тоглогчдын санааг амраасан юм. Үүгээр барахгүй “Saudi Aramco” түүхэндээ анх удаа хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалав. Гурван жил хүлээсэн хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн үнэтэй компанийн хувьцааг богино хугацаанд худалдан авсан. Тус компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.доллароос давж, Apple, Microsoft, Alphabet, Amazon компаниудыг ардаа орхив.

Европын дээр хуралдсан үүл

Худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь Европын улс орнуудад ихээхэн цохилт өгөх. Европын Холбооны ДНБ 1.2 хувь болж буурлаа. Судалгааны “IHS Markit” агентлагийн шинжээчдийн үзэж буйгаар, дэлхийн автомашины зах зээл хумигдаж, Их Британи ЕХ-ноос гарах асуудлыг тойрсон тодорхойгүй байдал Европын холбооны үйлдвэрлэгчдэд ноцтой дарамт үзүүлжээ. Ялангуяа тус бүс нутгийн Итали, Герман зэрэг гол тоглогчдод сөрөг үр нөлөө нь хүчтэй мэдрэгдэв. ЕХ-ны гишүүн орнуудад үзүүлэх Италийн нөлөө бага байдаг бол Германы эдийн засгийн асуудал ЕХ даяар хямрал үүсгэх нөлөөтэй.

Мэхний тоглоом

2019 оны дунд үеэс эхлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжин болон Европын худалдааны түншүүдээ илэрхий хурц шүүмжлэх болсон. Бээжин, ЕХ-г валютын ханшаар тоглож байна гэж байнга буруутгах болов. 2019 оны эхний аравдугаар сард юань, еврогийн ам.доллартой харьцах ханш дөрөв болон таван хувиар тус тус суларсан. Энэ нөхцөлд ЕХ, БНХАУ-ын зах зээл дээр Америкийн барааны үнэ өсөж, Хятадын болон ЕХ-ны барааны үнэ АНУ-ын зах зээл дээр эсрэгээр буурдаг байна. Ингэснээр Европын болон Хятадын үйлдвэрлэгчдийн хувьд худалдааны давуу байдал үүссэн юм. Үүний хариуд АНУ-ын Холбооны нөөц сан сүүлийн арван жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулав. Үүнийг дагаад Европ, Хятад, Энэтхэг, Бразил, ОХУ болон бусад улсын төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн юм.

Сэтгэл түгшэх шалтаг

Энэ он гарснаас хойш Олон улсын валютын сан 2019 онд дэлхийн ДНБ-ний өсөлтийг 3.7-оос гурван хувь хүртэл мэдэгдэхүйц бууруулсан. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд ирэх жил нэмэгдэнэ хэмээн найдаж буй ч шинжээчид өөдрөг бус байр суурьтай байна. Дэлхийн эдийн засаг удаашрахын сацуу хөгжилтэй улс орнууд үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийн бууралтыг зогсоож чадахгүй байна. Мөргөлдөөн, маргаан хурцдаж, худалдааны алдагдал нэмэгдэж, олон улс оронд улсын өрийн хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг сэтгэл түгшэх шалтаг мундахгүй байна хэмээн шинжээчид анхааруулж байна. 2020 онд дэлхийн ДНБ-ий өсөлт буурч, санхүүгийн зах зээлд огцом хэлбэлзэл үүсэхийг үгүйсгэхгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top