Капиталд “залгиулсан” 56 тэрбумаас Хөгжлийн банк сургамж авчээ

2019 оны 12 сарын 27

Арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй, боломжгүй төсөл, хөтөлбөрүүдэд хүрч ажиллах ёстой Хөгжлийн банкийг саар мэдээллүүд дагаж ирсэн нь чанаргүй зээлийн хэмжээтэй нь шууд холбоотой. Тэгвэл Хөгжлийн банкны толгойны өвчин болсон  муу зээлийн багцын  90-ээс дээш хувь нь 2012-2016 оны хооронд олгогдсон гэж Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин тодотгож байна.

Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хүлээж аваад зургаан сар болж буй тэрбээр томилогдсоноосоо хойш гурван чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэв. Тухайлбал, Хөгжлийн банкны улс төрөөс хараат бус байдлыг бэхжүүлэх, банкны ашиг ажиллагааг нэмэгдүүлэх, зээлийн багцын чанарыг сайжруулахад анхааран ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаа аж. Үүнээс өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг, пассив 3.2 их наяд төгрөг байна.

Хөгжлийн банкнаас долоодугаар сард мэдээлэл хийхдээ зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулж, Чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчилнэ. Зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгож, нэгдсэн удирдлага, менежментээр ханган ажиллана гэж байв. Тэгвэл өчигдөр /2019.12.27/ Г.Амартүвшин захирал хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ Зээлийн хяналтын тусгай активын хэлтсийг шинээр байгуулан ажиллаж буйгаа дуулгалаа. 704 тэрбум төгрөгийн төлбөрийн зөрчилтэй 22 зээлдэгчийн зээлийг барагдуулахаар ажиллаж байгаа аж. Үүнээс одоогийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлж, найман зээлдэгчийн 662 тэрбум төгрөгийн  зээлийг  прокурорын байгууллагад шилжүүлэн, хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. 14 зээлдэгчийн 45.9 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн асуудал шүүх дээр очсоноос 11.6 тэрбум төгрөгийн  зээлийг төлүүлэх шатанд байгаа аж. Нийт 353 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилсөн байна. Өөрчлөх болсон шалтгааныг нь тодруулбал, бизнесийн үйл ажиллагаа явагдаж буй нь мөнгөн урсгалаар баталгаажиж буй зээлдэгчид тодорхой хугацааг өгч, дэмжиж,  зээлийг эргэн төлүүлэх бодлого барьж буй аж. Төлбөрийн зөрчилтэй зээл болгоныг шүүхэд өгөөд байхгүй, төлөхгүй гэж байгаа нөхдийг л шүүхэд өгч байгаа гэв. Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хүлээж аваад ирэхэд банк нь их данхар бүтэцтэй харагдсан гэж Г.Амартүвшин хэлж байсан. Түүнчлэн орон тооны давхцал байсан учраас 157 ажилтныг 140 болгож бууруулсан. Үйл ажиллагааны зардлаас 3.1 тэрбум төгрөг хэмнэсэн, чиг үүргийн давхцал байсныг шийдвэрлэж ажилласан гэж ярилаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа том зургаараа бол эдийн засгийг төрөлжүүлэх, гаднаас орж ирсэн валютыг шингээж үлдээх зэрэг том асуудлуудад томоохон оролцоотой байх ёстой. Нийт зээлийнх нь 60-аас дээш хувь экспортыг дэмжсэн байх ёстой гэхчлэн үйл ажиллагааны чиглэл бий. Үнэндээ бол энэ мэт том зорилгуудаа анх байгуулагдсан цагаасаа гажуудуулсан бараан жишээ олонтой. Хөгжилд хөтлөх хөтөлбөрүүдийг биш арилжааны банкуудыг эх үүсвэрээр хангаад байна гэх шүүмж дагаж ирсэн. Тэгвэл Г.Амартүвшин захирал энэ сэдвийг ч хөндөж байсан. Дамжуулан зээлдүүлэх хөтөлбөрийн хүрээнд  Капитал банкинд 56 тэрбум төгрөг  байршуулаад эрсэдсэн. Тиймээс үүнээс сургамж авч байгаа гэв. Тухайлбал,  тавдугаар сарын сүүлийн байдлаар арилжааны банкуудад байршуулсан мөнгөний 34 хувь нь барьцаагүй  байсан бол одоо 15 хувь болж буурсан байна. Эдийн засагт шаардлагатай санхүүжилтийг олгох үүднээс зээл олголтод  анхаарч ажиллаж байгаа аж. 2018 онд баталсан Ноолуур хөтөлбөрийн санхүүжилт энэ оны зургаадугаар сарын 1-н гэхэд олгогдоогүй байсныг яаралтай шийдэж, олгожээ. Түүнчлэн 2020 оны санхүүжилтийг нь ч хэрэгцээтэй цаг хугацаанд нь олгохоор ажиллаж байна гэлээ.

Нэмж хэдэн үг хэлэхэд, гаднын жишигт тулгуурлахын сацуу дотоодын нөхцөл байдлаа тооцон харж байж байгуулсан Хөгжлийн банк сонгодог утгаараа үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага бий талаар олон жил ярьж байгаа. Уг нь Хөгжлийн банк эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн гаднаас орж ирсэн хэдэм ам.долларыг буцаагаад гадагш нь урсгаад байдаггүй бүтцийг бий болгоход чухал нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж байх чиглэлтэй л дээ. Ийм үүрэг, чиглэлийг Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу хүлээсэн гэдгийг нь тодотгоё. Харин өнгөрсөн жилүүдийн тухайд Чингис, Евро гэхчлэн  бондуудын мөнгө зөв замаар орсон эсэх нь эргэлзээтэй байсан учраас нийгмээрээ Хөгжлийн банк руу хардангуй хардаг болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top