Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс сар тутмын макро эдийн засгийн тоймыг гаргадаг. Түүнчлэн 2019 оны арваннэгдүгээр сарын онцлох үзүүлэлтүүдийг тоймлосон байна. Сарын онцлох үзүүлэлтүүдийг дурдахаас өмнө олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн 2020 оны төлөвийг хэрхэн харж буйд анхаарал хандуулъя.
Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн төлөвтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн есдүгээр сард өгсөн билээ. Тус байгууллагын Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэхдээ “2020 оны эдийн засгийг өсөлтийг дөрөвдүгээр сард 6.3 хувь гэж таамаглаж байснаа 6.1 хувь болгож тооцоод байна” гэсэн юм. Гэхдээ 2019, 2020 онд эдийн засгийн өсөлт суларч өмнөх оноос яльгүй саарах ч эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдана гэж мэдэгдсэн.
Сануулахад, 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь гэж Азийн хөгжлийн банк тооцсон. Харин гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан билээ.
Тэгвэл Олон улсын валютын сангийн тооцооллоор Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурсан үзүүлэлттэй байгаа.
Тэгэхээр Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр тооцдог ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ энэ 2020 онд өндөр байх гэхээсээ тогтвортой байх нь манай тухайд чухал байна.
Түүхий эдийн ханшаас хамаарсан өөрийн гэсэн дархлаагүй манай эдийн засагт гадаад зах зээлийн нөлөөлөл жин дардаг. Таваарын зах зээлд бид ганцаараа бараатай нь биш. Нүүрсний зах зээлд гэхэд Австралиас гадна хойд хөрш бидэнтэй өрсөлдөж, өмнөд хөршийн зах зээлд байр сууриа олж, манайхны төсөвтөө тусгасан тоог үнэгүйдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
За мэдээж эдийн засгийн төлөв байдлын суурь болох өчигдрийн үзүүлэлтүүд маргаашийн нөхцөл байдлыг тодорхойлох учраас арваннэгдүгээр сарын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг одоо хүргэе.
Төсвийн орлого 17.7 хувиар нэмэгдэв
Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх жилийн мөн үеэс 17.7 хувиар, зарлага 15.5 хувиар тус тус нэмэгдсэн бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 486 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Төсвийн тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 220 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Ерөнхийдөө 2019 оны хувьд төсвийн үзүүлэлтүүд ая таатай байсан. Харин энэ оны тухайд шүүмж дагуулсан өндөр зарлагатай, орлогын эх үүсвэр эрсдэлтэй төсөв хэрэгжиж эхэлж буй. Товчхондоо бол эдийн засгийн салбар бүрт өгөөжтэй төсөв үү эсхүл түр хугацааны хөөс үүсгээд хагарах бодлогогүй зарлагууд уу гэдэг нь удахгүй тоон үзүүлэлтүүдээр харагдах биз ээ.
Ам.долларын ханш жилийн өмнөхөөс 4.8 хувиар чангарав
Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш 2735.88 байна. Тэгвэл арваннэгдүгээр сарыг тухайлан авч үзвэл Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 123 төгрөг буюу 4.8 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 27 төгрөг буюу 1 хувиар, өмнөх улирлаас 1.3 хувиар өсөж, 2705.26 төгрөг болжээ. Арваннэгдүгээр сард гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн сараас 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар, оны эхнээс 13.1 хувиар тус тус өслөө.
Инфляц 5.2%
Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх сараас 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар, оны эхнээс 4.6 хувь өсөв. Ингэж өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундаа, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл 1472 сая.ам доллар
2019 оны арваннэгдүгээр сард нийт барааны эргэлт 12639 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн бол экспорт өмнөх сараас 8.8, импорт өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж гадаад худалдааны тэнцэл 1472 сая ам.долларын ашигтай гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )