Бид Оюутолгойн гэрээн дэх өөрсдөдөө ашиггүй зүйл, заалтуудыг засаж залруулах санаачилга гаргах эрхээ эдлэх тухай олон жил ярилаа. Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг баталснаар эерэг хүлээлт үүсээд байгаа. Төслийн гол эрх мэдлийг атгаж буй хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”-ийн зүгээс Монгол Улсын Их Хурлын тогтоолыг эерэг хүлээж авч буйгаа 2019 оны сүүлээр мэдэгдсэнийг сануулъя.
Оюутолгой төсөл эдийн засгийн эргэлтэд орсноор Монголын эдийн засагт томоохон нөлөөлөл үзүүлсэн хэвээр байгаа ч төслөөс дунд болон урт хугацаандаа хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд одоо л алхам хийх ёстой.
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлээр Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх 8 чиглэлийн ажлыг Засгийн газарт даалгасныг сануулъя.
Учир нь Засгийн газар 2020 онд дараах даалгаврыг хэрхэн биелүүлэхээс өнгөрсөн 10 жилд талцаж ярьсан сэдэвт шийдэл дагуулах учраас тодотгон өгүүлж байгаа юм.
ЗАСАГТ ӨГСӨН ДААЛГАВАР
Тэгэхээр төслийн нийт үр ашгийн 53 хувиас багагүй хэмжээний ашгийг бид өөрсдөдөө наахын тулд 10 жилийн турш ярьсан 34 хувийн асуудлаа эргэн харж, шийдвэрлэх хэрэгтэй болж байна.
Гэрээг байгуулсан Засгийн газрыг удирдаж асан Санжийн Баяр төслийн 34 хувийг Засгийн газар эзэмшсэн нь өнөөдрийн зовлонгийн шалтгаан болоод буй тухай өгүүлсэн байсан. Яг л өнөөдрийн хэлж ярьж байгаа шиг татвар, роялти хэлбэрээр ашгаа хүртээд байсан бол Монголын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад эргээд төлөх өрийн асуудал яригдахгүй байх байсан гэж тэрбээр хэлсэн. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн заалтаа л дагаж 34 хувиа өрөөр санхүүжүүлэх гэрээг байгуулсан гэж тэрбээр тайлбарладаг.
Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал таван тэрбум ам.доллароор тооцогдсон ч хоёр тэрбумаар хэтрүүлсэн нь Монголын Засгийн газрын хувьд нүдээ аниад өнгөрч боломгүй асуудал байсан. “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эзэмшиж буй “Эрдэнэс Оюу толгой” ХХК нь хэтэрсэн зардал бүрийн 34 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээчихсэн учраас зардал нэг ам.доллароор хэтэрсэн ч бидэнд чухал хамаатай байдаг.
2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан асуудлуудыг харвал, “Рио тинто” групп нь “Оюу толгой” ХХК-д стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, менежментийн үйлчилгээний төлбөр авна. Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно.
Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана. Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байгаа юм. Тэгэхээр төслийг санхүүжүүлж гаднаас орж ирж буй мөнгөний өсөлтийг бид анхаарахгүй, хайхрахгүй байх боломжгүй. Засгийн газар өрийг хүүтэй төлөх тийм л тохироо хүчин төгөлдөр байгаа.
Сануулахад, Оюутолгойн гүний уурхайн Үйлдвэрлэлийн амын барилгын ажил дууссаныг тэмдэглэх арга хэмжээ өнгөрсөн сарын 13-нд болсон билээ. Барилгын ажил дууссан ч бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаа болон санхүүжилт шаардлагатай. Компанийн зүгээс өгч буй мэдээллээр туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, холбогдох зөвшөөрлүүдийг авснаар Үйлдвэрлэлийн ам бүрэн ашиглалтад орох юм.
Тэгснээр илүү олон хүн, материал, тоног төхөөрөмжийг гүний уурхай руу тээвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэнэ. Илүү их хэмжээний чулуулгийг гүний уурхайгаас гаргаж, хүдрийн биетэд нэвтрэх боломжийг ахиулна гэсэн мэдээллийг өгч буй. Түүнчлэн гүний уурхайн ажлуудыг урагшлуулахын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн мэдээллийг удаа дараа өгч байгаа.
Тэгвэл 2020 онд Оюутолгой төслийн уурхайн тоног төхөөрөмжийн зардал хэдий хэмжээнд байхыг энэ сард багтаан зарлана гэдгээ төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”-ийн зүгээс мэдэгдээд байна. Мөн төслийг ирэх оны нэгдүгээр улирал хүртэл буюу нэг жилийн хугацаанд санхүүжүүлэх боломжтой, түүнээс хойшх санхүүжилтийн хувилбаруудыг судалж, Рио Тинтотой хэлэлцэнэ гэдгээ мөн мэдэгдээд байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний 9.8 дахь заалтад хөрөнгө оруулалтын хэлбэрийг зааж өгсөн болохоос түүний эх үүсвэрийг зааж өгөөгүй гэж Сангийн сайд асан С.Баярцогт тайлбарласныг энд сануулъя. Товчхондоо бол төслийг хэнээс ч хаанаас ч өрөөр санхүүжүүлэх боломжийг гэрээний дагуу хөрөнгө оруулагчдад олгосон гэсэн үг. 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авсан. Мөн төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг. Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байгаа.
Мөн уг хэлцлээр гүний уурхайн бүтээн байгуулалтад жил бүр зарцуулах тойм дүнг тогтоосон байдаг. Эдгээрийг дурдахын учир нь далд уурхайн санхүүжилтийн зардлын өсөлтийг өнөөдөр үйлчилж буй хууль болоод гэрээний хүрээнд бол манай тал хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Зардал хэтрэх болгонд нийт өрийн 34 хувь нь хүүтэй хамт бодогдон бидний нуруун дахь ачааг хүндрүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Оюутолгойд хөрөнгө оруулалтаар орж ирсэн арав давсан тэрбум ам.доллар манай гадаад өрд бүртгэгдэж байгааг дурдахад илүүдэхгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 1 )
34% -аа 20 тэрбумаар зарлаа авах улс бна гэнэ\n