Хавар боодол өвс 15 мянган төгрөгт хүрэх хүлээлт үүсжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Одоогоос хоёр жил гаруй хугацааны өмнө л нэг боодол өвс таван мянган төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Улаанбаатар хотод 21 аймгаас ирэх өвс, тэжээлийн төвлөрсөн худалдааны хоёр цэг бий. Өнгөрсөн баасан гарагт Сонсголонгийн зам дагуух төвлөрсөн худалдааны цэгийг зориход өвс, тэжээл овоолоостой харагдах том тэргүүд нэг ч үзэгдсэнгүй. Тиймээс хуучин 22-ын товчооны ойролцоох өвс, тэжээлийн төвлөрсөн худалдааг зорилоо. Энд 21 аймгаас тэр дотроо ихэвчлэн Төв, Сэлэнгэ, Дорнод аймгаас ченжүүд ирж зогсдог байна. Малчдын хувьд намрын есдүгээр сараас арваннэгдүгээр сар, хаврын гуравдугаар сараас дөрөвдүгээр сард өвс, тэжээл, овьёос, будаа, хивэг зэрэг малын тэжээлийг ихээр бэлддэг. Идэр есийн хүйтэн үргэлжилж байгаа энэ өдрүүдэд өвс, тэжээлийн төвлөрсөн худалдааны төвийг зорин ирэх малчид ховорхон байлаа. Ихэнх малчин өвлийн бэлтгэлээ хэдийн хангасан байдаг учраас тэр шүү дээ. Гэсэн хэдий ч малын тэжээлийн үнийг сурвалжлахад энэ үе яг тохирдог. Хаврын хатуу цагт тэжээлийн үнэ нэмэгдэх эсэх төлөв байдал өдийд үзэгдэж эхэлдэг гэдгийг малчид, ченжүүд хэлж байна. Хуучин 22-ын товчооны ойролцоох өвс, тэжээлийн төвлөрсөн худалдааны цэгт 20 гаруй ачааны машинд өвс болон ногоон тэжээл хураалгаастай. Малчин айлын өвлийн хот, бууцыг санагдуулам энэ газар үнэхээр эл хуль байлаа. Ганц нэгхэн малчин л өвс, тэжээлийн үнэ сураглана. Үлдсэн хүмүүс нь дан ченжүүд.

Тус төвлөрсөн худалдааны төв дээр 10 гаруй жил худалдаа эрхэлж байгаа хэмээн өөрийгөө танилцуулсан эрхмийн хувьд ногоон тэжээлээ боодлыг нь 12 мянган төгрөгөөр зарж байгаа гэнэ. Харин энэ хавийн өвсний үнэ дунджаар 7000-12 мянган төгрөгийн үнэтэй л байгаа даа гэх юм. Тэрбээр “Ногоон тэжээлийг хүнсний ногоо шиг тариалангийн талбайд тарьж, арчилж ургуулдаг. Иймээс өвснөөс илүү үнэтэй. Манайхан сүүлийн үед их тарьдаг болжээ. Хурдан морьтой хүмүүс авч морьдоо тэжээнэ. Үхрийн сүүний гарцад сайнаар нөлөөлдөг гээд өгч байна. Ургацаасаа хамаараад заримдаа гурваас дөрвөн мянга, заримдаа 10 мянган боодол ч ногоон тэжээл талбайгаас авах нь бий” гэв.

Өвс, тэжээлийн төвлөрсөн худалдааны цэг дээр мэр сэр ногоон тэжээл зарах хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгджээ. Ченжүүдээс өвс, тэжээлийн үнэ, чанарыг сураглахад ам уралдан хэлцгээх, нэгнээсээ урьтаж зарах гэсэн, зарим талаар жаахан “давсалж” ярих хүмүүс ч байх юм. “Олон ширхгээр өвс, тэжээл авбал ганц хоёр мянган төгрөг татаж болно. Яг одоо бол худалдан авалт бага байна. Хавар өвс, тэжээл ховордвол үнэ нэмэгдэнэ. Энэ жил өвс, тэжээл ховор байгаа. 2009 оны зуднаар өвс, тэжээл хамгийн өндөр үнэдээ буюу 15 мянган төгрөгт хүрч байсан” гэдгийг Сэлэнгэ аймгаас ирж өвс, тэжээл борлуулдаг ченж хэлэв. Дархан-Уул аймгийн малчин С.Дорж “Өвсний өнгө болон бүдүүн нарийнаас тэжээллэг чанар нь хамаардаг. Зун эрт хадсан буюу наймдугаар сараас есдүгээр сарын 15 хүртэл хадсан өвс сайхан ногоон өнгөтэй гардаг. Үүнээс хойш өнгө нь цагаан алаг болдог. Тэгээд л өвс авахдаа өнгийн харахаас гадна ширхэг харна. Нарийн байх тусмаа л аятайхан. Энүүгээр янз бүрийн л өвс байна шүү. Боодол өвсийг 10 мянган төгрөгөөр авчих л юм байна” хэмээлээ. Ер нь өвс, тэжээлийн төвлөрсөн цэгээс 21 аймгийн малчид ирж худалдан авалт хийдэг байна. Улаанбаатар хоттой ойрхон гэвэл “Шувуун фабрик”, “Өлзийт”, “Партизан” зэрэг газруудаас малчид ирж авдаг гэнэ. Ченж нарын хувьд “Энэ хавар өвс ховордоно. Удахгүй нэг боодол өвс 15 мянгад хүрэх байх” хэмээн дуу нэгтээ хэлээд байх юм.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг боодол өвс 2000-4000 мянган төгрөг, жамц давсны үнэ хоёр нугалж нэмэгджээ. Энэ байдлаараа хаврын хатуу цагт малын тэжээлүүдийн үнийг малчид дийлэхээргүй болох нь ээ

Би ч Сонсголонгийн зам дагуух өвс, тэжээлийн төвлөрсөн цэгт худалдаа гараагүйг өвс ховордохтой холбон бодож байлаа. Учир нь өнгөрсөн жил өвс, тэжээл 6000-8000 төгрөгийн үнэтэй л байсан. Хаврын үнэд ордог үедээ дээд тал нь 10 мянган төгрөг хүрч байсан гэдэг. Гэтэл одоо дундаж нь 10 мянган төгрөг гэхээр 20-40 хувиар үнэ нэмэгджээ. Худалдан авалтын хувьд намар, хаврын эрэлт ихтэй үедээ 2000-4000 боодол өвс, тэжээл зарагддаг бол одоо өдөрт 500-1000 боодол өвс, зарим өдөрт бүр 200 боодол өвс, тэжээл л зарагдаж байгаа юм байна. Өвс, тэжээлийн төвлөрсөн цэгийн ойролцоо дэлгүүрд нэг боодол өвсийг 10 мянган төгрөгөөр, Дорнодын 30 кг овьёосыг 18 мянган төгрөг, 40 кг савлагаатай тэжээлийн будааг 32 мянган төгрөг, “Атар” хивэг 14 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Тус цэг дээр өвс, тэжээл зарах гэж байгаа бол газар хариуцсан эзэнтэй нь уулзаад түрээс таваас 10 мянган төгрөгийг төлдөг гэнэ. “Хариуцсан хүн нь долоо хоногт нэг удаа ирдэг учраас орон нутгаас ирсэн машинууд эндээ зогсож байгаад хэд хоносон түрээсээ төлж болно” хэмээн зарим ченж хэлж байна. Улаанбаатар хотын хувьд өвс, тэжээлийн үнэ иймэрхүү байхад хотоос алслагдсан аймгуудын нэг болох Завханд өвс 13-14 мянган төгрөг, тэжээл 15-16 мянган төгрөгт хүрсэн байна. “Өвс, тэжээлээ хотоос зөөж авчирч байгаа ченжүүдээс авахаар өндөр үнэтэй байдаг. Бензин, тээврийн зардал ороод ийм үнэтэй болчихдог. Тэглээ гээд сум, орон нутгаасаа бэлтгэж, хадаж байгаа хүмүүс цөөхөн. Олдоц муу” гэдгийг Завхан аймгийн малчин Б.Мөнхбаяр хэллээ. Үнэхээр өвс, тэжээл ховордоод, үнэ нэмэгдчихвэл өвөлжилт асуудалтай болж байгаа аймгуудад Засгийн газрын нөөц сангаас өвс, тэжээл, хөнгөлөлт, урамшуулал зэргийг олгодог.

Жишээлбэл, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж аймаг тус бүрт 50 сая төгрөг, Дундговь, Өвөрхангай, Төв аймагт 1710 тонн өвсийг улсын нөөцөөс үнэгүй олгож, 1370 тонн тэжээлийн үнийг нь 50 хувь хямдруулж олгох зэрэг зохицуулалтыг Засгийн газраас хийж байсан юм.

 

ХИВЭГ 12500-15000, ОВЬЁОС 28000-34000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙЛАА

Цааш бид өвс, тэжээлийн төвлөрсөн худалдааны хашаанаас гараад зүүн тийш “5 шар”-ын “Энхжин” худалдааны төвөөс эхлээд зам дагуу байдаг овьёос, хивэг, будаа зардаг цэгүүдээр орж, үнэ сонирхлоо. Хамгийн зүүн захад байрлах худалдааны цэгт 40 кг савлагаатай орос овьёос 34 мянган төгрөг, 25 кг орос овьёос 28 мянга, “Алтан тариа” үйлдвэрийн хивэг 25 килограммтай нь 15 мянга, адил хэмжээний орос хивэг 13 мянган төгрөгийн үнэтэй байв. Үнийн тухайд худалдагч Г.Эрдэнэгомбо “Бөөндөж их хэмжээгээр авбал 500-1000 төгрөг татаж болно. Өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэ жаахан нэмэгдсэн. Иргэд орос, монгол аль алинаас нь л авдаг. Ойрд худалдан авагч цөөн ирж байна. Кантнерт хадгалдаг. Улирал хамаарахгүй зардаг. Халуун, хүйтнээс болж овьёос, хивэг муудна гэсэн юм байхгүй” гэлээ. Биднийг очих өдөр худалдан авагч цөөн байсан учраас “Худалдаа хийх хүн ирэх нь үү” гэж хэсэг хүлээлээ. 20 минут орчим хүлээсний дараа Д.Чанцал гэх иргэн хоёр шуудай хивэг авлаа. Тэднийх Өлзийт хороололд цөөхөн малтай. Хааяа сүү, тараг борлуулахаар хот орж ирдэг гэнэ. Түүнээс хивэг, овьёосны чанарын талаар тодруулахад “Монгол хивэг орос хивэгнээс илүү гурилын найрлага сайтай. Илүү чанартай. Тэгээд ч тэр үү үнэ ганц хоёр мянган төгрөгөөр илүү байдаг. Овьёос ч гэсэн идээнээсээ шалтгаалаад, хог, хаягдал багатай бол зүгээр” гэсэн юм. Энэ хавиас баруун зүг рүү малын тэжээл борлуулдаг цэгүүд үргэлжилнэ. Эндээс 22-ын товчоогоор орж, ирдэг бүх аймаг болон Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймгаас ирэх малчид худалдаа их хийдэг байна. Жингээсээ хамаараад гурван төрлийн орос овьёос зарж байлаа. 35 кг нь 28 мянга, 40 кг нь 30 мянга, 50 кг нь 34 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Малд өгдөг будааны хувьд хар үртэй болон цэвэр будаа гэж хоёр төрөл байгаа аж. 40 кг хар үртэй будаа 27 мянган төгрөг, цэвэр нь 34 мянган төгрөгийн үнэтэй. Орос болон “Улаанбаатар”, “Хурх”, “Ургац”, “Алтан тариа” үйлдвэрийн хивэг 12500-14500 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Худалдагч Х.Барсхүү “Нэг тоннд 40 ширхэг овьёос, хивэг багтдаг. Үүнээс дээш тооны бүтээгдэхүүн худалдаж авбал хэдэн төгрөг татаад өгнө. Бид үйлдвэрээс аваад ширхгийн үнэ дээр 1000 төгрөг нэмж зардаг. Бөөндөж авбал ширхэг тус бүрээс 500 төгрөг хасаад өгнө. Одоо өвөлжилт жаахан хүнд байгаа аймгуудын малчид цөөхөн тоогоор малын тэжээл авахаар ирж байна. Эсвэл хөдөө байгаа эцэг, эхээ зорих хүмүүс бага багаар авч байна. Энэ үеэр бөөндөж авах нь ховор доо. Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Дундговь аймгийн малчид тэжээл их авч байна. Нутагт нь эндээс үнэтэй зардаг. Учир нь хивэг, тэжээлийг хотоос үйлдвэрээс нь аваад бензин, тээвэрлэлтийн хөлсөө шингээхээр аймаг, суманд нь илүү үнэтэй очдог. Тиймээс хот руу орж ирж байгаа малчид аль болох эндээс тэжээлээ аваад буцахыг зорьдог. “Энхжин”, “Нарантуул” зэрэг худалдааны төвд хивэг, овьёос зарж байгаа хүмүүс үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд захиалаад зардаг учраас иймэрхүү худалдаа хийж байгаа хүмүүсийн олонх ченжүүд байгаа. Малчид үйлдвэр гэхээсээ илүү ченжүүдээс л худалдан авалт хийдэг” гэлээ. Биднийг ярилцаж байх үеэр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин зургаан шуудай хивэг авлаа. Тэрбээр “Орос, монгол хоёр төрлийн хивэг байна. Монголд үйлдвэрлэсэн “Алтан тариа” үйлдвэрийн хивэгнээс 14500 төгрөгөөр зургаан шуудайг авлаа. Энэ жил үнэтэй байна. Өнгөрсөн жил нэг шуудай хивэг 10-11 мянган төгрөг л гэж байсан. Манай сумаар цас их, хүйтэн, шуургатай байгаа. Манайх өвлийн бэлтгэлээ хангасан ч гэсэн хот, сумын хооронд явах далимдаа хивэг авдаг. Будаатай хольж үхэр, адуундаа өгнө. Малын тарга сайхан байна. Энэ зуны хувьд харьцангуй сайхан зун боллоо” гэж хуучлав.

Тэгвэл хивэг, овьёосны худалдаа эрхэлж байгаа хүмүүсээс “Үнэ нь яагаад нэмэгдсэн бэ” гэж асуухад “Үнийг үйлдвэрүүд л тогтоодог. Бид зоргоороо үнэ нэмэхгүй” хэмээн хэлцгээж байв. Намрын эрэлттэй саруудад нэг цэгээс гэхэд өдөрт таваас 10 тонн хүртэл хивэг гардаг байсан өдийд өдөрт 20 шуудайгаас хоёр, гурван тонн буюу ихдээ 60-70 ширхэг хивэг зарагдаж байгаа аж. Хивэг, овьёос гүйлгээ сайтаагаас гадна жамц давс, долооц зэрэг малын тэжээлийг борлуулдаг. Жишээлбэл, таван килограмм хэмжээтэй долооц 5000 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Долооц бол уураг, кальци, фосфор, магни, цайр, төмөр, натри гэсэн шим тэжээлийг дотроо багтаасан үйлдвэрийн технологиор Монголын эрдэмтдийн гаргаж авдаг бүтээгдэхүүн юм. Харин малд эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол жамц давс. Жамц давсыг Увс аймгийн нутаг дахь Давст уулнаас олборлодог. Энэ жилийн хувьд жамц давс их ховордсон учраас бараг зарагдаж харагдахгүй байв. Өнгөрсөн жил энэ хавьд нэг килограмм жамц давсыг 450 төгрөгөөр бөөндөж аваад 600 төгрөгөөр зардаг байжээ. Энэ жил 1150 төгрөгөөр худалдаж аваад 1300 төгрөгөөр зарж байгаа аж. 100 килограммаас дээш жамц давс авбал 1200 төгрөг болж хямдардаг гэнэ. Хотыг зорин ирэх малчдын хувьд жамц давсны үнэ нэмэгдсэнийг гайхах ч багаар ч болов худалдаж аваад явж байгаа аж. Энэ талаар нэгэн худалдагчаас тодруулахад “Малтай хүн болгон л жамц давс авдаг гэж хэлж болно. Бид нар таньж мэдэх хүмүүсээс гуйж гувшиж байж л бага хэмжээний давс авч байна. Өнгөрсөн жил 10-20 тонноор нь авдаг байсан бол саяхан хоёр тонн жамц давс л олдлоо. Хүмүүсээс сураглахад жамц давсыг нааш гаргахгүй байгаа бололтой. Давст уулыг нь зарим эрх мэдэлтэй хүмүүс өмчлөөд авчихсан. Уулны талыг нь япончууд авчихсан ч гэж хэлэх нэгэн байх юм. Учрыг нь сайн олохгүй байна” хэмээлээ. Монгол Улс 66.2 сая толгой малтай ч малын мах, малыг тэжээх тэжээлийн үнэ хавар болохоор л нэмэгддэг нь уламжлал мэт болчихжээ. Ялангуяа энэ жилийн хувьд малын өвс, тэжээл, овьёос, хивэг, будаа, жамц давсны үнэ огцом нэмэгдэж байгааг юутай холбож ойлгох вэ. Ямартаа ч энэ асуудалд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас эхлээд анхаарч малчдаа хямд бүтээгдэхүүнээр хангахыг эрмэлзээсэй. Ганцхан жилийн өмнөхөөс хэдэн зуу эсвэл хоёроос гурван мянган төгрөгөөр нэг ширхэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь зөв үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top