-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хойш 1 тэрбум 230 сая орчим ам.доллар шилжиж орж иржээ-
ОУВС-гийн хөтөлбөр дууссаны маргааш бид хаачих вэ! гэдэг асуудлыг манай сонин өмнө нь хөндөж байсан билээ. Тэгвэл хаачихаа шийдэхийн тулд эрх баригчид ОУВС-тай ойлголцох шаардлага нэгэнтээ тулжээ. Гучин жилийн дотор зургаан удаа тэдний дэмжлэгийг авч өндийсөн Монгол Улс дараагийн гучин жилд доноруудын дэмжлэггүйгээр урагшлах бодит боломж бий юу гэдэг асуулт хамгийн эхэнд тавигдаж таарна. Эдийн засгийн нөөц баялаг, эх үүсвэр хангалттай байлаа ч тэрийгээ ончтой, ухаантай засаглаж дадтал биднээс багагүй хугацаа шаардах болов уу. Байсхийгээд л сэхээний тасагт ороод гардаг Монгол Улс ужиг өвчнөө таягдахын тулд улс төр, эдийн засгийн талаас суурь чанартай өөрчлөлтүүдийг хийх ёстой. 1990 оноос 2000 он хүртэлх 10 жилийн хугацаанд манай улс ОУВС-гийн хөтөлбөрт гурвантаа хамрагдаж байв.
Харин сүүлийн 20 жилийн хугацааг харахад 2001-2005 онд, 2009-2010 онд, 2017-2020 онд тэдний хөтөлбөрт хамрагдаж байна. Тэднээс санхүүжилт авахын сацуу эрх мэдлээ хуваалцсан хугацааг жилээр нь тооцож харвал сүүлийн 30 жилийн тэн хагаст буюу 15 жил нь байгаа юм. Тэгэхээр энэ тооны харьцааг дараагийн 30 жилд бууруулахын тулд, эдийн засгийн дархлаатай байхын төлөөнөө Монгол Улсад хийх ажил их байна. Түүнчлэн болохоо байхаараа гуйж байгаад тусламж авдаг ОУВС-гийн бодлогын дэмжлэгийг алдахгүй байх нь чухал юм.
Өнгөрсөн баасан гарагт ОУВС-гаас байр сууриа илэрхийлсний дараа хөтөлбөр ингээд зогсох нь гэсэн мэдээлэл мэдээллийн хэрэгслүүдээр, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олон сая ам.долларын урсгал зогсох нь гэхчлэн бичлээ л дээ. Тэгвэл бодит байдал дээр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэд хэчнээн төгрөгийн санхүүжилт Монгол Улсад орж ирээд байгаа вэ. Цаашид ам.доллар орж ирэх боломж ер нь бий юу. 2017 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний санхүүжилт авахаар тохирсон бэ гэдэг асуултуудад хариулт хэрэгтэй болж байна. Тэдгээр тоонуудыг хүргэхийн өмнө тухайн үед ОУВС-тай хөтөлбөр байгуулах хэлэлцээрт сууж байсан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы үгийг эшлэе.
Тэрбээр “ОУВС-тай хийсэн уулзалт, хэлцэл маш хүнд байдалд байсныг энд онцлох нь зүйтэй. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохоос өөр сонголт байгаагүй. ОУВС-гийн ажлын хэсэг гурван сар тутамд Монголд ирж, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг, амлалтыг биелүүлээгүй тохиолдолд хөтөлбөрийн үнэлгээ эцэслэж, ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, эх үүсвэр орж ирэх ажил хойшлоход хүрнэ. ОУВС-гийн шийдвэрийг бусад донорууд, рейтинг тогтоогч байгууллагууд, хөрөнгө оруулагчид бүгд анхааралтай харж, өөрсдийн шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, бусад доноруудын хөтөлбөрийн хүрээнд тохирсон санхүүжилтүүд хойшлоход ч нөлөөлөх үр дагавартай юм. Иймд хөтөлбөрийн хэрэгжилтийг ягштал биелүүлж явах асуудал чухал” хэмээн өнгөрсөн жилийн зургаадугаар сард ярьж байсан юм.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОУВС-гаас ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон. Бусад түншүүд болох Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон Улс, БНСУ төсвийн болоод төслийн дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын банк Монголбанктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрсөн юм.
Тэгснээр нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж буйг ОУВС-гийн зүгээс мэдэгдэж байсан билээ. Ингэхдээ эрх баригчид эдийн засгийн хүндрэлийг хүлээн зөвшөөрч, эдийн засгийг сэргээх хөтөлбөр боловсруулан, өнгөрсөн хугацаанд баримталсан бодлогоос үндсэндээ татгалзаж, ОУВС-д хандан дэмжлэг хүссэн хэмээн албан ёсны мэдэгдэлдээ тодотгож байсан.
Тэгвэл өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсад хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний санхүүжилт шилжиж орж ирснийг харвал 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. Харин 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэх хүлээлттэй байснаас 300 гаруй сая ам.доллар орж ирсэн гэдгийг өдгөө Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэн 2019 оны нэгдүгээр сард хэлж байв. Тэгвэл 2019 оны тухайд 700 сая ам.долларын санхүүжилт орж ирэх хүлээлттэй байсан ч оны сүүлийн арванхоёрдугаар сард Азийн хөгжлийн банк 100 сая ам.доллар, 2020 оны нэгдүгээр сарын эхээр Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар орж ирсэн байгаа юм.
Уг нь Дэлхийн банкны санхүүжилтийг дагаж манай хамгийн том донор болох ЖАЙКА-гаас 280 сая ам.доллар орж ирэхээр болсон гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин өнгөрсөн есдүгээр сард хэлж байв. Мөн тэрбээр Азийн хөгжлийн банкнаас 300 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байна гэж байсан. Тэгвэл ЖАЙКА-гаас санхүүжилт одоогоор орж ирээгүй. Азийн хөгжлийн банк 300 сая биш 100 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад олгоод байна.
Тэгэхээр 2017 оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хөтөлбөрийн хүрээнд шилжиж орж ирсэн ам.долларын хэмжээ 1 тэрбум 230 орчим сая гэсэн үг.
2017 онд Хятадын Ардын банк своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгахыг зөвшөөрсөн нь хөтөлбөрийн хүрээнд тооцогдсон дэмжлэг гэдгийг тодотгох нь зөв байх.
Өдгөө Монголбанк 4.2 тэрбум ам.долларт хүрсэн валютын нөөцийнхөө тэн хагасаас илүүг нь Хятадын Ардын банк руу өгчихгүйгээр свопын хугацааг дахин сунгах асуудал чухал байгаа билээ.
Эдийн засгийн өнөөдрийн үзүүлэлтүүд 2016 оныхтой харьцуулахын аргагүй сайжирсан ч хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс суурь асуудлуудаа дорвитой шийдвэрлэсэн үү гэвэл тийм биш. Хөтөлбөр тогтвортой байхын суурь нь улс төрийн тогтвортой байдал гэж ОУВС эхнээсээ л мэдэгдэж байсан. Түүнчлэн 2018, 2019 онуудад орж ирэхээр хүлээгдэж байсан санхүүжилт бүрэн орж ирээгүйг эдийн засаг тооцсоноос сайн байсантай холбох уу, эсвэл 2018 оны улс төрийн тогтворгүй байдалтай уях уу, эсвэл нөгөөх л банкуудын активтай холбож тайлбарлах уу гэхчлэн өнцгүүд бий. Яадаг ч байсан энэ удаагийн хөтөлбөр ОУВС-гаас манайд үзүүлэх сүүлчийн дэм байх боломжгүй. Монгол Улс доноруудаас татгалзах хэмжээнд хүрээгүй байна. Тэгэхээр дараа дараагийн удаа уулзаж, ярилцах, хэлэлцэх нэр нүүртэй байхын тулд эрх баригчид сонгууль угтсан шийдвэрээ ОУВС-гийнханд эвтэйхэн ойлгуулахаас өөр аргагүй боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37