Энэтхэгчүүд Монголын нүүрс бус ховор элементэд найдвар тавина

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Тавантолгойн нүүрсийг Солонгос, Японоос ч хол Энэтхэгт хүргэх талаарх гаднын эх сурвалжтай мэдээ сүүлийн хэд хоног хөвөрч байна. Тавантолгойн нүүрсээ одоогийн байгаа төмөр замаар 5000 гаруй км-ийн алсад, ирээдүйд бий болохоор 4000 км-ийн цаана хүргэж чадвал болохгүй зүйл байхгүй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн сайд Дармендра Пратхан Монголоос нүүрс авах талаар нааштай үг хэлсэн гэнэ. Дармендра Пратхан улсынхаа Гангийн сайдын албыг давхар хашдаг нөлөө бүхий нэгэн. Тус улсын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр  Монголд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг хүлээн авах арга хэмжээнд ирж, манай төр, засгийн тэргүүнүүдтэй хэлэлцээр хийж байсан албан тушаалтан юм.

Тэрбээр Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл Австралиас нүүрсний хараат байдлаас гарахын тулд Монголоос коксжих нүүрс авах сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Ингэхдээ асар их нүүрсний нөөцтэй ОХУ-ын газар нутгаар транзит хийх боломжтой эсэхийг судалж буйгаа хэлсэн байна. Нэг талаар Монголын нүүрсний бодлогод дангаар нөлөөлдөг БНХАУ-ын талтай өрсөлдөх өөр нэг томоохон тоглогч ингэж байр сууриа илэрхийлж буйн сайн мэдээ. Гэхдээ асар их нүүрсний нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол агуулж буй оросуудтай хэлэлцээ хийсэн тохиолдолд гэдгийг дахин тодотгож үзэх хэрэгтэй болов уу.  Монгол Улсын хувьд газар зүйн байршил талаасаа мөнхийн хөрш, хамгийн том худалдан авагч БНХАУ-ын газар нутгаар дамжуулах нь төд.  ОХУ болон БНХАУ аль аль нь Монголд транзит чиглэлээр боломж олгосон. Тус бүр нэг далайн боомтдоо газар заан өгч үзсэн. Харин манайхан дотоодод төмөр замын хэрүүл арав гаруй жил үргэлжилсний улмаас гуравдагч хөршид  хүрэх асуудал өнөөдөр ч мөрөөдөл хэвээр байна. Бүр сүүлдээ “Гашуунсухайт анхдагч экспортын боомт уу, Зүүнбаян анхдагч уу” гэдгээ танихаа больтлоо төөрч эхэлсэн гэхэд болно.

Одоо бүтээн байгуулалт нь өрнөж буй төмөр замын зургаар бол Өмнөговь аймаг дахь Тавантолгой ордоос нүүрс ачаад, Дорноговь аймгийн төв Сайншандаар дамжуулан Дорнодын талыг өртөөлөн ОХУ-ын хилийн дээс алхахаар болж байгаа. Цаашлаад ОХУ-ын Алс дорнод дахь Восточный боомт хүргэнэ. Нийтдээ 4000 орчим км. Энэ зам хэд хэдэн стратегийн ордыг дайран өнгөрөх бөгөөд манайд байгаа гол хөзөр бол Энэтхэгтэй хамтран байгуулж буй Сайншанд дахь газрын тос боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэрийн түүхий эдийг Дорнодын талаас төмөр замаар татах нь илүү ашигтай гэдэг байр суурийг Засгийн газрын сайд нарын түвшинд хэлсэн удаатай. Явахдаа нүүрс, зэс тэргүүтнээ тээвэрлээд, ирэхдээ түүхий газрын тосоо үйлдвэртээ цутгаад байх боломжтой гэж хараад байгаа юм. Зүйрлэвэл, нэг сумаар хоёр туулай гэдэгтэй ижил гэх юм уу. Ийм төсөөлөл амьдрал дээр хэрэгжсэн тохиолдолд Энэтхэгээс урьтаад Солонгос, Япон зэрэг аж үйлдвэрийн “акул”-ууд манай түүхий эдийг үнэ цохин худалдаад авчихна. Харин хамгийн хурдан мөнгө болгох боломжтой хувилбар бол Тавантолгойгоос 270 км-т орших Гашуунсухайт боомт хүртэл тавих төмөр зам. Тус боомтоос БНХАУ-ын Тьянжин боомт хүрэхэд 1670 гаруй км бол Хуанхуа нь 1600 км-ийн зайтай. Түүхий эдээ гуравдагч хөршид хүргэхэд хамгийн төд зам бол энэ. Нэг тонн нүүрсийг Тьянжин боомт хүргэхэд дунджаар 35.5 ам.долларын зардал гарна гэж тооцдог бол Хуанхуа 48, Восточный боомт хүртэл 60 орчим ам.доллар гэсэн тооцоо байдаг. ОХУ-ын тал манай нүүрсний транзитад 25 жилийн турш 25 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж тооцохоор 45 ам.доллар болж, арай хямдрах юм уу даа. Туулах зай болон цаг хугацааны хувьд ОХУ болон БНХАУ-ын талаас санал болгодог боомтуудыг хооронд нь зүйрлэшгүй гэдэг хэнд ч ойлгомжтой асуудал. Эдгээрээс урьтаж шийдвэрлэх ёстой зүйл бол Монгол Улс дотооддоо төмөр замаа тавьж дуусгах явдал. УИХ-аас баталсан баримт бичигт тусгаснаар урд болон зүүн чиглэлд 1800 гаруй км төмөр зам шинээр барьж байгуулах ёстой. Хэдийгээр төлөвлөгөө нь хуучирсан ч цаасан дээрээ шинэ байгаа төмөр замын бүтээн байгуулалтад 6-9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Монголын нүүрс Энэтхэгт хүрэх замын зураг ийм урт байгаа. Аль 2010 оноос хойш ажил урагшилсан бол өнөөдөр хүрэх газраа хүрэхээр хугацаа өнгөрчихсөн байна. Иймд бид нүүрсний нэгхэн зах зээлтэй гэдэг л үнэн болж үлдсэн. БНХАУ гэсэн ганцхан худалдан авагчтай. Ирээдүйн өрсөлдөгчөөр нэрлэгдээд буй ОХУ манай ураныг сонирхохоос өөр зүйл санал болгодоггүй шүү дээ. Тиймээс Монгол Улсын хувьд Энэтхэгийн бол Солонгос, Японы цаадах дөрөв дэх зах зээл гэж ойлгож болно.

Нэгэнтээ дөрөвдэгч зах зээлийн талаас манай байгалийн баялгийг сонирхож буй талаар хөндсөн учраас өөрт байгаа мэдээллээ хуваалцая гэж бодлоо. Нэгдүгээр, тэрбум гаруй хүнтэй Энэтхэг бол алтны  хэрэглээгээрээ Хятадтай өрсөлддөг улс. Дэлхийн нийт 10-15 хувь нь энэтхэгчүүдийн гоё чимэглэл байдаг. Газар доорх алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг ч энэ өндөр эрэлтээ хангахын тулд гадаадаас алт худалдаж авдаг. Монгол Улс алтны арвин нөөцтэй гэдэг утгаараа энэ чиглэлд Энэтхэгийн компаниуд хамтран ажиллах сонирхолтой. Үүнээс гадна импортоор нүүрс, газрын ховор металл авах сонирхолтой байгаа гэдэг нь жил орчмын өмнө тус улсын Уул уурхайн яаманд зочлох үеэр мэдрэгдсэн. Бүр тодорхой байр суурь нь газрын ховор элемент олборлох чиглэлээр Монгол, Энэтхэгийн хамтарсан компани байгуулах боломжтой гэдгийг хариуцлагатай албан тушаалтан нь илэрхийлж байсан. Энэтхэгийн талаас цахилгаан автомашины цэнэг хураагуур, ухаалаг дэлгэц зэрэг өндөр технологийн гол түүхий эд болоод буй литийг манайд хоёр улсын тэнцүү оролцоотой хамтарсан компани байгуулан олборлох сонирхолтой байгаа. Харин нүүрсний тухайд бол овор ихтэй ачаа  учраас геополитикийн талаасаа транзит тээврээс эрсдэл хүлээх магадлалтай талаар дуулгаж байсан. Хятад болон Энэтхэг улсууд олон жилийн турш хилийн болон үзэл санааны маргаантай явж ирсэн. Тиймээс Оросын талыг Энэтхэгийн сайд түншээрээ тодорхойлсон бололтой юм.

Дэлхий нийт литийг байгаль орчинд ээлтэй ногоон технологи тал руугаа хөгжинө гэж харах болсон. Тухайлбал, Монгол Улсад нэн шаардлагатай байгаа сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах технологийг энэтхэгчүүдтэй хамтран эх орондоо нутагшуулах боломж харагдаж байгаа юм. Албан мэдээллээр Монгол Улсын  литийн  нөөцийг 203 мянган тонн таамагладаг. Нийтдээ 16-17 литийн илэрц байдаг бөгөөд  Ашигт малтмал, газрын тосны газар хоёр орд бүртгэж авсан. Батлагдсан нөөц 122.3 мянган тонн гэдэг мэдээлэл бий. Мөн ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн судлаачдын мэдээллээр 2015 оноос эхлэн литийг эрчимтэй хайж эхэлсэн байна. Улмаар Дорноговь, Дундговь аймгийн зааг дээр 300 орчим км-ийн урт, 60 орчим км-ийн өргөнтэй литийн бүс олсон гэдгээ мэдээлж байлаа. Одоогоор Монголоос “Эс Эс Монголиа” ганцаараа энэ чиглэлээр судалгаа явуулдаг бөгөөд Сүхбаатар аймаг дахь Арбаян ордыг эзэмшдэг. Мөн Сүхбаатар аймгийн нутагт орших литийн орд газарт Энэтхэг, Францын хамтарсан ION Energy компани хайгуул хийхээр болсон талаар мэдээлэл гаргах болсон. Ерөнхийдөө бүрэн боловсруулсан тохиолдолд овор хэмжээ бага лити  нүүрс, зэс, төмрийн хүдрээс ч илүү ашиг авчрах түүхий эд гэж үздэг. Литиэс гадна Монголын газрын хөрснөөс Менделеевийн үелэх системийн 110 гаруй элементийн 80 гаруй хувь нь илэрсэн байдаг. Тиймээс Монгол Улсын ховор элементийн хайгуул, олборлолт дэлхийн өндөр технологийн өрсөлдөөнд оролцогч Энэтхэгийн талын сонирхлыг татах нь дамжиггүй. АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40 орчим хувь нь Хятадад үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 17

Нарийн сухайт шивээхүрэнгийн төмөр замаар энэтхэг рүү

0  |  0
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 17

Хэдэн жилийн дараа газрын тосыг орлох бүтээгдэхүүн гарна тэгэхлээр хоолойгоор газрын тосоо зөөнө гэхээр хэрэггүй төмрийн хог болно төмөр замаар зөөх нь ирээдүйтэй

0  |  0
INDIAN BOOV(202.179.25.38) 2020 оны 01 сарын 17

MONGOL GUUNIA

0  |  0
Top