Норитакe Акамацү: Хөгжлийн банк, Монголын ипотекийн корпорац бонд гаргах боломжтой
Монголд хөрөнгийн зах зээл үүсээд 29 жил болж буй ч санхүүгийн зах зээлд эзэлж буй хувь хэмжээ нь чамлалттай хэвээр байгаа. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Санхүүгийн зах зээлд арилжааны банк, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн эзлэх хувийг зохистой түвшинд хүргэнэ гэсэн зорилт тусгасан. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн, санхүүгийн зах зээлд эзлэх хөрөнгийн зах зээлийн хувь хэмжээг 2021-2025 онд 12 хувь, 2026-2030 онд 16 хувьд хүргэх төсөөлөл бий. Уг төсөөллийг хөрсөн дээр буулгахад хувь нэмэр оруулах хүлээлттэй Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн нэгдүгээр үе шатыг Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА хамтран 2014-2019 онд хэрэгжүүлсэн.
Төслийн үр дүн юу байв гэдгийг СЗХ-ноос тодруулахад, Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд арилжаа эрхлэх байгууллага, холбоог өөрийн зохицуулалттай болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр гарын авлага, ном товхимол боловсруулж хэвлүүлэх, хорооны мэргэжилтнүүд болон зах зээлд оролцогчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн гэж байна.
Тэгвэл Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гийн байр суурийг хүргэхэд, төслийн эхний шатанд Монголын хувьцааны зах зээлийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарчээ. Харин 2019 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II шатны төслийн хүрээнд бондын зах зээл, тухайлбал компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа гэлээ. Түүнчлэн Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлого, шаардлагатай нөхцөлийг тодорхойлох, хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны хяналт, зохицуулалт, эрх зүй, тогтолцоог сайжруулах зорилготой гэсэн мэдээллийг өглөө.
Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудын тухайд компанийн бондын зах зээл нь ДНБ-ийх нь хоёроос дээш хувийг бүрдүүлж байдаг. Харин манай тухайд энэ үзүүлэлт маш бага. Тэгэхээр манай хөрөнгийн зах зээл дээр насжилт урттай санхүүжилтийн тогтолцоог бий болгохын тулд компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх нь зөв гарц болж харагдаж буй юм.
Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн компанийн бондын зөвлөхөөр ажиллаж буй Норитакe Акамацү хэлэхдээ “Олон нийтэд нээлттэй бонд гаргахад зохицуулалтын орчин чухал. Миний зүгээс энэ зах зээл дээр Засгийн газрын бус компанийн хоёр бонд гаргах боломж байна гэж харж байгаа. Нэг нь Хөгжлийн банкны бонд. Нөгөө нь Монголын ипотекийн корпорацын орон сууцны зээлээр баталгаажсан бонд гарах боломжтой” гэв.
Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулагч байгууллагын зүгээс баримталж буй бодлого болоод эрх зүйн орчны талаар СЗХ-ны дарга Д.Баярсайханаас тодруулахад дараах хариултыг өглөө.
“Компанийн бондын зах зээл манай улсад 2001 оноос эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд 16 компани л олон нийтэд бондоо санал болгон гаргаж, 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Бонд гаргасан тоо ч, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ ч чамлалттай л даа. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хамгийн чухал нэг хэрэгсэл бол бондын санхүүжилт байдаг.
Одоогийн нөхцөл байдлыг харахад бонд гаргах нь IPO хийхтэй адил хэмжээний цаг зав, хүн хүчний нөөц зардал шаардаад байна. Уг нь эсрэгээрээ илүү хурдан шуурхай байдлаар санхүүжилт татах боломжийг олгох ёстой шүү дээ. Тийм учраас СЗХ бонд гаргахад зохицуулалтын орчныг тодорхой болгох, үйл явцыг хялбаршуулах, цэгцлэх ажлуудыг хийх шаардлагатай болсон. Бонд гаргахтай холбоотой бас нэг асуудал бол барьцаа хөрөнгө байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь зэрэглэл тогтоох компанийг бий болгох гэж үзэж байгаа. СЗХ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд үүнд анхаарч ажиллаж байна. Зэрэглэл тогтоогч хөндлөнгийн байгууллага тухайн компанид ААА үнэлгээ өгсөн байлаа гэхэд бонд гаргахад нь ямар нэгэн барьцаа хөрөнгө, нэмэлт шаардлагууд тавих нь багасах байдлаар компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Бидний төсөөллөөр зэрэглэл тогтоох компани бий болсноор эхний ээлжид МХБ-ийн нэгдүгээр самбар дээр бүртгэлтэй компаниуд, тодруулаад хэлэх юм бол “ТОП 20”-д бүртгэлтэй компаниуд хялбаршуулсан нөхцөлөөр бонд гаргах боломж бүрдэх юм. Түүнчлэн эрх зүйн орчны тухайд өнөөгийн байдлаар нээлттэй зах зээлд гаргах бондтой холбоотой харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа. Татварын багц хуульд нээлттэй бондын хүүгийн орлогод ногдох татварын хувь хэмжээг бууруулж тусгасан. Цаашид хөрөнгийн зах зээл, тэрдундаа компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхийн тулд энэ ондоо багтааж Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )