Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Сэр-Одын шагналт яруу найрагч А.Сүглэгмаагийн “Бүрхэг өдрүүдийн блюз” яруу найргийн номд орсон шүлгүүдээс хүргэж байна.
Уран бүтээл:
ЭГШИГТ ЭГШНЭЭ ЭГШИХҮЙ...
Буржгар үст,
Булбарай уруулт минь
Дуугаа дуул!
Хөг эгшиг үгүй аваас ертөнц уйтай
Хөхөмдөг саран ч ганьхан гунигтай
Чиний сонгодог эгшнээ гунигаа тайлъя
Чимээгүйхэн би бас сэтгэлээ тайчъя
Өнгөрөгч мянганы ихэмсэг хөвүүнийг эшлэе
Өнө эртний эрхэмсэг инээдэнд чинь эгшье...
Бүгээн шаналант,
Бүлээн харцат минь
Дуугаа дуул!
Төлөөсөнд нь хийлийн чинь чавхдас болъё
Төгөлдөр хуурын чинь эгшигт товчлуурт хувиръя
Гэтэлгэгч он жилүүдийг чинь бийрээрээ тунхаглая
Гуниглагч алтан бодлуудыг чинь биеэрээ туучъя...
Буцалсан зүрхт,
Булаан эзэрхийлэгч минь
Дуугаа дуул!
Миний үзээгүй Дунай мөрөн ямархан хаялгатайг
Чиний үнсээгүй охидын харц ямархан харгиатайг
Төрсөн нутгийн чинь салхи ямархан үнэртэйг
Төрүүлсэн ээжийн чинь хайр ямархан өнгөтэйг
Нарны сэтгэл рүү
Навчсын зүрх рүү
Миний мэдрэмж рүү дуулаач!
Эгшигт эгшнээ эгшихүй дор
Ээмгээ зүүдэнд чинь мартах
Гэгэлзэгч бүсгүй манан сөөргөө алхахыг дага!
Гэрэлт цох чамайг аяндаа хөтлөн аваачна
Тэнд,
өвсний шүүдэр дотор
Тайтгарагч хөвгүүн залбиран
Тэнгэрийн хэлээр дуулмуй
Бясалгагч охин бээр
түүний цээжний аглагт
даяанчлан сууж, бурхан зүгийн тарнийг
түмэн газрын судлаар зохируулан түгээмүй
Бодь сэтгэлт,
Бурхны дууч минь
Чи сонс!
Би ч бас чамд
Дуугаа дуулж байна!
***
ГИЙМЭГ ҮДШИЙН ДУУН
Аяа, Юуны төлөө
сарнаас, оддоос чимээ хүлээнэм?
Асан анивалзавч амьгүй бус уу тэд?
Аригун сэтгэлт бүсгүйн дурлал, шаналан
Айдас, догдлол тэдэнд хамаагүй буй за...
Хагацашгүй, он удаан гиймэг үдшээр
Хариг намрын аялгууг хөглөх мэтэд
Энгэр цээж халамцуу, гэзэг үс минь хар
Эрвэгэр нүд минь од адил,
зүс минь саран лугаа ч
Гагцхүү уруул хатнам. Уруул минь хатахад
Дуулан дуудаад надад хариу үл хэлэх
Дув дуугай тэнгэрийн хамсаатнуудад гоморхном
Ядаж л ганц нэг бороо хаялаад
Ягшсан сэтгэлийг минь дэвтээгээч дээ!
Аяа, юуны төлөө
чамаас, холоос сураг хүлээнэм?
Амрагийг минь хулгайлагч авааль гэргийсийн
Аминчхан зүрхийг торлох аалзны нэхмэлт нулимсаараа
Учралт түүний минь хөлийг бүү тушаач дээ!
Уйдаж хагацамгүй, орь нас мэт гиймэг үдшээр
Уйтгарт энэ намрын дууг хэндээ би аялах юм бэ?
***
ЦЭЭЖНЭЭ НЭВТ ХУЙЛРАХ НАВЧСЫН ӨНГӨНД БИЙРЭЭ ДҮРЖ...
Ув улаахан уруулаа үдшийн салхинд үнсүүлж
Ув улаахан өсгийтөөр өнчин сүүдрээ гишгэлж
Нил улбар туяанд гэгэлгэн аяз эгшиглүүлж
Нэл навчсын төгөлд гэзэг задгай алхнам
Хэн ч сонсоогүй дуу зохиож өөртөө дуулнам
Хэн ч үзээгүй содон өнгөөр өөрийгөө гоёном
Сондгой дурлалын шоронд хөлчүүрэл мэт хоригдож
Солонголог мөнгөн жүнзнээ уруул шүргэж тайтгарнам
Тэргүүлэгч оддод сормуусаа сүвлэн
Тэнгэрийн нүдээр чамайг сонжих сонин байнам
Өчигдрийн үгсээ мөчирт өлгөж
Өөрсдийн хэлээр галиглах сонирхолтой байнам
Ув улаахан зүрхээ саранд дүрчихээд
Ув улаахан саранг зүрхэндээ хөвүүлж
Бардам ааштанг
Бадрангуй айтай нь
Улбар навчсын цээжин дээр шивээд
Уйлж суух минь ч таашаалтай байнам
Яагаад гэж намайг чи бүү ялла!
Яруу найрагчийн дурлал ийм хойно!
Цээжнээ нэвт хуйлрах навчсын өнгөнд бийрээ дүрж
Зүүднээ нэвч норох догдлолыг чинь би зуръя!
Алтрах моддын галбир дээр далайн өнгөт даашинзтай минь
Алдрах сэтгэлийн минь гэнэхнийг бадаг болгож чи сийлээч!
Зуу, зуун жилийн дараа залуухан охид уншина
Зураг хуар шиг насанд минь халуухан хөвгүүд дурлана
Гээгдэгч улбархан навчийг хөлчүүхэн найрагч олно
Гэсгээгдэгч дурлалын шаналанг дахиад л тэр бүтээнэ.
***
ХӨХ ТАЛЫН ГУНИГ
Уй, уй униараас зүүгдэн зүтгүүлж ирэх цангасан тэмээдийн нүднээс
Уй, уй гүн цэнхэрлиг худгийн ус ховоодон онгоц дүүргээд хоосрох шиг
Уй, уй хүүхэд насны минь уйтгар гуниг нь хаанаасаа гэвэл
Уйдангуй хөх талаасаа л...
Ай, ай алсаас инж торгонд хулдуулж ирэх эгчмэд бүсгүйн инээдээс
Ай, ай амтат чихэр атгаад босгонд нь бүдрээд домноогүй шаралхах шиг
Ай, ай охин насны минь гэгэлгэн гуниг нь хаанаасаа гэвэл
Амарлингуй хөх талаасаа л...
Үй, үй зэрэглээнээс мөн чанар гэрэлтүүлж ургах амьдралын модноос
Үй, үй жимс молцоглон байвч хармагаас амттай нь үгүйг мэдрэх шиг
Үй, үй хүн чанарын минь үлэмжхэн гуниг нь хаанаасаа гэвэл
Үймэнгүй хөх талаасаа л...
***
БҮДЭГ ЯГААХАН ТЭНГЭРИЙН АЯЛГУУ
Бүрхэг өдрийн болор сиймэн хөшгийг сэмхэн ярж
Бүдэг, ягаахан тэнгэрээс ганцхан аялгуу тасдаж
Бүүвэй, бүүвэйхэн зүүднээс уяатай хүүхэд насныхаа
Бойтогны хонх шиг жингэнэн байдаг нутгийнхаа
Бүлээн чулуудад ботго шиг тэшинхэн байж очоод
Тэр л аялгууг шившин, нам гүмд сонсгоё уу гэтэл
Тэргэл сар шиг талдаа зээглэж өрсөн чулуун гэр минь
Халтар дээлийн минь өврөөс өвөл, зун шиг гээгдэхдээ
Хаврын цэцэг шиг охин насны минь гэнэн инээдэнд
Хамаг л сайхнаа элээгээд, дотогш хагаран цуурчихжээ
Цуурсан цээж нь аньтал мянган жил намайг хүлээснийг нь
Цуваа он жилүүдийн савраас өвсөнд зүүгдэн үлдсэнийг нь
Зүрхэнд шивнэх цэнхэр салхины санаашралаас
Зүймэн, гүймэн бор толгодынхоо харцнаас
Зүс ижил гэрэлт хөвгүүний мөнгөн санчгаас
Зүйргүй амгалан ээжийнхээ үймэн уйман сэтгэлээс мэдрэхдээ
Аяархан нэг мэгшин, нутгаа тэврээд, чулуудаа үнсэн хэвтэхүйд
Ай,чихэн доороос, чулуудын зүрхнээс бүдэг ягаахан тэнгэрийн аялгуу сонсогдном.
***
ӨЛЗИЙТИЙН ТАЛ
Тэнгэрийн хуй огторгуйн санаатай хуйлран буудаг
Тэмээн жин омголон үүлсийг хуйлан нүүдэг
Газрын хүй загийн үндэстэй зангилан ургадаг
Галбын нууц замилан суваргатай зангиран оршдог
Таанын цэцэгст охидынх нь үзэмж гэрэлтдэг
Талын салхинд хуурын чавхдас аяндаа хөглөгддөг
Найрын дуундаа жаргал, зовлонгийн мөнх уяралтай
Намрын сардаа айргийн дугараа нь тойрог уяатай
Амьдрахуйн ёс жудгийг ашид бишрүүлсэн
Аавын минь төрсөн нутаг
Аясхан цэнхэр Өлзийтийн талдаа
Торомны нүд шиг уянгын хөх тойрмыг
Тоорой мод шиг ухааны гүн зангилааг
Нартай нурж асгарсан торгон элсний анирыг
Сартай зулж тиглэсэн тоонот гэрийн үнэрийг
Цайвгар хужир, марааны эрдэнийн танан илтэсийг
Цаглашгүй хувилгаан шинжтэй арц, гангын шидийг
Цэвэрхэн охид нь биедээ шингээн,
эрдэнийн чулуудаар нь наадаж өсдөг юм
Цээл хоолойтой үрс нь улам тунгалагшиж,
уртын дуундаа нялхарч исдэг юм
Алтан харгана шиг хөвүүд нь
зүрхэндээ үйслэн агч тал шигээ тэлж асдаг юм
Атан тэмээд нь туйлан буйлаад,
тэнгэрийн бурантаг эвхэнхэн байж тэшдэг юм
Устай хавчиг,
хээрийн богц,
ангийн ганзаганаас нь
Уул, усны цагаан эрчис үйрэнхэн бутраад ирдэг
Аавын минь инээд юм байлгүй,
улаан шороо,
бүлээн бороо,
бүгээн үдшээс нь
Аанай л унаган нутгийн минь борог өвс будраад ирдэг
Аавын минь гуниг юм байлгүй,
хөгшдийн яриа,
малын тоос,
адуун зэлнээс нь,
Хөлгөн судрууд нь хөхрөнхөн дуниартдаг
Хөхүүртэй саам,
отрын гэр,
зээрэн нүүдлээс нь
Хөх өвгөдийн холч ухаан хөөрөнхөн униартдаг...
Эрчилсэн,
Эр хар сураар дөрөө чангалахдаа
Газраас холдсон их тал
Эрвэлзсэн,
Эрдэнэ засгийн унагаар дөмөн чавхдахдаа
Тэнгэртэй ойртсон ижилгүй тал
Галавын нүднээс ноцсон
Гал улаан тэнгэрийн зөн шиг хээр тал
Ганц хайлааснаас ургасан
Гоц улаан тэмээдийн зүүд шиг нууцлаг тал
Манхан нарнаас унасан
Галт шувууны өд шиг гэгээлэг тал
Мартагдсан тэнгисээс олдсон
Алтан загасны хайрс шиг шижирхэн тал
Оршихуйн мөн чанарыг нэвт гэрэлтүүлсэн аав минь
Олж төрөхүйн их хувь заяаны дуурь
Ондоошсон ертөнцийн чулуужсан туурь
Үлгэр адил нам гүмийн дундах
Үлэмжийн тайтгарал Өлзийтийн тал аа!
***
УРИН ДУУДАГЧ СУСИДА
Нэгэн хэмээр зүрх дэлдэж бороо шаагих
Нэвт сэтгэлийн цэнхэрхэн гунигтай намраар
Мөчир бүртээ хүслээ жимслүүлэх модод нь
Мөнхийн гоо охидынхоо галбирыг дуурайсан
Амар амгалангийн буйдхан арал
Ариун Сусидагийн алтан бүрдэд
Айлчилж нэг ир л дээ, Та!...
Хөх тогорууд нь норсон далавчаа сэгсрэхэд
Хөндий талаар цэцэгсийн дэлбээ шүүдэрлэдэг
Нарны солонгот туяанд гилтгэнэх дусал бүхэнд нь
Нандин эмзэг хурмастын бодол гялтаганан гэрэлтдэг
Гэгээрэхүйн дагшин сүм
Гэрэлт Сусидагийн цэцэгт диваажинд
Гийчилж нэг саат л даа, Та!...
Ухааныг түвшитгэж, улам үзэсгэлэнг олоод
Уяхан замбуугийн наранг өөрөөсөө мандуулдаг
Ертөнцөөс таслагч, агаар мандалд жингүйдүүлэгч
Ер бусын шидэт дагинасыг гунхуулагч
Уянга тэтгэгч Эгшигт-Эхийн орон
Уйдашгүй Сусидагийн бурхдын тойрогт
Уярч нэг цэнгэ л дээ, Та!...
***
ЭРХ МЭДЭЛ МИНЬ
Хөвчийн униарт уйт зүрхээ хөтлүүлээд
Хөл нүцгэн хаашаа ч юм алхах минь
Миний зоргоор биш
Хөмсөг нүд гоо, гэгээн тунгалаг инээмсэглэлт
Хөвгүүнд дурлаад Гандигарын төгөлд ганихрах минь
Миний хүслээр биш
Сарны нимгэн мөрөнд торгон сэтгэлээ нөмөргөөд
Сормуус буулган зүүдний янчир хөгжимдөх минь
Миний зөнгөөр биш
Салхины харцанд нисэлдэх хараацайстай хөөцөлдөн
Сая жилээр гэгээ түүн хэсүүчлэх минь
Миний дураар биш
Миний уруул миний уруул биш мөнхийн зунаараа цэцгийн дэлбээ байх
Миний нүд миний нүд биш аглагт сэрвэлзэгч анир гөрөөснийх байх
Миний гэзэг миний гэзэг биш нартай борооны нандин ширхэг юм
Миний мэдрэмж миний мэдрэмж биш тэртээд мартагдсан эртний дууль юм
Гуниглал минь гуйж аргадаагүй амрагийн үнсэлт юм
Гэгэлзэл минь гуравдугаар сарын борооны үнэр юм
Намраас намрыг туучих навчсын аялгууг хөрвүүлэхдээ ч
Надаас над руу урсах гүн яруулаг тэнгэрийн хэлээр дуулахдаа ч
Дүрэлзсэн галаар наадагч бадрангуй омогт эзэмдүүлэхдээ ч
Далавчин дороо эх орноо эрдэнэ мэт нуух минь л
Миний мэдлийнх ээ
***
ГАНЦААРАА АЛХАЖ БАЙВАЛ...
Ганцаараа алхаж байвал гайхаж бүү сонжоорой!
Гадсан өсгийт тэргүүтэн зүрхнийхээ айг зохируулаад
Дотоод сэтгэлийн хэнгэргийг удган бөө шиг чагнаархаж
Долгис тэнгэрийн цаламд дүүлэнхэн яваа минь тэр ээ...
Ганцаараа алхаж байвал хоргоож бүү өдөөрэй!
Ганган алчуурын сэжүүр, сүрчгийнхээ үнэрээр зураглаад
Бодь гөрөөсний алхаа, гоо марлын хөх жимээр
Бодлын улаахан жимс түүж яваа минь тэр ээ...
Ганцаараа алхаж байвал цаг бүү асуугаарай!
Гэзэг үсний намиа, гэгээн инээмсэглэлээ жигүүрлээд
Асгарах жилийн гэрлийг элсэн цаг шиг юүлсээр
Аглагхан буйдад жингийн цуваа шиг нүүж яваа минь тэр ээ...
Ганцаараа алхаж байвал араас минь бүү дагаарай!
Гараг эрхсийн зүүд, сансрын ертөнцийг эрхшээгээд
Шувуудын чуулбарт модод тэнгэрээс ургадаг цэцэрлэгт
Шунхан уруулт амрагтаа очиж яваа минь тэр ээ...
***