Монгол түмний уламжлалт баяр цагаан сар болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Цагаан сарын ширээний хамгийн хүндэт зоог бол яах аргагүй хонины ууц. Тийм учраас бид нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захад хонины ууц, үхрийн өвчүүний мах ямар үнэ ханштай байгааг сурвалжиллаа. “Хүчит шонхор” зах руу явах замд Дундговь аймгийн малчин Л.Ганхуяг биднийг угтлаа. Тэрбээр захын гадна талбайд ууц зарж байгаа бөгөөд “Дундговийн мах дараа нь идэхэд амттай. Ууцны үнийн хувьд 130-350 мянган төгрөгөөр зарж байна. Өвчүү нэг килограмм нь 7500 төгрөг. Ууцны махаа жинлээд үзээд ав” гэв. Харин дотогш ороход хонины ууц, үхрийн өвчүү овоолсон бүхээгтэй машин бүрийн хажууд булган малгай, нэхий дээл өмссөн 35-45 насны малчид “Ууц аваарай” хэмээн орилно. Хүмүүс ууцны үнийг сонирхон асуухад “Хамгийн боломжийн үнийг санал болгоё. Яриад ав. Жинлээд үз” хэмээн уйгагүй бараагаа тайлбарлаж байгаа нь малчид, ченж нараас дутахааргүй бизнесмен болжээ гэж харагдана.
ХОНИНЫ УУЦ 150-500 МЯНГАН ТӨГРӨГ
“Хүчит шонхор" зах-д Архангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн малчид хонины ууц зарж байв. Үнэ ханшийг нь сонирхвол, жингээсээ шалтгаалаад 150-500 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Сүхбаатар аймгийн малчин Ө.Баяр гуай тав дахь жилдээ “Хүчит шонхор” зах дээр хонины ууцны мах зарж байгаа аж. Энэ жил 700 гаруй ууцны мах авчирсан бөгөөд одоогоор 100 гаруйг нь борлуулаад байгаа гэнэ. Өмнө нь нийслэлд ирээд ченжүүдэд махаа бөөндчихдөг байсан бол сүүлийн жилүүдэд өөрөө зарахыг илүүд үзсэн тухайгаа тайлбарлаж байлаа. Түүний машины тэвш дээр жингээсээ шалтгаалан 150-500 мянган төгрөгийн үнэтэй ууцны мах байв. Харин Дорнод аймгийн малчин О.Начин “Хонины ууц дээд тал нь 350 мянган төгрөгийн ханштай байна. Үхрийн өвчүү нэг кг нь 8000-8500 төгрөг. Жин, өнгө үзэмжээсээ шалтгаалаад өөр, өөр үнэтэй байна” гэлээ. Архангай аймгийн малчин н.Дондог “Цагаан сар болох болоогүй учраас худалдан авалт муу байна. Уг нь эрт авчихвал үнэ хямд байдаг юм. Ах нь Архангай аймгаас хонины ууцны мах оруулж ирээд гурван жил болж байна. Баяр дөхөх тусам ууцны махны үнэ нэмэгддэг” гэсэн юм. Худалдаачдын хэлж буйгаар том сүүлтэй, дундаж хэмжээтэй хонины ууц 160-280 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.
Иргэдийн хувьд үүрээр тус захыг зорьж ирсэн нь арай хямд буюу нэг килограмм махыг 4500-5200 төгрөгөөр авч байгаа бол үдээс хойш ирсэн иргэд 6500 төгрөгөөс дээш үнээр худалдаж авч байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Э.Цолмон “Цагаан сар дөхөхөөр үнэ нэмэгдчихдэг учраас эрт бэлдэх санаатай явж байна. Энэ жил махны үнэ ханш хангалттай хэмжээнд буугаагүй байна. Өнгөрсөн жил нэг сая төгрөгөөр бэлэг сэлт, тавгийн идээ гээд бүхий л зүйлээ бэлддэг байсан бол энэ жилийн төсөв нэг сая төгрөгөөр тогтохгүй бололтой. “Хүчит шонхор” захад мах арай хямд гэж бодон зорьж ирэхэд үнэтэй байна” гэсэн юм. Бидэнд өөрийгөө Ж.Туяа гэж танилцуулсан буурай Чингэлтэй дүүргийн иргэн аж. Тэрбээр “Өглөө 9:00 цагт “Хүчит шонхор” зах дээр ирэн бууз болон ууцны махаа авахаар ирсэн. Буузны махаа үхрийн мах хонины мах холиод 20 килограммыг авсан. Харин ууцны махаа сонгоогүй явна. Махны үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өссөн юм шиг санагдаж байна. Сонголтын хувьд харин арвин байна” гэлээ.
ҮХРИЙН ӨВЧҮҮ КИЛОГРАММ НЬ 8000 ТӨГРӨГ
“Хүчит шонхор” захад хонины ууцны үнэ асуухын хажуугаар үхрийн өвчүүний үнэ асуун худалдан авч байгаа иргэд олон байлаа. Тус захын хамгийн эхний машины тэвш дээр махаа борлуулж буй Дорнод аймгийн малчин Л.Төмөрхуяг “Хонины ууц жингээсээ шалтгаалаад 160-250 мянган төгрөг болж байна. Хөдөөгийн бид чинь үүрийн 05:00 цагаас үдшийн бүрий тасартал зогсоход ууц өвчүү нийлээд 4,5-ыг л борлуулж байна. Энэ жил иргэдийн худалдан авалт тун муу байна. Ууц үнэтэй байна гээд өвчүү авъя гэсэн сонирхолтой иргэн олон байна. Үхрийн өвчүүний мах 8000 төгрөгийн ханштай байна” гэв.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Цэнд “Хархорин захаас илүү “Хүчит шонхор” захад махны үнэ хямд болов уу гээд ирлээ. Манайх ам бүл цөөхүүлээ учраас буузны махаа 10 килограммыг авлаа. Харин ууц авахгүй. Өвчүү авна гэж бодож байна. Дөхүүлж байгаад авдаг юм билүү гээд сонирхоод явж байна” гэсэн юм. Нэг өвчүү дунджаар 20-25 килограмм болдог ба хэмжээнээсээ шалтгаалан 140-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
ХОНИНЫ ГУЛУУЗ МАХ НЭГ КИЛОГРАММ НЬ 6800 ТӨГРӨГ
Иргэд бууз хийхээр эндээс ямааны мах гулуузаар нь авч байгаа харагдав. “Хүчит шонхор” захын доторх лангуун дээр жижиглэнгээр өгч байгаа махны үнэ харилцан адилгүй байлаа. Үхрийн гуяны цул мах гэхэд л саяхан бэлтгэсэн шинэ бол нэг килограмм нь 10 мянган төгрөг. Томоохон үхрийн гуя аваад буузаа бэлдье гэвэл ойролцоогоор 300 гаруй мянган төгрөг болох ажээ. Харин “Хүчит шонхор” захын гадна үхрийн цул мах нэг килограмм нь 9000 төгрөг, гулууз хонины мах нэг килограмм нь 6800 төгрөг байна. Түүнчлэн хонины мах ястай нь нэг килограмм нь 6500 төгрөг, хонины ясгүй мах нэг килограмм нь 7500 төгрөг, ямааны мах ястай нь нэг килограмм нь 5500 төгрөг, ямааны ясгүй мах нэг килограмм нь 5700 төгрөг, тэмээний мах нэг килограмм нь 5300 төгрөг, адууны мах нэг килограмм нь 5000-5800 мянган төгрөг, хонины сүүл нэг килограмм нь 5000-6000 төгрөгийн үнэтэй байв.
Сэтгэгдэл ( 3 )
Ажилагаа байхгүй амар байдаг
Малчид арай дэндэж байна. Малын хөлийн татвар, мах борлуулсаны татвараа мөлөх хэрэгтэй. 1 хонинд жилдээ 500 төгрөг төлөхөл малчин хоосрохгүй 1000 хоньтой хүн жилдээ 500 мянгаи төгрөгний татвар төлөхөд болохгүй зүйл байхгүй. Тэтгэвэрийн нас хөнгөллөө, ноос ноолуурын мөнгө төллөө,НДШ-ээ нөхөн төлөх боломж олголоо, хөнгөлөлттэй зээл олголоо Гэтэл хотын иргэд ажил хийж 5 төгрөг олбол татвар ,НДШ-д 22-оос дээш хувийг нь төлж байна. Ингэж иргэдээ ядгаварлан гадуурхаж болохгүй
soliorol gamshig tenegrel