Дэлхийн банкнаас жил бүр “Doing Business” буюу ‘Бизнес эрхлэх хялбар байдлын индекс’-ийг тооцож гаргадаг.
“Doing Business 2020”-д Монгол Улс 190 орноос 81-т эрэмбэлэгдсэнээр өмнөх оныхоос долоон байр ухарлаа. Энэ нь бизнес эрхлэх орчныг сайжруулахад хийх зүйл олон бийг илтгэж байгаа юм. Тэгэхээр цаашид өрсөлдөх чадвараа дээшлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудахын тулд хойш нь татаж буй үзүүлэлтүүд дээр онцгой анхаарал хандуулах шаардлага бийг судлаач хэллээ.
Тэгвэл манай улсын тухайд зээл авах боломж, барилгын зөвшөөрөл авах зохицуулалтаар дэлхийд эхний 25-т эрэмбэлэгдэж байна. Харин бизнес анх эрхлэх боломж, татварын ачаалал, өмчийн бүртгэл болон гэрээний хэрэгжилт хангуулалтын үзүүлэлтээр 49-87-д эрэмбэлэгдэж буй юм.
Хил дамнасан худалдаа эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, цахилгаан, эрчим хүчний хангамж болон маргаан шийдвэрлэх процессын үзүүлэлтээр 117-152-т эрэмбэлэгджээ.
Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болох, түүний шугам сүлжээг сайжруулах, гадаад худалдаа эрхлэхэд хилийн наана болон хилийн цаана байгаа барьеруудыг хөнгөвчлөх, хууль хяналтын байгууллагууд маргаан, зөрчлийн шуурхай, шударга шийдэх зэрэг асуудлуудыг эн тэргүүнд шийдвэрлэх хэрэгцээ байна.
Түүнчлэн төрийн үйлчилгээг чирэгдэл багатай, шуурхай, хүртээмжтэй үзүүлэхэд орчин үеийн техник, технологиуд түлхүү ашиглах нь зүйтэй гэж байгаа юм. Судалгаанаас харахад санхүү, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нь салбарын төрөлжилтөд үр дүнтэй байхаар байна гэж хэлэх судлаачид байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энергитэй ажил