267 км төмөр замыг 10 жил “дарсан” Монгол Улсын ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

2020 оны 01 сарын 22

Дэд бүтцийг сайжруулах нь уул уурхайн болон уул уурхайн бус бүх салбаруудад чухал ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлдэг. Эдийн засагт жин дарах орлого дагуулдаг уул уурхайн салбарын тухайд гэхэд нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтцийг шинээр барьж байгуулах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрөөд, УИХ-аас тогтоол хүртэл баталж байв. Тавантолгой-Гашуунсухайтын 267 километр төмөр зам гэхэд уг тогтоолын дагуу баригдах ёстой ч газарт буулгүй 10 жилийн нүүрийг үзсэн.

Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Бодь групп”  2020 оны арванхоёрдугаар сар гэхэд  Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа” гэж мэдэгдлээ. Төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ руу  жилд 30 сая тонн нүүрс, Зүүнбаянгаар 20 сая тонн,  Гашуунсухайтын авто замаар 10 сая тонн, Ханги-Мандалын авто замаар 10 сая тонн, Цагаандэлээр 10 сая тонн  нүүрс гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа гэж. Тэгэхээр Д.Сумъяабазар сайд дэд бүтцийн салбарын хөгжлийг даган  Монголын нүүрсний экспорт 80 сая тоннд хүргэх тухай их л том төсөөлөл ярьж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийд хэрхэн эрэмбэлэгдэж буйг тодотгоё.

“Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргадаг Олон улсын өрсөлдөх чадварын тайлангаас харахад Монгол Улсын дэд бүтцийн салбар сайнгүй үзүүлэлттэй байна. Тухайлбал,
 

  • Тээврийн салбарын замын үзүүлэлтээр 111 дүгээр байрт
  • Төмөр замын үзүүлэлтээр 74 дүгээр байрт
  • 1 км2 талбайд ногдох төмөр замын уртаар 94 дүгээр байрт
  • Агаарын тээврийн үзүүлэлтээр 110 дүгээр байрт
  • Замын чанарын үзүүлэлтээр 105-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.

 

Нийт хүн амын 91.6 хувийг цахилгаан, эрчим хүчээр хангаж чадаж буй нь дэлхийд 99 дүгээр  байрт  орох үзүүлэлт юм.

Мөн усны дэд бүтцийн үзүүлэлтээр дэлхийд 95 дүгээр  байрт, усны нөөцөөр хангагдсан байдлын үзүүлэлтээр 100 дугаар  байрт  орсон байна.

Энэмэтчилэн дэд бүтцийн ихэнх үзүүлэлтүүдээр дэлхийн улсуудын дундуур эсвэл дундаас хойгуур байрыг эзэлж байгаа нь манай улсын дэд бүтэц хангалтгүй байгааг илэрхий харуулж байгаа юм.

Эхэнд хэлсэнчлэн, далайд гарцгүй манай улс авто болон төмөр замын дэд бүтцийг сайжруулах нь нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг хаа хаанаа яриад олон жил болж байгаа.
 


Зарим чиглэлд төмөр зам байхгүйгээс шалтгаалж нүүрс экспортлохдоо авто замын тээврийг ашигладаг нь зардал өндөр, үр ашиг муутай байдаг. Тээвэрлэлтийн хүндрэл, зардлын асуудал нь экспортын өсөлтийг хязгаарлах цаашилбал экспортын секторт хөрөнгө оруулах сонирхлыг бууруулах эрсдэлтэй.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хийсэн Монголын хөгжлийн стратеги”-д “Монгол орны дэд бүтцийг шинэчлэн хөгжүүлэх нь уул уурхайн болон бусад аж үйлдвэрийн эрэлтийг хангах, эрдэс бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой талаар дурдсан байдаг.  

Мөн тээвэр, орон нутаг болон эрчим хүчний дэд бүтэц хангалттай хөгжөөгүй, хууль эрх зүйн зохицуулалт муутай, төрийн өмчит (үр ашиг муутай), хувийн байгууллагууд нэвтэрч орох бололцоотой байгаа гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хохирогч(202.9.40.103) 2020 оны 01 сарын 22

Халтмаагийн Баттулга гэгч этгээд хав дарсан гавьяатай.

1  |  0
Top