“Хаппи Веритас” зөвшөөрөгдөөгүй төхөөрөмжтэй байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24


Хепатитийн В, С вирусийн халдварыг илрүүлж, шинжлүүлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2017 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. 2018 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөрийн хоёр дахь үе шат явагдаж, Монгол Улсын 15-аас дээш насны бүх иргэн элэгний В, C вирус илрүүлэх шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй хамрагдах болсон юм. 2019 онд гэхэд элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох зардалд 7.2 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байдаг. Бидний даатгалаараа төлж байгаа мөнгийг хуваарилж, үйлчилгээ авч байгаа иргэдийн өмнөөс 28 лабораторид даатгалын сангаас мөнгө төлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжтэй эсэхээс нь шалтгаалж нэг иргэний өмнөөс 80-120 мянган төгрөгийг итгэмжлэлтэй лабораториуддаа олгодог байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байцаагчид, 28 лабораторийн төлөөлөл гээд хамтарсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн оны зургаадугаар сараас тэдгээр лабораториудад хяналт, шалгалт хийжээ. Гэтэл 15 лабораторид нь зөрчил илэрсэн учраас даатгалын сангаас олгож байсан хөнгөлөлтөө буцаажээ.

Зөрчил илэрсэн зарим лабораторийн ажилтнаас тодруулахад “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхгүй байгаа хэдий ч элэгний В, С вирусийн шинжилгээг хэвийн явуулж байгаа” гэнэ. Хяналт, шалгалтаар “Хаппи Веритас” лабораторид 876 сая, “Итгэл” лабораторид 280 сая, “Ай Ти” лабораторид 500 сая төгрөгийн актыг тус тус хүлээлгэсэн байна.

Ямар зөрчил илэрсэн тухайд ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга С.Энхбаяр “Хяналт, шалгалтад өнгөрсөн хугацаанд хоёр ажлын хэсэг гарсан байдаг. Акт тавьсан гурван лабораторийн улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх хугацаа хэдийн өнгөрсөн. Актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүх байгууллагад хандсан. “Хаппи Веритас” сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Сонгон шалгаруулалтаар АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо, шинжилгээ хийнэ гэсэн учраас тэнцсэн. Гэтэл шалгахад гэрээнд заасан бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо, шинжилгээ хийгээгүй хагас автомат төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулсан байсан. Улмаар худал мэдүүлж “Бүрэн автомат төхөөрөмжөөр үйлчилгээ явуулсан” гэж даатгалын сангаас санхүүжилт авсныг илрүүлсэн. Тус лаборатори нь оношилгоо, шинжилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, судалгааны зориулалттай хагас автомат АВI7000 төхөөрөмжөөр оношилгоо, шинжилгээ хийж байжээ. Журманд зааснаар бүрэн автомат төхөөрөмжөөр нэг иргэнд оношилгоо, шинжилгээ хийхэд 120 мянган төгрөг даатгалын сангаас авах ёстой. Хагас автомат төхөөрөмжтэй бол 80 мянган төгрөг олгодог. Нийт 8700 орчим даатгуулагчид хагас автомат тоног төхөөрөмжөөр үйлчилсэн. “Ай Ти” лабораторийн хувьд лабораторийн мэргэшсэн хүний нөөц байхгүй. Их эмчгүй. Мэргэжлийн эмчгүйгээр иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, оношилгоог хийдэг байжээ” гэсэн юм. Эдгээр ноцтой зөрчил шалгалтаар илэрсэн учраас дээрх гурван лабораторид нийт 1.6 тэрбум гаруй төгрөгийн акт нэхэмжилжээ. “Хаппи Веритас” лабораторитой хийх шүүх хурал өчигдөр болох байсан ч лабораторийн хүсэлтээр хойшлогдсон гэнэ. Шүүх хурлын талаар “Хаппи Веритас” эмнэлгийн зүгээс “Бид өөр байгууллагын хяналтад оролцоогүй. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн лаборатори нэгнийгээ шалгах нь шударга өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Тиймээс шүүхэд хандсан" гэж өчигдөр мэдэгдлээ.

 

ЗӨРЧИЛТЭЙ ЛАБОРАТОРИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА
 

Зөрчилтэй 15 лабораториос “Меданалитик”, “Протлаб”, “Гялс” лаборатори шаардлагын дагуу тоног төхөөрөмжөө шинэчилсэн тул тусламж, үйлчилгээгээ үргэлжлүүлэн иргэдэд хүргэж байгаа аж. Тэгэхээр өчигдрийн байдлаар зөрчил, дутагдалтай 12 лаборатори үлдэж байна. Тус лабораториудын элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр хугацаанд хүчингүй болгож, алдаа зөрчлөө засах, даатгалын санг хохиролгүй болгох даалгавар өгсөн аж. Үүрэг даалгаврыг биелүүлсний дараа эргэж иргэдэд даатгалын хөнгөлөлт үзүүлэх эрхээ авах юм байна. ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанарын газрын дарга Х.Сувд-Эрдэнэ “Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хууль, тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн акт тавьсан. Лабораториудад төлөвлөгөөт болон явцын чанарын хяналтыг тогтмол хийж байсан. Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр бүх санхүүжилтийг хянаж, хурууны хээгээрээ бүртгүүлсэн даатгуулагчдын санхүүжилтийг эрүүл мэндийн үйлчилгээ авсан байгууллагад нь олгодог болсон. Энэ мэдээлэл болон зарим иргэдээс ирсэн гомдолд үндэслэн хамтарсан шалгалтыг хийсэн. Шалгалт илүү мэргэжлийн түвшинд явагдсан гэдгээрээ онцлогтой” гэлээ. Сонирхолтой нь, дээрх 28 лаборатори бүгдээрээ 2018 онд Австралийн гадаад чанарын хяналтад жилд гурван удаа орсон гэнэ. Дотоодын хяналтуудад ч хамрагдаж байсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь хэлж байна.

Ямар ч байлаа гэсэн эрүүл мэндийн үйлчилгээнд хууран мэхлэлт байж болохгүй. Лабораториудаар үйлчлүүлсэн иргэдийн шинжилгээний хариуны үнэн бодит эсэхэд “Хяналт, шалгалтын тайланд лабораториудын шинжилгээний үнэн бодит байдлын тухай дурдаагүй. Энэ  нь ЭМДЕГ-ын үндсэн чиг үүрэгт хамаарахгүй гэсэн албаны байр суурийг онцолж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд иргэнийг элэгний В, С вирусийг тоолуулахаас өмнө, тоолуулсны дараа гээд нийт хоёр удаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодог байжээ. Тухайлбал, 2019 онд В, С вирусийн эмийн хөнгөлөлт, эмчилгээний зардалд 17.5 тэрбум төгрөг олгосон байгаа юм. Нэг иргэнд В, С вирус аль алийг тоолуулсан тохиолдолд 480 мянга хүртэлх төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох боломжтой гэнэ.
 

Өчигдрийн /2020.01.23/ байдлаар доорх 12 лаборатори хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаа засаагүй байна.
 

1. Хаппи веритас лаборатори

2. Ай Ти лаборатори

3. Итгэл лаборатори

4. Онкоген лаборатори

5. Гэгээн ар үр эмнэлгийн лаборатори

6. Евростандарт лаборатори

7. Мобио лаборатори

8. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори

9. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори

10. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори

11. Юби лаборатори

12. Экспресс оношилгооны төвийн лаборатори

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.26) 2020 оны 01 сарын 26

хүний эрүүл мэндээр тоглогч лаборатори нэртэй шулаачидын бүлэг бий болжээ. Монголд шинжилдэг гэх үлгэр юм даа гэх бодол төрж энэ лаборатороор шинжлүүлсэндээ харамсаж байна. Төв лаборатори нэртэй төв замын урд 1-р эмнэлэгийн ард өндөр үнэтэй нэгэн газар хүний эрүүл мэндээр бас тоглоод байна уу? Хуурамч эмийн сан, хуурамч лаборатори олширсон ийм үед гадагш гарч эмчилгээ шинжилгээнд явахаас өөр яахав дээ. Монгол хүн монголынхоо эсрэг ажиллаж мөнгө бүхнээс чухал болж дээ.

0  |  0
Zochin(64.119.16.21) 2020 оны 01 сарын 24

Khvnii ervvl mendeer togloj suudag boljee arga hemjee avdaggvi yamuu ajillaj l baidag \n

0  |  0
Koorkii(112.96.173.184) 2020 оны 01 сарын 24

Amarsanaa hutagt huvilgaan kkk, lamiin surguuli togsson amitan yamar okig baiv gej dee. Gadaad heleeree ch ter olon jil gadaad tavj tolgoigoo tseneglesen hun shig sonsogddoggui l yum bilee chaavaas

0  |  0
J(69.253.43.151) 2020 оны 01 сарын 24

Amarsanaa

0  |  0
Gana(202.126.89.143) 2020 оны 01 сарын 24

Gegeen ar ur ugaasaa hudlaa gazar sanagdaad zuglehee boliod udaj bgaa.

0  |  0
Top