Монгол Улсын холбогдох байгууллагын төлөөллүүд ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хуралдаанд ТАЙЛАНГАА хамгаалахаар Бээжинд очсон тухай энэ сарын 17-нд мэдээлж байсан.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс эхний тайлангаа хамгаалаад ирснийг бататган мэдээлэл өгч байна. Тэрбээр “ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт эхний тайлангаа хамгаалаад ирлээ. Хамтарсан бүлэг Монгол Улсыг богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний 3-ыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.
ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа 4 сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай.
Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалаад ирлээ.
Манай тайлантай танилцаад, нэлээд асуулт асууж тодруулга авсан Хамтарсан бүлэг Монгол Улс саарал жагсаалтаас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний 3-ыг хэрэгжүүлсэн гэж үзлээ. Явцын тайланг бэлтгэх, хамгаалахад хичээл зүтгэл гаргаж ажилласан багийн гишүүддээ талархал илэрхийлье” гэжээ.
Тэгэхээр ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага энэ удаа Монгол Улсын тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шатны ажил явагдах ёстой.
Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх юм.
ФАТФ-аас Монгол Улсад өгсөн ЗУРГААН даалгаврыг сануулъя.
Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;
Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;
Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;
Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;
Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;
Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )