Илон Маск: Ойрын дөрвөн жилийн дотор саран дээр хүний мөр гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

-Одоо байгаа технологийн боломжоор бид ямар ч хүнгүй хөлгийг хоёр жилийн хугацаанд саран дээр газардуулж чадна. Хэрэв хөлгийн багийн гишүүнтэй илгээвэл хоёр гаруй жилийг зарцуулна. Тэгэхээр би дөрвөн жилийн дараа хүний мөр гарна гээд хариулчихъя-

АНУ-ын алдарт “TIME” сэтгүүлийн шинжлэх ухаан, сансар судлалын редактор Жеффри Клюгер энэ цагийн технологийн суутан, сансар судлалыг бизнес болгохыг зорьж буй Илон Масктай ярилцжээ. Түүний санаачилсан SpaceX төсөл, сарны төлөөх шинэ тэмцэл, сансар огторгуйгаар энгийн иргэнийг аялуулах тухай чухам юу гэж хэлснийг уншигч та бүхэнд хүргэе.


-Тухайн цаг үед амьдарч байсан хүмүүс л нийгэм, цаг үеийнхээ түүхэн өгөгдлийг ойлгодог гэдэг. Хэрэв та дэлхийн хоёрдугаар дайны цаг үед амьдарч байсан бол дэлхийн хоёрдугаар дайны түүхэн нөхцөлийг ойлгож, мэдрэх байх. Та “Аполло 11” сансрын хөтөлбөрөөс яг хоёр жилийн дараа энэ хорвоод мэндэлсэн. Гэхдээ та энэ түүхэн нөхцөлийг яс махаараа мэдэрдэг юм шиг санагддаг?

-“Аполло 11” бол хүн төрөлхтний түүхийн бүх л үеийн туршид хамгийн их урам зориг өгсөн, гал цогтой түүх гэж би боддог. Эх дэлхий, сансар огторгуйн тухай үзэл бодлыг тэр чигт нь өөрчилж чадсанаараа энэ үйл явдлын түүхэн үнэ цэн нь оршиж байгаа юм. Гайхалтай. Мэдээж хэрэг энэ түүх намайг ч гэсэн хурцалж, урам зориг өгдөг. Одоо ч гэсэн тэр.  Хэрэв “Аполло 11” хөөрөөгүй, энэ түүхэн үйл явдал болоогүй бол “SpaceX” хөтөлбөр бий болохгүй ч байж мэдэх юм.

Би л хувьдаа “Аполло 11” хөлөг амжилттай хөөрч, дэлхийн түүхийг өөрчилсний дараа саран дээр баазтай болж, цаашлаад Ангараг гараг руу хүмүүсийг хөөргөнө гэдэгт итгэж, найдаж байсан. Бүр 2019 онд Бархасбадь гарагийн дагуул болсон сар руу хүн илгээнэ гэж төсөөлж байлаа. Одоогоос 50 жилийн өмнөх хүн бүр л 2019 онд ийм зүйл болно гэдэгт итгэж найдаж байсан юм шүү. Гэвч бид одоо дэлхийн тойрог замд ч жирийн иргэдийг илгээж чадахгүй байна шүү дээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид Аполло хөтөлбөрийн түүхээс давж, тэр бүү хэл хийсэн зүйлийг нь давтаж чадахгүй байна. Чухам энэ нь л ирээдүйн талаарх миний төсөөллийг гутранги болгочихсон. Миний бодоход ихэнх америкчууд надтай адил гутранги бодолтой болсон байх. Ирээдүйн тухай гутранги бодол сайн зүйлд хөтөлж байсан түүх үгүй.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид Аполло хөтөлбөрийн түүхээс давж, тэр бүү хэл хийсэн зүйлийг нь давтаж чадахгүй байна. Чухам энэ нь л ирээдүйн талаарх миний төсөөллийг гутранги болгочихсон.

-Сансар огторгуйд татагдсан олон хүн тань шиг урам нь хугарч цөхөрсөн байх. Гэвч яг компани байгуулж, сонирхлынхоо төлөө явсан хүн байхгүй. “Би л үүнийг хийх ёстой, хийх ёстой хүн нь би” гэж бодоход чухам юу нөлөөлсөн юм бэ?

-Юу гээч, “хийх ёстой хүн нь би” гэж ердөө бодоогүй. “SpaceX” хөтөлбөрийг эхлүүлж байхад бүтэлгүйтэх магадлал нь 90 хувьтай л байсан юм.

Анх би “Mars Oasis” гэх сайн санааны аян эхлүүлж байснаа тод санадаг. Ангараг гараг руу хүн илгээлээ гэхэд шим тэжээл бүхий шингэн хэлбэрийн үрийг тарьж ургуулж болохыг судлахад энэ сайн санааны аяны зорилго нь оршиж байсан. Тухайн үедээ улаан, ногоон өнгөөр ялгаж будаад танилцуулга хийж байлаа. Бас болоогүй богино дүрс бичлэг хийчихсэн. Ингэснээр АНУ-ын Конгресс сансар судлал руу анхаарлаа хандуулж, Сансар судлалын агентлагт хуваарилах төсвийг нэмэгдүүлнэ гэж найдсан хэрэг л дээ. Хэрэв Конгресс тухайн цаг үед төсвөө нэмэгдүүлээд Ангараг руу хүн илгээх хөтөлбөр баталсан бол би л лав PayPal-р төлбөрөө хийгээд Ангараг руу явахад бэлэн байсан.

“SpaceX” хөтөлбөрийг эхлүүлж байхад бүтэлгүйтэх магадлал нь 90 хувьтай л байсан юм.

-Зүгээр ч нэг бизнес бус сансар судлалын тухайлсан салбар руу хараалсан компанийг хөрсөн дээр бий болгоход амаргүй байсан байх. Чухам яаж бодит ажил хэрэг болгосон юм бэ?

-АНУ-д пуужин хийхэд зардал нь хэтэрхий их гараад байсан. Тиймээс ОХУ-д хэд, хэдэн удаа очсон юм. Хачирхалтай нь ОХУ-д ч асар өндөр үнэтэй байлаа. Гэвч тухайн цаг үед Оросын засаг захиргаа тив алгасагч баллистик пуужингуудаа бүхэлд нь задлах шийдвэр гаргасан. Энэ цаг мөчийг ашиглаад задалсан хэсэг бүрийг нь боломжийн үнээр худалдаж авахаар хөөцөлдсөн юм. Задалсан пуужингийн эд ангийг авах санал тавихад үнэ нь буурахгүй, улам өссөөр байсан. Магадгүй одоо ярихад хүмүүс итгэхгүй, галзуураа юу гэж бодож болох л доо. Гэвч энэ бол түүхэн үнэн.

Өмнөх асуултад Ангараг гараг руу очих мөрөөдлөө эхлүүлэхийн тулд сайн санааны ажил эхлүүлсэн гэж ярьсан даа. Хэрэв тухайн цаг үед мөрөөдөл биелж, Конгресс зардлаа нэмсэн ч Сансар судлалын агентлагт пуужин хийх гэрээт компани байхгүй бол ажил хэрэг болоход дэндүү хүнд гэдгийг ойлгосон. Тийм учраас ангараг руу нисэх мөрөөдлөө орхиод пуужин угсрах компанитай болох ёстой гэж бодсон юм. Гэвч үүнийгээ ч би бүтэлгүйтсэн гэж ойлгосон. Ямар эрүүл ухаантай хүн пуужин хийх компанид хөрөнгө оруулах вэ дээ. Сайн зүйлд хүргэж, дэврүүн амжилт гаргана гэж бодоогүй зүгээр л хийгээд үзэж яагаад болохгүй гэж бодсон юм даа.

-Хэрэв 1960-аад оны пуужин хөгжүүлэх салбарын ноён оргил болох Вернер фон Браун, Крис Крафт, Жийн Кранц нар амьд байсан бол 2019 оны Илон Маск хэнээс нь зөвлөгөө авах байсан бэ? Технологийн хувьд, худалдаачны сэтгэл зүй, алсын харааны хувьд...?

-Мэдээж хэрэг би Вернер фон Браунаас зөвлөгөө авах байсан. Түүний зөрүүд, этгээд төлөвлөгөө, загварыг одоо ч гэсэн хэрэгжүүлж болно. Пуужинг олон дахин ашиглах тал дээр түүний санаа, загвар гайхалтай. Даанч бид өнөөг хүртэл энэ технологийн асуудлыг нь шийдэж чадахгүй байна.

Өнөө цагийн бидний хэрэглэж буй пуужингийн технологи ч гэсэн үнэн хэрэгтээ солиотой шүү дээ. Онгоцоор зүйрлэвэл та хүрэх ёстой хот газраа тооцоолоод тухайн газрынхаа ойр тойронд очмогцоо сууж явсан онгоцоо сөнөөчхөөд шүхрээр газардаж байгаатай л адил шүү дээ. Манай хөтөлбөрийн хөөргөсөн “Falcon 9” хөлгийг эс тооцвол ихэнх сансрын хөлөг энэ системээр л ажилладаг.

Хэрэв бид сансар огторгуйн олон гараг эрхэст очин, 1969 оны бахдам түүхийг давтаж, магадгүй илүү гарахыг зорьж, тэмүүлж байгаа бол сансрын хөлөг, пуужинг олон дахин ашиглах боломжийг шийдэх хэрэгтэй.

Хэрэв бид сансар огторгуйн олон гараг эрхэст очин, 1969 оны бахдам түүхийг давтаж, магадгүй илүү гарахыг зорьж, тэмүүлж байгаа бол сансрын хөлөг, пуужинг олон дахин ашиглах боломжийг шийдэх хэрэгтэй. Шийдэх арга зам байж л байгаа. Хэрэв үүнийг л шийдэх юм бол сансар огторгуйн аялал, түүний зардал ч гэсэн дагаад буурна. “SpaceX” хөтөлбөр дахин ашиглах боломжтой пуужин бүтээхийн тулд л хөдөлмөрийнхөө дийлэнхийг үүнд зарцуулж байна.

-Магадгүй та бүх анхаарлаа SpaceX хөтөлбөр дээр төвлөрүүлж байна. Гэвч сэргээгдэх, цэвэр цахилгаан сүлжээг хөгжүүлэх илүү боломжит, хэрэгжих цаг хугацааны хувьд илүү ойр зүйл рүү анхаарлаа хандуулж болоогүй юу?

-“Tesla” компани байгальд ээлтэй эрчим хүчний салбарт жин дарах нөлөө үзүүлж байгаа гэж би хэлнэ. Манай компани тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах үйлсэд өнгөрсөн арван жилийн хугацаанд бодит нөлөө үзүүлсэн. Энэ бол маш том өөрчлөлтийн ердөө л нэг хэсэг нь. Хэрэв би өөрийгөө, оюун санаагаа зөвхөн “Тесла”-д зарцуулсан бол манай компани хэр хурдан өсөж, ямар үнэ цэн энэ нийгэмд бүтээлцэх вэ? Магадгүй зах зээлийн үр ашгийн хувьд дан ганцхан “Тесла”-тай байсан нь хамаагүй дээр байж болох л доо. Гэхдээ энэ дэлхийд үнэт зүйл, бүтээлч сэтгэлгээ бий болгож байх ёстой.

Би заримдаа боддог юм. Пуужинг шатаахгүйгээр хөөргөдөг байсан ч болоосой гэж. Гэвч энэ боломжгүй л дээ. Миний санахад Ньютоны гуравдугаар хуульд ч энэ тухай тайлбарлаагүй. Хүн төрөлхтөнд одоогоор пуужингийн тал дээр үүнээс өөр дэвшилтэт арга алга шүү дээ.

- Олон улсын сансрын станцад энгийн сансрын нисэгчид  холхиж, тогтмол нисэх боломжтой болох вэ гэдгийг олон нийтийн дийлэнх нь мэдэхийг хүсэж байгаа нь гарцаагүй...?

-Яг одоогоор хугацаа тодорхойгүй  ч “NASA”, “SpaceX” үүнийг боломжтой гэж харж байгаа. Хэрэв ямар нэгэн хугацаа хэлбэл Зеногийн парадокс шиг л юм болно л доо. Ямар ч байсан боломжтой, бодит болгохоор ажиллаж байна.

-Хэрэв  үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавиад саран дээр хүний мөр хэзээ гарахыг тодорхой хэл гэвэл юу гэж хариулах вэ?

-Үнэхээр солиотой асуулт байна. Гэхдээ хоёр жилийн хугацаанд гэж хариулна. Одоо байгаа технологийн боломжоор бид ямар ч хүнгүй хөлгийг хоёр жилийн хугацаанд саран дээр газардуулж чадна. Хэрэв хөлгийн багийн гишүүнтэй илгээвэл хоёр гаруй жилийг зарцуулна. Тэгэхээр би дөрвөн жилийн дараа хүний мөр гарна гээд хариулчихъя.

Хэрэв хөлгийн багийн гишүүнтэй илгээвэл хоёр гаруй жилийг зарцуулна. Тэгэхээр би дөрвөн жилийн дараа хүний мөр гарна гээд хариулчихъя.

-Уучлаарай, та сая “бид” гэж хэллээ. Энэ нь АНУ-г хэлж байна уу, “SpaceX” төслөө хэлж байна уу?

-Хэлж мэдэхгүй юм даа. Манай төслийн хувьд “NASA”-д чадна гэж итгүүлснээс сар юм уу, аль нэгэн гараг дээр газардах оролдлого хийсэн нь хамаагүй хялбар гэж хэлнэ. Яг одоо бол “NASA”-д ажиллаж буй олон инженерүүдэд сар юм уу, гараг эрхэс дээр газардаж чадна гэж итгүүлэхийн тулд маш их хугацаа, хүчин чармайлт шаардагдана.

Тиймээс хэн нэгэн хүн, аливаа нэг байгууллага хийх ёстой болж таарна аа даа. Ийм учраас л бид хийж байгаа юм.

Манай төслийн хувьд “NASA”-д чадна гэж итгүүлснээс сар юм уу, аль нэгэн гараг дээр газардах оролдлого хийсэн нь хамаагүй хялбар гэж хэлнэ.

-Таны санаачилсан “Falcon” болон “Dragon” хөлгөөр “гурваас дөрвөн жилийн дараа сар руу хамт ниснэ” гэж хэлдэг мөртөө яагаад “Бид одоо явна” гэж хэлэхгүй байгаа юм бэ?

-Бид “Аполло 11” хөлгийн хийснийг давтан хийж чадна гэж ам бардам хэлнэ. Гэхдээ дахин давтах нь анхных шигээ тийм сэтгэл хөдөлгөм байхгүй нь тодорхой.

Миний хувьд саран дээр бааз байгуулах нь боломжтой гэж боддог. Антарктид дээр бид байнгын бааз байгуулсантай адилаар сарны хөрс, бүтцийг нь харвал бааж байгуулах бүрэн боломжтой. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл шүү. Харин бид үүнийг аль болох ойрын хугацаанд бодитой болгохыг хичээж байгаа. Цаг хугацааг наашлуулахын тулд технологийн боломжоо сайжруулах ёстой. “Falcon 9”, “Falcon Heavy”, “Dragon” хөлгүүдэд цаг хугацаа зарцуулсан ч бидний тооцоолж байгаа шиг сайн болж өгөхгүй л байна. Тиймээс бид нислэгийн шаардлагыг хангахын тулд бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа.

-Саран дээр хөл тавьсан шиг хэзээ нэгэн цагт ангараг гараг дээр хүн төрөлхтний хөлийн мөр үлдэх нь гарцаагүй. Үүнийг та болон танай компани хийж чадах уу?

-Гарцаагүй. Үүнийг бодохоор сэтгэл асар их хөдөлдөг. Гэхдээ үүнийг амьдрал дээр биелүүлэхийн тулд олон зүйлсийг шийдвэрлэх шаардлагатай. Энэ талаас нь харвал зөвхөн сар эсвэл ангараг руу л нисэх хийрхэл гэж харж таарахгүй.

Нэрт эрдэмтэн Дуглас Адамс нэгэн цагт “Орчлон ертөнц бол бүх зүйлсийн хариулт, юу асуух вэ” гэж хэлсэн нь бий. Хэрэв бид мэдлэгийн цар хүрээ, ухамсраа өөрчилж чадвал чухам юу асууж болох вэ гэдгээ ойлгох байх. Илүү их зүйлийг мэдэрч, ойлгохын тулд мэдлэгийн хүрээгээ ямар нэг зүйлд баригдалгүйгээр тэлэх ёстой.

Тиймээс би нэг зүйлд хүрэхийн тулд алгуураар тогтвортойгоо, зогсолгүйгээр урагшаа тэмүүлэх ёстой гэж хэлэх байна.   

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.47) 2020 оны 01 сарын 31

би сансарийн нисгэгч болохыг хүсдэг гуйж байна

0  |  0
зочин(202.9.46.15) 2020 оны 04 сарын 25

ЭНЭ НЭГ ЗАЛУУ ЁСТОЙ САГСАГНАХ ЮМ АА

0  |  1
Top