СУРВАЛЖИЛГА: “Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

-23 дугаар сургуулийн бага ангийн сурагчид тусгай орчинд хооллож байна-

Усан цэнхэр өнгийг цагаан өнгөтэй хослуулж, төрөл бүрийн чихмэл загас, усны амьтдыг таазандаа өлгөж, зургуудаар ханаа чимэглэсэн танхимд орж ирлээ. Энд далай дотор хооллож байгаа юм шиг нэг тийм сонин содон сэтгэгдэл төрөхөөр ажээ. Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр ашиглалтад ороод төдийлөн удаагүй байгаа ч шинэ содон төрх, өвөрмөц шийдлээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж. Тус сургуулийн бага ангийн нэгэн сурагчийн ээж фэйсбүүк хуудастаа “Анги ангид нь ширээн дээр нь үдийн цайг өгдөг, хүүхдүүд аяга, таваг, халбага, сэрээгээ цүнхлээд явдаг байсан үе ард хоцорчээ. Охин маань яг Италийн сургууль гээд баярлаж байна” хэмээн бичсэний дагуу бид Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах 23 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуульд 3300 орчим сурагч сурдаг. Үүнээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж, бага ангид суралцдаг 1600 гаруй хүүхэд бий. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ч тус сургууль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ талаар 23 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх багш Ц.Цолмонбаатар “Бага сургууль тусдаа гарснаар ачаалал багасч байна. Одоо манай сургууль хоёр ээлжид бүрэн шилжсэн. Үдээс хойш сул цагууд гарч байгаа учраас дугуйлан, секц хичээллэх, амралтын өдрүүдэд хичээллэдэг байсан дугуйлангуудыг ажлын өдрүүдэд багтааж оруулах зохицуулалтууд хийсэн. Ингэснээр бүх багш, сурагчид хагас, бүтэнсайн өдөр амардаг боллоо. Долоо хоногийн таван өдөрт сурагчиддаа халуун хоолоор үйлчилж байна. Хуваарийн дагуу хүүхдүүд хоолны өрөөнд орж ирэнгүүт халуун хоолыг аягалаад, хооллох үйл явцад 15-20 минут л зарцуулж байгаа юм. Бүлэг бүлгээрээ хоолонд орж байгаа. Жишээлбэл, хоёрдугаар ангийн зургаан бүлгийн 250-300 хүүхэд нэг дор хооллох боломжоор хангагдсан. БСШУСЯ-наас “Үдийн хоол”-ны тоног төхөөрөмжийг олгосон. Үүнээс бусад өрөө, тасалгааны тохижилтын ажлаа өөрсдийн санаачилгаараа хийлээ. Аль болох хүүхдийн орон зайд тохируулахыг хичээсэн. “Үдийн хоол”-ыг хэрэгжүүлэхээс өмнө хүүхэд, эцэг, эх, багш нараас хооллолтын судалгааг авсан. Цагаан хоолтой, зарим бүтээгдэхүүнээс харшилдаг хүүхдүүд бий. Энэ бүхнийг тусгаад нийтлэг байдлаар хоолны цэсийг зохиосон” гэсэн юм.

Анги тус бүрийн онцлогоос шалтгаалаад бага ангийн сурагчид өдөрт дөрвөөс зургаан цагийн хичээлд суудаг. Тиймээс илчлэг, чанартай хоол идэх хэрэгтэй. Хооллохын өмнө гар ариутгагч, нойтон салфетка хэрэглэнэ. Бүр үдийн хоолны хяналтын зөвлөлтэй болжээ. Хяналтын зөвлөлд ангийн багш, сургалтын менежер, эрүүл ахуйч эмч, нийгмийн ажилтан ордог байна. Тэднээс гадна эцэг, эхийн төлөөллүүд ч хүүхдийнхээ хоолны амт, чанарт хяналт тавьж болох нь ээ. Мөн үдийн хоолтой таван өдрийнхөө нэг өдөр нь цагаан хоол өгөх гэх мэт байдлаар зарим зохицуулалт хийх нь бий. “Үдийн хоолыг тусгай зориулалтын танхимд иддэг болсон нь хүүхдүүдийг хооллох соёлд сургана. Өмнө нь бид анги тус бүрээр явж хяналт тавихад хэцүү, цаг хугацааны хувьд боломж хомс байсан бол нэг танхимд цугларч хоол идсэнээр ачаалал эрс хөнгөрсөн. Хүүхдүүд сонирхолтой орчинд олон найзтайгаа хоол идэх дуртай байна” хэмээн Сургалтын менежер З.Тунгалаг онцоллоо. Харин “Үдийн хоол” хөтөлбөрт сурагчид нь хамрагдаж байгаа Нэгдүгээр ангийн багш Д.Нанжид “Манай анги 43 хүүхэдтэй. “Үдийн хоол” хөтөлбөрт нэгдсэн журмаар шинэ танхимд орж байгаа. Шинэ сургуультай ч боллоо. Хүүхэд, эцэг, эхчүүд сэтгэл ханамжтай байна. Учир нь хүүхдүүдийн хооллох орчин илүү сонирхолтой, тав тухтай болсон. Ангидаа ширээ ширээн дээр нь тарааж өгдөг байсан бол одоо эрүүл ахуйн хувьд ч гэсэн цэвэр, цэгцтэй боллоо. Хоолны амт, чанарт хүүхдүүд дуртай. Багш нар өдөр бүр хүүхдүүдээ хоолонд оруулахдаа хяналт тавьж, хоолны амт, чанарын талаар сэтгэгдлээ дэвтэрт бичиж үлдээдэг. Өмнө нь нэгдүгээр ангийнхны “Үдийн цай”-г сургуулийн цайны газрын тогооч нар аягалдаг байсан. 5-10 минутад багтааж аягалах гэж хэцүү. Харин хоёроос тавдугаар анги хүртэл багш нар өөрсдөө “Үдийн цай”-г аягалж байсан учраас ачаалал ихтэй байлаа. Харин одоо багш нар ч гэсэн зочин шиг очоод хооллож байгаа нь таатай, сайхан байна” гэлээ. “Үдийн цай” хөтөлбөрт улсын төсвөөс 600 төгрөг төсөвлөдөг байсан бол “Үдийн хоол” болгосноор 900 төгрөг болгож нэмэх саналтай байгаа билээ. Үдийн хоол нь хүүхдийн насны онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан, зөв зохистой байх шаардлагатайг төсөл санаачлагчид онцолж байгаа юм. Ингэснээр нийслэлийн сургуулиудад гэхэд жилд дунджаар 65 тэрбум төгрөгийг “Үдийн хоол” хөтөлбөрт улсын төсвөөс зарцуулж, түрээс, тогоочийн цалинд зарцуулдаг байсан зардлаас илүү хүүхдийн хоолонд зарцуулах зардлыг түлхүү нэмэхээр тооцсон. Хар ухаанаар бодоход л нэг хүүхдийн үдийн хоолонд багадаа 2000 төгрөг шаардлагатайг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлж байгаа. Гэхдээ хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр “Үр дүнгээс нь хамаарч эерэг зохицуулалтууд нэмэгдэж болно” гэсэн хүлээлт ч байна. “Үдийн хоол” хөтөлбөр энэ онд албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд бага ангийн сурагчид 2020-2021 онд, дунд ангийн сурагчид 2021-2022 онд, ахлах ангийн сурагчид 2022-2023 оны хичээлийн жилд тус тус дээрх хөтөлбөрт хамрагдана гэсэн зорилт бий.

Хүүхдүүдийн цүнхний ачааг 40 хувиар багасгаж чаджээ

Нийслэлийн 23 дугаар сургуулийн өргөтгөлийн шинэ барилга 320 хүүхдийн багтаамжтай. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцээд сурагчийн цүнхний ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Аяга, халбага, бэлтгэлийн хувцас, дэвтэр, ном, үзэг, балны сав гээд хүүхэд цүнхэндээ олон нэр төрлийн зүйл авч явдаг. Ингэснээр таван килограммаас дээш ачааг хүүхдүүд үүрдэг байна. Уг нь 2.1-3.5 кг жинтэй цүнх нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрынх өв тэгш хөгжилд тохирох юм. Тиймээс өргөтгөлийн барилга дахь бага сургуулийн бүх давхарт “locker” гэх хүүхэд бүрт зориулсан хувцасны шүүгээг байрлуулжээ. Тус шүүгээний ачаар хүүхдүүд аяга, тавга, халбага, хоолны саваа өдөр бүр гэрээсээ зөөхгүй, цүнхэн дэх сурах бичгүүдээ ч тусгай зохицуулалтаар багасгах боломжтой гэнэ. Тусгай шүүгээ ямар ач холбогдолтойг “Хүүхэд бүр шүүгээтэй болсноор үлдээх шаардлагатай, тэр өдрөө хэрэглэхгүй зүйлсээ үлдээж, цүнхны ачаалал багассан. Хүүхдийн өөртөө үйлчлэх чадвар нь нэмэгдэж байгаа. Шүүгээндээ хувцсаа цэгцтэй хийх, эд зүйлсээ ангилж, хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж сурах гээд хүүхдийн бие даах чадварт нь эерэг нөлөө үзүүлж байна. Жишээлбэл, бэлтгэлийн хувцсыг өдөр бүр авч явах шаардлагагүй учраас шүүгээндээ үлдээгээд долоо хоногийн төгсгөлд гэртээ аваачиж угааж ирж болно” хэмээн багш нар хэлж байна. Шинэ сургууль ашиглалтад орохоос ч өмнө хүүхдийн шүүгээний талаар судалгааг багш, сургуулийн удирдлагууд хийж, эхний байдлаар туршилт хийж байжээ. Зарим бага ангид хүүхэд болгоны нэртэй хавтас хийж, шкафанд байршуулж байсан гэнэ. Ингэснээр хавтсандаа гэр рүүгээ авч явах шаардлагагүй ном, дэвтрээ үлдээж, цүнхний ачааг хөнгөлжээ. Одоо илүү сайжруулж, бага ангийн хүүхэд бүрт тусгай зориулалтын цоожлох түлхүүртэй шүүгээг гаргаж өгчээ. Улмаар шүүгээг ашиглах журам гаргаж, анги бүр онцлогтоо тохируулан хэрэглэж байгаа аж.

Энэ талаар 23 дугаар сургуулийн Сургалтын менежер З.Тунгалаг “Өөр өөрийн шүүгээтэй болсноор хүүхдүүд цэвэр, нямбай байх, бусдын эд зүйлийг хайрлах, өөрийнхөө юманд ариг гамтай байхад суралцаж, наанадаж түлхүүрээ өөрөө хадгалаад явах дэгтэй болж байна. Дунджаар 40 гаруй хувиар хүүхдийн цүнхний ачаалал багассан. Хэрхэн багасч байгааг нь жинлэж үзэж байгаа. Шүүгээ ашиглаж дөнгөж эхэлж байгаа учраас хүүхдүүд хувцсаа солихдоо цаг зарцуулах гээд бага сага бэрхшээл гарч байна. Үүнийг зохицуулж, төлөвлөж сурахад асуудал алга” гэсэн юм. Англи, Герман, Орос, Япон, Солонгос, Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, сонгосон хэлнээсээ гадна Англи хэлийг давхар эзэмшүүлж, сурагчдаа хос хэлтэй төгсгөдөг сургууль бол 23. Гэсэн хэдий ч бараг төлбөргүй, гадаад хэлний нэмэгдэл гэж Засгийн газраас батлагдсан хувьсах зардлын 50 хувийг жилд нэг удаа сурагчаас авдаг. Энэ нь бага, дунд, ахлах ангиас хамаарч жилд 140-210 мянган төгрөг болдог аж. Бусад хэлний сургалттай ч маш өндөр төлбөртэй хувийн сургуулиудаас улсдаа ганц гэгдэх хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургууль сурагчдаа хөгжүүлэхээс гадна сурах орчин нөхцөлд нь анхаарч байгаа нь сайн туршлага болж байна. Зөвхөн төр, засгийн дэмжлэгийг хүлээхгүйгээр сайн туршлагыг бусдаас түрүүнд нэвтрүүлж байж л энэ мэт хөгжих болов уу. Өөр нэг туршлага гэвэл, тус сургуульд харьяаллын бус сурагчид олон сурдаг учраас дөрвөн чиглэлд 220 хүүхэд сургуулийн автобусаар тогтмол үйлчлүүлж байгаа гэнэ. Мөн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг багасгахаар төлөвлөгөө боловсруулж, туршилтаа энэ сарын 20-ноос эхлүүлжээ. Тэдний зүгээс “Их даалгавар хийснээрээ онц сурч, хөгждөг юм биш оновчтой байдлаар үр ашигтай даалгавар хийснээрээ сурагч хөгжинө” гэж үзэж байгаа аж. Хамгийн сүүлд шинэ сургуулийн барилгадаа багш нарын чийрэгжүүлэлтийн танхимыг гаргаж, тохижуулж эхэлжээ. Удахгүй хичээлээ тараад эцэг, эхээ хүлээдэг тус сургуульд явдаг хүүхдүүдэд зориулж шинэ танхим гаргаж өгөх гэнэ. Үүнийгээ “Багш, ажилчдын хүүхдийн төв” гэж нэрлэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top