Зэсийн ханш 2020 оны төсөвт тусгасан үнээс 200 ам.доллароор УРУУДЛАА

2020 оны 01 сарын 29

Нэг тонн зэсийн ханш дэлхийн зах зээл дээр өнөөдөр 5714.50 ам.доллар байна. Энэ нь өчигдрөөс 1.11 хувиар буурсан үзүүлэлт юм. Зэс манай экспортын цөөн нэр төрлийн түүхий эдийн нэг учраас дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөн чухал байдаг. Зургаан мянган ам.доллар давж өсөөд байсан зэсийн ханшийн энэ удаагийн уналт коронавирусийн дэгдэлттэй холбогдож таарч байна.

Энэ 2020 онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30  хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй. Тонн зэсийн зах зээлийн ханшийг  энэ онд 5991 ам.доллар байна гэж тооцоод буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай тооцооллоос 200 гаруй ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.

 

СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ЗЭСИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ 

2019 оны гуравдугаар  улирлын байдлаар дэлхийн  зэсийн зах зээлд 330 мянган тонны хомсдол бий болсон бол арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн  байдлаар агуулахууд дахь нөөц 114 мянган  тонн буюу сүүлийн долоон сарын хамгийн бага түвшинд хүрч буурсан. Өнгөрсөн жил зэсийн нийлүүлэлтэд үүссэн бага хэмжээний хомсдол  энэ 2020 онд ч үргэлжилнэ гэсэн таамгийг шинжээчид хэлж байна.

Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт 2019 оны гүйцэтгэлээр 1,403.6 мянган тонн болсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мянган тонноор бага байна. 2018 онд зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1,400.5 ам.доллар байсан бол 2019 онд 1,279.5 болж 121.1 ам.доллароор буурсан. Түүнчлэн экспорт үнийн дүнгээр 1,795.9 сая ам.доллар болж өмнөх оноос 216.3 сая ам.доллароор буурч тооцогджээ.

 

Сануулахад, тонн зэсийн ханш:

 

  •  2019 оны аравдугаар сард дунджаар 5757 ам.доллар
  •  2019 оны арваннэгдүгээр  сард дунджаар 5860 ам.доллар
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6130 ам.долларт хүрч өссөн юм.

 

Хятад, Америкийн 1 дүгээр шатны хэлэлцээр амжилттай болсон, агуулахууд дахь нөөц буурсан зэрэг нь зэсийн ханшийг сэргээх шалтгаан болж байсан ч коронавирусийн дэгдэлт тэр өсөлтийг унагаж байна. Гэхдээ шинжээчид дунд хугацаанд зэсийн эрэлтийг эерэгээр харахгүй байсныг сануулъя. Дэлхийн эдийн засгийн идэвхжил саарч, хөгжсөн болон хөгжиж буй орнуудад өсөлт буурах төлөв металлын захад сүүдэр дагуулна гэж харахад хүргэсэн. Тэгвэл нэмэр дээр нэрмээс гэгчээр коронавирусийн дэгдэлт тархац хурдацтай байгаа нь таваарын захаас их зүйл хүлээх хэрэггүй гэсэн болгоомжлолыг дагуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top