ТОЙМ: Монгол Улсын урсгал данс 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай 

2020 оны 02 сарын 04

 

Гаалийн Ерөнхий газраас зарлаж буй гадаад худалдааны статистик нь Монгол Улсын хилээр орж, гарч буй барааны статистик тул шууд гадаад валютын орлого, зарлагыг илэрхийлдэггүй гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Монгол Улсын гадаад худалдааны тоон үзүүлэлтүүдийг нэгтгэсэн тойм мэдээллийг Төв банкнаас өгч байна. Судлаачид уг  үзүүлэлтүүдийг Гаалийн Ерөнхий газрын “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл”-д үндэслэн, дэлхийн улс орнуудын Төв банкны практикт нийцүүлж, судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан гаргажээ.

Гаалийн статистикаар гадаад худалдааны тэнцэл 2019 онд 1.5 тэрбум ам.доллартой тэнцүү байгаа ч Монгол Улсын урсгал данс 2019 оны эхний 11 сарын байдлаар эсрэгээрээ 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Урсгал дансны байнга өндөр хэмжээний алдагдалтай байдаг нь  төгрөгийн ханш суларч байгаагийн үндсэн шалтгаан гэдгийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлсэн.

Гадаад худалдааны тойм үзүүлэлтүүдтэй танилцана уу.

2019 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7 хувиар буюу 860 сая ам.доллароор өсөж,  13,747 сая ам.доллар болжээ.

Үүнд экспорт 9 хувиар буюу 608 сая ам.доллароор, импорт 4 хувиар буюу 252 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлжээ. Арванхоёрдугаар сард худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 356 сая ам.доллароор өсөж 1,492 сая ам.долларын ашигтай гарав.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 64 хувь буюу 8,809 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 13 хувь буюу 1,798 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, БНХАУ-тай хийсэн худалдаа 4 хувиар өслөө.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2019 оны  арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 9 хувиар, өмнөх сараас 3 хувиар буурч 1.600-д хүрсэн байна. Худалдааны нөхцөлийн индекс өмнөх сараас муудахад чулуун нүүрсний хилийн үнэ буурсан болон хөрөнгө оруулалтын барааны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна.

ЭКСПОРТ

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс  608 сая ам.доллароор өссөн нь нийт экспортыг 8 нэгж хувиар өсгөх чиглэлд нөлөөлжээ. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 нэгж хувиар өссөн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 0.5 нэгж хувиар буурчээ.

2019 оны эхний 12 сард экспортын гадаад худалдааны тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 285 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 323 сая ам.доллароор тус тус өслөө. Чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 17 сая ам.доллароор, үнийн өсөлтөөс шалтгаалж 54 сая ам.доллароор өсжээ.

Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээний өсөлтөөс шалтгаалж 82 сая ам.доллароор өссөн бол үнийн өөрчлөлтөөс шалтгаалан 29 сая ам.доллароор буурав.

ИМПОРТ

Импорт 2019 оны гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар буюу 253 сая ам.доллароор өсөв. Импортын 4 нэгж хувийн өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 5 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 1 нэгж хувийг тус тус бүрдүүлж байна.

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 265 сая ам.доллароор, нефтийн бүтээгдэхүүний импорт 53 сая ам.доллароор тус тус өссөн бол аж үйлдвэрлэлийн орц бүтээгдэхүүний импорт 52 сая ам.доллароор, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 12 сая ам.доллароор буурчээ.

Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2019 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар, өмнөх сараас гурван хувиар буурч тонн тутамд 635 ам.долларт хүрэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top