Б.Сүхбаатар хэмээх хөдөлмөрч, зүтгэлтэй залууг морин хуургүйгээр төсөөлөх аргагүй. Хар багадаа л морин хуур урлаач өвгөний чимхлүүр нарийн ур арга барилыг бишрэн харсан цагаасаа хойш морин хуур сонирхох болжээ. Улмаар сургуулийнхаа хөдөлмөрийн багш С.Мягмаржавын ур хийц, арга техникээр дөр сууж, морин хуур урлаач С.Баярсүрэн багшийнхаа авьяас чадвар, арга заавраар мэргэжлийн морин хуур урлаач болсон түүхтэй. Сонирхолдоо хөтлөгдөн Увс аймгийнхаа “Улаангом” коллежид сийлбэрчнээр суралцаж төгсөөд Улаанбаатар хотноо Соёлын коллежид морин хуурын ангийг дүүргэсэн хөтөлгөө морьтой авьяаслаг залуу 2007 онд ажил амьдралын талбарт гарахдаа хоёрхон жилийн дараа Засгийн газрын ордны чанх ард “Flora” цэцгийн дэлгүүрийн байранд “Монгол хуур” төвийг байгуулж байжээ. Аливаа зүйлийг төгс хийхийг хичээдэг залуухан урлаач тус төвдөө морин хуурын үйлдвэрлэл эхлүүлж 3000 шахам морин хуур үйлдвэрлэсэн бол, морин хуур, хөөмийн сургалтын төвөөсөө 500 гаруй шавь төрүүлжээ.
Хуур гэдэг экил хуур, ширэн цартай хуур, сургалтын хуур, мастер хуур гээд олон янз. Мастер хуур нь эд материал, гоёл чимэглэлийн хувьд захиалагчийн хүсэлтээр олон янз хийгддэг учраас ажиллагаа, хугацаа их шаардагддаг. Ширэн царыг ямааны арьсаар хийдэг онцлогтой аж. Экил хуурыг баруун аймгийнхан голчлон тоглодог. “Морин хуур бол дэлхийн бүх чавхдаст хөгжмийн өвөг эцэг гэж боддог. Морин хуурын хөвч болон хоёр чавхдаст нь нийт 365 хялгас ордог бөгөөд морин хуураас бүхэл бүтэн найрал хөгжим эгшиглэх мэт дүүрэн дуугаралт гардаг. Морины хялгасаар хийсэн чавхдас амьтай дуугардаг бол сатурк материалаар хийсэн чавхдас жигд цэвэрхэн дуугардаг. Гэхдээ морины сүүлээр хийхдээ маш сайн боловсруулах хэрэгтэй. Энэ нь хот суурин нөхцөлд тун боломжгүй. Ардын дуу, хөөмий, магтаал, уртын дууны аялгуунд хялгасан чавхдаснаас ер бусын монгол ахуйлаг хөг эгшиглэдэг” гэж тэрбээр хэлсэн юм. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавхдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан урладаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийдэг байна.
Сүүлийн 30 жилд монголчууд морин хуурын өв соёлоо эрчимтэй хөгжүүлж морин хуур цахилгаан хөгжим болтлоо хөгжсөн. Энэ хөгжилд Б.Сүхбаатарын оруулсан хувь нэмрийг дурдвал олон. Морин хуурын өнгө төрхийг хэдэн шат дээшлүүлсэн бөгөөд цар нь хээ хуартай, зурагтай, сийлбэртэй байхаас гадна морины толгойг Хүннүгийн үеийн морины бэлгэдлээр өөрчлөн шинэчилж өөрийн гэсэн брэндийг үүсгэсэн. Түүний хэтийн мөрөөдөл нь морин хуур урлаачдыг бэлтгэдэг мэргэжлийн сургуультай болох явдал юм.
Түүний урлан дахь үйлдвэрлэлийн хэсэгтэй танилцахад мужаан, сийлбэрчин, зүлгүүрчин, хөгжмийн зэмсгээ хөглөдөг мастер, будах, лакдах ажлыг хариуцсан ажилтнууд тун завгүй ажиллаж байлаа. Модны үнэр сэнхийж, үртэс хөлөөр хөглөрнө. Хөрөөдөж янзалсан анхны бүтээгдэхүүнүүд морин хуур болохоо хүлээн эгнэжээ. Морин хуур урлахдаа нарс мод болон Орос улсад ургадаг Сибирийн цагаан хус модоор хийдэг ажээ. Монголд хус ургадаг боловч тачирхан агаад яр ихтэй байдаг талаар Б.Сүхбаатар учирлаж байв. Сингапур, Индонейз зэрэг улсад ургадаг хар мод, улаан модоор өртөг өндөр мастер хуурыг урладаг ажээ. Морин хуур нь толгой, иш, цар гэсэн гурван хэсэгтэй бөгөөд , тэвх, сойлт, нум, чавхдас, хөвч зэрэг 33 төрлийн нарийн ажиллагаа ордог. “Морин хуур” төв нь морин хуур урлахаас гадна их хуур, монгол маягийн шанз зэрэг өөр төрлийн хөгжмийн зэмсэг урладгаараа онцлог. Морин хуурыг 300 мянгаас эхлээд 15 сая төгрөг хүртэл үнэ ханшаар урладаг бол шанз хөгжмийг 700 мянгаас нэг сая 400 мянган төгрөгийн өртгөөр хийдэг ажээ.
Үйлдвэрт хаягдал мод их гардаг тул түүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан тоглоомон хөгжим хийх бодолтой байгаагаа ч тэрбээр нуусангүй. Аялал жуулчлалын цаг үеэр морин хуураа тохой хэртэй жижигхэн хийж, гадаадын жуулчдад борлуулдаг нь нүдээ олсон шийдэл юм. Жуулчид “Морин хуур”төвд зочлох дуртай бөгөөд ирсэн зочдод тус төвийнхөн үйлдвэрээ танилцуулж эцсийн бүтээгдэхүүн болсон хөгжмийн зэмсгээрээ тоглолт хийж үзүүлдэг нь сонирхолтой санагдаж байв. Энэ нь гадаадын зочдод маш их таалагддаг талаар хуур урлаач маань хэлж байлаа. Түүний “Морин хуур” төвийн сургалтад зургаан наснаас 60 настай хүмүүс суудаг гэнэ. Сургалтын хувьд гурван сар нь анхан шат, зургаан сар нь дунд шат, нэг жил нь гүнзгийн шатны гэж ангилдаг бөгөөд төлбөрийн хувьд долоо хоногт хоёр удаа нь 150 мянга, гурван удаагийнх нь 200 мянган төгрөгийн үнэтэй гэдгийг энэ дашрамд дуулгая. Бидний ярилцаж байх үеэр хоёр ч аав хөвгүүдээ хөтлөн ирж сургалтын талаар сонирхож байсан юм.
Б.Сүхбаатар нь уран бүтээлч хүний хувьд 2017 онд “Тэнгэрийн эгшиг” нэртэй морин хуурын тоглолтоо Бөхийн өргөөнд хийгээд амжжээ. Мөн хөгжмийн аялгуу зохиож, “Ээжээс минь ирсэн ааруул”, “Сүүтэй цагаан аялгуу”, “Шаргал дорнын говь”, “Аялгуут сайхан морин хуур минь” зэрэг 40 гаруй дуутай болсон. Өдгөө уран бүтээлч маань морин хуур, хөөмий, магтаал, дууны, хүүхдийн дууны зэрэг цуврал цомог гаргахаар зүрх сэтгэлдээ төсөөлөн бодож төлөвлөн тооцоолж яваа гэв
“Морин хуур” төв бууриа сэлгэж Цайз 16 захын зүүн урдхан “Сүмбэр” худалдааны төвд төвхнөжээ. Учир нь “Монголын морин хуурын музей”-дээ зориулж түүний сүүлийн 10 жил цуглуулсан морин хууртай холбоотой соёлын өвүүд болох 400 гаруй төрлийн цуглуулга бүхий үзмэр нь хуучин байрандаа багтахааргүй их болжээ. Хуучны 30 гаруй хуур, морин хууртай холбоотой 20-иод уран зураг, морин хуурын сийлбэрээс гадна 30 гаруй баримал бүтээл, эртний гэрэл зураг зэрэг эдгээр үзмэрүүдийг агуулж, хадгалахын тулд музейн байртай болох шаардлага тулгарчээ. Тиймээс “Үндэсний бахархлыг бид бүтээнэ” уриатайгаар “Жонон хар” нэртэй музей барих зорилго тээж, хандив цуглуулах аян өрнүүлж, аяны хүрээнд есөн томоохон ажил хийхээр төлөвлөөд буй. Эхний ээлжинд “Жонон хар” музейн барилгын зураг төслийг гаргаж байгаа бөгөөд дараагийн ээлжинд рок поп, нийтийн дуу, ардын урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Дараагийн далайцтай ажил бол морин хуурчдын бүрэлдэхүүнээр Монгол туургатны хэмжээнд болон 21 аймгаараа аялан тоглолт хийх юм.
“Би гурван метрийн өндөртэй шилэн цартай, шилэн морин хуур хийж, түүнийгээ Монголын томоохон компаниудаар аялуулж хандив цуглуулах бодолтой байгаа. Шилэн морин хуураас морин хуурын ялгуу эгшиглэж, морин хуурт хайртай Монголын ард түмэн минь миний энэ төслийг дэмжиж шилэн царанд нь хандив өргөх биз ээ. Морин хуурт зориулсан цогцолбор барих хүсэл мөрөөдөл минь биелбэл морин хуурын үйлдвэр, сургууль, музей, тоглолтын танхим, дэлгүүр гээд бүхий л зүйл нь нэг дор цогцолсон байртай болж, морин хуурт хайртай хүн бүхний зорьж ирдэг газар болох болно. Үүний төлөө би бүхий л боломж, сэтгэл зүрхээ зориулна” гэж түүнийг хэлэхэд харцнаас нь хийж бүтээхүйн их хүсэл эрмэлзэл гэрэлтэж байв.
Түүний хамгийн гайхмаар үйлдэл нь Богд хааны үед хэрэглэгдэж байсан эртний ховор морин хуурыг унаж явсан машинаараа сольж авч байсан гээд бод доо...
Сэтгэгдэл ( 1 )
амжилт хүсье Үнэхээр бахархаж дэмжиж байна.\n