Монголын эдийн засаг хүний биеэр жишвэл дархлаа муутай, эмзэг. Тиймээс ч дархлааг нь сайжруулах чиглэлд эдийн засагчид, судлаачдын оролцоо байр суурь чухал. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч асан, гавьяат эдийн засагч Д.Моломжамц Монголын эдийн засгийн нэг сул тал нь урт хугацаат хөрөнгийн дотоод эх үүсвэрийн дутагдалтай байдал гэдгийг хэлж байна.
Түүнчлэн “Урт хугацаат хөрөнгийн дотоод эх үүсвэрийг банкууд л бий болгож чадна. Иймээс хөрөнгийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэх эдийн засгийн болон эрх зүйн орчныг улам сайжруулах нь чухал байна. Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны талаар Монголбанкнаас тогтоодог үзүүлэлтэд баригдаад зээлийн үйл ажиллагаагаа банк дорвитой өргөтгөж чадахгүй байна. Банкны хувь нийлүүлэгч нар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар Монголбанкны тогтоон өгч байгаа хязгаарыг арай ядан биелүүлж байна. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, тэднийг хөрөнгөжүүлэх талаар төрөөс нэг удаа бодлогын арга хэмжээ авч, тэдний дүрмийн санд төрөөс эргэж төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтыг тодорхой хугацаанд хиймээр санагддаг. Ингэж чадвал манай орны банк урт хугацаат мөнгийг «үйлдвэрлэх» боломж улам нэмэгдэж, улмаар инфляцыг бүрэн хяналтад авах, ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах эдийн засгийн үндэс улам л сайжирна. Манай арилжааны банкуудын нийт актив ДНБ-ий 60 гаруй хувьтай тэнцэж байна. Зах зээл хөгжсөн орнуудад энэ харьцаа 150-350 хувь байгаагаас үзэхэд, банкийг хөрөнгөжүүлэх, түүний дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байна” гэжээ.
Мөн “Төв банкны бодлогын хүүг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж харагдахгүй байна. Иймээс үүний оронд үнийн өсөлт, валютын ханш болон банкны зээлийн хүүд нөлөөлж байгаа мөнгөний бодлогоос үл хамаарах хүчин зүйлийг эрх зүйн зохицуулалтад оруулахад анхаармаар санагдана. Манай оронд өнөөдөр олон асуудал хуулийн зохицуулалтгүй явж байгаа нь зах зээлийн харилцааг гүнзгийрүүлэхэд саад болж, улмаар инфляцыг зохиомлоор хөөрөгдөж, ард түмний амьдралын түвшинд сөргөөр нөлөөлж байна. Гадаад болон дотоод худалдааны үйл ажиллагаа, мөн түүнчлэн үнэ, тарифын бүрдэлт ямар ч зохицуулалт байхгүй, бараг урсгалаар явж байна. Бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч болон худалдааны байгууллагаар дамжин эцсийн хэрэглэгчид хүрэх бүх үе шатанд бөөний болон жижиглэнгийн үнэ, тариф хэрхэн бүрэлдэх, худалдааны нэмэгдлийг яаж тогтоох, түүнд ямар зардлыг хамааруулах, хяналтын ямар механизм үйлчилэх зэрэг олон асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулж, үнэ бүрдэлтийн тухай хуультай болмоор байгаа юм. Ингэж чадсанаар бид инфляцыг зохиомол хөөрөгдөж байгаа болон ард түмний амьжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж буй нэг хүчин зүйлийг арилгаж чадна. Зээлийн хүү буурах бас нэг бодит боломж гарч ирнэ. Арилжааны банкны зээлийн хүүг Төв банкны бодлогын хүүтэй уяж тогтоодог механизмд шилжих нь зүйтэй санагдана. Ингэснээр инфляцын түвшин, бодлогын хүү болон зээлийн хүүний түвшний харилцан шүтэлцэл, хамаарлыг сайжруулах болно.
Манай оронд инфляцид нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл нь махны үнийн өсөлт болоод байгааг зориуд анхаарч арга хэмжээ авмаар санагдана. Мах бол манай хувьд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн юм. Мах хүрэлцэхгүйдээ биш махны үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт болон экспортын зохицуулалтын механизм дутагдаж байгаагаас гочлон шалтгаалж махны үнэ өсөөд байгаа юм биш үү. Сүүлийн үед хятадууд махыг өндөр үнээр авч хомсдол үүсгээд байна гэсэн мэдээлэл гарч байна. Махны үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт болон экспорттой холбоотой асуудлыг тусгай хууль гаргаад зохицуулж болно” хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )