Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстан улсад айлчилна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр /2020.02.06/ хүлээн авч уулзав.

Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчлах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн тэрбээр ирэх долоодугаар сарын 5-ны өдөр Нур-Султан хотноо болох  “Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэв.

Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.35) 2020 оны 02 сарын 06

монголын казахуудыг эх нутагт нь шилжүүлэх тухай ярилцах хэрэгтэй

0  |  0
Top