Б.Түмэнцэнгэл: Вирусийн тархалтаас сэргийлэх нь эдийн засгийн цаашдын ирээдүйд тустай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Коронавирус Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлаар эдийн засагчдын байр суурь анхаарал татаж буй. Тэгвэл аналист  Б.Түмэнцэнгэл “Вирусийн эдийн засагт  үзүүлэх нөлөөллийг одоохондоо хэлэхэд арай эрт, ядаж  нэгдүгээр  улирлын эдийн засгийн тоон мэдээллүүдийг харах шаардлагатай. Монголын эдийн засгийн хувьд ч нөлөөллийг тоогоор хэлэхэд арай эрт” гэсэн байна.

Түүнчлэн  тэрбээр “Төгрөгийн ханшийн дунд урт хугацааны трэнд Монгол Улсын валют олох чадвараас хамаарна. Харин богино хугацаанд аливаа шокоос үүдэлтэй огцом савлагаа үүсгэхгүй байх бодлогын орон зай бий. Валютын захад оролцогчдын хүлээлт тогтвортой байвал ханшид ч савлагаа үүсэхгүй байх боломжтой" гэжээ. 

Коронавирусийн инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар “Инфляц эрэлт ба нийлүүлэлтийн шалтгаанаар сүүлийн хоёр сард саарч буй. Харин 2020 он гараад төсвийн тэлэлт, цалингийн нэмэгдэл, махны үнийн өсөлтөөс шалтгаалаад бага зэрэг нэмэгдэх хүлээлттэй. Үндэсний статистикийн хороо  нэгдүгээр  сарын статистикийг зарлахад иргэд хүнс нөөцөлснөөс үүдэлтэй ямар бараа бүтээгдэхүүний үнэ дээр өсөлт гарсан нь тодорхой харагдана гэсэн байна. 

Харин төсвийн бодлого, мөнгөний бодлогод нөлөөлөх нөлөөллийн талаар “Төсвийн орлого талд гадаад орчноос хамаарсан эрсдэлүүд мэдээж бий. Алдагдал, өрийн хэмжээ нь дунд урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдалтай холбогдоно. Иймд зардал талын үр ашгийг байнга анхаарах шаардлагатай. Мөнгөний бодлогын гол ажил бол гүйцэтгэх засаглалын бодлогыг дүгнэх шүүмжлэх бус, харин Төв банкны хуулиар ногдсон гол үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх гэжээ. 

Тэгвэл коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдэгт дараах байр суурийг илэрхийлжээ.

Үндэсний статистикийн хорооны тооцоогоор Цагаан сар тэмдэглэх зардал нь 1 өрхийн хувьд дунджаар 2.2 сая төгрөг, нийт улсын хэмжээнд 1.2 их наяд төгрөг, үүний 40-50% нь бэлэг. Үүнээс 100-200 сая орчим ам.долларын импортын хэрэглээ үүсэх боломжтой. Баяр тэмдэглэхгүй байснаар валютын энэ эрэлт хэмнэгдэх боломжтой. Мөн хэдийгээр хэрэглээ түр зуур хязгаарлагдлаа ч вирусийн тархалтаас сэргийлэх нь эдийн засгийн цаашдын ирээдүйд тустай гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top