Ц.Цэцэгдэлгэрэх: Нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирүүлэх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж, АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй. Тэгвэл энэ жилийн хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн бямба гарагт дуусгавар болсон билээ. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа.


-Жил бүр АТГ-т төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлдэг. Энэ жилийн хувьд хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлэх байснаас хэд нь мэдүүлээгүй вэ?

-Авлигын эсрэг хуульд хамрагддаг албан тушаалтнууд жил бүр хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн болон гэр бүлийнхээ орлогыг мэдүүлэх үүрэгтэй. Бид өнгөрсөн бямба гарагийн 00:00 цаг хүртэл хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээж авлаа. Харин одоо 14 хоногийн дотор тайлан, мэдээгээ албажуулах ёстой. Өнөөдрийн байдлаар цахим системээсээ урьдчилсан дүн мэдээгээ гаргаад байна. Энэ жилийн хувьд нийт 41689 албан тушаалтан хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах ёстойгоос 41685 нь мэдүүлсэн. Нэг мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй. АТГ-т төрийн өндөр болон УИХ, Засгийн газраас томилогддог нийт 290 албан тушаалтан мэдүүлгээ шууд гаргаж бүртгүүлдэг. Энэ сарын 15-ны өдөр 283 албан тушаалтан мэдүүлсэн. Долоон албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээгүй, сул орон тоотой байсан.  Тэгэхээр АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх албан тушаалтан 100 хувь мэдүүлгээ ирүүлсэн байна.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ цаг хугацаанд нь ирүүлээгүй нэг албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаандаа нэг албан тушаалтан гаргаагүй. Энэ бол Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбат юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нийт 19 шүүгчийн бүрэн эрхийг түр түдгэлзүүлсэн. Үүнээс долоогийнх нь эрхийг сэргээсэн. Одоогийн байдлаар 12 шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн хэвээр байна. Тэд бүгд хуулийн хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэгтэй. Учир нь, тэднийг нийтийн албанаас чөлөөлөөгүй. Шүүхээс гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй. Харин 12 шүүгчээс нэг шүүгч хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй. АТГ-аас хуулийн хугацаанд хөрөнгөө мэдүүлээгүй албан тушаалтнаас холбогдох арга хэмжээг авах болно. Өөрөөр хэлбэл, нийтийн албанаас халах хүртэлх хэмжээний зохицуулалттай байдаг.

-Хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтнуудын мэдээллийг хэзээ албан ёсны сайтдаа байршуулах билээ?

-Ирэх гуравдугаар сарын 1-ээс өмнө нэгдсэн дүнгээ танилцуулна. Харин хоёрдугаар улиралдаа багтааж нийт хөрөнгө орлогоо мэдүүлсэн хүмүүсийн мэдүүлгийг цахим сайтдаа байршуулна. Дараа нь хөрөнгөө мэдүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж, тогтооно.

-Энэ жилийн хувьд онцлогтой. Ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй шүү дээ?

-Тийм. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Хуульд зааснаар нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-т бүртгэж, хүлээж авна. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороонд хөрөнгөө мэдүүлдэг байсан. Тэгэхээр хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж авна. Дараа нь АТГ-ын цахим сайтад байршуулна. Энэ хүрээнд холбогдох бэлтгэл ажлыг хангаж байна.

-Ингэхэд УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцсэн байдаг. Тус дэд хорооноос тэдний хөрөнгө, орлогыг АТГ-ын сайтад байршуулахдаа техникийн алдаа гаргасан гэж үзсэн. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-АТГ-аас УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгадаггүй. Харин УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг. Гэсэн ч техникийн алдаа гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн хүний мэдүүлсэн хөрөнгө, орлогыг шууд хураангуйлж олон нийтэд ил болгодог. Өөрөөр хэлбэл, сайтдаа байршуулдаг. Тэнд ямар нэгэн хүчний оролцоотойгоор алдаа гаргах боломжгүй. Түүнээс яагаад техникийн алдаа гэж үзсэнийг мэдэхгүй байна. Учир нь, АТГ-аас шалгаагүй. Шалгах эрх мэдэл, хууль байхгүй.

-Тэгэхээр УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын албан ёсны сайтад байршуулахад ямар нэгэн техникийн алдаа гарах үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Бид мэдүүлсэн мэдүүлгийг нь хураангуйлж байршуулдаг. Харин өөрсдөө алдаа гаргаж, мэдүүлгээ ирүүлсэн тохиолдол бол байдаг. Тухайлбал, таслал болон цэгийг андуурах, алдах тохиолдол гардаг. Дараа нь хүсэлт тавьж, засуулдаг. Гэхдээ хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш хандвал засах ямар ч боломжгүй. Харин 15-ны өдрөөс өмнө бол засварлах боломжтой байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top