Энэ сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хот болон орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хориглосон. Үүнтэй холбогдуулан хотоос гарах түр зөвшөөрөл олгож байгаа нийслэлийн Онцгой байдлын газар болон Налайхын шалган нэвтрүүлэх товчоог манай шууд дамжуулан сурвалжлах баг зорилоо. Монгол Улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдэж онцгой нөхцөл зарласан учраас Улсын онцгой комиссоос дээрх гэнэтийн шийдвэрийг гаргасан юм. Шийдвэр гаргахаас өмнө буюу энэ сарын 10-ны өглөө орон нутгаас хотыг зорин замд гарсан иргэдийг тухайн өдөртөө нэвтрүүлж байсан. Тэгвэл өчигдрийн 15:00 цагийн байдлаар Налайхын шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байлаа. Тус товчоогоор нийтийн тээврийн хэрэгсэл тодорхой тоогоор хуваарийн дагуу явж байгаа бол шаардлагатай хүнсний болон ачаа тээврийн хөдөлгөөн ямар нэг саадгүйгээр нэвтэрч байгаа аж. Харин иргэдийг НОБГ-аас олгосон түр нэвтрэх зөвшөөрөлд үндэслэн оруулж, иргэн бүрээс асуумж авч, халуун хэмжиж хөдөлгөөнд нэвтрүүлж байлаа. Эмнэлэг, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын 20 орчим алба хаагч иргэдийн энхийн манаанд, аюулгүй байдлыг нь сахин хамгаалахаар ажиллаж байсан нь энэ. Шалганаар түр нэвтрэх зөвшөөрөлтэй машинд суусан зорчигчид амны хаалт зүүж, онц шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх тухай зөвлөмжийг дагаж байгаа гэнэ.
Ар гэрийн гачигдал, эмчилгээ шаардлагатай, албан томилолт, тусгай ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд үндэслэлээ нотолсны дараа нэвтрэх зөвшөөрөл авна
Харин байдал арай эсрэгээр өрнөж байсан үе болох 13:00 цагийн алдад нийслэлийн Онцгой байдлын газрыг зорилоо. Тус газрын баруун жигүүрт байрлах хаалганы гаднах талбай хотоос гарч орон нутаг руу нэвтрэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэдийн хөлд дарагджээ. Дараалалд зогссон 50 орчим насны иргэнээс учир байдлыг нь тодруулахад “Би өөрөө хотын хүн. Хүүхэд маань Төв аймгийн Баяндэлгэр сумаас нохойд хазуулж гүнзгий шархтай, яаралтай байдлаар хотод ирсэн. Сумын эмнэлэгт нарийн тусламж үйлчилгээ үзүүлж чадаагүй, анхан шатны тусламж үзүүлж марлаар хөвөн тавьж боосон. Бас суманд вакцин байхгүй гэсэн. Оёдол тавиагүй. Сая хүүхэд өөрөө ирж чадахгүй байсан учраас ах нь оочерлоод зогсож байна. Энд цагийн өмнө ирж дугаарласан” гэлээ.
Дараалалд зогсогсод дунд Замын-Үүд рүү ажлын шугамаар явах гэсэн, гэртээ эхнэр хүүхдэдээ очих гэж байгаа, Дундговь аймгаас эмнэлэгт үзүүлэх гэж хотод ирээд хөл хорионд орсон зэрэг янз бүрийн нөхцөл байдалтай, хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай хүмүүс ч байлаа. Нэвтрэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэд учир шалтгаанаа тодорхой бичсэн өргөдөл, автомашины гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шалгуулахаар бэлджээ. Хөл хорио тогтоосон, шинэкоронавирусний халдвар Франц улсын иргэнээс илэрсэн, өндөржүүлсэн бэлэн байдалд анхаарал болгоомжтой байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагах ёстой зэргийг иргэд ухамсарлаж байгаа аж. Гэсэн хэдий ч зайлшгүй шаардлагатай учраас орон нутгийг зорих гэж буйгаа учирласан юм. НОБГ-аас тухайн иргэний регистрийн дугаар, нэвтрэх автомашины дугаар, хамт зорчих хүмүүсийн регистрийн дугаар, зорчигчийн нэр зэргийг тэмдэглэсэн нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа аж. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид дэг журмыг сахиулахаар хяналт тавин ажиллаж байсныг онцолъё. Нэвтрэх зөвшөөрлийг иргэн болон аж ахуйн нэгж гэсэн хоёр хэлбэрээр олгож байгаа гэнэ. Цааш бид албаны эх сурвалжаас мэдээлэл авахаар НОБГ-ын төв хаалган дээр очиход “Ертөнцийн зүгээр баруун талын хаалгаар очин зөвшөөрөл авна уу. Маск зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй” гэсэн бичиг хаджээ.
Зарим иргэн хөл хориог сайн ухамсарлахгүй, энгийн өдөр тутмын үйл ажиллагаанд байгаа мэтээр ойлгож байна
Дотогш нэвтэрч НОБГ-ын дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Улсын комисс хуралдаж, хот хоорондын зорчих тээврийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийсэн. Нийслэлийн Онцгой комиссоос хэрэгжилтэд анхаарч ажиллаж байна. Холбогдох шийдвэрүүдийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай, үүн дотроо ар гэрийн гачигдал, эмчилгээ сувилгаа шаардагдах, албан ажлаар томилолтоор явах, Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 2-т зааснаар тусгай ажил үүрэг гүйцэтгэх үндэслэлийг нотолсон тохиолдолд бичиг баримтыг харж зөвшөөрөл олгож байгаа. Иргэдийн хувьд өөрсдөө хот руу ороод ирсэн. Хөдөө гэр рүүгээ явах ёстой гэсэн чиглэлийг ярьж байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэтэл зарим иргэн энэ үйл ажиллагааг төдийлөн сайн ухамсарлахгүй, энгийн өдөр тутмын үйл ажиллагаанд байгаа юм шиг үйлдэл, зан гаргаж байна. Аль болох иргэдийн гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг даруй шийдвэрлэх, хариу өгөхийг зорьж байгаа. Хот, орон нутгийн зам хаасан энэ сарын 10-ны өдрөөс хойш хэдэн иргэн түр нэвтрэх зөвшөөрөл авсныг хэлэх боломж алга. Иргэд ихээр санал ирүүлж байна. Онцгой байдлын газраас үндсэн үйл ажиллагаанаас гадна тусгай зохион байгуулалтад шилжиж ажиллаж байгаа” хэмээсэн юм.
Иргэдэд зөвхөн нотлох баримтад үндэслэн зөвшөөрөл олгох юм байна. Жишээлбэл, өвчтэй хүн байлаа гэхэд эмчилгээг нотолсон 13-ын А маягт, албан томилолтын хуваарь, төлөвлөгөө, ажил гүйцэтгэх гэрээ, нас барсан гэрчилгээ зэрэг тухайн зорчигчид шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлж зөвшөөрөл авсны дараа орон нутаг руу нэвтрэх боломжтой. Түүнчлэн нэгэнт хотоос гарсан бол хөл хорионы хугацаанд буцаж хотод нэвтрэх үндэслэл байхгүй. Тухайн орон нутгийнхаа онцгой комиссын шийдвэрийг дагах хэрэгтэйг албаны эх сурвалж онцоллоо.
Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед улс, нийслэл, орон нутгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, тусгагдсан хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй. Хэрвээ зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байна. Жишээлбэл, хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар иргэнийг 250 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 2.5 сая төгрөгөөр торгох зохицуулалт байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН