Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 11-нд шинэ төрлийн коронавирусний халдварын дэгдэлтийг дэлхийн хэмжээний цар тахал гэж үнэлсэн. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ цар тахлын улмаас хүн төрөлхтөн ямар үр дагавартай нүүр туулах талаар бичснийг хүргэж байна.
АНУ
The Washington Post: Бид бүгд коронавирусэнд эмзэг байна. Учир нь биднийг хамгаалах вакцин хараахан гараагүй байна. Ханиахад вирус тархах боломжтой тул бие биенээсээ зайтай байх нь зөв. Гэхдээ засгийн газрууд, ялангуяа ардчилсан улс орнуудад хүмүүст хаашаа, хэрхэн нүүн шилжихийг заахад хүндрэлтэй байна. Засгийн газрууд иргэдээ аврах гэж байгаад боомилохгүйн тулд маш болгоомжтой байх учиртай. Аливаа хязгаарлалтыг айдаст бус нотолгоо, логик дээр тулгуурлан нэвтрүүлэх ёстой. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европын оршин суугчдыг өөрийн орондоо нэвтрүүлэхийг хязгаарласан нь дээрх шалгуурын алинд нь нийцэж байгаа нь ойлгомжгүй байна.
The Washington Examiner: Коронавирус таны амьдралын бүх зүйлийг хаах болно. Таны хүүхдүүдийн явдаг сургууль удахгүй хаагдах болно. Удахгүй таны ажил олгогч тань “гэрээсээ ажил” гэж хэлнэ, дараа нь “шаардлагатай үед л ир” гэж өөрчлөгдөнө. Таны таньдаг хүмүүс халагдана. Учир нь тэдний боссууд хүмүүсийг ажилд ирүүлэхийг хүсэхгүй. Магадгүй автобус, метро явахаа болино. Ирэх ням гараг сүүлийн хэдэн жил тохиогоогүй сүмд очоогүй анхны өдөр байх болно. Учир нь сүм хаалгаа барина. Аливаа олон нийтийн арга хэмжээний үеэр вирус тархах эрсдэлтэй. Хүүхдийн цэцэрлэг хаагдаж, агаарын тээвэр зогсоно. Та асрамжийн газарт байгаа ээж эсвэл эмээгээ эргэх боломжгүй болно. Ийм алхам хэтийдсэн хариу үйлдэл байж болно. Магадгүй энэ вирус тийм ч аюултай ч биш байж болно. Гэхдээ буцах зам аль хэдийн үгүй болжээ.
The New York Times: Вирус хөрөнгийн зах зээлийн нурааж, Оюутны спортын үндэсний холбоонд хөгжөөн дэмжигчдээ жил бүрийн сагсан бөмбөгийн тэмцээнд ирэхийг хориглоход хүргэсэн тэр үед Ерөнхийлөгч Трамп Европын оршин суугчдад АНУ-д нэвтрэхийг хориглов. АНУ болон дэлхий дахинд хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө нь мэдрэгдэж буй өнөөгийн хямралын үед ийм мэдэгдлүүд шийдвэрлэх мөч мэт санагдаж байна. Нийгэм дэлхийн эдийн засаг, хүмүүсийн тогтсон харьцаанд нөлөөлж буй шинэ бодит байдалд дасан зохицох гэж хичээж байгаа цагт олон газар амьдрал ойрын ирээдүйд хуучин шиг байхаа болино.
Их Британи
The Independent: Коронавирусний дэгдэлт Их Британид Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарахад нь саад болж болзошгүй. Борис Жонсоны тогтоосон чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах эцсийн хугацаа Брюсселийн хувьд бодит бус байсан. Харин ирэх долоо хоногт Лондон хотноо төлөвлөгдсөн хэлэлцээний дараагийн үе вирусний улмаас хойшлогдож болзошгүй.
Франц
Le Figaro: Халдварт өвчний статусаас цар тахлын статуст шилжсэнээр стратегийн түвшинд гарах боломжтой болно. Халдварт өвчин судлаач Стефан Дерсений хэлснээр, халдварт өвчний тархалт үргэлжилнэ. Хүн амын дунд энэ өвчний эсрэг дархлаа бүхий хангалттай олон тооны хүн бий болсон цагт вирусийн халдвар зогсоно. Өдгөө эрх баригчид эрүүл мэндийн тогтолцоог хэт халаахгүй байх стратеги барьж байна. Үүний тулд урьдчилан сэргийлэх, хязгаарлах арга хэмжээ авах замаар халдварын муруйг засах боломжтой. Халдварын тархалтыг бууруулж чадвал халдвар илүү урт хугацаанд үргэлжлэх ч хүндрэл нь бага байх болно. Ямар ч тохиолдолд хүн амын дор хаяж 15 хувь халдварлаж болзошгүй гэж Дерсен мэдэгдэв.
Герман
Zeit: Хямралын эдийн засгийн үр дагаврыг үнэлэх хүнд. Хэрэв төр үй олноор дампуурах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилт тавьж байгаа бол маш шуурхай арга хэмжээ авах ёстой. Болж буй хэрэг явдал бол тодорхойгүй төгсгөлтэй улс төр, эдийн засгийн туршилт юм. Хэрэв одоо зөв арга хэмжээ авч чадвал хямралыг улс төр, эдийн засаг, анагаах ухааны хувьд зохицуулах боломжтой.
Frankfurter Allgemeine Zeitung: Италид болж буй үйл явдлаас үзвэл энэ вирус нийгэм, эдийн засгийг далаар нь тавих чадвартай нь харагдаж байна. Кооронавирус эдийн засгийн үйл явцыг тасалдуулж, нийгмийн амьдралыг алдагдуулж байна. Хохирол их байна гэж болгоомжлох учиртай. Зорилго бол тодорхой. Халдварын тархалтын хурдыг сааруулах явдал юм. Энэ хурд хэдий чинээ бага байна Германы эрүүл мэндийн тогтолцоо шалгалтад төдий чинээ сайн бэлдэж чадна.
Итали
La Stampa: Коронавирусээр үүсгэгдсэн өвчлөл хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад зогсохгүй нийгмийн амьдралыг сүйрүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсон цар тахал жинхэнэ тахал боллоо. Нэг үгээр дайн шиг л байна. Хаалттай дэлгүүр, ресторан, барууд дайныг санагдуулж байна. Дайны үед ч уулзаж, ярилцах, нийгэмших газар болсон дэлгүүр, баар, үсчнээс татгалзаж байгаагүй. КОВИД-19 нь түүхийн цуст хуудас болно. Үүнийг шинэ дайн гэж нэрлэх болно.
Чех
Pravo: Ази, Европын улс орнуудад коронавирусний аюулд хандах хандлага эрс ялгатай байна. Хятадын болон Азийн бусад улс орны эрх баригчид ямар ч асуудалгүй бүх түвшинд хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч байхад Европын улсууд ижил арга хэмжээг иргэдийн эрх, эрх чөлөөнд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан илүү зөөлөн аргаар хэрэгжүүлэхийг зорьж байна.
БНХАУ
South China Morning Post: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын коронавирусний дэгдэлтийг цар тахал гэж зарлах шийдвэр юуг ч өөрчлөхгүй. Хонконгийн эрүүл мэндийг хамгаалах төвийн дарга Ван Ка-хиний мэдэгдсэнээр, орон нутгийн эрх баригчид халдварт өвчинтэй тэмцэх стратегиа үүнтэй холбогдуулан өөрчлөх төлөвлөгөөгүй байна. Өөрчлөх ч шаардлагагүй учир нь олон улсын шинжээчид ДЭМБ-ээс урьтаад КОВИД-19 өвчнийг цар тахал гэж үнэлсэн.
Япон
Nikkei: ДЭМБ-ын нэг гол алдаа нь коронавирусний тархалтын хурдыг буруу тодорхойлсон явдал юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд ДЭМБ онцгой байдал зарлахад вирус 20 орчим улсад илрээд байсан. Хагас сарын дотор коронавирус дэлхийн 110 гаруй оронд тархаж, хөгжингүй орнуудад эрчимтэй түгсэн нь гэнэтийн явдал байв. Халдвар хурдацтай тархаж буй нь хэд хэдэн шалтгаантай. Вирус олон тохиолдолд үл мэдэгдэх шинж тэмдэгтэй илэрч байгаагаас халдвар мэдэгдэхгүй тархаж байгаа нь үүнийг нэг шалтгаан. Олон хүн халдвар авснаа мэдэхгүй өдөр бүр ажилдаа явж байна. Гэсэн хэдий ч ДЭМБ тодорхой хариуцлага үүрэх ёстой. Нэгдүгээр сард онцгой байдлын талаар зарлаж байхдаа хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах талаар ямар нэгэн зөвлөмж өгөөгүй.
Энэтхэг
Financial Express: Энэтхэг улс бараг бүх хилээ хааж, дипломат, албан болон НҮБ, олон улсын визээс бусад бүх төрлийн визийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл цуцлаад байна. Сар гаруй хугацаанд хилээ хаасан тул гаднын жуулчдыг хилээр нэвтрэхийг хориглосон нь тэртээ тэргүй хүнд байгаа эдийн засагт ихээхэн нөлөөлнө.
Сингапур
The Straits Times: Коронавирусний халдварын дэгдэлт үймээн дэгдээж, дэлхий дахинд хязгаарлах арга хэмжээ авахад хүргэлээ. Дэлхийн улс орнууд тээврийн үйлчилгээ, харилцааг царцаав. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал улам бүр ил гарч, нэмэгдэж байна. Тухайлбал, Лондон хотод Сингапурын иргэнийг Британид вирус оруулж ирсэн гэж буруутган, зодсон тохиолдол гарсан. Нью-Йоркийн метронд Африк гаралтай нэгэн Ази гаралтай нэгэн эрэгтэйг “ариутгаж”, галт тэрэгнээс хөөн гаргажээ. Вирус өөрөө тийм аймшигтай биш, харин ийм нөхцөл байдалд хүмүүсийн үйлдэл, тэдний ашиг сонирхлын төлөөх тэмцэл гамшигт хүргэж болзошгүй.
Турк
Sabah: Өнөөг хүртэл хүн төрөлхтөн коронавирустэй хамтран тэмцэх нэгдсэн бодлого гаргаагүй л байна. Хүн, бараа, үйлчилгээний чөлөөт шилжилт хөдөлгөөнд суурилсан нэгдсэн тогтолцооны хүрээнд юу хийх, хэрхэн ажиллах нь хамгийн гол асуудал боллоо. Бид айдас хэрхэн дэлхийн хэмжээнд хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг зогсооход хүргэдгийн гэрч болж байна. Сүүлийн 30 жил даяаршлын эринд хил хязгааргүйн зарчим гол онцлог байв. Энэ зарчим бидний хамтын ажиллагааны эдийн засгийн төдийгүй нийгмийн бүтцийг бий болгожээ. Цар тахал орчин цагийн эдийн засгийн гол үндэс суурийг нурааж болзошгүй. Хятад болон коронавируст хамгийн их өртсөн улс орнуудын чиглэлээр хязгаарлалт тавьж буй улс орнууд үндэсний эрх ашиг аливаа дэлхийн дахины эрх ашгаас чухал гэдгийг харуулж байна.
Ливан
L’Orient le Jour: Аймшигт цар тахал Сирид бүхэлд нь заналхийлж байна. Ялангуяа анагаах ухаан, ариун цэврийн бүтэц ихээхэн хэмжээнд сүйрээд буй Идлиб мужид эрсдэл өндөр байна. Сирийн дэглэм аюулт халдварт өвчний тархалтын бодит хэмжээ, хүрээг нуун далдалж байна уу? Хөрш Ливан, Турк, Иордан, Израил улсад халдвар илрээд байна. Гэтэл Дамаск Сирид вирус нэвтрээгүй байна гэж мэдээлж, үндэсний агаарын тээврийн компаниуд өдөр бүр олон зуун зорчигчийг Дамаск, Тегераны хооронд тээвэрлэж, Ирак улс руу нислэг үйлдсэн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )