Аав нэг өдөр залуухан орос дагуулаад гэртээ ирлээ. Монголоор маш цэвэрхэн ярьдаг. “Ийм залуу байж хаана монгол хэл сурдаг байна аа” гэж бодов. Монгол хэлийг гадаадын хүн сурахад маш хэцүү, тэр үед бол монгол хэлээр ярьдаг хүн ховор байсан. Ю.Н.Кручкин буюу бүх монголчууд түүнийг Аюур гэж дуудна. Тэр өөрийгөө Аюур гэдэг, ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан гэж танилцуулав. Тэр мөчөөс хойш бид сайхан найз нөхдүүд явж өдгөө гучин гурван жилийг ардаа үдсэн байна. Бид биенийхээрээ их орж гарна. Тэр үед дэлгүүрт чамин гоё юм ховор. Аюур гэр бүлгүй, авсан цалингаа өөртөө болон найз нөхөддөө л зориулдаг юм шиг надад санагддаг байсан. Дипломат хүн болохоор Оросын элчингийн дэлгүүр, тусгай дэлгүүр болох “мэргэжилтний хорь”, валютын дэлгүүрээс гоё чамин юм авчихсан дайлна. Хожим Очтой танилцаж бид гэр бүлийн сайхан найзууд явна. Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй ховорхон хүний нэг. Монгол Улсыг Орос болон гадаад ертөнцөд сурталчилж, танин мэдүүлж, тэдний сонирхлыг Монгол руу татаж, монголд олон хүнийг хайртай болгож чадсан гавьяатай, жинхэнэ дипломатч, судлаач, эрдэмтэн хүн. Харахад л орос болохоос биш монгол хүндээ. Миний энэ бичиж байгаа номыг уншаад орос хэл дээр орчуулж өгье гэж сайхан санаа гаргасанд би талархан хүлээж авч байгаа.
Өвлийн амралтаар бид “Хандгайт” явж чаргаар гулгадаг байв. Тэр үед “Хандгайт” л ганцхан чарга, цанаар гулгадаг, бүх сургууль, албан газрууд очиж бүтэн сайн өдрийг салхинд биеийн тамир, спортоор хичээллэн өнгөрөөдөг, уралдаан тэмцээн зохиогддог газар байв. Бид өөрсдийнхөө төмөр чаргаа аваад явна. Автобусанд арай гэж чихэлдэж ороод, орсон хойноо түүнийгээ маллах гэж буух гэж ёстой хэцүү юм болдог байж билээ. Гэсэн ч тэгээд болоод л байдаг байсан юм даа. Хувийн унаатай хүн гэж байхгүй. Бид ганц хоёрхон чаргатай учир очерлож гулгана. Эрэгтэй хүүхдүүд охидуудаа цасаар шидэж нүүрийг нь угаана. Бүгд хөөцөлдөж, орилолдож гүйцгээнэ. Харин намайг хэн ч цасаар шидэхгүй, нүүрийг минь бол хэзээ ч угаадаггүй байв. Би ч надтай тоглосонгүй гэж боддоггүй байлаа. Гэтэл охидуудыг арай л хэтрүүлж байх шиг санагдаж байж билээ. Тэр хүйтэнд шинэ, сэвсгэр цас биш шүү дээ, удсан мөстсөн цасаар угаана гэдэг бол өвдөхөөр, гэмтээхээр байв. Зарим хүүхдийн нүүр нь улайсан, зарим нь уурласан, инээсэн янз бүр л байна. Гэтэл нэг нь “тэр Цолмонгоо угаагаач ээ” гээд хэлэв. Гэтэл банди нар “зүгээр байгаа хүнийг угааж яах юм” гэж билээ.
Хаврын урь гарч, цэцэг ногоо дэлбээлэн, хүний сэтгэл сэргэсэн сайхан цаг ирэв. Амьдрал тайван амгалан. Хүн бүр өөрийн оноосон ажлаа нэр төртэй хийгээд л явж байвал өлсөнө, цангана, илүү юм хүлээнэ гэсэн ойлголт байхгүй, хүлээгээд ч олдохгүй юм чинь, бүгд нэг хэвийн, ижил тэгш, хаалттай, захиргаадалтын ч нэг ёсны амар сайхан амьдрал байж. Манай сургуулийн аравдугаар ангийнхан завсарлагаанаар Циркийн сүүдэрт байнга цугладаг байв. Тэнд бид онигоо ярина, зарим үед хичээлээ пялж зогсоно. Хөвгүүд, охидууд гэлтгүй тамхи татдагууд нь тамхилна. Тэр үед болгарын “ВТ” л голдуу татна, эсвэл заримдаа хөвгүүд нь Оросын “Беломорканал” байхаа, пушка татна. Нэг өдөр Нямдалай бид хоёр сүүдэрт зогсож байтал 10А ангийнхан хойдхон талд нь цуглараад л бөөн дуу шуу болж байлаа. Гэтэл нэг өндөр залуу нэг охиныг дээш нь өндөрт өргөөд л аажуухан газар буулгаж байна. Өөрийн эрхгүй тэр зүг хараад “Тэр хэн бэ? Би бас тэгж өргүүлмээр байна” гэлээ. Тэгсэн Нямдалай “Яагаав нөгөө Оч, байна шүү дээ гэлээ”. Би анх удаагаа түүнийг эмэгтэй хүнийхээ нүдээр харж, эр хүнийх нь хувьд тоолоо. Би Нямдалайд “Хоёулаа, үүнээс хойш түүнтэй мэндэлж байна шүү” гэлээ. Тэр ч “за” гэлээ. Түүнээс хойш би Очийг мэндлэхэд нь мэндэлдэг болов. Нэг өдөр дөчин мянгатын жаран тавдугаар байрны /Оч бид хоёрын гэр/ хойх нь талд жаран мөнгөний мөхөөлдөс зарж байв. Би Пүжитэй мөхөөлдөс авч идэхээр очтол Оч бас зогсож байв. Оч намайг хараад “привет” гээд гараа өглөө. Би гарыг нь барьсан хэвээр, очер ихтэй байсан болохоор Пүжид “байраа алдав аа” гээд орилж, Очийн гарыг барьснаа огт мартсан байлаа. Гэтэл Оч хүлээж, хүлээж байгаад яваад өгөв. Тэр үеийн жаран мөнгөний мөхөөлдөс ямар гоё амттай байсан бэ. Миний амьдралдаа идсэн хамгийн гоё мөхөөлдөс, юун “Haagen Dazs”. Ихэнх хүмүүс бол “чихэртэй сүү” л гэдэг байсан. Ер нь тэр үед хамгийн гоё амттай идэх юмнуудаас нэг төгрөгийн үзэмтэй талх, далан мөнгөний гөөхий, таван төгрөгийн өндөгтэй жижигхэн боов, таван төгрөгийн черриний компот, жаран мөнгөний мөхөөлдөс, нэг төгрөг хорийн жүрж, интоорын ундаа, тав жарын, долоо хорийн хиам байсан шиг санагдаж байна. Баавгайтай, улаан малгайтай чихэр хамгийн гоё чихэр байж билээ. Олдвол бор еэвэн их гоё байдаг байсан. Ийм л юм тэр үеийн хүүхдүүд идэх дуртай байсан юм. Одоогийн амт нэг л бишээ. Яг л “Красный Октябрь” гэсэн үйлдвэрт үйлдвэрлээгүй л бол амт нь шал өөр. Би эртэд Монголд зарж байгаа “Красный Октябрь” гээд биччихсэн “Улаан малгайт” чихэр мөн Москвагаас худалдаж авсан чихрийг харьцуулж үзэв. Амт нь арай л өөр юм шиг санагдав. Тэгэхээр нь цаасыг нь хэмжээнийх нь хувьд мөн, өнгө, зурагных нь хувьд харьцуулж үзэв. Цаасны хувьд хэмжээ нь өөр байлаа, хамгийн гол нь Улаан малгайтын малгайных нь орой дээшээ, доошоо хоёр өөр байв. Чанарын тэмдэгний хэмжээ байрлал нь ч өөр байв. Тэгэхээр яав ч ориг биш гэдэг нь илт байлаа. Манайхан бие биенийгээ л хуурч амьдрах юм даа гэсэн, хөөрхийлөлтөй бодол дахин төрж билээ. Ер нь иргэн бүр хэрэглэж байгаа юмныхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Иргэд бид өөрсдөө мэдлэгтэй байж хяналт тавьж, дуураймал, хуурамч хүнсний, эмийн болон бусад бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж, иргэд биднийг хуурч байгаа бусармаг үйлдэл, гэмт хэрэгтэй тэмцэж, зогсоох арга хэмжээг эрх мэдэл бүхий газраас шаарддаг байх ёстой гэж боддог. Бидний багадаа идэж байсан бүх л юм, тооны хувьд цөөхөн ч маш амттай бас чанартай байсан санагддаг. Харин одоо зарагдаж байгаа ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн амт, чанар нь муудсан юм байлгүй тийм амт амтагдахгүй байдаг юм. Түүнээс хойш удалгүй Оч бид хоёр “Энх тайван найрамдлын” ордны урд талын зам дээр, мөргөлдчихөж билээ. Би гартаа баахан ном тэвэрчихсэн явсан, тэр бас юм барьчихсан явсан. Замын голд мөргөлдчихөөд, хэнтэй мөргөлдсөнөө мэдэхгүй дээшээ хартал Оч зогсож байлаа. “Заяаны хань зам дээр” гэж ингэж бидний хувь заяа тохиож, тэр өдрөөс хойш бүтэн гучин нэгэн жил хорвоог хамтдаа туулж, хоёр хөөрхөн үрийнхээ аав, ээж нь болон төр засгаа төвхнүүлэх төрийн түшээд болон, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан Монгол Улсын Ерөнхий Сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагад суух бүрэн эрхт Элчин сайд, Европын Холбоо, Бельги, Нидерланд, Люксембургын вант улсуудад Монгол Улсаас суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, Монгол Улсын Эрүүл Мэндийн дэд сайдын албыг тус тус хашиж, эрч хүчээр дүүрэн, ханилахын жаргалд умбан, амьдрал хэмээх нуурандаа хунгийн хос шиг бие биендээ эрхлэн наадсан хэвээр.
1985 оны гуравдугаар сарын аравны өдөр. Хаврын урь орж, хүмүүн бүхний сэтгэл тэнийж, газар дэлхий сэргэж ирж байтал ЗХУ-ын Коммунист Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга К.У Черненко тус албан тушаалыг арван гуравхан сар хашиж амжсан уу үгүй юу, олон жилийн угшсан хүнд өвчний улмаас таалал төгсөв гээд л радиогоор, нөгөө алдартай шугамын радиогоор ярьж гарав. Мөн энэ өдөр ЗХУ-ын КН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргаар М.С.Горбачевыг томиллоо л гэнэ. Черненко сүүлийн гурав хүрэхгүй жилийн дотор таалал төгссөн гурав дахь Оросын удирдагч байлаа. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч асан Р. Рейген Черненкогоос долоон сараар ах, түрүүчийн удирдагч болох Андроповоос гурван насаар ах, “Би хэрхэн энэ Оросуудтай чинь тодорхой түвшний харьцаанд хүрэх юм бэ, хэрэв тэд нар миний дэргэд үхээд байх юм бол” гэж хэлсэн байдгийг хожим олж уншаад инээд хүрч билээ.
Хаврын баяр, ээж нарын баяр Мартын найман болов. Оч манайд цэцэг аваад ирлээ. Бид ч Очийг анх удаа ирж байгаа болохоор их л хүндэтгэв. Оч орж ирээд ээж, бид хоёрт цэцгээ өгөөд чимээгүйхэн намбалаг суугаад аавтай юм ярив. Тэгж байгаад ээжид “Инээмсэглэл” хамтлагийн дуулсан “Бүсгүйчүүд” дууг зориулж гитар дээр дуулж өгөв. Оч их гоё дуулдаг юм. “Алтан хавчаар” гээд тэр үед залуучуудын дунд ид мод болж байсан дуунд их дуртай байсан. Одоо хүртэл дуулна. Гэр бүлээрээ цугларч баяр тэмдэглэх болгонд бидэнд дуулж өгнө. Тэр үед “Инээмсэглэл”, “Өргөө”, “Залуус” хамтлагууд ид хүчээ авч, тэр үеийн залуучууд бидний шүтэн биширдэг хамтлагууд байсан юм. Манай гэрт зөндөө их хөгжмийн цуглуулга байдаг юм. Гитар гэхэд есөн ширхэг, цахилгаан гитар хоёр, баян хөгжим, төгөлдөр хуур, хийл хөгжим, лимбэ гээд л зөндөө хөгжим байдаг юм. Оч бүх хөгжим дээрээ сонсголоороо тоглоно. Хоёр охин маань аавыгаа дуурайсан авъяастай. Хоёулаа хөгжмийн боловсролтой. Бид Мартын наймныг сайхан тэмдэглэж өнгөрүүлэв. Эмээ маань ирсэн байсан. Эмээд маань Оч маш их таалагдсан. “Амны хишигтэй, тогтуун сайн хүү шиг байна” гэж хэлэв. Тэр өдрөөс хойш Оч бид хоёр нэг ч хором салалгүй гучин нэгэн жилийн баяр баясгалантай, аз жаргалтай, тэмцэлтэй, тэвчээртэй, хатуужилтай, итгэл найдвартай, хүчин зүтгэлтэй амьдралыг өнгөрүүлсэн байна. Оч бид хоёр хичээлдээ яваад, орой болгон надад утсаар дуу дуулж өгч унтуулна. Тэр үед хэдэн цаг ч утсаар ярьсан утасны мөнгө гэж гардаггүй байж. Би Очийг надад дуу дуулж өг гэнэ. Ямар дуу дуулуулмаар байна гэхээр би, хэлж мэдэхгүй. Би ер нь урлагийн авьяас жаахан тааруухан, дууны ая, үг цээжлэхгүй. Аялах гэхээр дотроо болоод аялаад байгаа юм шиг, гаргаад ийм аятай гэх гэхээр огт болохгүй. Тэгэхээр чинь би яаж ийм дуу гэж хэлэх билээ дээ. Нэг иймэрхүү, тийм дуу, чи, таагаад дуул гэнэ. Оч яг олоод дуулчихна. Тэр үед Италийн “Санремо” гээд дууны уралдаан болно бүх хүүхэд, залуучууд ёстой алгасахгүй үзнэ. Тото Кутуньо, Пупо, Фердализагийн дуунуудын үгийг Итали хэл мэдэхгүй мөртлөө, сонсголоороо цээжилчихнэ тэгээд л орцонд дуулаад байна. Гитараа гоё сонсголонтой дуугардаг болгох гэж их дэгэлдэг байж билээ. Зургаан утастай гитарийг арван хоёр утастай болгож янзална. Оч, Тото Кутуньогийн дууг хамгийн их дуулна, яг тийм сөөнгө хоолойгоор. Тэр үед бас гитар дээр дуу тоглохдоо “панал” гээд нэг юм байж билээ. Хэн хэр их панал сайтай тоглоно тэр бишрэн шүтүүлнэ. Оч панал их сайн хийдэг байсан. Тэр нь нэг ёсны оршил гэх юм уу, тухайн аяыг эхлүүлэхэд дардаг хэсэг байсан юм. Би сонсож байгаад унтаад өгнө. Оч намайг унт л гэж хэлэхгүй бол унтахгүй. Яагаад гэвэл би шөнө сэрээд “байна уу” гэхэд байхгүй байвал гомдоно. Маам маань (Очийн ээж) сүүлд хэлдэг байж билээ “Шөнө босоод харахаар л Оч утсаа тэврээд сууж л байна, эсвэл утсаа бариастай унтсан байдаг байсан” гээд. Маам минь Очид мөн их хайртай байж билээ. Амьд шүтээн нь байсан юм даа.
Эмээ маань зурагтын хойхон талд нүүгээд, тэнд амьдарч байлаа. Эмээ дээрээ би хичээлийнхээ зав зайгаар очно. Очиход эмээ минь байхгүй байвал, ямар их айна гээч. Хашааны хаалгыг онгойлгохдоо л “Эмээ, эмээ, эмээ” гээд л орилж эхэлнэ. Эмээг гарч иртэл орилно. Хэрвээ эмээ гарч ирэхгүй бол хашаандаа орж ирээд гэртээ орохын хооронд бас орилоод л байна. Эмээ хамар хашааны айлд орсон бол тэндээс “эмээ нь энд байнаа” гээд л айлын гэрээс хариу орилно. Төдөлгүй гарч ирнэ. Эмээдээ хачин их тунина. Алга байхаар нь хамгийн түрүүнд үхчихсэн юм болов уу гээд л бодно. Хэрэв эмээ үнэхээр юманд явсан бол орилж, орилж орж ирээд түлхүүрээ хайж эхэлнэ. Тэгээд гэрийн зүүн хатавчин доор түлхүүр байна уу гэж үзнэ, дараа нь баруун хатавчин доор үзнэ. Байхгүй байвал үүдний довжоон доогуур шургуулчихсан байна. Би түлхүүрээ сурмаг олоод, галаа түлээд, цай халааж уугаад, хоол хийх гээд, хийх ч гэж дээ мах гаргаад сууж байхаар эмээ ороод ирнэ. Ирэхэд эмээ байгаагүй гэхээс л бүүр гомдол төрөөд, хоолой зангираад байна. Нэг өдөр Оч бид хоёр эмээ дээрээ очтол эмээ байдаггүй. Оч байсан байх нь хамаагүй бас л сурснаараа баахан орилов. Эмээ минь юманд явсан байв. Бид хоёр түлхүүрээ олоод гэртээ ороод би галаа түлж, Оч гадаа нэлээд мод хагалж бэлдэв. Бид хоёр зуухны хажууд байрлах “модны дөрвөлжөө” модоор дүүргэв, үлдсэнийг нь гэрийн хаяанд өрөөд тавьчихлаа. Би мах гаргаад хоол хийх гээд хөшиглөж байтал эмээ минь орж ирэв. Бид хоёрыг хараад, галтай хөстэй, дуутай шуутай байсанд маш их баярлан “овоо доо миний хүүхдүүд, хөөрхийс минь” гээд л үнсээд гараа угаан, гарынхаа хоолыг хийж өгөв. Бид хоёр эмээ дээрээ олон очдог байв. Оч хоолонд хийсэн сонгино иддэггүй, ялгаад хаячихдаг хүүхэд байж билээ. Мөн хуурсан түлсэн юм иддэггүй. Багадаа шарласан тэгээд хоолны дэглэм барих ёстой гэж ой тоонд нь орсон юм шиг байгаа юм. Би бол хамгийн түлэнхий хэсэгт нь дуртай. Хоол аягалж дуусаагүй байхад л “би савыг нь иднэ шүү” гээд л захиалга өгнө. Гэрийнхэн “паах, ийм муухай юм чамаас өөр хэн идэх билээ дээ, битгий ид гэнэ”. Би зөрүүд юм чинь бас дуртай болохоор амтархан иднэ. Оч манайд ирээд, нөгөө дэглэм байхгүй болсон.
Бид бүгд хичээл номондоо шамдаж байлаа. Пүжи дунд сургуулиа төгсөж байгаа учир улсын шалгалтууд өгнө. Жамул бага сургуулиа төгсөж байлаа. Хүүхэд бүр ямар мэргэжилтэй болох, ямар чиглэлээр “конкурсын” шалгалт өгөх гээд бөөн л бодол болно. Бидний үед дээд сургуульд орно гэдэг бол маш том асуудал байлаа. Хэрэв дээд сургуульд орсон бол бүх насныхаа амьдралын баталгааг хийлээ гэж үздэг байв. Дээд сургуульд орсон л бол ирээдүйд чамайг сайхан ажил хүлээж, ажлын байр бэлэн байна. Дээд сургуульд орох элсэлтийн шалгалт буюу конкурсанд орох эрхийг авахын тулд “улаан шугам” гээч юмыг давах ёстой байдаг байв. Улаан шугамыг дөрөв зууны тавин хэдээр тогтоодог байв. Өөрөөр хэлбэл арван жилийн турш авсан дүнгийн дундаж дөрөв зууны тавиас доошгүй байж улаан шугамыг давж элсэлтийн шалгалтанд орох эрхийг авна. Улаан шугамаар ихэнх хүүхдүүд шигшигддэг байв. Улаан шугаманд орж чадаагүй нь конкурсанд орохгүй учир ажил хийх, техникум эсвэл ТМС буюу техник мэргэжлийн сургуульд орох гэсэн хоёр л зам байсан юм. Ажил хийвэл хоёр жил ажиллаад ажилчдын элсэлтийн шалгалтанд орно. Тэрэнд орж чадахгүй бол тэгээд дээд мэргэжилтэй болно гэсэн мөрөөдөл бараг арилна. Эсвэл сайн дураараа “илгээлтийн эзэн” болж улсынхаа хамгийн хэрэгцээтэй газар очиж хөдөлмөрлөж эх орныхоо төлөө зүтгэнэ. Олон хүүхдүүд бас тийм санаачлагыг гаргадаг байж билээ. Сургуулиа онц төгссөн байсан ч хамаагүй томилолт аван хөдөө орон нутаг, үйлдвэр завод дээр ажиллахаар сонголтоо хийж ажилчин ангийн гэхдээ бүр яруу алдарт ажилчин ангийн эгнээг нэр төртэйгээр өргөтгөн амьдралын гараагаа эхэлнэ. Энэ нь элсэлтийн шалгалтанд тэнцэхгүй хасагдаж эсвэл конкурсанд унаж ажил хийж байснаас хамаагүй нэр төртэй бөгөөд сайн ажиллавал “гавшгайч, төлөвлөгөө биелүүлэгч” гээд нэр алдрыг зүүн, ажиллаж байсан чиглэлээрээ, хүссэн мэргэжлээрээ урилгаар дээд сургуульд орно. Техник мэргэжлийн сургуульд оноогоор жагсаан хуваарилна. Их оноотой нь гадаадад БНСЧУ, Югослав, ЗХУ зэрэг улс орнуудад суралцахаар явна. Дараагийн оноо арай багатай нь эх орондоо ТМС-д орно. Тэгээд хуваарилсаар байгаад ТМС-ийн тоо дуусна. Үлдсэн нь ажил хийх болно доо. Тэр үед аравдугаар ангиа төгссөний дараа хоёр л зам байна. Аль нэг их сургуульд орох эсвэл ажил хийх. Ер нь зүгээр гэртээ сууна гэж байхгүй. Тийм үзэгдэл бараг ховор. Ажилгүй гэртээ суусан нэгнийг “залхуу, хойрог, бусдын хөдөлмөрийг сорогч”-оор дуудна оросоор бол “тунеядец”. Конкурсанд орох эрх авсан хүүхдүүд томилолтын бичгээ аваад сонгосон мэргэжлээрээ шалгалтаа өгөх хуваарьт ордог байв. Тэр үед АУИС, МУИС, БДС (Багшийн Дээд Сургууль), ХААИС, ПДС (Политехникийн Дээд Сургууль) дээр конкурс өгдөг байв. Орос сургууль төгссөн хүүхдүүдээс орос хэлний тусгай шалгалт тусад нь авдаг байсан юм. Конкурсанд авсан оноо дээр улаан шугамны оноог нэмж нийлбэр оноогоор нь жагсааж хуваарилна. Хамгийн өндөр оноо нь хорин оноо. Хамгийн өндөр оноо авсан хүүхэд дуртай улсаа, дуртай хотоо, дуртай сургуулиа, дуртай ангиа сонгодог байв. Тэгээд цаашид цөөрсөөр байгаад үлдсэнийг нь авна, дараа нь дотоодын дээд сургуулиуд орж ирнэ, тэгээд техникум гадаадын дараа нь дотоодын техникум. Ингээд юу ч үгүй хоцорсон нь ажил хийнэ дээ. Гэхдээ сайн оноотой хүүхэд ч сургуульгүй хоцрох тохиолдол байдаг байв. Хөдөө орон нутагт мөн төгсөж буй хүүхдүүдийн тоогоор зохих тогтоосон харьцааны дагуу сургуулиудыг хуваарилдаг байв. Хот, хөдөө, баян, ядуу гэлтгүй бүгд л шалгалтаа амжилттай өгсөн бол, арван жилийг үр бүтээлтэй, хичээл зүтгэлтэй өнгөрүүлж чадсан бол дарга цэргийн хүүхэд гэлтгүй сургуульд явдаг байсан сайхан үе байжээ. Нөгөө арын хаалга, дарга, цэргийн хүүхдүүдэд илүү үйлчлэх механизм байлгүй яахав, гэхдээ учиртай л байсан байх. Одоо бол танил тал, хамаатан садан, нутаг ус, жалга дов, дээрээс нь хахууль, гар цайлгах гээд олон юм байдгаас гадна мөнгөгүй бол хэн ч сургуульд орж чадахгүй. Тэр үед мөнгөгүй хэн ч сургуульд ордог байсан үе. Сургуульдаа ороод бүгд степенд авна. Онц сурвал нэмэлт степенд авна. Сүхбаатарын цалинтай оюутан болно гээд л ихэнх нь мэрийнэ .
Аравдугаар ангиа төгсөж, сурагч насаа, хүүхэд насаа үдэх цаг ойртоод л байлаа. Сэтгэл түгшсэн өдөр өдрөөс өдөрт болж байлаа. Багш нар хичээлээ давт гэж шахна, элсэлтийн шалгалт ийм хэцүү, тийм чанга гэж айлгана. Өнгөрсөн төгсөлтөөс тэд нь дээд сургуульд орсон тэд нь дээд сургуульд ороогүй гээд л ярина. Ер нь бүх юм дээд сургуультай холбогдож яригдах болов. Бид хэдийгээр сайн ойлгоод байсан юм шиг боловч жаахан л цаг гарвал хамт олноороо найз нөхдөөрөө ангиараа байхыг эрмэлздэг байлаа. Яагаад гэвэл удахгүй тараад алга болно, тэгээд мөд уулзахгүй гэдэг нь чухал байсан болохоос нөгөө элсэлтийн шалгалтын үр дүнд хүсээгүй зүг рүүгээ салахаас өөр аргагүй болж салж одно гэдгийг нэг л сайн ухаарахгүй байх шиг байсан, одоо бодоход. Манайд хүүхдүүд их цуглардаг хэвээрээ. Хүүхдүүд бөөнөөрөө хичээлээ уншиж шалгалтад бэлдэнэ гэж өглөө эрт зургаан цагт цуглардаг байв. Пүжи бид хоёрын өрөө үүдэнд, хаалганы бараг хажууд байдаг байсан тул орж гарахад амар байв. Зарим орой аав, ээж хоёр цаад өрөөндөө ялангуяа унтлагынхаа өрөөнд байх үед хаалгаа хаачихвал юу болж байгааг мэддэггүй байлаа. Бид чимээгүй, шивнэлдэж ярина, ер нь чимээгүй байхыг хичээдэг байсан боловч тэсэлгүй инээх, орилох үйл явдлууд бишгүй гарна. Манай хөрш Даваахүү гуай, тэр үед АУИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан шиг санагдаж байна, түүний охин Одгэрэл бид цэцэрлэгийн найзууд. Хөөрхий минь бага насандаа ээжээсээ хагацаж аав, ах хоёртойгоо үлдсэн билээ. Дөлгөөхөн, хөөрхөн бор охин байдаг байж билээ. Тэднийд бид их орно. Орцонд нүдээ боож тоглоно, аймшгийн юм их ярина. Тэр монгол гучин нэгдүгээр сургуульд сурдаг байсан юм. Тэдний найз нар хүрч ирээд сүнс дуудна. Ялангуяа шалгалт болох үеэр сүнс дуудаж ямар билет шалгалт дээр сугалахаа асууна. Нэг удаа тэр наймдугаар ангийн улсын шалгалтаа өгөх гээд сүнс дуудав. Ватум цаасан дээр билетнийхээ тоог тойруулж бичээд сүнсээ дуудав. Тэгээд гар гаран дээрээ тавиад хөдөлгөөнгүй байх ёстой. Сүнс бидний гарыг маргааш сугалах билетний тоон дээр аваачих ёстой. Үнэхээр бидний гар хөдлөөд нэг тоон дээр очно. Бид хоорондоо чи хөдөлгөөд байна шүү дээ, үгүй би хөдөлгөөгүй гээд л маргалддаг байж билээ. Хамгийн сонин нь маргааш нь шалгалтандаа Одгэрэл тэр заасан билетээ л ганцхан цээжилж ороод яг тэр билетийг сугалаад, онц авсан гэсэн. Өөрөө л тэгж ярьсан, бас ангийнхан нь ч яг л тэр билетийг сугалсан гээд нотлож байсан. Иймэрхүү тохиолдол ганц биш удаа юм. Пүжи бид хоёрын ор толгойгоороо нийлнэ. Пүжигийнх үүдэнд, минийх дээр нь. Пүжи дандаа хоёулаа ороо сольё гэж гуйна. Яагаад тэгдэг байсан юм бол бүү мэд. Би бараг солихгүй, үнэхээр миний сайн дур хүрвэл, эсвэл Пүжи миний үгэнд сайн орвол, эсвэл даалгавар сайн биелүүлбэл, аль эсвэл өрөвдөхөөрөө л хааяа нэг сольдог байлаа. Хэрэв шөнө гэнэт дургүй хүргэвэл буцаагаад, ороо булаагаад авчихна. Пүжи тийм юм гаргахгүйг их хичээнэ. Нэг өдөр бид хоёрунтаж байтал хаалга аяархан тогшив. Онгойлгосон чинь манай найз Хандаа, /Ренцэнханд/, (“Уушигны Бадрал” гэж алдаршсан, МУ-ын гавьяат эмч Бадрал багш, ээжийн багын найз Төмөртогоо эгчийн том охин) Очийн лагерийн охин хоёр зогсож байна. Юу хийж байгаа юм гэсэн чинь шалгалтандаа хамт бэлдье. Аав, ээжээс зөвшөөрөл авсан гэдэг юм байна. Арай эрт байнаа, өглөө зургаан цагт гаръя, одоо дөнгөж таван цаг болж байна, унтмаар байна гэлээ. Нөгөө хоёр маань “бид хоёр суугаад хүлээж байя” гэв. Яг тэр өдөр Пүжи бид хоёр их эв найрамдалтай байгаад ороо сольж унтсан байсан юм. Пүжи миний орон дээр их л гоё сэтгэл хангалуун унтаж байх шиг байсан. Гэтэл тэр хоёр орж ирж эрт сэрээгээд тэгээд суух газар байхгүй тул Пүжигийн хөл дээр суучихав. Пүжи багаасаа жаахан хажиг, ялангуяа эмэгтэй хүүхдэд тийм их дуртай биш, ер нь дургүй талдаа хүүхэд байсан. Яагаад гэвэл охидууд дандаа өдөж дургүйг нь хүргэнэ. Хөлөн дээр нь суучихлаа гээд хөлөө татах гэснээ бас арай татаж чадалгүй тэвчиж байтал, тэр хоёр юм ярьж эхлэв. Очийн лагерийн охин торомгор нүдтэй, дэрэвгэр сормуустай, хөөрхөн охин, Очид маш их хайртай гээд л ярьж эхлэв. Оёо тэгдэг, Оёо ингэдэг гээд л. Пүжи өрөвдөөд хөлөө татаж авах гэж байснаа болиод биднийг босоод яван явтал тэвчсэн гэсэн. Тэгэхлээр бас жентелмен байгаа биз. Бид гурав гараад зургаадугаар сургуулийн хашаан дотор хичээлээ уншив. Уг нь унших хичээлүүд нь шал өөр өөр хэл дээр өөр өөр хичээлүүд байсан юм. Хэдий тийм ч хамт сууж дор бүрийхээ хичээлээ уншчихаад яриа дэлгэв. Нөгөө охин маань (нэрийг нь зориуд бичсэнгүй) миний Очид их сайн байв. Яг дуурайж алхаж үзүүлээд л, хийдэг үйлдлүүдийг нь дуурайж хийгээд л. Надаас лав тийм авъяас гарахгүй байх гэж бодлоо.
Улсын шалгалтуудаа өгч дуусаад, конкурсад орох томилолтоо аваад хонхны баяраа хийв. Манай хонхны баяр, хүндэтгэлийн хурал “Ленин клуб”-д болов. Бүх эцэг, эхчүүд ирээд бидний арван жилийн аттестатаа гардан авахыг харж байлаа. Манай төгсөлтөөс хоёр хүүхэд билүү гурван хүүхэд алтан медальтай төгсөв. Оч хонхны баяр дээр гитар тоглосон. Мартагдашгүй, юутай ч дахин зүйрлэшгүй, сурагч насны үдэлтийн нэг ёсны гунигтай боловч аз жаргалаар бялхсан, цаашид яах бол гэж хүлээсэн, сонирхсон тэмүүлсэн өдөр байсан.
4.ОНООЖ АВИРСАН ЭРДМИЙН ДӨРӨӨ
Хонхны баярын маргаашнаас илүү хариуцлагатай, сэтгэл жинхэнэ утгаар түгшээсэн өдрүүд эхэллээ. Оч бид хоёрын хувьд хоёулаа Анагаахад орьё гэж тохирлоо. Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн цаашид хөгжүүлье гэж шийдсэн байлаа. Анагаахын сургуульд орохын тулд хими, физикийн шалгалт өгдөг байв. Удаж төдөлгүй конкурс өгөх өдөр болж бид ч шалгалтаа өгч дүнгээ сонсов. Оч маань нэлээд дээгүүр, дээрээсээ тавд орсон тул Унгар улсыг сонголоо. Унгар улс тэр үедээ л социалист гэгдэх орнуудаас хамгийн хөгжилтэй, ардчилалтайд тооцогддог байсан орон байв. Даанч эмчилгээний анги байхгүй байсан тул яахаа мэдэхгүй байтал Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Норовпил багш маань аавтай тааралдаад “Хүн болгон л эмчилгээний анги авдаг юм, ирээдүйд маш их эрэлт хэрэгцээтэй болох бас, хөгжих мэргэжил бол шүдний, нүүр амны эмчийн анги шүү” гэж хэлж, бас хажууд нь байсан надад ч хэлэв. Ц.Норовпил багш өөрөө шүдний эмчээр төгсч, нүүр амны салбарыг хөгжүүлэх гэж ид зүтгэж явсан цөөхөн тэр чиглэлийн эрдэмтэн, эмч, багш байлаа. Бид гэртээ ярилцаж байгаад “Ер нь тэр салбар луу нь орвол яасан юм бэ” ганц шүдний эмч хийхгүй цаашаа улам нарийсч салбарлана, хөгжинө, манай Монголд бол ганцхан шүдний эмч л гэж ойлгоод байна, маш чухал бөгөөд ирээдүйтэй, шинэлэг салбар гэж үзээд сонгохоор болов. Энэ сайхан мэргэжлийг эзэмшиж эрдмийн зэрэг цолыг хүртэж, шинэ салбарыг үндэслэн, хөгжүүлж, шинэ техник технологийг нэвтрүүлж, улс төрд орох, өрсөлдөх бүхий л боломжоо мэргэжлээрээ бий болгож, мэргэжил минь надад асар их хөрөнгө оруулалтыг хийсэн. Аав, Ц.Норовпил багшдаа зөв сайхан мэргэжил сонгоход алсын хараатай зөвлөмж өгч, ятгаж байсанд үнэхээр их талархаж баярлаж явдаг.
Гэтэл миний хүсээд мөрөөдөөд байсан алтан Москвад тэр жил шүдний анги ирсэнгүй. Эрхүүгийн анагаахад шүдний анги ирсэн байлаа. Би жаахан сэтгэлээр унав. Надад эхний жилдээ онц сайн сурвал Москва руу шилждэг юм гэж хэллээ. Би ч тэгж болдог юм бол тэгье гээд хуваарийг авлаа. Оч бид хоёр өөр оронд сурах нь, удахгүй салах нь гэхээс айдас төрж эхлэв. Оч нэг их айхгүй байгаад байх шиг байв. Гэтэл тун удалгүй Гадаад Хэргийн Яамнаас тэр жилийн гадаад харилцааны сургуульд явуулах хүүхдүүдийг жирийн айлын хүүхдүүдийг авна бас бусад сургуулиудад элсэлтийн шалгалтыг өндөр оноо авч гадаадад томилолт авсан хүүхдүүдээс сонгож авна гэв. Тэр сонголтод нь Оч орсон байлаа. Тэд Очид минь Москвагийн Олон Улсын Харилцааны Сургуулийн олон улсын эрх зүйчийн ангид орохыг санал болгосон байлаа. Олон улсын эрх зүйчийн анги бол хамгийн нэр хүндтэй анги байсан юм. Оч зөвшөөрөв. Гэтэл Москвагийн ОУГХДСургуульд (МГИМО) орохын тулд заавал нэг жилийн хэлний бэлтгэл хийнэ гэв. Хэрэв хэлний бэлтгэлд явах шаардлагагүй бол нэг жил цэргийн алба хашсан байх ёстой эсвэл нэг жил үйлдвэр дээр ажил хийнэ гэв. Очийн хувьд хэлний бэлтгэлд явах шаардлагагүй учир, уг нь цэргийн албандаа явчихмаар байдаг, гэтэл цаанаас нь цонхны далбаа хийдэг үйлдвэрт ажиллахаар хуваарилав. Өнчин өрөөсөн Очид минь тэр сайхан сургуульд явах боломж олдсонд би баярлаж байлаа. Есдүгээр ангийн намар Очийн минь аав өнгөрсөн юм. Тэр жил Очтой хамт хөдөө, хотоос конкурсын шалгалтаа амжилттай өгсөн найман хүүхэд орохоор болов. Тэд бүгд ардын хүүхэд байв. Бүгд арван жилээ онц төгссөн, тооны, хэл бичгийн, уран зохиолын олимпиадуудын эзэд, энгэрээрээ дүүрэн медальтай хүүхдүүд байж билээ. Тэдэн дотор Оч, ганцаараа орос сургууль төгссөн учир үйлдвэр дээр ажиллаад, бусад нь бүгд МУИС-ийн орос хэлний бэлтгэлд оров. Оч үйлдвэртээ ажилд оров. Жилийн дараа тэдэн дээр Намсрай даргын охин Ариунаа нэмэгдэж орж ирээд, есүүлээ алтан Москваг зорьж билээ. Арван наймхан нас, гар гараасаа хөтлөлцөн, бие биендээ хайр сэтгэлээ илчлэн, ариун тангараг тавин, гэрэлт ирээдүйдээ хамтдаа тэмүүлж байж билээ.
“Орчлонг
Од гаригийг эзэмшин захирагч гагцхүү хүнд
Ойлгож
Ончирсон сэтгэлээ илчлэн дуулагч
Онцгой увидастай зөвхөн хүнд
Хоолойн цээл үгийн яруугаар
Хоршин дуулж яваг гэж дурлалыг заяасан юм”. Миний аав З. Жадамба “Хайр” шүлгэндээ бичсэн.
Оч маань бусад эрэгтэй хүүхдүүдтэй адил гоё үг хэрэглэж, хэлж чаддаггүй байж билээ. Хайртай гэдэг эрхэм нандин үгийг харцаараа, үйлдлээрээ, сэтгэлээрээ байнга хэлдэг байв. Тэгсэн тэр жил анагаахын сургуульд орж байгаа бүх хүүхдүүд эхний жил асрагч заавал хийхээр хууль нь юм уу, сайдын тушаал нь гарсан байв. Тэр үед намар болохоор усан бороо ороод нэг л цаанаа уйтгартай байна. Гадаадад сурахаар явж байгаа хүүхдүүдийг үдэж өгөх ажил хэдэн өдрөөр үргэлжилнэ. Бүгд вагоноор явна. Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Москвагийн чиглэлийн вагон өдөр болгон битүү. Вокзал дээр аав, ээж, ах дүү нар нь үр хүүхдүүдээ үдэж гаргаж өгнө. Ихэвчлэн охидууд нүдэндээ доголон нулимстай уйлсаар вагондоо орно. Хамгийн хэцүү нь хоёр хос хагацаж, нэг нь явж, нэг нь үлдэх шиг хэцүү дүр зураг байдаггүй юм билээ. Бид хоёр ч яахав хоёулаа хамт үлдэж байгаа болохоор, дараа жил тэртээ тэргүй явах болохоор маш баяр баясгалантай аз жаргалтай байлаа. Бага насаа гадаадад өнгөрүүлж, дандаа л хагацал үзэж байсан надад, гадаад ертөнцийг үзээгүй гэх биш, үеийн хүүхдүүд шиг гадаад руу явах хүсэл тийм ч их төрдөггүй байлаа. Эх орондоо сурч болдоггүй юм байхдаа, яагаад заавал явах ёстой юм бэ гэж боддог байв. Бид хоёр найз нараа хамтдаа өдөр болгон үдэж гаргаж өгч байв. Удалгүй Оч ажилдаа, үйлдвэрт орлоо. Асрагчийн дадлага эхлэв. Бид анхных нь байсан юм. Тийм тогтолцоо хоёр гурван жил үргэлжлээд бас больсон. Нэг ёсны бид бас л жил алдаж, хэлмэгдсэн гэх юмуу даа. Гэрэлмаа гээд манай хүүхдийн эмчилгээний ангийн охин бид хоёр хоёрдугаар амаржих газарт хуваарилагдлаа. Гэрэлмаа маань, Оросын хоёрдугаар арван жилийг төгссөн, даруухан, мэдлэгтэй, дөлгөөн, хүн чанартай сайн охин байж билээ. Тэдний гэр нь тавин мянгатад байв. Бид хоёр нэг ээлжинд гарна. Найм, арван зургаа хийдэг байлаа. Асрагчийн дадлагын үеэр бид бүх шал, хана, нолийн өрөө, эд хогшил бүгдийг угааж хлораминтай усаар арчиж цэвэрлэнэ. Тэр үед бээлий гэж байгаагүй бүгдийг гараараа хийнэ. Тэглээ гээд өвчин тусаад юм уу харшилтай болсон, гар хуруу муухай болж муудсан юм алга. Шөнөд огт цурам хийхгүй жижүүрлэж хононо. Өдөржингөө цугларсан нярайн баастай даавуунуудыг нэг нэгээр нь иргүй хутгаар хусч, тоолж шуудайлна. Шуудайлсан даавуугаа харанхуй шөнө үүрээд моргоны хажууд байдаг харанхуй өрөөнд оруулж тавина. Морг заримдаа хоосон заримдаа цогцостой байна. Шөнөд хэчнээн хүйтэн, өвөл байсан ч нөгөө муу нимгэн халадтай нойтон даавуугаа үүрээд л гарна, ганцаараа гарна, хань болох хүн байхгүй, хүн бүр өөрийн хариуцсан ажилтай. Гадаа гараад том төмөр цоожийг онгойлгох гэж бээрчихээ дөхнө, маш их айна. Өглөө болгон долоо хагас гэхэд шөнөд ямар хоносон, хэдэн эх төрсөн, хүндрэлтэй хүндрэлгүй, эхийн болон, нярайн эндэгдэл гарсан эсэх, өөрөө төрсөн, яаралтай хагалгаанд орсон гээд л бүхий л тайланг жижүүр эмч тавина. Сувилагч нарын ахлагч мөн тайлангаа тавина. Тэгж байтал дараагийн ээлж ирж ажлаа хүлээлцэх болно. Тэгээд л гэрийн зүг явдаг байв. Тэгээд бас болоогүй, анагаах дээр очиж хичээлдээ сууна. Асаргаа, сувилгааны хичээл ордог байсан. Найм арван зургаа хийдэг болохоор хагас бүтэн сайн өдөр гэж байхгүй. Амралт гэж байдаггүй байв. Оч бас өглөө ажилдаа яваад орой ирнэ. Орой ирээд манайхаар дайраад тэгээд явна. Манай гэр хоёрдугаар амаржих газартай ойрхон болохоор маш амар, гурван минутанд л гэртээ гүйгээд ороод ирнэ. Оч сүүнд их явж өгнө. Би шалаа араанб савангаар хөөсөртөл савандаж угаана. Тэр үед барааны саван л байсан. Бүгд л тэгж угаадаг байсан. Булан тохойг бол маш сайн угаана. Угаасаар байгаад хулдаасны маань хээ нь алга болчихдог, модон шалны будаг нь арилчихна. Шалны модны хооронд хийсэн замаск нь том томоороо гараад ирнэ. Шалны завсар зай гарахаар жоом, бясаа айлаас ороод ирнэ гэж их айдаг байж билээ. Яагаад тэр үед угсармал байшин болгонд, ер нь Улаанбаатарын бүх орон сууцны айлд жоом, бясаа байдаг байсан юм болоо. Зөвхөн барааны саван, “лоск” гээд оросын угаалгын нунтаг хэрэглэдэг байсан. Ялангуяа айлд очоод диван дээр нь суухаар хазаад хэцүү байдаг байж билээ. Их сонин, гэнэт л тэр бясаа аога болчихсон.Оросууд нүүгээд алга болсон гэж хүмүүс яридаг юм. Нэг өдөр би ажлаасаа эрт ирээд гэрээ цэвэрлээд байж байтал нөгөө Очид сайн охин ороод ирэв. Би түүнд Оч ирж байгаа удаан байж болохгүй гэж хэлэв. Хаалга тогштол нөгөөдөх чинь “би байхгүй шүү” гээд том өрөө рүү ороод нуугдчихдаг юм байна. Миний үнхэлцэг зүрх хагарчихаа дөхөж билээ. Тэрийг байсаар байхад хэлээгүйдээ ч юм уу. Очийг хурдхан гал тогооны өрөөний сандал дээр суулгаад, мөнгө өгөөд “жардугаар дэлгүүр рүү сүүнд яваад ир” гэж хэлээд явуулав. Оч “тэгье” гээд л гараад явлаа. Би нөгөө охиноо “за чи яв тэгэхгүй бол ороод ирнэ” гэлээ. Тэр тоосон ч шинжгүй, аав, ээжийн унтлаганы өрөөний цонхоор хараад гитар аваад “хайрт минь” гээд дуу дуулаад эхлэв. Тэгж байтал Оч жардугаар дэлгүүрийн булан тойроод гараад ирлээ. Би “яваач ээ” гээд л дахиад гуйв. Явдаггүй ээ, харин бүүр тайван дуугаа дуулаад суугаад байлаа. Гэтэл хонх дуугарав. Би ёстой их айсан шүү, “гарч ирж болохгүй шүү” гээд л хаалгаа онгойлгов. Очийг орж ирэнгүүт гал тогооны өрөө рүү оруулан, сүүгээ хөргөгчинд хийгээд учир зүггүй шалаа савандаж гарав. Оч хөлөө өргөөд л суугаад байлаа. Гэтэл, нөгөөдөх чинь мөлхөж ирээд коридорын хананы булангаас толгойгоо гаргаад бид хоёр руу нэг харчихаад л цаашаа болоод дахиад л хараад байв. Би сэмээрхэн очоод уурлав, бараг уйлах дөхлөө. Би буцаж Оч дээр ирээд гал тогооны өрөөний хаалгыг хаачихав. Тэгж байтал нөгөөдөх маань чимээгүй гараад явлаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн аймшгийн явдал. “Би байхгүй шүү” гэж хэлээд нуугдчихаар яаж ч чадахгүй ийм байдал үүссэн. Очийгоо гомдоочих вий гэж их айсан шүү. Оч тэр бүх явдлыг мэдсэн юм уу, бүү мэд, нээрээ асуух юм байна. Оч энэ номыг уншихаараа инээх байхдаа.
Оч ирээдүйд дипломат болох учир тэр талын мэдээллийг уншиж надад их ярьж өгнө. Ер нь Оч их кругозор сайтай хүүхэд байсан. Мэдэхгүй юм гэж байхгүй. 1985 он дуусах дөхөж байлаа. Монгол Улс гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж үйл явдлаар дүүрэн жил болж байлаа. Зөвхөн 1985 онд гэхэд л БНМАУ Лесото, Синегал, Арабын Бүгд Найрамдах Йемен Улс, Буркина Фасо, Мальдив, Европын Холбоо зэрэг зургаан улс оронтой дипломат харилцаа тогтоов гээд л надад тэр талын мэдээ хэлж өгнө. Монгол Улсад Болгарын удирдагч Т.Живков \Todor Zhivkov\, БНСЧСУ-ын Засгийн газрын дарга Л. Штроугал\Lubomir Strougal\, Японы Гадаад явдлын сайд С.Уно\Sosuke Uno\, БНХАУ-ын Гадаад Явдлын Сайд Цянь Цичень \Qian Qichen\албан ёсны айлчлалуудыг хийж, Гадаад явдлын сайд Ц.Гомбосүрэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бэйкертэй \James Baker\Нью Йоркт уулзалт хийв. Ж.Батмөнх ЗХУ-ын удирдагч М.С.Горбачевтой тус тус уулзалтуудыг хийж, Монгол Улсын гадаа харилцаа идэвхижиж байгаа талаар “МОНЦАМЭ” байнга мэдээлнэ. Миний ээжийг Болгарын удирдагч Т.Живковт цэцэг барьж угтах хүнээр томилж байж билээ. Монгол Улс маань хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор “хүнсний зорилтот программ”-ыг баталж 2000 он хүртэлх хүн ардынхаа хүнсний хангамжийн төвшинг тогтоож эхлэв. Нийт хүн ам 2000 он гэхэд гурван сая орчимд хүрнэ гэж тооцооллыг хийж байсан нь, тооцоолол судалгаатай, үндэслэлтэй эдийн засгийн төлөвлөгөөт бодлогыг явуулж байсан шиг санагдах юм. Улсын Нэгдсэн III эмнэлгийн гучин таван жилийн ой болж, аав минь уригдав. Энэхүү ойг тохиолдуулан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар П.Н.Шастины нэрэмжит эмнэлэг болгон шинээр баригдсан, одоогийн байгаа цогцолборт шилжиж оров. Хожим намайг Дэд сайд байх үед бид шинэ өргөтгөл барьж өгсөн. Олон сайхан шинэ тоног төхөөрөмжүүдийг тавьж, төрөлжсөн мэргэжлийн эмчилгээ, оношлогоог орчин үеийн төвшинд хийдэг боллоо гэж ярьж, мэдээлж байлаа. Эх орон минь хөгжиж л байлаа. Хамгийн гол нь ард түмэн минь эрүүлжиж, бид хамаагүй амгалан тайван байдалд байх шиг байсан.
Он гарах дөхөж байлаа. Бид шинэ оноо халуун ам бүлээрээ, эмээтэйгээ, бас Баабаагийнхан, бусад ах дүү нар гээд нэлээд олуулаа угтдаг байв. Аав шинэ жилээр кино аппаратаараа авсан киногоо үзүүлнэ. Бас видео бичлэг жил жилээр нь хийдэг байв. Шинэ оноо угтаж, хуучин оноо үдсэний дараа зочид гийчид маань гэр гэрээдээ явна. Пүжи бид хоёр том өрөөндөө зурагтныхаа урд талд дэвсгэр дэвсэж аваад, аав ээжийн өрөөний хаалгыг сайн хаагаад, идэх юмнуудаа бэлдэж тавиад, би утсаа чирч авчраад оросын суваг дээр “Голубой огонек” нэвтрүүлгийг үзэж гарна даа. Шинэ жилийн хамгийн гоё үзэх юм бол тэр байсан. Оросын дуучдын концерт, дараа нь барууны дуучдын концертыг үзүүлдэг байв. А.Б.Пугачевагийн “Эй, Вы там наверху...” гээд дуу нь тэр жил гарсан шиг санаж байна. Өөр бидэнд үзэх юм үнэндээ байгаагүй юм. Үндэсний нэвтрүүлэг шөнийн тэг цаг хүртэл яваад дуусчихдаг байв. Утсаар Очтойгоо хамт үзэж байгаа юм шиг яриад л дүүтэйгээ хамт элгээрээ хэвтчихээд хоёр хөлөө гозогнуулан, ээжийнхээ хийсэн нийслэл саладыг идэн, дуртай нэвтрүүлгээ үзэх нь шинэ жилийн нэгэн чухал арга хэмжээ байдаг байв. М.С.Горбачев гарч ирээд “Хуурай хууль”-ийг гаргав. Үүний нөлөөнд манайх архины худалдан авалтад хязгаарлалт тавьж, хөдөө орон нутагт талоноор архийг олгодог болов. Хурим найрыг архигүй хийж байлаа. Энэ нь архины хэрэглээг олон нийтийн газар багасгасан боловч далд хэрэглээг нэмэгдүүлж, нууцлаг хэлбэрт шилжихэд хүргэж, архины дамын наймаачдыг ажилтай болгож байлаа. “Макс” импексийн ерөнхийлөгч Ганбаатарын эгч Цэцгээ манайд сүйт залуу болох хожим амьдралынх нь хань болсон Төгсөө ахтай ирдэг байв. Төгсөө ах гитар дээр “Битлз”-ийн дууг дуулсныг бид видео кассетан дээр хураагаад авчихсан байдаг юм. Дараа нь олон жилийн дараа үзүүлэхэд ихэд гайхаж байж билээ. Яг тэр үед Цэцгээтэй төрөл садангаа мэдэхгүй танилцаж байж билээ. Манай Бааз ахын том хүүгийн хурим дээр бил үү, ээжийн дүү Туяа эгчийн хурим дээр бил үү танилцсан шиг санагдаж байна. Тэр их гоё хурим найрын үеэр нэгэн царайлаг, хөөрхөн залуухан бүсгүй нулимсаа арчиж, гуниглан суухыг би анзаарч билээ. “Уйлахыг бүү асуу, инээхийг асуу” гэдэг эртний үг байдаг болохоор огт хараагүй шинжийг үзүүллээ. Гэтэл өөрөө над дээр ирээд надтай танилцаж байсан юм. Төгсөө, Цэцгээ хоёр сайхан гэр бүлийг бүтээн, элбэг дэлбэг сайхан амьдарч байна. Тэднийх Саруул гээд хүүтэй.
Сэтгэгдэл ( 4 )
Yamar goyo yum, urgeljlelii ni unshmaar bn uneheer nudend haragdtal bichjee mash saihan bn huuchin uyedee butsaad ochson shig sanagdaj bn Mash ih Bayarlalaa
Чи ямар аймаар бичдэг юм бэ сэтгэл хямарчихлаа.сайхан түүхийг бусададтай хуваалцах бол үр хүүхдүүдэд минь санамж сургамж дуурайлал болно.хүн бүрт сайхан дурсамж байдаг.баярлалаа
yamar goe dursamj vee buh yum sergedeg bnashdee ..\n
1985 оныг нүдэнд харагдтал бичжээ. Энэ л үед амар амгалагийн дээдийг эдлэж байж дээ . АУДС-д орсон хүүхдүүдийг асрагчаар нэг жил ажилуулдаг байсныг яг санаж байнаа .Санремог үзэх гэж бүтэн шөнөжингөө суугаад заримдаа унтчихаад үзэж чадалгүй маргааш нь найз нараасаа сонсонодоо Тэр үеийн хүүхдүүд бараг тэрчигээрээ санремогоор амьсгалдаг байждээ .Даанч сайхан цаг үе байж дээ .Циркийн урд хойно 31, 3 , 1 , 45, 6-р сургуулийнхан их цуглана даа, дугуй унана , ролик унана.....