БНХАУ коронавирусийг хяналтдаа авсан ч эдийн засагт нь ЭРСДЭЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА  

2020 оны 03 сарын 20

БНХАУ коронавирусний дэгдэлтийг бүрэн хяналтад авлаа гэж мэдэгдэж буй ч уг өвчлөл дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудал болж, тэр ч утгаараа улс орнуудын эдийн засгийн харилцаанд тасалдал үүсгэж байна.

Олон улсын агаарын тээврийн компаниуд БНХАУ руу нисэх нислэгүүдээ ирэх сар хүртэл цуцалсан шийдвэр дээрээ бат ноттой зогсож байгаа юм. Тэгэхээр БНХАУ халдварт өвчний хүнд үеийг даван туулсан  ч эдийн засаг дахь эрсдэл нь буурахад багагүй хугацаа шаардагдах төлөвтэй. Коронавирустэй холбоотойгоор агаарын тээврийн зорчигчдын тоо нь 85 орчим хувиар буурч, 22  тэрбум юаны орлого алдсан нөхцөл байдалтай байгаа.

ОУВС-гаас боловсруулсан  дэлхийн эдийн засгийн төлөвийн тайланд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2020 онд 6 хувь, 2021 онд 5.9 хувь  байхаар таамагласан. Гэсэн ч коронавирусний улмаас эдийн засгийн өсөлтийнх нь төлөвийг бууруулах хандлагатай байгаа тухай сүүлийн хоёр сарын туршид ярьж байна.

Дашрамд дурдахад, БНХАУ эдийн засгийн реформыг хэрэгжүүлсэн сүүлийн дөчөөд жилийн түүхийг харахад 1990 оноос хойш эдийн засаг нь зургаан хувиас дээш өсөлтийг үзүүлж иржээ. Судлаачид энэ энэ өсөлтийн нууцыг, гол суурь хүчин зүйлийг эдийн засгаа либеральчилж, дасан зохицох чадвартай болгосонтой холбон тайлбарладаг.

Тэгэхээр коронавирустэй холбоотойгоор эдийн засагт нь тулгамдсан асуудлуудтай дасан зохицсон бодлогыг БНХАУ хэрхэн авч, хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал мэдээж анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл Хятадын Ардын банкнаас эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд 1.2 их наяд юань буюу 173 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөний дагуу эхнээсээ арга хэмжээнүүд авч байна. Санхүүжилтийн эхний багцын хүрээнд үндэсний томоохон компаниуд, орон нутгийн хэмжээний томоохон аж үйлдвэрүүдэд 300 тэрбум юань буюу  43 тэрбум ам.долларыг дахин зээлдүүлэх хэлбэрээр олгохоор болсон юм.

Эдийн засгийн хямралын гол шалтгаануудын үндэс нь  бүтцийн болон бодлогын өөрчлөлтийг цаг тухайд нь хийж түүндээ дасаж чадаагүйгээс болдог гэж судлаачид тодорхойлсон нь бий.

Тэгвэл коронавируснээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл дэлхийн улс орнуудын гадаад худалдааг хумиж байгаа нь бодлогын өөрчлөлтөөс гадна бүтцэд хурдан маневр  шаардаж байгааг энд дурдах хэрэгтэй байх.

БНХАУ-ын эдийн засаг коронавирусний  тархалтаас өмнө АНУ-тай эхлүүлсэн худалдааны маргаанаас хамаарч байсныг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Вируснээс гадна өөр том эрсдэлт хүчин зүйл нь энэ. Хоёр улс худалдааны эхний хэлэлцээрт хүрсэн  ч тодорхой бус байдал байсан хэвээрээ гэдгийг судлаачид сануулж байгаа юм. 2020 оны төгсгөлд хийгдэх магадлалтай дараагийн шатны хэлэлцээр хойшлох эсвэл харилцаа нь эргэн хурцдаж болзошгүй гэсэн таамаглалыг шинжээчид хэлж байна. Гэхдээ нөгөө талаас харвал коронавируснээс болж эдийн засаг нь туйлдаад ирсэн нөхцөлд АНУ, БНХАУ хоёр эргэн сэргэлтийг үзэх хүртлээ муудалцахгүй байж бас болох юм. Ер нь бол БНХАУ коронавирусийг хяналтдаа авсан ч эдийн засгаас нь эрсдэл холдох болоогүй.

 

 

 

 

Top