Тогтсон үнэтэй нөөцийн мах хангалттай байгаа ч МАХНЫ ҮНЭ өссөөр

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

-Адуу, хонины цул мах 11, үхрийн цул мах 14 мянган төгрөгийн ханштай байгаа бол гурил будаа болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өссөн байна-

 

Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол Франц улсаас бүртгэгдэж, дээр дооргүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэхэд ард иргэд хамгийн түрүүнд хүнсний захуудыг хоосолсон. Хөл хорио тогтоож, бүх зүйлийг чандалж байгаа цагт өөр арга байгаагүй. Монголчуудын өдөр тутмын амин чухал хэрэглээ болсон махны үнэ тэнгэрт хадаж, хүмүүс юуны түрүүнд махны лангууг хуу хамсан. Угийн аажуу, тайвуу мань мэт нь мах ч үгүй, гурил ч үгүй үлдтэл ашгүй маргааш, нөгөөдрөөс нь хоосорсон лангуу эргээд дүүрсэн харагдсан. Тэгвэл энэ хөл хорионы үед хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байгааг бид сонирхсон юм. Баянгол дүүргийн “Одесса” төвийн нэг давхарт нөөцийн мах худалдаалж байв. Энд үхрийн ястай мах нэг килограмм нь 7700 төгрөг, хонины ястай мах нэг килограмм нь 6700 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь 6200 төгрөг бөгөөд тус үнэ дээр жижиглэнгээр борлуулж буй дэлгүүрүүд килограмм тутамд нь 200 төгрөг /НӨАТ болон бусад/ нэмж борлуулж байгаа аж.

Мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савладаг бөгөөд нөөцийн махны үнэ Засгийн газраас тогтоосны дагуу байх ба савлагаандаа хоёроос гурван килограмм байх заалттай. Тэгш хүртээмжтэй байлгах үүднээс нэг хороонд нэгээс гурав хүртэлх дэлгүүрт нөөцийн махыг худалдан борлуулж байгаа билээ. Нөөцийн махны хөлдөөгчид үхрийн голдуу ястай мах үлдсэн байв. Иргэд нөөцийн мах авахдаа хонины мах авахыг илүүд үздэг бөгөөд залуу гэр бүл ихэвчлэн үйлчлүүлдэг талаар худалдагч хэлж байлаа. Ийн явахад худалдан авагчид болон худалдаалагчид хүнсний бүтээгдэхүүний үнэ төрөл бүр дээр өссөн байгааг дурдаж байв. Тэр тусмаа нөөцийн тогтсон, хямд үнэтэй мах худалдаанд хангалттай гаргасан ч махны үнэ өссөөр байгааг дуулгаж байв.

Жилийн жилд хавар цагт махны үнэ тэнгэрт хадаж эхэлдэг учир Засгийн газраас бодлого баримталж махны тасалдал, доголдол, үнийн хөөргөдөл үүсэхээс сэргийлж нөөцийн махыг иргэдэд ийнхүү хүргэдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хавар нийслэлийн хэмжээнд 279 цэгт нөөцийн махыг худалдаалж байгаа юм. Худалдаалж буй газар бүрт “Нөөцийн мах” гэсэн бичиг хадаастай бий. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ жил нийслэл, ХХААХҮЯ хамтран ажиллаж, Засгийн газраас 20 мянган тонн нөөцийн мах бэлдэх даалгавар авсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр худалдан борлуулж байгаа бөгөөд нэг дэлгүүрт нэг өдөрт 289 кг мах өгөхөд нийслэлийн хэмжээнд долоодугаар сар 1-ний өдрийг хүртэлх хэмжээний мах хангалттай байна гэж ойлгож болно” гэж мэдээлж байсан. Юутай ч нялх ногоо ургаж, мал тэнхэртэл махны хомсдолд орохгүй юм байна гэдэг итгэл дүүрээд ирэв. Гэвч худалдааны төвүүдэд зарагдаж буй нойтон мах буюу шинэ махны шөл уухыг хаврын цагт ядарч сульдсан хөгшид төдийгүй залуус бид ч хүсэж байгаа. Тиймээс шинэхэн шөлний амт аагийг бодон бодон шүлсээ залгих шахам худалдааны төв рүү харайлгалаа.

Нэгхэн буудлын хойно бөмбийх “Бөмбөгөр” худалдааны төв бол ард иргэдийн хоол хүнсээ базаадаг гол төв. Хаврын урь нэгэнт ирж, халуун хувцас нозооруулах хэдий ч  сэтгэл сэргэм салхины үзүүр залгин урамтайяа алхав. Бөмбөгөр худалдааны төв аанай л хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Дэлхий даяар 194 улсад халдварлан тархаад буй аймшигт цар тахлын чимээ намжаагүй атал хүмүүс нэг л налгар, назгай харагдав. Нэг залуухан ээж дөрөв, таван сартай болов уу гэмээр хүүхдэдээ амны хаалт зүүлгээгүй, өөрийнхөө амны хаалтыг эрүүн доогуураа ивчихсэн олны хөлийг зүсэн хээвнэг алхах нь нүднээ содон. Алхсаар махны лангуунд тулж ирснээ махны үнэ асуув. Хонины ястай мах есөн мянган төгрөг, цул мах 11 мянган төгрөг байсан бол үхрийн ястай мах 10 мянган төгрөг, цул мах 14 мянган төгрөг, адууны цул  мах 11 мянган төгрөг гэж ахимаг насны эмэгтэй тээршаасан янзтай хариулна. Магадгүй мөнөөх бүсгүйг амны хаалт зүүгээгүй учраас бушуухан явуулахын түүс болсон ч юм билүү. Хүүхэдтэй эх мах авсангүй эргэв. Харин тахианы мах зарж буй тасагт очив. Тахианы шулсан мах 15 мянган төгрөг, гуя мах нь 9500 төгрөг ажээ. Бас л авсангүй. Нөхөр рүүгээ утсаар залгаж байгаа бололтой. “Хайр аа, миний 50 мянга хүрдэггүй ээ. Ядаж таван килограмм хонины мах авчих юм сан. Чи бушуухан мөнгө олоод явуулж чадах уу” гэж уруул цорвойлгох нь тодоос тод сонсогдов. Бүсгүй нөхрөөсөө нааштай үг сонсоогүй бололтой махны лангуу руу урамгүйхэн эргэж, хонины цул мах авъя гээд 30 мянган төгрөг сарвайв.

Махаа аваад эргэхдээ хөлсөө арчих үл мэдэг сэвхтэй бор бүсгүйд хандан би “Хөөрхөн охиндоо амны хаалт зүүлгэхгүй яагаа вэ” гэж найзархах, эгчирхэх хоёрын дундуур үг өдөхөд тэрээр инээмсэглэн “Хүүхэд юм болохоор маскаа авч шидчихээд байх юм аа. Ямар газраас аваад зүүлгэлтэй нь биш. Гадаа дулаараад  байгаа болохоор халууцдаг бололтой, би ч гэсэн халууцаад аахилаад л явж байна” гэв. Махны үнийн талаар яриа өдөхөд “Цаанаасаа үнээ нэмчихдэг гэж худалдагч эгч нар ам хаачихдаг шүү дээ” гэснээ нэгийг санав бололтой хажуугийн ногооны тасаг руу очив. Орос сонгино 2500, монгол сонгино 4500, ногоон сонгино нэг боодол нь 1500, улаан манжин 3500, шар манжин 4000, төмс 1000, лууван 2000, сармис 3000, байцаа 3000 төгрөг гэж байсан бол хажуугийн нарийн ногооны тасагт үрлэн улаан лооль 6500, гинжин улаан лооль 9000, өргөст хэмх 6000-12000, цэцэгт байцаа 7500  гэж байв. Ээж охин хоёр 20 мянган төгрөгт багтаан жаал зуул юм авч үүргэвчиндээ хийгээд “Бид хоёрын “цалин” ингээд дуусаа” гэж охиноо энгэртээ чанга тэврэнгээ, үнсэх, үнгэхийн завсар хэлэв. Ногоогоор хачирлаад хоол хийвэл маханд жийрэгтэй л дээ гэсэн шүү юм бодож зогстол түүний гар утас жингэнэн дуугарснаар бид хоёрын “нөхөрлөл” өндөрлөж, ээж, охин хоёр цангинан цааш одов. Ийнхүү мах, ногооноос үүдсэн “судалгаа” гурил будааны тасаг руу аяндаа хөтлөв. “Улаанбаатар”-ын 25 килограммтай нэгдүгээр гурил 27 мянган төгрөг, дээд гурил 35 мянган төгрөг байсан бол “Хурх”-ын 10 килограммтай нэгдүгээр гурил 12500, дээд гурил 16 мянган төгрөг байв. Цагаан будаа 2300-4000 төгрөг, элсэн чихэр 2100, ургамлын тос 2800-5500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

Мөнөөх бүсгүйн “Цаанаасаа үнээ нэмчихдэг гэж худалдагч эгч нар ам хаачихдаг шүү дээ” гэсэн үг дотроос хатгаж, сэтгэл цадсангүй махны худалдаачдын махаа татдаг гол цөм болох “Хүчит шонхор” зах руу жирийлгэв.

“Хүчит шонхор” зах үүднээсээ эхлээд л махны үнэр хамарт нялхийж, цементэн замаар нэг хулдсан өөх тос гутлын уланд гулгасхийнэ. Заазуураа ирлэх шалмаг эр, хормогчоороо гараа шудрах эмэгтэй, нуруундаа гулууз үүрсэн турьхан хүү, араас нь хямсагнан алхах чинээлэг ах, толгой шийрхэн өнхчүүлэх зүдүү өвгөн, гэдэс цувдай эргүүлэх бөгтөр эмгэн гээд нэгэн өдрийн дүр зураг нүднээ бэлхнээ харагдана. Хамгийн түрүүнд гулууз мах худалдаалдаг чингэлэгт очив. Утсаа маажин гиюүрэн суух идэр насны залуу хонины гулууз мах 7600 гэдгийг залхуутай яа хариулав. Нэг гулууз нь хэдэн килограмм татах бол гэж сониучирхан асуухад дунджаар “20-25 килограмм татдаг юм аа” гээд утсаа оролдов. Үүр цүүрээр махны ченжүүд ирээд авах нь аваад, зарах нь зараад бөөн бужигнаан болоод өнгөрдөг болохоор өдгөө энэ идэр залуу ашиг орлогоо хэдийнээ нөхчихсөн ийнхүү маадгар сууж байгаа биз ээ. Үүний зэрэгцээ нэг хонины гулууз мах авахад 150-190 мянган төгрөг шаардлагатай болох нь гэсэн шүү юм бодоод амжив.

Махны жижиглэнгийн үнэ сонирхохоор дотогш оров. Үхрийн ястай мах 10 мянган төгрөг, цул мах 11500 төгрөг, хонины ястай мах есөн мянган төгрөг, цул мах 10 мянган төгрөг гэж байв. Тэгэхээр махны наймаачид худалдааны төвүүдэд дор хаяж 1000-3000 мянган төгрөг нэмж борлуулдаг байх нь гэсэн тооцоо гаргав. Нэгэнт ирснийх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болсон гурил, будаагаа яаж асуухгүй өнгөрөх вэ. “Улаанбаатар”-ын 25 килограммтай нэгдүгээр гурил 27 мянган төгрөг, дээд гурил нь 35 мянган төгрөг, 10 килограммтай гурил 12 мянган төгрөг байсан бол “Өег”-ийн 25 килограммтай нэгдүгээр гурил 25 мянга, 10 килограммтай гурил нь  11 мянган төгрөг, орос цагаан будаа 25 килограммтай нь 55 мянган төгрөг буюу нэг килограмм будаа 2200 төгрөг гэж байв. Гурил будааны хувьд бусад захаас үнийн ялгаагүй мэт харагдаж байлаа. Ногооны чингэлэгт төмс 800, лууван 1500, шар манжин 3000, байцаа 1500, сармис 2000, орос сонгино 2000, монгол сонгино 3000 төгрөг гэж байгаа нь “Бөмбөгөр” захаас мэдээж хамаагүй хямд харагдаж байгаа биз. Хэрэв “Бөмбөгөр” зах дээр охиноо тэвэрч явсан мөнөөх бүсгүй байсан бол “Хүчит шонхор” захаас арай илүү юм авах байж дээ гэж бодогдов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top