ТОЙМ | КОРОНАВИРУС | ЭРГЭЛТИЙН ЦЭГ...

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

БНХАУ-ын Ухань хотоос эхтэй коронавирусний халдвар гурван сарын турш дэлхий дахиныг түгшээж байна. Одоо ч түгшээсээр байна. Энэ хооронд халдварын голомт Азийн Хятадаас буурал Европын Итали руу шилжиж, яг одоо дараагийн голомт нь Хойд Америк тэр дундаа АНУ боллоо.

Яг одоо дэлхий даяар энэ өвчнөөр 532.6 мянган хүн халдварлаж, 24.07 мянган хүн амь насаа алдан, 122.6 мянган хүн бүрэн эдгэрээд байна. Халдвар тархсан улсын тоо 176 болж, бусад улсуудын харьяалалд байдаг газар нутгуудыг оруулан тооцвол 201 газар нутагт тархлаа.

Үүний нэг Монгол Улс. Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Франц улсын харьяат иргэнээс илэрсэн дариуд нь тусгаарлаж яг одоо эмч нарын хяналтад буй. Үүнээс гадна монголын харьяат 10 иргэн голомтлон тархаж буй улс орнуудаас ирсэн гэсэн өгүүлэмжтэйгээр вирусний халдвар тээж байна.

Одоо бид халдварын талаарх тоймыг уншигч танд хүргэе. Гэхдээ энд тэдэн тохиолдол илэрч, төдөн хүн амьсгал хураасан гэх талаар бус эмнэл зүйн судлагдахуунд чухам юу өрнөж байгаа талаар та бүхэнд хүргэх болно.


 

Халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байгаа нь тархалтад нөлөөлнө

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн яам, Эрүүлийг хамгаалах газрын судалгаагаар “ковид-19” буюу коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн дунд шинж тэмдэг илрэхгүй, эсвэл хожуу илэрсэн өвчтөн зонхилох хувийг эзэлж байгааг тодотголоо.

Тодруулбал, тус улсад халдвар авсан иргэдийн 1/3-д нь өвчний шинж тэмдэг илрэхгүй, эсвэл хожуу илэрдэг байж болзошгүй талаар тайланд дурджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д шинжилгээгээр 43 мянган хүн халдвартай болох нь тогтоогдсон шинж тэмдэг огт илрээгүй аж. Иймд дэлхийн улс орнууд, ялангуяа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх өвчинтэй тэмцэх стратегиа нэн даруй өөрчлөх шаардлагатай байгаа аж.


Коронавирус хоол боловсруулах замаар дамжин халдварладаг байж болзошгүй

 

Хятад-Японы найрамдлын нийгэмлэгийн судалгаагаар “ковид-19” вирус хоол боловсруулах замаар дамжин халдварлаж болзошгүй гэж дүгнэжээ.

Судалгаанд 2 сараас 15 настай хүүхдүүдийн ам, хамрын хөндийгөөс арчдас авахад шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан ч өтгөнд болон бүдүүн гэдэсний амсраас авсан арчдасын шинжилгээ “эерэг” гарчээ.

Мөн үүнтэй төстэй судалгааг Нидерландын Анагаах ухааны хүрээлэн хийхэд цэвэрлэх байгууламж вирусийг тээж байх магадлал өндөртэй болохыг тогтоожээ. Тиймээс цэвэрлэх байгууламжийн халдвар ариутгалыг тогтмол хугацаанд зохион байгуулах зөвлөмжийг Засгийн газартаа өгөөд байна.


Залуу насныханд халдаж эхлэв

 

Коронавирусний халдварын эхний үед халдвар авсан, нас барсан хүмүүсийн 60-70 хувь нь 50-иас дээш насны ахмад настнууд эзэлж байлаа. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд халдвар авсан хүмүүсийн 50-60 хувийг 10-40 насны залуус эзлэх болжээ. АНУ-ын Лос Анжелес хотын харьяат 15 насны хүүхэд вирусний халдвараар эндсэн тохиолдол гарсан. Яг одоо АНУ-ын Халдварт өвчин судлалын төв бусад эрдмийн байгууллагуудтай хамтран бага насны хүүхэд, залуучуудад вирус хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажиллаж байна.

Одоогоор бага насны хүүхэд, залууст зориулсан албан ёсны зөвлөмж гараагүй ч АНУ, Их Британи тэргүүтэй хэд, хэдэн улсад хүүхэд, залуучуудыг хувийн ариун цэврээ сайн сахиж, хүнтэй хоёр метрээс илүү зайд ойртохгүй байхыг анхааруулжээ. Зарим эрдэмтэд вирусний хоёр дахь давлагаа нь залууст илүү халгаатай байж болзошгүй гэж мэдэгдэж байна.


Италийн голомт болсон Ломбарди мужид томууны тохиолдол эрчимжиж байжээ

 

Европ тивд коронавирусний тархалтын голомт болсон Итали улсад халдварлан тархах үндэс нь Ломбарди муж байсан юм. Одоо ч Ломбарди мужид халдварын тархалт буурахгүй байна.

Италийн эрдэмтэд Ломбарди мужид 2019 оны зургаадугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчний тархалт огцом нэмэгдсэн гэх дүгнэлтэд хүрсэн байна. Ялангуяа сүрьеэгийн тохиолдол огцом нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ.

Италийн Милан хотын их сургуулийн тархвар зүйч, эрүүл мэндийн судалгааны хүрээлэн 2019 оны 10-12 дугаар саруудад томууны халдвар дээд хэмжээндээ хүрсэн байна. Хэдийгээр тухайн үед Италийн Засгийн газарт анхааруулсан ч улирлын шинж чанартай тул орон нутгийн хэмжээнд асуудлыг ярилцах ёстой гээд тоогоогүй ажээ.

Томууны тархалт нэмэгдэж байсан тул Италийн Эрүүл мэндийн яам антибиотик хэрэглэхийг санал болгож, Ломбарди муж ч мөн энэ зөвлөмжийг даган эмчилгээ хийсэн тул коронавирусний тархалт нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна.

“Одоо бид нэг зүйлийг сайтар ойлгох ёстой. Коронавирусний тархалт дэгдэх, вирус анх илрэхээс бүр өмнө дэлхийн улс орнуудад томуу, сүрьеэгийн тархалт хэр зэрэг байсныг судлах ёстой. Магадгүй томуу, томуу төст өвчний тархалт өндөртэй байсан улс гүрнүүдэд “ковид-19” вирус амархан тархах эрсдэлтэй” гэж Италийн Милан хотын их сургуулийн тархвар зүйч, эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Адрианно Дечарли ярьжээ.


Онгоцонд халдвар тархах өндөр эрсдэлтэй

 

Тайванийн Анагаахын хүрэлээнгийн эрдэмтэн нисэх онгоцонд зорчигчдод халдвар тархах өндөр эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

Дээрх эрдэмтний судалгаагаар халдвар бүхий иргэний суудлын урд болон хойд хоёр эгнээний зорчигчид халдварлах өндөр магадлалтай аж. Түүнчлэн зорчигчдын тогтмол гар хүрдэг суудлын гэрэл, бүс, суудлын дээрх ачааны тавиур, хаалт, түгжээ, дэлгэц, ариун цэврийн өрөө нь халдвар тараах өндөр эрсдэлтэй юм байна.


Тусгаарлагдсан хүмүүст халдвар тархах магадлал өндөр

 

Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар халдвар авсан байж болзошгүй гэх үндэслэлээр бөөнөөрөө тусгаарлагдсан хүмүүст халдвар тархах эрсдэл өндөр байгааг тогтоожээ.

Тусгаарлалтад байсан хүмүүс тусгаарлалтаас гараад 4-5 хоногийн дараа огцом хүндэрч улмаар нас барах хэд, хэдэн тохиолдол Англид бүртгэгдсэн байна. Үүнтэй төстэй тохиолдол АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Испани улсад хэд, хэд бүртгэгджээ.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусгаарлалтад байгаа хүмүүсийг нэг өрөөнд зөвхөн нэг хүн байх ёстой гэсэн журам боловсруулсан. Манай улс ч мөн адил нэг өрөөнд нэг иргэн гэсэн тусгаарлалтын дэг мөрдөхөөр болсон билээ.


Үнэрлэх чадвар алдагдах нь халдварын шинж тэмдэг байх боломжтой

 

Гэнэт үнэрлэх чадвар алдагдах нь шинэ төрлийн корнавирусээр халдварласны нэг шинж тэмдэг байх боломжтой гэж Их Британийн чих, хамар, хоолой судлалын холбооны мэдэгдэлд дурджээ.

Энэ зовуурь бусад шинж тэмдэг илрээгүй үед ажиглагдах боломжтой бөгөөд эдгээр өвчтөн КОВИД-19 халдварын далд тээгчид байх магадлалтай гэж Британийн эмч нар онцолсон байна. Ийм шинж тэмдэг Өмнөд Солонгос, Хятад, Италид халдвар авагсдын дунд ажиглагдаж байсныг нотлох баттай баримт бий гэж тус холбоо мэдээлжээ. Их Британи, АНУ, Франц, Италийн хойд хэсэгт хүмүүс үнэрлэх чадвараа гэнэт алдах тохиолдлууд огцом өсөж байгаа аж. Тиймээс эмч нар өндөр халуурах эсвэл хуурай ханиалгах шинж тэмдэггүй ч халдвар авсан хүмүүсийг илрүүлэхэд энэ шинж тэмдгийг харгалзан үзэхийг зөвлөжээ.

Коронавирусээр халдварлаж байсан ИХ Британийн эрүүл мэндийн дэд сайд Надин Доррис өвдсөнөөс хойш үнэрлэх, амтлах чадвараа алдаж байсан тухай ярьж байсан бол Германы эмч Хэндрик Штрик түүнд хандаж байсан өвчтөнүүдийн гурваны хоёрт ийм зовуурь ажиглагдаж байжээ.


Коронавирус гуталд тав хоног амьдрах чадвартай

АНУ-ын Халдварт өвчин судлалын тархвар зүйн мэргэжилтэн Мэри Шмидт коронавирус хүний гуталд тав хоног болон түүнээс дээш хүртэлх хугацаагаар амьдрах чадвартай гэдгийг анхаарууллаа.

Учир нь гутлыг ихэвчлэн пластик болон нийлэг материалаар хийдэг тул вирусний амьдрах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Тиймээс гадуур явахдаа өмссөн гутлаа долоо хоногт дунджаар 2-3 удаа угаалгын машинаар угаах хэрэгтэй гэх зөвлөмж өгчээ.

АНУ-ын Аризона мужийн их сургуулийн эрдэмтдийн 2008 онд хийсэн судалгаагаар гэдэсний халдвар болон бусад халдвар хүний өмссөн гутлаар дамжин халдах эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.

АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дээрх судалгааны материал болон холбогдох бусад анхааруулгыг ДЭМБ-ын Америк дахь төлөөлөгчийн газарт хүргүүлэхээр болжээ.

 

 

 

 

Top