БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Бээжин хотын төв талбайд байх төрийн далбааг бөхийлгөж, улс орон даяар гурван минут дуугаа хураалаа. Түүнчлэн өнөөдөр улс орон даяар вирусний халдвараас сэргийлэх, амиа алдсан хүмүүсийн хойноос буян үйлдэхийг уриалсан байна.
Дурсгалыг хүндэтгэх ажиллагаа БНХАУ-ын цагаар өглөөний 10:00 цагт эхэлсэн байна. Ухань хотод дурсгалыг хүндэтгэхээс гадна нэг өдрийн гашуудал зарлажээ.
Хамгийн анх Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард дэгдсэн коронавирус сарын хугацаанд хяналтаа алдаж улмаар нэгдүгээр сарын 23-наас хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
БНХАУ-ын Намын төв хороо, Сайд нарын зөвлөл Ухань хотыг хүнд, бэрх цагийн “баатар хот” гэж албан ёсны тэмдэглэлд дурдсан байна.
Тус улсад баасан гарагт коронавирусний 19 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гаднын улсаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байжээ. Түүнчлэн халдварын шинж тэмдэггүй ч илэрсэн 64 тохиолдол бүртгэгдэж энэ төрлийн халдварлагсдын тоо 1030 болсон байна.
Эх сурвалж: Associated Press